Арав.мн

Хотын түүх: Эдинбург

Хотын түүх: Эдинбург


ХУУЧНЫ БОХИР СУУРИН ГЭГЭЭРЛИЙН ТӨВ БОЛСОН НЬ

1751 оны есдүгээр сарын нэгэн үдэш Эдинбург хотын төв дэх зургаан давхар орон сууцны барилга гэнэт нуржээ. Шотландын нийслэл хотод өмнө нь ийм явдал нэг бус болж байсан ч энэ удаад нурсан барилга нь ердийн байшин биш, төв гудамжин дахь дээд зэрэглэлийн байр байв. Хохирогчид нь ч мөн энгийн ард гэхээсээ Шотландын нэр нөлөө бүхий хүмүүс байлаа. Уг ослоос болж холбогдох албаныхан хотын байшингуудыг бүгдийг нь шалгаж, ашиглахын аргагүй хуучирч муудсан олон арван барилгыг нурааснаар Эдинбургийн төв бөмбөгдөлтөд өртсөн мэт болжээ. Ингээд хотыг дахин төлөвлөж, шинээр барьж байгуулах хэрэгтэй боллоо.

Эдинбургийн төвийг шинээр байгуулсан нь бусад томоохон хотын түүхтэй харьцуулахад саяхны явдал юм. Мөн улс үндэстний гэхээсээ бүс нутгийн шинжтэй өөрчлөлт байлаа. XVIII зуун бол Европ тив үсрэнгүй хөгжиж, хот суурингууд нь хурдтай тэлсэн үе. Чухам энэ зуунд л Балтийн тэнгисийн эрэг дэх балчиг намаг дундаас Санкт-Петербург хот сүндэрлэж, аймшигт газар хөдлөлтөд сүйдсэн Лисабон дахин их хот болон мандсан билээ. Гэтэл өргөн далайцтай эдгээр төсөл, их бүтээн байгуулалттай жишвэл Эдинбургийн шинэ төвийг барьж байгуулахад Англи, Шотланд даяараа хөдөлсөн удаа үгүй юм. Шотландын хаан VI Жеймс I Жеймс нэрээр Английн хаан ширээнд заларч, 1603 онд Лондонд шилжин сууснаас хойш тус улс өөрийн гэсэн хааны өргөөгүй болсон нь зарим талаар төв Засгийн газрын бодлогыг Эдинбургт хүршгүй болгожээ. 1700-гаад оны сүүлч хүртэл Лондон, Эдинбург хоёрын хооронд морин тэргээр бараг 10 хоног явдаг байсан нь мөн үүнд нөлөөлж байлаа. Иймээс Эдинбургийг шинэчлэх ажлыг шотландчууд дангаараа гүйцэтгэхээс өөр сонголтгүй болжээ.

Хотыг шинээр төлөвлөх нь гагц барилгын чанараас болсон юм биш, харин зайлбаргүй эхлүүлэхээс аргагүй ажил байв. Учир нь XVIII зууны үеийн Эдинбург хот Дундад зууны хэв маягаасаа ангижраагүй, халдварт өвчин тахалд ойр ойрхон нэрвэгддэг, түймэр их гардаг, согтуу хөлчүү хүмүүс хаа сайгүй холхисон, онц ноцтой гэмт хэрэг ихтэй, ерөөс онцгүй, таагүй бүхнээр дүүрэн, бохир заваан суурин байлаа. 50 мянга гаруй оршин суугчийнх нь олонх нийтийн байранд амьдардаг, нарийхан гудамжинд нь хүн, мал зэрэгцэн явах, хамгаалалтын хана хэрэм нь захаасаа нурж эхэлсэн ийм хотыг хэрхэх талаар Шотландын язгууртан, эрх мэдэлтнүүд хэлэлцэж байсан нь олонтаа ч 1750-иад он хүртэл буюу мөнөөх зургаан давхар байрыг нурах хүртэл нэг ч зоримог шийдвэр гаргаагүй байжээ.

Тэнгис далайг хэрсэн худалдаа арилжаа өргөжихтэй хамт бөс даавууны үйлдвэрт ажиллах гэсэн мянга мянган хүн Эдинбургт шинээр суурьшсан нь нийгмийн өч төчнөөн бэрхшээл үүсгэхээс гадна хотыг мөн зай талбайгүй болгоод байв. Хотын өмнөд зах намгархаг хөрстэй бол хойд биеэр нь Умард Лох хэмээх нуур цэлийнэ. Уг нуур XV зуунд үерлэн хотыг тэр чигт нь усанд автуулах дөхсөн бөгөөд түүнээс хойш 300 гаруй жилийн турш эдинбургийнхны хогийн цэг байжээ. Хотын удирдах зөвлөл худалдаачдын бүлгэмээс сонгогдсон, одооныхоор олигархи гэж болох 25 гишүүнтэй байлаа. Элдэв талцлын бай болж хоорондоо эв түнжингүй, санхүүгийн эрх мэдэлгүй байсан тэднийг бараг анх удаа нэг жолоонд нэгтгэн удирдсан хүн бол Жорж Драммонд юм. Эдүгээ шинэ Эдинбург хотын “эцэг” гэгддэг тэрбээр хөрөнгөтөн ч, сурвалжтан ч байсангүй. Гэхдээ ахлах сургуульдаа онцсайн суралцсан хэмээн Шотландын Гаалийн албанд томилогдон ажиллаж байгаад 29-хөн настайдаа Эдинбургийн санхүүгийн түшмэлээр сонгогдсон байна.

Драммонд бүхий л амьдралаа Эдинбургийн хөгжилд зориулжээ. Тэрбээр хотын Лорд Провост буюу захирагчаар 1740-өөд оны сүүлчээр хоёр дахиа сонгогдсоныхоо дараа Эдинбургийг хойд зүгт тэлэх нэгэн насны зорилгоо биелүүлэхээр болов. 1751 оны мөнөөхөн осол, түүнээс үүдэн их хэмжээний газар чөлөөлсөн явдал нь Драммондын хотдоо хөрөнгийн биржийн байртай болох төлөвлөгөө боловсруулсан цаг үетэй давхацсан байна. 1753-1761 оны хооронд баригдсан, өдгөө Эдинбургийн Хотын захиргааны танхим нэртэй болсон Хааны хөрөнгийн бирж нь өртөг өндөртэй, орд харш шиг нүсэр том гэгдэж байсан ч эдүгээ Шотландын хамгийн алдартай түүхэн барилгуудын нэг билээ. Энэхүү барилга Драммондын санаачилгаар буй болсон олон чухал бүтээн байгуулалтын ердөө эхнийх нь байлаа.

Дараахан нь Умард Лох нуурын ойр орчмын газрыг ашиглах, Эдинбургийн нутаг дэвсгэрийг хойш нь 40-өөд га газраар тэлэх ажил эхэллээ. Драммонд хэдийгээр санаж, зорьсон ажлаа гүйцэлдүүлэхийн тулд санхүүжүүлт олох тал дээр онцгой авьяастай, нарийн ур ухаантай гэгдэж байсан ч хотоо тэлэх хангалттай хөрөнгө мөнгө босгохын тулд дахин 10-аад жил зарцуулжээ. Тэрбээр гаалийн орлого, согтууруулах ундааны онцгой татвар, барьцаат зээл, босогчдоос хураасан хөрөнгө зэргээс мөнгө хуримтлуулж, хотдоо нөөцийн сан үүсгэв. Чингээд Шотланд даяар хотын зураг төслийн нээлттэй шалгаруулалт зарлаж, зургаан төсөл хүлээж авснаас Жеймс Крэг хэмээх хүний гаргасан хот төлөвлөлтийн зургийг сонгосон байна. Гэвч Лорд Драммонд тэрхүү зургийг бодит биелэл болохыг үзэж чадалгүй, 78 настайдаа тэнгэрт хальжээ.

Драммондыг таалал төгссөний дараахан Крэгийн зураг төслөөр Эдинбургийн шинэ төвийг барьж эхлэв. 16 настайгаасаа барилга дээр ажиллан, 20 настайгаасаа хот төлөвлөлтийн зураг гаргаж эхэлсэн Крэг хотын зөвлөлийн гишүүдэд анхандаа ихэд гологджээ. Тэрбээр Европын эртний хотуудыг ч, Хойд Америк дахь шинэ хот суурингуудыг ч үзээгүй, зөвхөн ажлын туршлага, уншиж судалсан хэдэн номондоо дулдуйдан сонгодог уран барилгыг таашаадаг нэгэн байж. Гэхдээ тухайн цагийнхаа хамгийн сүүл үеийн чиг хандлага, хэв маягийг мэдэж байсныг Эдинбургийн шинээр баригдсан хэсэг хуучин хотын үргэлжлэл, сунгаж холбосон залгаас гэхээсээ бие даасан, цоо шинэ суурин болсноос нь харж болно.

Эдинбургийн шинэ төв эмх замбараагүй хуучин хотын төвтэй харьцуулахад шув шулуун, яг ижил зайд эгнэж цувсан гудамж талбайтай, зэрэгцээ гурван өргөн замтай, зүүнээс баруун, умардаас өмнөд рүү эгц шулуун огтлолцсон туслах, салаа замуудтай болов. Хуучны барилгууд хөрсөн бор, бараан саарал өнгийн боржин чулуун хийцтэй байсан бол шинэ төвийн байшингууд цайвар элсэн чулуугаар баригдсанаараа, өндөр гэхээсээ өргөн зай талбай эзэлсэн, саруул цэлгэр цонхтой, завсар хооронд нь нарны гэрэл саадгүй тусах чөлөөтэй замтай болсноороо мөн ялгарч байв. Хэдийгээр тэдгээр барилга, дунд нь цэлийх өргөн чөлөө, цэцэрлэгт хүрээлэнгүүд Эдинбургийн бэл чинээтэй дунд давхаргынханд зориулагдсан ч тус хотын түүхэн дэх алтан үе болох Шотландын Гэгээрлийн эриний үүрийн туяа гийсэн, шинжлэх ухааны туршилт судалгаа, философийн болоод нийгмийн ухааны маргаан мэтгэлцээн өрнөсөн гол газар болжээ. Ийм шалтгаанаар Эдинбургийг Умардын Афин гэж нэрийдэх тохиолдол ч байлаа.

Хотын нэр хүнд, хөрөнгө мөнгө өсөхтэй зэрэгцээд нутаг дэвсгэр нь ч улам тэлэв. Цаг үеийнхээ хамгийн нэр хүндтэй британи уран барилгач гэгдэж байсан Роберт Адамын зургаар 1791 онд Шарлоттын талбайг барьсан нь Эдинбургийн эх загвар дээр ямар нэг байгууламж нэмсэн сүүлчийн тохиолдол юм. Харин түүний өмнөхөн мөнөөх Умард Лох нуурыг ширгээж, Хунтайжийн гудамж нэртэй цэцэрлэгт хүрээлэнд хувиргасан байна. Энэ бүх өөрчлөлтийн нөлөөгөөр Эдинбургийн аль л баян чинээлэг, нэр хүндтэй гэгдэх айл өрхүүд ердөө 50-иадхан жилийн дотор хотын хуучин төвөөс шинэ төв рүү шилжин суужээ.

Дундад зууны үеийг санагдуулам хуучны бохир сууринг ийнхүү Европын соёл урлаг, шинжлэх ухааны хөгжлийн гол хотын нэг болгосон Жеймс Крэг харин зохих ёсны нэр ололгүй явсаар 1795 онд өөд болсон байна. Түүний нэр Эдинбургийн түүхээс төдийгүй уран барилгын тухай өгүүлэх ном судраас хүртэл арчигджээ. Оронд нь Шарлоттын талбайн зургийг гаргасан Роберт Адам хотын шинэ төвийг мөн төлөвлөсөн гэсэн эндүү алдар хүртсээр ирж. Крэгийн гавьяаг ердөө 1930-аад оноос л үнэлж, Эдинбургийн Сальтирийн нийгэмлэг булшин дээр нь чулуу босгосон байдаг. Гэхдээ булшны чулуун дээрх эгэл даруухан бичээсээс илүү түүний алдар гавьяаг өөрийнх нь нарийн гэгч нь зураглан төлөвлөж, “төрүүлсэн” хот нь эгнэгт мөнхөлжээ. Жорж хааны үеийн хавирган саран хэлбэртэй барилга байгууламж бүхий Баат хот, Виктория хатны үеийн хөдөөх, жинхэнэ англи уур амьсгалтай Хампстед зэрэг Британийн хамгийн сайхан хотуудын эгнээнд Эдинбург дээгүүрт орно. Жеймс Крэг өнөөдөр булшнаасаа өндийж гэмээнэ 250 жилийн тэртээ зургийг нь гаргасан хотоо ядах юмгүй таних вий. Эртний түүхэн байгууламжуудаа сайтар хамгаалж, нэгэнт тогтсон зураг нь хэвээр хадгалагддаг нь Эдинбургийн онцгой сайхан чанар юм.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start