Арав.мн

Пёнчан 2018: Алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай тамирчид

Пёнчан 2018: Алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай тамирчид

БНСУ-ын Пёнчан хотод ердөө дөрөв хоногийн дараа буюу 2-р сарын 9-ний өдөр Өвлийн Олимпийн XXIII наадмын нээлтийн ажиллагаа болох гэж байна. Зохион байгуулагч орны зүгээс уг наадмыг зохион байгуулахад 2 тэрбум орчим ам.доллар зарцуулах бөгөөд дэд бүтцээ сайжруулахад дахин 7 тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдэж байсан юм. Сочигийн Олимпийн наадамд ОХУ 51 тэрбум ам.долларыг зарцуулсаны хажууд энэ мөнгө харьцангуй бага байгаа билээ.

Дэлхий нийтийн анхаарлыг 2-р сарын 25-ны өдрийг дуустал татах Пёнчаны Олимпоор 7 үндсэн спортын 15 төрлөөр нийт 102 эвент болох юм. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид Пёнчанд өрсөлдөх бөгөөд тэднээс алтан медаль авах хамгийн өндөр магадлалтай баг, тамирчдыг танилцуулъя.


10

Свен Крамер, Голланд

Голландын тэшүүрийн тамирчин Свен Крамер Пёнчаны Олимпийн наадмаас 5000 м болон 10,000 метрийн төрөлд алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай байгаа юм.

Олимпийн наадмаас нийт гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай тэрбээр өнгөрсөн Олимпоос л гэхэд гурван медаль авсан тамирчин. Крамер 2003 онд мэргэжлийн тамирчин болсон ба өнөө цагийн холын зайны уралдаанд буй хамгийн хүчирхэг тамирчин, олимпийн рекорд эзэмшигч билээ.


09

Микаела Шиффрин, АНУ

Уулын цанын тамирчин Микаела Шиффрин Сочигийн наадмаас алтан медаль хүртэх өндөр хүлээлттэй байсан бөгөөд үзэгчдийн урмыг хугалаагүй юм. Тэрбээр ердөө 18 настайдаа слалом төрлөөр алтан медаль хүртэж, энэ спортын хамгийн залуу Олимпийн аварга болж байв. Микаела энэ төрлөөр 42 жилийн дараа алтан медалийг эх орондоо авчирсан билээ. “Нью Йорк Таймс” агентлагийн зүгээс түүнийг “Цанын спортын Моцарт”, “Дараагийн Линдсей Вонн” гэж нэрлэж байлаа.

Одоо 22 настай Олимп, дэлхийн аварга Микаела мөн Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга юм.


08

Натали Гайзенбергер, ХБНГУ

Ганцаарчилсан чарга (luge) болон багийн төрлөөр Сочигийн наадмаас алтан метал хүртсэн Натали Гайзенбергер энэ удаа ч алтан медалийг онилж байгаа нь тодорхой. Одоо 29 настай уг тамирчин 2010 оны Ванкуверын олимпоос хүрэл медаль авч байсан. Олимпийн наадмаас гадна бусад олон улсын тэмцээнүүдээс маш олон медальтай.

Тэрбээр ДАШТ-ээс 7 алт, 4 мөнгө, 1 хүрэл, Европын аваргын 5 алт, 3 мөнгөн медальтай туршлагатай тамирчин юм.


07

Клое Ким, АНУ

2000 онд төрсөн Солонгос гаралтай snowboard-ын элит тамирчин, залуу од Клое Ким АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. Тэрбээр 2014 оны Сочигийн наадмын үеэр хэтэрхий залуу байсан тул оролцож чадаагүй. Гэхдээ Клое 2014 оны Өвлийн X-Games-ийн superpipe төрлөөр мөнгөн медаль хүртэж, 2015 онд аваргалсан. 2016 онд Осло болон Аспенд болсон тэмцээнээс алтан медаль хүртсэнээр 16 нас хүртэлх насандаа 3 алтан медаль авсан анхны тамирчин болсон билээ. Мөн ондоо багтан АНУ-ын Гранпригээс хамгийн дээд оноо буюу 100 оноог авч, энэ амжилтыг үзүүлсэн хоёр дахь тамирчин болжээ.

Залуучуудын өвлийн олимпийн наадмаас 2016 онд halfpipe болон slopestyle төрлөөр аварга болсон авьяаслаг тамирчнаас эх орон нь Пёнчаны Олимпоос зөвхөн алтан медаль хүлээж байгаа юм.


06

Сэйж Котсенберг, АНУ

1993 онд төрсөн Сэйж Котсенберг 2014 оны Сочигийн Олимпийн наадмаас snowboard-ын slopestyle төрлөөс АНУ-ын анхны алтан медалийг авчирсан залуу юм. Тэрбээр 2010 он, 2011 болон 2012 онуудын X-Games-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан билээ.

Котсенберг маш чөлөөтэй гулгадаг бөгөөд шинэ үзүүлбэрүүд зохиож, тэдгээрийгээ ямар ч өө сэвгүйгээр гүйцэтгэж чаддагаараа алдартай. 



05

Канадын кёрлингийн баг тамирчид

Сочигийн наадмаар Кёрлингийн төрөлд Канадын баг тамирчид өрсөлдөгчдөө илт давамгай буулган авсан билээ. Их Британийн баг тэдэнд саад болж чадна гэж бодсон ч яаж ч чадаагүй юм. Канадын кёрлингийн хүчирхэг эмэгтэй баг 2014 онд 9-0 буюу нэг ч ялагдалгүйгээр алтан медаль хүртэж байв. Тэд 2018 онд ч өндөр амжилт үзүүлэх нь тодорхой.

Эрэгтэй багийн хувьд 2006, 2010, 2014 онуудын Олимпийн аварга ба энэ жил дөрвөн Олимп дараалан алтан медаль авах магадлал маш өндөр байна. 


04

Канадын мөсний хоккейн баг

Сочигийн Олимпийн наадмын мөсний хоккейн төрөлд АНУ-ын багт алтан медалиа алдах дөхсөн Канадын эмэгтэй баг тэмцээний сүүлийн минутанд тэнцээний гоолыг хийж чадсан. Нэмэлт цаг дээр өрсөлдөгчөө буулган авч аварга болсон канадчууд энэ удаа мөн л алтан медаль авах өндөр магадлалтай байна. Тэдний гол өрсөлдөгч болох АНУ-ын багийн хувьд өрсөлдөгчөө яаж ч хичээгээд буулган авч чадахгүй байх шиг. Учир нь Канадын эмэгтэй баг 1998 онд АНУ-д аваргын медалиа алдсан цагаасаа хойш дөрвөн Олимп дарааллан аварга болоод байгаа юм.

Мөн эрэгтэй баг нь маш хүчирхэг. Олимпийн 9 удаагийн аварга, 4 удаагийн мөнгөн медальт тус баг сүүлийн хоёр Олимп буюу 2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмаас алтан медаль хүртээд байна. Мөсний хоккейг үндэснийхээ спортоор нэрлэсэн канадчууд БНСУ-д аваргын байр сууриа дахин хамгаалах эсэхийг дэлхий нийтээрээ хүлээж байгаа билээ. 


03

Мэдди Бөүман, АНУ

1994 онд төрсөн Мэддисон Мишэл Бөүман бол АНУ-ын чөлөөт цанын тамирчин ба анх уламжлалт цанын төрлөөр хичээллэж байгаад илүү эрч хүчтэй төрлийг сонирхож, чөлөөт цанаар хичээллэх болсон гэдэг.

Тэрбээр 2012 оны X-Games тэмцээнээс superpipe төрөлд мөнгөн медаль хүртсэн цагаасаа хойш дийлдэшгүй байж, нийт X-Games-ийн 7 медаль, Дэлхийн цомын таван алтан медалийг 2013-2017 онуудад аваад байна. Мэдди 2014 оны Сочигийн Олимпийн наадмаас “halfpipe” төрлөөр алтан медаль авсан тамирчин бөгөөд карьерийнхээ оргил үед байгаа нэгэн. 


02

Дарья Домрачева, Беларус

Дарья Домрачева бол Беларусын хамгийн алдартай тамирчдын нэг. Тэрбээр 1986 онд төрсөн ба 2006 оноос хойш биатлоны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцож ирсэн юм. Беларусын баг Сочигийн Олимпийн наадмаар гайхамшигтай амжилт үзүүлсэн ба эндээс Дарьягийн хувьд гурван алтан медаль (10 км-ийн pursuit, 15 км-ийн ганцаарчилсан, 12.5 км-ийн бөөн гарааны) авснаар биатлоны хэт-трик хийсэн анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Өмнө нь 2010 онд Ванкуверийн Олимпийн хүрэл медальтай, Беларусын Баатар цолтой энэ бүсгүйн спортын нас өнгөрсөн гэж үзэх хүмүүс байх ч Пёнчанаас дахин нэг алтан медаль зүүх өндөр магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байгаа билээ. 

Дарья Домрачевагийн нөхөр нь агуу биатлонч Бьёрндален гэдгийг мэднэ биз?


01

Ли Сан Хва, БНСУ

Сочигийн наадамд тэшүүрийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Ли Сан Хвад ялагдаж, мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын тамирчин Ольга Фаткулина тэмцээний дараа “Ли Сан Хва бол мөсөн дээрх Усэйн Болт” гэж хэлсэн байдаг.

Богино зайнд өндөр амжилт үзүүлдэг Ли Сан Хва 2010 болон 2014 онд алтан медаль авч байв. Түүнчлэн 2013 онд 500 метрийн төрөлд 36.36 секундын амжилтаар дэлхийн рекорд эзэмшиж байна. Дэлхийн гурван удаагийн аварга бүсгүй АНУ-ын домогт тамирчин Бонни Блэйрийн амжилт болох 1988, 1992, 1994 онд гурван алтан медаль хүртсэн амжилтыг давтахын төлөө өрсөлдөх юм.

Гурван Олимп дараалан аваргалсан өөр нэг эмэгтэй тамирчин байдаг нь Германы Клаудия Пехштайн (1994-2002 онуудад 5000 метр) билээ.

Хэрэв Ли Сан Хва эх орондоо дахин алтан медаль авбал түүхэнд дараалан гурван удаа аваргалсан гурав дахь эмэгтэй тамирчин болох юм.



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
ОРОС орсон бол сонирхолтой байхгүй юу
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд