Арав.мн

Профессор, йо-йо хоёр

Профессор, йо-йо хоёр

(Эйнштейний залуу андын дурсамж)

Томас Ли Баки

Аав маань Альберт Эйнштейний дотны нөхөр байлаа. Бүрэг ичимхий хүүхдээрээ би гэрт нь зочилж оччихоод Эйнштейнийг “Нэг юм үзүүлье” гэж хэлэхэд нь л анх биеэ барихаа больсон юм. Тэр, бичгийн ширээ рүүгээ очсоноо йо-йо тоглоом барьсаар эргэж ирсэн. Тэгээд яаж тоглодгийг нь үзүүлсэн ч өөрөө буцаан дээш ойлгож чадаагүй юмдаг. Харин миний ээлж ирэхэд би мэддэг хэдэн аргаа үзүүлж, буруу хураагдсан утаснаасаа болоод тэнцвэрээ алдаад байгааг нь тайлбарлаж өгсөн. Эйнштейн хариуд нь миний чадвар, мэдлэгийг үнэлэх мэт толгой дохьсон агаад дараа нь би цоо шинэ йо-йо тоглоом худалдан авч, эрхэм профессорт Зул сарын бэлэг болгон илгээгээд хариуд нь талархлын шүлэг хүлээж авсан түүхтэй.

Хүүхэд байхдаа ч, том болсон хойноо ч би Эйнштейнийг хувь хүнийх нь үүднээс гайхаж биширч ханадаггүй байлаа. Миний л мэдэхээр тэр бол өөртэйгөө болон хорвоо ертөнцтэй эвлэрсэн цорын ганц хүн юм. Тэр юу хүсэж байгаагаа тов тодорхой мэддэг байсан. Харин тэр нь юу гэвээс хүний хүрч болох тэр л хэмжээ хязгаарын хүрээнд орчлон хорвоо хийгээд түүний учир холбоос, эргэх үйлийнх нь эгэл жир байдлыг таньж мэдэх болой. Оюун ухааных нь дээд хязгаараас чинагш өдий төдий хариултууд бийг ч тэр сайн мэддэг байв. Гэхдээ үүндээ огт цухалдалгүй, өөрийнхөө хүрч чадах хамгийн алс хязгаар луу эгшин бүр тэмүүлдэг байсан юм.

23 жил нөхөрлөхдөө би түүнээс нэг ч удаа атаархал, ихэрхэл, хорсол, уурсал, эгдүүцэл, бүр хувийн санаархлын алийг ч олж хараагүй. Тэр энэ бүх сэтгэлийн хөөрлийн эсрэг яг л дархлаатай мэт байсан. Түүнд ааш маяг ч гэж байгаагүй. Дэлхийн хамгийн чухал, нэр хүндтэй хүмүүсийн олонхтой нь харилцаатай байсан хэрнээ түүний бичгийн хэрэгсэл дээр Вүүлуортын усан будгийн таних тэмдэг ганц W үсэг л байдаг сан. Ажлаа хийхэд нь түүнд зөвхөн харандаа, цаас л хэрэг болно. Материаллаг зүйлс түүний хувьд юу ч биш байсан. Би түүнийг биедээ мөнгө авч явахыг нэг ч удаа хараагүй, учир нь тэр мөнгө цаас огт хэрэглэдэггүй байлаа.

Тэр юмсын зөвхөн бааз борог, анхдагч хялбар байдлыг л сайшаадаг, тиймдээ ч зөвхөн татуурга, ус хоёроор сахлаа хусдаг байв. Намайг сахлын хөөс хэрэглэж үзэхийг нэг удаа санал болгоход тэр “Ус, хутга хоёр байхад л болно доо” гэсэн билээ. Би ч бууж өгөлгүй “Гэхдээ, профессор оо, ганц удаа хэрэглээд үз л дээ. Зөөлөн ч байна, өвдөж хорсох нь ч бага байна” гэхэд тэр ердөө л мөрөө хавчсан сан. Эцэст нь би түүнд сахлын хөөс бэлэглэсэн юм. Харин дараа өглөө нь тэр ундаа уухаар ирэхдээ ихэд баяр хөөртэй болчихсон, шинэ сайхан нээлтдээ тун ч сэтгэл хангалуун байв. “Тэр хөөс чинь үнэхээр болдог юм байна. Сахал татаж зулгаахгүй, гоё юм” гэж бүр дуу алдсан юмдаг. Тэгээд өглөө бүр, өнөөх сав нь хоосрох хүртэл хөөс түрхэж байгаад сахлаа хусдаг болсон. Харин дараа нь буцаад л дан устай хусаж эхэлсэн дээ. 

Эйнштейн чинхүү үнэн онолч байлаа. Түүнд үзэл баримтлал, онол саналаа бодитоор, биетээр туршиж үзэх өчүүхэн төдий ч сонирхол байгаагүй. Өөрийнх нь E=mc2 томъёо түүхэн дэх хамгийн алдартай тэнцэтгэл байлаа ч тэр цөмийн эрчим хүч боловсруулах тогоо хэрхэн ажилладгийг хэрэг болгон харахааргүй тийм л хүн байв. Тэр, фотоэлектроны онол буюу өөрийнхөө онцгой чухал гэж үздэггүй байсан цуврал тэнцэтгэлээрээ Нобелийн шагнал хүртсэн. Гэлээ ч өөрийнх нь онол орчин цагийн зурагт бүтэхэд яаж нөлөөлснийг огт сонирхоогүй.

Ах маань хүндэт профессорт нэг удаа устай савны амсар дээр суугаад хошуугаа байн байн усанд дүрдэг тоглоомон шувуу бэлэглэсэн юм. Эйнштейн түүнийг ихэд баясгалантайгаар сонжин харж, яаж ажилладгийг нь ойлгох гэж хичээж байсан сан. Гэхдээ тэр учрыг нь олоогүй юм. Маргааш өглөө нь харин “Орондоо орохоосоо өмнө өнөөх шувууг өчнөөн бодлоо. Тэгээд яг яаж хөдөлдөгийг нь оллоо” гэсээр уртаас урт тайлбар хэлж билээ. Тэгснээ гэнэт өөрийнх нь тайлбарт алдаа байгааг ухаарсан мэт зогтуссанаа “Үгүй ээ, тийм биш юм байна” гэж хэлсэн сэн. Дараагийн хэд хоногт нь ч тэр мөнөөх тоглоомон шувуутай холбогдох хэд хэдэн онол дэвшүүлсэн учир би хөдөлдөг шувуухайг задалж үзэхийг санал болголоо. Гэтэл тэр шуудхан татгалзаад алив туршилтыг хүлээн зөвшөөрдөггүйгээ хэлж билээ. Тэр, мөнөөхөн тоглоомын шийдлийг ер олоогүй юм.

Эйнштейний огт ойлгоогүй өөр нэг оньсого шиг зүйл гэвэл өөрийнх нь алдар нэр байлаа. Тэр цөөхөн хэдэн шинжлэх ухаанчдын л сэтгэлийг хөдөлгөх, зөвхөн тэдэнд л илүү хамаатай байх онолуудыг боловсруулсан. Тийм атал нэр алдар нь иргэншсэн ертөнцийн хаа сайгүй дуурссан билээ. Тэр нэгэнтээ “Надад зүгээр л сайхан санаа төрсөн хэрэг. Өөр олон хүнд ч бас ижил зүйл тохиолдсон шүү дээ. Гагцхүү миний үзэл бодол хүлээн зөвшөөрөгдсөн нь л том аз юм” гэж хэлсэн байдаг. Хүмүүс өөртэй нь уулзахыг хүсэж, гудамжинд танихгүй хүмүүс өөрийг нь харж, эрдэмтэн судлаачдаас эхлээд төрийн зүтгэлтэн, жирийн оюутан, гэрийн эзэгтэй нар хүртэл өөр лүү нь захидал илгээх болсон тэр л их нэр хүнд нь түүнийг үнэнхүү гайхшируулдаг байв. Яагаад тэгж их олны анхаарлыг татсанаа, юуны учир ганцхан түүнийг л онцгойлж үздэг байсныг тэр өөрөө огт ойлгоогүй билээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start