Арав.мн

Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзлаа. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан юм.

Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “2018 онд Цагаатгалын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор хамрагдаж чадахгүй байгаа иргэд ихэвчлэн хандаж байна. Тэд лавлагаа мэдээллээ авах, тусламж дэмжлэг, тэр дундаа орон сууцны тусламж дэмжлэг хүсэж байгаа асуудал нэлээн байгаа. Бид Нийслэлийн орон сууц корпорацтай цагаатгалын ажлын шугамаар гэж ярилцаад шилжүүлсэн. Энэ хүрээнд гурван хүний орон сууцны асуудлыг шийдвэрлээд байна. Мөн Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс маань дүүргүүдийнхээ салбар комиссуудтай хамтран ажиллаж байна.

Улсын комисс дээр цагаатгах ажлын хүрээнд нөхөх олговор олгох ажлыг хийдэг бол Нийслэлийн комисс маань тусламж дэмжлэг, орон сууцны асуудлыг шийдвэрлэж байгаа. Харин манай дүүргүүдийн салбар комисс хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, хүлээн авах, тэднийг нийгмийн үйлчилгээнд хамруулах зэрэг ажлыг хариуцан ажилладаг” хэмээн Нийслэлийн ажлын явцыг танилцуулсан. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Р.Дагва цаашид хэлмэгдэгчдийн төрөл төрөгсдөд орон сууцны дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд НОСК-аас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт квот гарган, хамруулах боломжтой хэмээх саналыг хэлж байв.

Мөн уулзалтын үеэр Цагаатгах ажлыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд түүхэнд хэзээ ч мартаж үл болох хар мөр үлдээсэн их хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг залуу хойч үедээ сургамж болгон үлдээх ажлууд хийх ёстойг онцоллоо. Мөн хэлмэгдэгчдийн музей байгуулах саналыг Манба Дацан МУЭСТ-ийн Тэргүүн, Хамба лам Д.Нацагдорж гаргасныг дэмжсэн юм.

Дашрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 сая төгрөг олгохоор шийдвэрлэн, ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



6

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start