Арав.мн

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.04.29)

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.04.29)

Та бүхэнд өнгөрсөн долоон хоногт болсон арван гол үйл явдлын тоймыг хүргэе.


10

Цагдан хоригдож байгаа С.Баяр , Б.Ариунсан нарын бие муудав

АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Т.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан С.Бямбасайхан нарыг цагдан хорьж шалгаж байгаа юм. Харин яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа эрхмүүдээс С.Баяр, Т.Ариунсан нарын бие муудсан талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга Ж.Бямбадорж өнгөрсөн 7 хоногт мэдээллээ.
Цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаа тэдэнд эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлжээ. Экс ерөнхий сайд С.Баярын хувьд харшил, багтраа өвчнөөс болж  бие нь муудсан бол Т.Ариунсан тулуй, чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас мөн л эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгасан юм.


09

Оюутолгойн гэрээг баталсан УИХ-ыг биш улстөрчдийг нь яллах нь зөв үү гэсэн маргаан дэгдлээ

2000 оноос хойш гацсан төслийг есөн жилийн дараа С.Баяр засаг тэргүүлж байхдаа хөдөлгөсөн. Харин Ч.Сайханбилэгийг Дубайд гэрээ байгуулж, Монголчуудын ноогдол ашиг хүртэх хугацааг арван жилээр хойшлуулж өгөөд хариуд нь авилга авсан байх гэж хардсан юм. Ингэж л энэ том төслийг хөдөлгөсөн улстөрчдийг буруутгасан нийгмийн сэтгэлзүй дээр тоглосон улстөр хүчээ авчихаад байна.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу манай Засгийн газар Оюутолгой ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөхөөр болсон. Гэрээний хугацааг дахин сунгаснаас хойш нэг жилийн дотор хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хүртэл хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй хэвээрээ байсныг нь Ч.Сайханбилэг өөрчилчихсөн гэх толгой угаалт л өнөөг хүртэл хангалттай хийгдсэн.
Оюутолгойн төсөлд  ээлж дараалсан шалгалтууд оруулахаар болчихлоо. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийг эрх баригч МАН-ын гишүүдээс голдуу бүрдүүлсэн гэж үзээд АН-ын бүлгийнхэн дэд ажлын хэсэг гаргасан юм. Ингэж төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага маань эхлээд 2,7 тэрбум долларын  өртөгтэй байсан энэ том төсөлд хоёр дахь удаагаа шалгалт хийгээд эхэлчихлээ. УИХ-ын шалгалттай залгуулаад аудитын шалгалт давхар орно. АН-ын дарга С.Эрдэнэ хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх хүртэл гишүүн Ч.Сайханбилэгийгээ өмөөрнө. Намын гишүүнээсээ хөөхгүй. АТГ-т очиж уулзах хүсэлт тавьсан гэж мэдэгдсэн. Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос эхлээд намынхаа экс даргыг өмөөрч эхэллээ. Тэрбээр "Хэрвээ гэрээг байгуулахад оролцсон сайд нар нь хахууль авчхаагүй юм бол энэ асуудалтай холбогдуулж, УИХ шийдвэр гаргасных нь төлөө төрд зүтгэж байсан тэднийг барьж, хорих нь буруу" гэж өнгөрсөн мягмар гарагт ярилцлага өгөхдөө өмөөрсөн юм.
Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэвлэлд ярилцлага өгч “С.Баяр даргыг баривчилсан шалтгаан нь Оюутолгойтой холбоотой юу эсвэл Жаст группийн Ш.Батхүүтэй холбоотой юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол том төслүүд хөдлөхгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс том төслүүдээ хөдөлгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Том төслүүдээ хөдөлгөсөн улсууд нь баривчлагдах, буруутан болох айдас цаашид үргэлжилбэл  20 жилийн дараа ч бид том төслүүдээ хөдөлгөнө гэдэг зүйлээ яриад л сууж байна. Хэн ч зориг гаргаж чадахгүй, хөдөлгөсөн нэгнийгээ шоронд хорьчихвол яах вэ? Харамсалтай нь хүмүүс өөрсдөө мэдүүлгээ өгье гэж ирэхэд нь таслан сэргийлэх арга хэмжээнээс хорих арга хэмжээ авч нь байгаа нь буруу юм” гэв.
100 сая доллараас дээш өртөгтэй төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлахаар хуульчилсан. Түүх сөхвөл 2009 оны 7-р сарын 16-нд хуралдсан чуулганы нэгдсэн  хуралдаанаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоол батлагджээ. Гэрээг УИХ-аар хэлэлцэн батлахгүй, харин энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Ингэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн энэ том төслийн гэрээг парламент баталсан шүү гэж мэдэмхийрсэн нь үнэнд гүйцэгдчихлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 31 нь дэмжиж, 63.3 хувийн саналаар УИХ-ын тогтоол батлагдан Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард дахин суухаар болжээ. УИХ-аас баталсан тогтоол ёсоор Засгийн газар гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд байгуулах үүрэг хүлээсэн юм.
Анх Оюутолгойд хийсэн хайгуулын үр дүнд зэс 45 сая, алт 1800 тонн агуулсан 6.4 тэрбум тонн нөөцтэй нь тогтоогдсон юм. Зэсийн хувьд авч үзэхэд л бүртгэлд авсан нөөц нь “Эрдэнэт” үйлдвэрийн анх ашиглаж байсан нөөцөөс хоёр дахин их. Энэ нь Монгол Улсын нөөцөд бүртгэгдсэний эцэст баталгаажиж, үйлдвэрлэлийн нөөц болох учиртай байлаа. 2009 оны 7-р сарын эхээр Эрдэс, баялгийн зөвлөл хуралдаж, 2.4 тэрбум тонн хүдэрт агуулагдах 22.6 сая тонн зэс, 800 орчим тонн алтыг нь улсын балансад авсан. Үүнд нь тулгуурлаж Оюутолгойн техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн юм. 


08

С.Баяр, М.Энхсайхан нар элчин сайдаас чөлөөлөгдөж орны сайдууд томилогдохоор боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрвөн улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг томилох асуудлыг ярихаар болсон мэдээлэл өнгөрсөн 7 хоногийн гол сенсаацийн нэг болов. Швед, Канад, Япон, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдуудын томилгоог хэлэлцсэн юм. Англид элчин сайдаар ажиллаж байсан ерөнхий сайд асан С.Баярын хувьд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний халааг авах хүнээр Гадаад харилцааны яамны Ази номхон далайн орнуудын газрын зөвлөх Д.Тулга тодорсон. Харин экс Ерөнхий сайд асан М.Энхсайханы оронд Шведийн вант улсад Гадаад харилцааны яамны олон талт хамтын ажиллагааны газрын дарга Н.Энхцэцэгийг томилуулахаар яригдаж байсан.
Канадад Н.Чимгүүндарь, Японд Х.Тэнгэр нарыг улсаа төлөөлөн суулгахаар УИХ-аас томилсон боловч Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүлтүүрэнд бүдэрсэн ба нэрс солигдсон. Канад улсад суух элчин сайдад Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Я.Ариунболд, харин Япон улсад суух элчин сайдаар элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргалыг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Ямар шалтгаанаар дээрх нэрс солигдсон нь бүрхэг. Шинээр томилогдохоор горилж байсан элчин сайдууд дунд өмнөх Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хэрэгжүүлж байсан багаас хэд хэдэн хүний нэр орсон нь үүний гол шалтгаан болсон байж мэднэ гэж хэвлэлүүд таамаглан тайлбарласан.
Элчин сайд нарын томилгоог Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д оруулж хэлэлцүүлэн баталдаг. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэж заасан байдаг.


07

Гэр хорооллын 15 сургуулийн сурагчид “туршилтын туулай” болсон уу?

Нийслэлийн зөвхөн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин хоёр удаа албадан уулгаж, эмийн туршилт хийсэн нь маргаан дэгдлээ. Үүнийг эцэг эхчүүдийн гомдлоор судалж үзээд тогтоосон юм. Эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүйгээр хүүхдүүдэд цусны шинжилгээ хийжээ. Туршилтаар хийсэн Д витаминыг Эрүүл мэндийн үүсгэл нэртэй ТББ оруулж ирсэн юм. 2015 оны 2-р сараас эхэлж хүүхдүүд дээр туршжээ. Ингэж эмнэлзүйн судалгаа, биологийн туршилт хийсэн болохыг нь Монголын эцэг эхчүүдийн зөвлөлөөс нотолж, өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийж мэдээлсэн юм.
Судалгаа хийх зөвшөөрлийг нь Эрүүл мэндийн яам олгож, БСШУСЯ хамтран зохион байгуулсан нь тогтоогджээ. Хоёр ч яамыг буруутгаж байгаа Монголын эцэг эхчүүдийн зөвлөл "Танай хүүхдүүдэд Д витамин тарааж өгнө. Энэ нь үнэгүй. Иймд судалгаанд оролцооч гэсэн хүсэлт танилцуулж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан. Ингэж эцэг эхчүүдийг төөрөгдүүлээд хүүхдүүдэд биологийн идэвхт бодисыг албадан уулгаж, эмийн туршилт судалгаа хийсэн байна. Маш олон хүүхэд биеийн байдалд өөрчлөлт гарч нэг хүүхдийн  баруун талын уушги нь хатгаж өвдөөд биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй байдалд хүрчээ. Хүүхэд туршилтад орохоосоо өмнө нь эрүүл хэвийн байжээ. Туршилтын дараагаас уушги нь өвдөж, нүд нь ойр ойрхон анивчдаг, хичээлдээ идэвхгүй, сульдаа болсон гэдгийг эцэг эхчүүд  нотолно" гэж мэдээлсэн юм.
Өнгөрсөн Баасан гарагт "Монголын эрүүл мэндийн үүсгэл" ХХК өнгөрсөн оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд "Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь" нэртэй эм, эмнэлзүйн туршилт, судалгааны төслийг нийслэлийн ЕБС-иудад хэрэгжүүлж эхэлснээ бас мэдээлсэн. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 15 сургуулийн сурагчдад долоо хоног бүр нэг тун Д витаминыг уулгаж, туршиж байгаа юм байна. Харин хийж байгаа ажлыг нь ойлголгүй үгүйсгэж, үндэслэлгүй мэдээлэл тараасан "Монголын эцэг эхчүүдийн зөвлөл" ТББ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн.
Эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн 15 сургууль судалгаанд хамрагдсан боловч 21 аймаг, Улаанбаатар хотын хувийн болон Төрийн 200 гаруй сургуулийн сурагчдад судалгаа хийжээ. Нийтдээ 9814 хүүхэд судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдтэй "Монголын эрүүл мэндийн үүсгэл" ХХК долоо хоног бүр уулзаж эмчийн хяналтад байлгадаг. Нэг ч хүүхдээс  Д аминдэмтэй холбоотой сөрөг үр дагавар гарсан гэх гомдол ирээгүй" гэж тайлбарласаар байна. Энэ байгууллага нь Харвардын их сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээний нэгж байгууллага юм.


06

Газар нутгаа зуун хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан анхны аймгаар Хөвсгөл тодорлоо

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус хурал өнгөрсөн 7 хоногт хуралдаж, 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд 2009 онд анх энэ аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилээр авах шийдвэрийг ИТХ нь 2014 онд гаргаж, 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Харин энэ удаа 50 дугаар өргөргөөс урагших Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авсан юм.
Энэхүү түүхэн шийдвэр гарснаар 10 жилийн дараа Хөвсгөлчүүдэд газар нутгаа 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад  авах боломжийг бүрдүүлж өглөө. Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн тооцоо, судалгаа, 2030 он хүртэлх бодлого төлөвлөлт, хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого шийдвэр зэргийг уялдуулсны үр дүн гэж дарга нар нь тайлбарлаж байна.



05

АТГ-ын удирдлагуудыг ард түмний санал асуулгаар тодруулах “дэд ерөнхийлөгчийн” шоу

Олон нийтээс саналыг нь асууж 7 хоногийн дараа АТГ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд Мягмар гарагт мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ газрын даргад нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлж, харин чуулганаар долоо хоногт багтаан хэлэлцэхээр заасан байдаг. Авилгын эсрэг хуулийн 19-ийн 2-р зүйлд АТГ-ын удирдлагыг томилох 3 шаардлагыг зааж өгсөн байх юм. Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх гэсэн хуулийн том шалгуур тавьдаг.
Гэтэл УИХ-ыг даргалж явсан хуульч Энхболд олон нийтээс саналыг нь асууж шинэ даргад нэр дэвшигчийг тодруулна гэж хууль зөрчсөн мэдэгдэл хийсэн юм. Хуулинд нь энэ газрын даргыг зургаан жилийн хугацаатай томилно, харин Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заачихсан. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр цагаан дээр хараар бичин заагаад өгчихсөн юм. Одоогийн дарга Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 6-нд УИХ-аас томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах юм. 
АТГ-ыг УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн удирдлагад байгуулсан нь З.Энхболдыг ард түмнээс асууж шинэ даргад нэр дэвшигчийг нь тодруулна гэж “дураараа дургихад” хүргэлээ гэж хуульчид шүүмжилж эхэлсэн. УИХ-аас баталсан Авилгын эсрэг хуулийг биелүүлж, хэрэгжүүлэх нь Засгийн газрын л үүрэг. Энэ газрыг гүйцэтгэх засаглалаас нь хол байгуулснаас болоод засаг нь авилгатай тэмцэх үүрэггүй, харин ч эсрэгээрээ УИХ нь Засгийн газартайгаа тэмцээд байгаа юм шиг буруу хандлага нэгэнт бий болчихсон юм. 
Авилгатай тэмцэх байгууллагаа Засгийн газрын харьяаллаас гадуур байгуулсан орон дэлхийд гурав л байдгийн нэг нь Монгол. Хуулийн энэ хийдлийг З.Энхболд нь овжиноор харж, Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрийн тоглолтондоо сөргүүлэн ашиглаж эхэллээ. Энгийнээр хэлбэл АТГ-ыг УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн удирдлагад байгуулсан нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа нь тэдэнд өгөөш болсон юм.


04

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх “улстөрийн шоу” дэгдлээ

Өнгөрсөн пүрэв гарагт хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн товчхон мэдээлэл хийж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эсрэг чиглэсэн бас нэгэн шуугиан дэгдээв.
Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээ, мэдээлэл бэлтгэсэн нэр бүхий есөн сэтгүүлчийг нууцаар чагнасан, тагнасан гэх мэдээлэл тарсаар байна. Уг хэргийг шалгаж байгаа гэдгийг прокурор дээрх мэдээллээр баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Харин ЦЕГ-аас сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэг бүртгэгдээгүй гэж мэдээлсэн. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй МСЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр ямар нэгэн гомдол ирээгүй гэж хаяагаа манасан юм. Шаварт унасан шарын эзэн болох Ц.Нямдорж сайд тийм зүйл огт болоогүй харин ч сэтгүүлчид намайг тагнаж, чагнадаг гэсэн тайлбар өгч, "тэнэгтэв".


03

Бөхчүүд улстөржиж, харин улстөрчид бөхжив

Монголын Үндэсний бөхийн холбоог тойрсон маргаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоод ч таслаж чадсангүй. Төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч мөртлөө хоёр хуваагдчихаад байгаа холбооныхонтой өөрөө уулзалгүй “дэд ерөнхийлөгч” гэх хочтой болсон тамгын газрын дарга З.Энхболдтойгоо уулзуулж,учраа олоцлохгүй бол Бөхийн өргөөг нийгэмчилнэ шүү гэж сүрдүүлж жижгэрсэн юм. Зодоон цохион дээрээ тулсан МҮБХ-ныхон нэг хэсэг нь “Эвлэрэлийн комисс” гэгчийг сайн дураараа байгуулан 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүдийг оролцуулан Баасан гарагт хуралдаж бас нэгэн шийдвэр гаргачихаад байна.

Эвлэрэлийн комиссын хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл л оролцжээ. Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе” зарлаж хуралдуулах боломжтой юмсанж. Харин тэр хуралд нь Дорноговь, Өмнөговь аймгаас бусад аймгийн бөхчүүдийн төлөөлөл оролцсон. Ахиад л маргаан дагуулахаар шийдвэр гаргажээ.

  1. МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны 4-р “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.
  2. 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-ыг бүрдүүлэх үүргийг хуралд оролцогсод авч, 2018 оны 05-р сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжлээ.
  3. Х.Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, эвлэрэлийн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигджээ.

Ноцолдож, барилдаж үзээгүй өссөн монгол эр хүн гэж байхгүй. Тиймдээ ч монгол бөх олон зуун жилийн турш Монгол эр хүний сонгодог загвар болж ирсэн билээ. Гэвч Үндэсний бөх  хамгийн их хэрүүлтэй, жалга дов, нутаг нугаараа хамгийн их талцдаг, муу муухай хор, хов  найруулдаг, хамгийн булай спорт болж мэдэх нь. Бөхийн өргөөг тойрсон талцал  нь бөхчүүдийн асуудал байхаа болиод улс төрийн сэдэв болж хувирсныг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮБХ-ны маргаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагаас харагдлаа. Өөрөө самбо бөхийн дэлхийн аварга, Монголын жудо бөхийн холбоог тэргүүлж яваагийнхаа хувьд  бөхчүүдийн хэрүүлийг тэсч чадалгүй хутгалдсан байж болох талтай ч тэр үйлдэл нь бөхчүүдэд төдийгүй ард түмэнд таалагдсангүй. Өмнөх 4 төрийн тэргүүний нэг нь ч ийм тэнэгдүү гэмээр үйлдэл гаргаж байгаагүй юм.


02

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс илүү импортлогч компаниуд Топ-100-д багтав

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП-100 аж ахуй нэгжийг дахин тодруулсан юм. Үйлчилгээний компаниуд 25%-ийг нь, уул уурхайн компаниуд 22%-ийг нь эзлэв. Эдгээр 100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оныхоосоо 30 орчим хувиар, улсын төсөвт оруулсан татварын хэмжээ нь 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан.
Эрдэнэт үйлдвэр 600 тэрбум төгрөг татварт төлснөөрөө тэргүүллээ. Харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй импортын бараа оруулж ирдэг, бас үйлчилгээний компаниуд топд багтсан хэвээрээ л байна. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай хэвээрээ байгааг энэ удаагийн шалгаруулалт ч бас нотолж өглөө.


01

Генерал цолонд “халгаатай” Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудад тал засав

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван генералын цолыг нь хурааж, шуугиан дэгдээв. Хилийн цэргийг удирдаж, төр түшилцэж явсан Х.Жекейг Казахстаны иргэн болсон учраас генерал цолыг нь өмнө нь хураасан. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг өнгөрсөн 7 хоногт хураасан зарлиг гаргаж, харин казиногийн хэргээр адилхан л ял эдлээд гарч ирсэн, ардчиллын партизан Д.Энхбаатардаа бригадын генерал цолыг нь үлдээж, алагчлав. Бас генералуудын өдрөөр 181 генерал цолтноос амьд сэрүүн байгаа 96-г нь олуулж, хүндэтгэл үзүүлж, тал засав. Хариуд нь сэлэм бэлгэнд авчээ.
Монгол Улсын генерал цол 74 жилийн түүхтэй. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн анхны дээд цолыг олгож байжээ. Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн хоёрт дэслэгч генерал, нэр бүхий есөн офицерт хошууч генерал цол олгож байсан түүхтэй. Манай генералуудаас 6 хөдөлмөрийн баатар, 10 гавъяат төрөн гарсан юм.



8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд