Арав.мн

​Нийслэлээ нүүлгэсэн 10 улс

​Нийслэлээ нүүлгэсэн 10 улс

Египетийн эрх баригчид шинэ нийслэлтэй болох төлөвлөгөөгөө танилцуулаад байна. Тус улсын шинэ нийслэл эртний түүхт Каир хотын зүүн захад 700-гаад ам км талбай эзлэн орших гэнэ. 45 тэрбум ам.доллараар босох шинэ нийслэл таван сая оршин суугчтай байх бөгөөд 2022 онд ашиглалтад орох аж. Египетчүүдийн адил нийслэлээ шинээр төлөвлөж, түүнийгээ ажил хэрэг болгосон 10 улсыг дор онцолж байна.


10

Казахстан

Астана хот

1997 онд улсын нийслэл болсон Астана бол хот төлөвлөлтийн дагуу, анхнаасаа нийслэл байхаар баригдсан, орчин цагийн цөөхөн хотын нэг юм. Казахстаны хуучин нийслэл Алма-Ата нь өнөө ч тус улсын хамгийн том хот төдийгүй санхүү, эдийн засгийн гол төв хэвээр байна.


09

Нигери

Абужа хот

Тус улсын хамгийн том, хамгийн чинээлэг хот болох Лагос 1991 он хүртэл улсын нийслэл, засаг захиргааны төв байв. Одоо Абужа хот нийслэл болжээ. Энэ нь хэт төвлөрлийг сааруулах гэсэн шийдвэр байлаа.


08

Мьянмар

Нейпьидо хот

Тус улсын цэргийн эрхтэн дархтанууд нийслэл Рангунаас хойд зүгт 320-иод км-ийн зайд орших Нейпьидо хотыг 2005 онд улсын нийслэл болгожээ. Хотыг шинээр байгуулсан бөгөөд газар зүйн хувьд нутгийн төв хэсэгт оршдог тул зурхайн ухаан болоод стратегийн үүднээс Рангунаас илүү давуу талтай гэж эрх баригчид үзжээ.


07

Пакистан

Исламабад хот

1959 онд Пакистаны Засгийн газар нийслэл хотоо нутгийн өмнөд хэсэгт орших Карачигаас хойд хэсэгт орших Исламабад руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Шинэ нийслэл хотын гол барилга байгууламжууд 1961 онд ашиглалтад орсон байна.


06

Бразил

Бразилиа хот

Тус улсын одоогийн нийслэл, нутгийн төв хэсэгт орших Бразилиаг нийслэл хот болгохоор 1950-иад онд нарийн төлөвлөж байж байгуулсан түүхтэй. Тэр хүртэл Рио-де- Жанейро улсын нийслэл байв.



05

Танзани

Додома хот

Улсын нийслэлийг Дар-эс-Саламаас Додома руу шилжүүлэх ажил 1980-аад онд эхэлжээ. 1907 онд байгуулагдсан, хагас сая оршин суугчтай Додома 1996 оноос албан ёсоор Танзанийн нийслэл гэгдэж байна.


04

Зааны ясан эрэг

Ямусукро хот

Олон улсын нэршил нь Кот Д’Ивуар болох тус улсын хамгийн том хот, эдийн засгийн төв нь хуучин нийслэл Абижан бол 1960-аад оноос нийслэл болохоор "бэлтгэгдэж", 1983 онд улсын нийслэл болсон Ямусукро нь улсынхаа дөрөв дэх том хот юм.


03

Филиппин

Манила хот

Тус улсын хамгийн олон хүнтэй, хамгийн чинээлэг хот Кесон 1948 оноос улсын нийслэл байсан ч Ерөнхийлөгч Фердинанд Маркос Манила хотын хуучин статусыг 1976 онд буцаан сэргээсэн байна. Өдгөө Кесон хот Манилагийн өргөтгөсөн хил доторх 17 дотоод хотын нэг болжээ. Сүүлийн үед Кесоныг дахин улсын нийслэл болгох яриа гараад буй ч албан ёсоор ажил хэрэг болгох нь тодорхойгүй байгаа аж.


02

Палау

Нгерулмуд "хот" (хүн ам - 391)

Номхон далай дахь энэхүү арлын улсын хуучин нийслэл Корор нь тус улсын хамгийн олон хүн оршин суудаг хот юм. Харин хүн амын нягтралыг зохицуулахын тулд нутгийн хамгийн том арал Бабелтуап дахь Нгерулмуд нэрт хотыг 2006 онд шинэ нийслэл хотоор тодруулжээ. Албан ёсны бүртгэлтэй 391 оршин суугчтай уг хот тусгаар тогтносон бүх орны нийслэлүүдээс хамгийн цөөн хүнтэй нь юм.


01

Шри Ланк

Шри-Жаяварденепура-Котте хот

Тус улсын нийслэлийг өөрчлөгдөөгүй, Коломбо хэвээр байгаа гэж бодож байвал та эндүүрч байна. Коломбо хот хэдийгээр Шри Ланкийн хамгийн том хот бөгөөд санхүүгийн нийслэл нь мөн боловч нийслэл хотын статусаа 1982 онд Шри-Жаяварденепура-Котте хэмээх дагуул хотдоо алджээ. Эртний Котте гүрний нийслэл байсан энэ хот мөн дэлхийн хамгийн урт нэртэй нийслэл хот юм.



8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Турк бас нийслэлээ сольж байсан одоогийн нийслэл Анкара. Хуучин нийслэл Истанбул.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start