Арав.мн

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.05.06)

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.05.06)

Манай сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоон хоногт болсон арван гол үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэж байна.


10

МУ-ын 2,4 сая сонгогчийн эрх ашгийг 6000 хүний саналаар тодруулсан АТГ-ын шинэ дарга хамгаалж чадахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хуралд Баасан гарагт уламжилж, Авилгатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлсэн юм. Сонгогдсоноосоо хойших жил хүрэхгүйн хугацаанд төрийн тэргүүнийг иргэдтэй уулзах болгонд л сонгогчид “хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авилга, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг байнга шаардаж” чихнээс хонх уях болжээ. Тиймээс авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг шүүмжилж буй иргэдийн энэ үнэлэлт, дүгнэлт авилгын нөхцөл байдлыг судлан мэдээлдэг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлттэй бүрэн нийцэж байгааг анхаарч, тодорхой арга хэмжээг авах шаардлагатай болсон юм байна. Тэгээд л Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын жил бүр дэлхийн улс орнуудын Авилгын төсөөллийн талаар гаргадаг индексийн дүнг харгалзаж бас иргэдийн саналыг үндэслэн, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.
АТГ-ыг УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн удирдлагад байгуулсан нь Ерөнхийлөгчид д өгөөш боллоо. Авилгатай тэмцэх байгууллагаа Засгийн газрын харьяаллаас гадуур байгуулсан орон дэлхийд гурав л байдгийн нэг нь Монгол. Хуулийн энэ хийдлийг Энхболд нь овжиноор харж, Ерөнхийлөгч Баттулга улстөрийн тоглолтондоо сөргүүлэн ашиглалаа. Хуулинд нь энэ газрын даргыг зургаан жилийн хугацаатай томилно, харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэсэн заачихсан. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр цагаан дээр хараар бичин заагаад өгсөн байгаа юм.
Х.Энхжаргалыг ажлаас нь авч хаях сонирхол Ерөнхийлөгчид багагүй байгаа. Монгол Банхкны ерөнхийлөгч асан “барлаг” найз нь болох Н.Золжаргалд нь эрүү үүсгэн шалгуулж, 400 тэрбум төгрөгөөр шороо овоолж босгуулсан төмөр замын далангийн хэрэг шийдэгдээгүй сунжирсаар яваа Х.Энхжаргалд алергитэх шалтаг бас шалтгаан нь. Тэгээд ч Авилгын эсрэг хуулийн энэ зохицуулалтаар энэ газрын дарга, дэд дарга нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн.
Гэвч хуулийн заалтыг Ерөнхийлөгч огтхон ч тоосонгүй. Уул нь Монгол Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоолыг батлан Цээсүрэнгийн Нямдоржийг Авилгатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоолыг батлан Хүрэлсүхийн Энхжаргалыг Авилгатай тэмцэх газрын даргаар томилсон юм. Одоогийн дарга Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 6-нд УИХ-аас томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна. Гэвч Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж ард иргэдээсээ асууж, саналаар нь шийдвэрлэн АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийг тодрууллаа.
Албан ёсны www.president.mn цахим хуудсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зориуд зохион байгуулсан нээлттэй санал асуулгад 6.405 иргэн оролцож, 6.382 иргэн Авилгатай тэмцэх газрын даргад 179 хүнийг, 5.657 иргэн Авилгатай тэмцэх газрын дэд даргад 317 хүнийг нэр дэвшүүлж, саналаа өгчээ. Манай улсын сонгогчдын тоо 2,4 сая хүрсэн. Тэднийг төлөөлж, 76 "товарищ" хууль тогтоолцож, төрийн эрхийг биднийг төлөөлөн барилцаж байгаа билээ. Түшээд маань хамгийн багадаа л 15-20 мянган хүний санал авч, тухайн тойргийнхоо нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50+ хувийн санал аван сонгогдсон. Гэтэл Авилгатай тэмцэх газрын даргад нэрийг нь дэвшүүлсэн Даваанямын Даваа-Очир, дэд даргад сойгдсон Жанжаагийн Батсайхан нар нь 6000 ч хүрэхгүй хүний санал авцгаажээ.
Одоо ард түмнээс санал асууж тэднийг нэр дэвшүүлсэн болохоор Улсын Их Хурлын гишүүдийг болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж томил гээд “дэд ерөнхийлөгч” З.Энхболд "шүүрттэйгээ" нийлээд шахна. Хэвлэлээр галын бэлтгэл хийлгүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга л АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар санал болгосон Даваанямын Даваа-Очир, Жанжаагийн Батсайхан нарыгаа илүү сайн таньдаг байх. Салбарынхны зарим нь Авилгын эсрэг хуульд заасан АТГ-ын дарга, дэд даргад тавигдах шаардлагыг бүрэн хангана гэж тодорхойлж байгаа болохоос биш ард түмэнд танигдсан ажилдаа мэргэшиж, гаршсан нь тодорхойгүй кандидатууд байгаа юм. Хуулинд нь “Авилгатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй”. Мөн “Авилгатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” зэрэг шаардлагыг заагаад өгчихсөн байгаа юм. Гэтэл АТГ-ын даргад нэр дэвшигч Даваанямын Даваа-Очир нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн. 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажилласан л болохоос биш гүйцэтгэх ажилд мэргэшсэн "гатнуул" лав биш. Энэ нь л Ерөнхийлөгчийн дохиураар хөдлөх бас нэгэн “утсан хүүхэлдэй”-г АТГ-ын дарга болгох нь гэсэн болгоомжлол төрүүлээд эхэлчихлээ.


09

Идлэг шонхор зарсан, зараагүй гэх хэрүүлээр МАН-ын хагарал дахин ил гарлаа​

Өнгөрсөн лхагва гаригт хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Н.Цэрэнбат сайд аа ажлаа хийсэн шиг хийгээч ээ. Танай салбар үнэхээр бугшсан, авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон газар. Байгалийн бүх баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүгдийг зарж байгаа. Шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж гадагшаа гаргахыг хориглосон. Гэтэл Засгийн газар нууц тогтоол гаргаад, танай яам 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын ашиглалтын асуудал гарсан байна. Энэ талаарх мэдээллийг Байнгын хороонд нээлттэйгээр мэдээлэл өгөхийг хүсч байна. Тагнуул, гаалиас бүх мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” гэж шуугиан тарьсан юм.
Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Баасан гарагт няцаалт өгч “шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Өмнө нь сайдаар нь ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүн ч өөрийгөө өмөөрсөн тайлбар хийж, МАН-ын хагарал улам даамжирсныг эл үйлдлээрээ Ж.Энхбаяр тэр хоёр харуулаад амжсан юм.
Үндэсний бахархалт шувуу шонхрын арилжаанаас олсон ашиг орлогыг тооцон гаргая гэвэл багагүй цаг зарцуулна. Тиймээс энэ шувууны наймаа эрчимжсэн сүүлийн 18 жилийн түүхийг тоймлон хүргэе. Ерээд оны дундаас хойш шонхрын наймааг ил болгосон юм билээ. 2000 онд 50 шонхорыг дараа жилээс нь долоо дахин нэмэгдүүлэн арилжжээ. Жилд 360 толгойд хүргэх шинэ санаачилгыг тэр үеийн Байгаль орчны сайд У.Барсболд гаргасан байдаг. Зарим жил Засгийн газраас баталсан тоог хэтрүүлж, 400 толгойг бариулжээ. 2001-2005 онд нийт 1624 толгой идлэг шонхор шувууг арабууд авсан байдаг юм. Харин 2006 оны 7-р сарын 19-нд ЗГ-ын 171-р тогтоол гарч, 2006-2007 онд гадаадад гаргах идлэг шонхрын тоог 300-д байлгах, үнийг нь 10000$, төлбөрийг нь 9000$, хураамжийг нь 800$ байхаар тогтоож өгчээ.
Ингэж л Үндэсний бахархалт шонхор нь хүртэл ард түмэн биднийгээ тэжээсэн юм шүү дээ. 2001-2008 онд жил алгасалгүй 270-395 толгой шонхор шувууг Кувейт, Саудын Араб, Катар, Сири, Эмират зэрэг улсад гаргасан. Жилдээ багадаа л 240 толгой шонхрыг экспортод гаргах шийдвэрийг МАН-ыг засаглаж байхад БОАЖЯ гаргасан байдаг юм. Ингэж шонхорт халгаатай намаар МАН байнга л тодорч байна.
2005 оны 5-р сард Женевт хуралдсан CITES-ийн конвенцийн уулзалтаар Монголоос идлэг шонхор шувууг бизнесийн зориулалтаар олон тоогоор бариулж экспортод гаргаж байгааг хориглож сануулга өгч байсан боловч тэрнээс хойш гадагш нь шонхороо наймаалсаар л байна. Манайхны зарсан идлэг, жүр шонхор Арабын ертөнцөд маш өндөр үнэ хүрдэг аж.


08

Ерөнхийлөгч Х.Баттулгын таалалд нийцээгүй байсан Г.Тэнгэрийг Австралид, Н.Чингүүндарийг Тайландад элчингээр томилуулахаар сэм тохиролцжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн Элчин сайдуудыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг шинээр томилохоор шийдэж, УИХ-д өргөн барихаар болсон. Шведийн вант улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татаж, түүний оронд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг, Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, харин Тайландын Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, Н.Чимгүүндарийг, Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүг эгүүлэн татаж, Г.Тэнгэрийг томилуулахаар "дээдэс" тохиролцжээ.
Мөн өнгөрсөн оны долдугаар сараас хойш томилж чадаагүй Япон, Канадын Элчин сайдуудыг ямар ч байсан томилохоор боллоо. Япон улсын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилохоор тохиролцжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын таалалд нийцээгүй, жил тойрсон хоёр дипломатчийн намтрыг сөхвөл мэргэжлийнхэн байгаа юм. Японд суух элчин сайдаар томилогдсон Г.Тэнгэр төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан нэгэн. 2014-2017 онд “Монголын Зүүний хүчний холбоо” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга, 2017 оноос тус холбооны орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын хүний нэг нь. Энэ нь одоохондоо “модон сэлэм”-ээр түүнтэй ил байлдаж байгаа Х.Баттулга Ерөнхийлөгчид таалагдаагүй юм. Харин дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байгаа Н.Чимгүүндарь нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү учраас төрийн албыг төрлийн алба болгохгүй гээд хүлээж авахгүй гүрийчихсэн юм.
Ингэж Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Г.Тэнгэр болон Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж жил тойрон Зэлтэрийн гацаанд суулгаж тамласан юм. Гэвч тэднийг өөр улсад Элчин сайдаар томилуулах саналаа Засгийн газар оруулчихлаа.


07

"Цэргээс зугтагчид"​-ын арми өргөссөөр байгаа нь төрийн хуультай холбоотой

Өнгөрсөн долоон хоногт улсын хэмжээнд ээлжит цэрэг татлага боллоо. Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн хэмжээнд өнгөрөгч Баасан гаригт эхэлж, амралтын өдрүүдэд дуусав. Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн хоёр хэлбэрээр хэрэгжүүлж байна. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээт цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах, эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог.
Жилд дунджаар нийслэлийн нэг дүүрэгт 7000 гаруй залуус эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Тэднээс 2000 орчим нь ямар нэг өвчтэй байдаг гэсэн тоо гарчээ. Тодруулбал: тэдний 23 хувь нь хараа муутай, 24 хувь нь мэс засал, гэмтлийн шарх сорвитой, 12 хувь нь жин тэнцэхгүй гэсэн үндэслэлээр цэргийн албанаас хасагдаж байгаа мэдээ бий. Эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцэхгүй байх тохиолдол цэргийн насны залуусын 30-с дээш хувийг эзэлж байна. Жингийн илүүдлээс хамаарч цэрэгт тэнцэхгүй хүмүүсийн тоо өмнөх жилээс 1.6%-иар өссөн байх юм. Энэ бас л нэг юм хэлээд байна шүү. Харин өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар цэргээс чөлөөлөгдсөн залуусын тоо 0.7-гоор нэмэгджээ. Бэлгийн замын халдварт өвчтэй гэх шалтгаанаар цэрэгт тэнцээгүй залуус чөлөөлөгдөгсдийн 64.3 хувийг эзэлж байгаа нь бас л аюулын харанга дэлдсэн мэдээлэл болж байна.
Эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд 4 төрлийн хэлбэрээр алба хааж болдог. Цэргийн жинхэнэ албын хувьд 18-25 насны Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, хилийн цэргийн аль нэгэн ангид очиж 12 сарын хугацаатайгаар биеэрээ үүрэг гүйцэтгэхийг хэлдэг. Харин Цэргийн дүйцүүлэх алба нь цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй буюу ямар нэгэн шалгаантай гэдэг нь шүүхээр тогтоогдсон хүмүүст хамаатай бөгөөд хоёр жилийн хугацаатай тухайн орон нутгийн цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэнэ гэж зааж өгсөн юм. Албаа хаах хугацаандаа гэртээ байх бөгөөд шаардлагатай үед дуудахад бэлэн байж, орон нутгийн цэргийн штабд ирж үүргээ гүйцэтгэх учиртай юм. Үүнээс гадна Гэрээт цэргийн албанд 19-31 настай иргэд хамрагдаж болно. Гэрээт цэргийн алба хаагчид нь Монголын зэвсэгт хүчинтэй гэрээ хийж, цалинтай алба хаадаг юм. Эдгээр хүмүүс төрийн тусгай албаны нэгдүгээр зэргийн цалингаар цалинжсан гээд бодоход сард 350-400 мянган төгрөгийн цалин авдаг. Гэрээт цэргийн албыг хоёр жилийн дараа нэг удаа сунгаад дахин хоёр жил ажиллаж болно гэжж хульчилж өгсөн юм. Харин Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэдэг нь 25 нас хүртлээ цэргийн алба хаагаагүй бол тухайн жилдээ цэрэгт явах мөнгө төлөх сонголтыг хийхийг хэлдэг.
Ингэж “Цэргээс зугтагчид”-ын арми өргөссөөр л байгаа нь зугатаах боломжийг нь олгосон төрийн хуультай шууд холбоотой юм. “Цэргийн алба дүйцүүлэн хаав” гэсэн тамга даруулчихсан нөхдийг бэлтгэл нөөц гэж хэлдэггүй. Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөөр орлуулан хааж байна. Энэ төлбөрийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоож өгдөг. Энэ онд дүйцүүлэн хаах мөнгөн дүнг мөн л нэмж өнгөрсөн жил 4 сая 807 мянган төгрөг байсныг 5 сая 40 мянган төгрөг болгожээ. Энэ мөнгийг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, хоол хүнс, сум, галт хэрэгсэлд зарцуулдаг юм байна. Жилээс жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь дүйцүүлэн хаах мөнгөн дүнг нэмэгдэхэд хүргэх болжээ.
18-26 насны цэргийн алба хаах залуучууд цаг тухайд нь цэрэг татлагын комиссоор орж хуульд заасан шалтгаанаар чөлөөлөгдөж байсан бол тухайн төлөх ёстой мөнгөний тодорхой хувиас чөлөөлөгддөг. Харин гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсвэл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн, иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан, цэргийн жинхэнэ албаны татлагаас зугтаж цэргийн алба хаагаагүй иргэд дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг заавал төлөх ёстой. Энэ жишгээрээ жилд 1500-1600 залуус мөнгөн торгуулиа төлөөд “цэргээс зугтагчдын” эгнээг өргөжүүлээд явж байгаа гэсэн тооцоо гарч байна.


06

Цалин нэмэх шаардлага тавьж жагсаж, цугладаг үйлдвэрчнийхэний зорилго нь зөв ч арга ажиллагаа нь өөр болон хувирчихлаа

Гурван талт хэлэлцээрээр тохиролцсондоо хүрч чадаагүй учраас МҮЭХ-дынхон тайван жагсаал, цуглаан өнгөрсөн Мягмар гарагт хийлээ. Сүржин мэдэгдэлтэй даржиндуу жагсаал л боллоо. Засгийн газар амлалтаа биелүүлж хэлэлцээрээс хүлээсэн үүргээ гүйцэлдүүлээгүй учраас үйлдвэрчний эвлэлээс тэмцэлд босохоор шулууджээ.
Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тохирсноосоо Засгийн газар буцаж хойрго хандаж эхэлсэн юм. Тэтгэврийн доод хэмжээг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгаснаас өөр үр дүн өгөөгүй. Тиймээс үйлдвэрчний холбооныхон хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлжээ. Өмнө нь хийсэн хэлэлцээрээр цалин хөлсний асуудлыг дахин хэлэлцэхийг санал болгосон ч ямар ч ажил хийгдээгүй байгаа юм. Харин ХНХ-ийн сайд С.Чинзориг цалин нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхээр тохиролцож гурван талт хэлэлцээрийг түр завсарлуулсан гэж тайлбарласан.
МҮЭХ-дын тавьж байгаа шаардлагаар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хугацаа нэгэнт болчихжээ. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлж 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж тооцоолсон байна. Сүүлийн жилүүдэд манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 доллараас хэтрээгүй болохоор үйлдвэрчнийхэн цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, жагссан юм.
Харин ард түмэнд хамгийн их үгүйлэгдэж байгаа хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл, цалин, тэтгэвэр, ажлын байрны таатай орчны төлөө дуу хоолойгоо илэрхийлэх хуульчлагдсан үүрэгтэй Үйлдвэрчний эвлэлийн холбооны хувьд Монголдоо л хамгийн их хөрөнгөтэйд тооцогдох ганцхан төрийн бус байгууллага юм. 100 жилийнхээ босгыг давж байгаа МҮЭ-ийн байгууллага нь 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотой. Энэ холбоонд элссэн гишүүдийн тоо 214620 болжээ. Гэхдээ энэ бол зөвхөн идэвхтэй гишүүдийн тоо нь юм. Сайн дураар элссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд байнгын идэвхтэй биш гишүүд бас бий. Идэвхтэй гишүүдэд нь авто замчин, барилгачин, эмч, багш, уурхайчин, тээвэрчин, хүнсчин, нийтийн аж ахуйн ажилчин зэрэг мэргэжлийн чиглэлүүд дундаас хамгийн өнөр өтгөн салбарынхан багтдаг. Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай. Тэндээсээ түрээсийн багагүй орлого олдог айл.
Зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай эзэнт гүрэн болжээ. Харин МҮЭХ, түүний салбар байгууллагуудын хөрөнгө орлого, 210 мянга гаруй албан ёсны гишүүд дэмжигчдийн татвар нь яг юунд зарцуулагддаг вэ? Асар их хэмжээний хөрөнгийг захиран зарцуулж байгаа үе үеийн дарга нар нь өөрсдөө цэвэр ариун явдалтай хүмүүс үү? гэдэг асуулт сонирхол татсан хэвээрээ байна.



05

Хөшөө шүтдэг Монголчууд хөшөөндөө дайн зарлаж эхэллээ

Нийслэлд байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээгдсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг Урчуудын эвлэл, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргаж, “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн гурван баримлыг өнгөрсөн онд хийжээ. Харин өнгөрсөн Пүрэв гарагийн шөнө нэг нь бусдын гарт сүйтгэгдсэн харамсалтай явдал болсон юм. Энэ хөшөөг сүйтгэсэн этгээдийг ажлын өдрүүд дуустал олж тогтоогоогүй байсан, гэхдээ буруутай этгээдийг олж тогтоон ойрын хугацаанд хөшөөг сэргээн засварлана гэж том жижиггүй амлацгааж байна.

Монголчууд бурхнаас гадна хөшөө шүтсэн ард түмэн болчихжээ. Жишээ нь,

  • Морины хөшөө - 1032 ширхэг, 
  • Бөхийн хөшөө - 538 ширхэг, 
  • Төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээ алдаршуулж, мөнхжүүлсэн хөшөө- 341 ширхэг бий. 

Тэр бүү хэл хонь ямаандаа зориулж 1652 хөшөө босгожээ. Улаан номонд орж дархлагдсан амьтдаас аргаль, янгирын дүрстэй 123 хөшөө бүтээсэн байх юм. Үхэр, тэмээний  756 хөшөө босгож, Чингис хаандаа 27, Өэлүн эхдээ зориулж 11 ширхэг хүндэтгэлийн хөшөө бас цогцолборхуу юм босгоод амжжээ. Нохойнд 231, Энэтхэгээс угшилтай эвтэй дөрвөн амьтныг билэгдсэн 26, арьсыг нь зөөж, махыг нь идэж явсан болохоор тарваганд зориулан 25 ширхэг хөшөө босгосон байдаг юм байна.


04

Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Цагтаа цалгиж явсан тэдний хэргийг шүүхээр хэлэлцээд үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болов. Ийнхүү намаасаа хөөгдсөн С.Баярцогтыг өмгөөлж хамгаалах хүн өдөр ирэх тусам цөөрч мэдэхээр болчихлоо.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарын асуудлыг хэлэлцээд Б.Бямбасайханыг үргэлжлүүлэн хорихоор шийджээ. Прокурорын газраас түүнтэй хамт С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан юм. Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр тэднийг шалгаж эхэлсэн. Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг  яллагдагчаар татаж,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сар цагдан хориод байсан юм. Хорих 461 дүгээр ангиас С.Баярцогт онлайнаар шүүх хуралд оролцжээ. С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг 15 хоног үргэлжлүүлэн хорьж, харин Б.Ариунсанг батлан даалтад гаргажээ.


03

Бөхчүүдийн дундах хэрүүл, маргаан хэзээ цэглэгдэх нь тодорхойгүй хэвээрээ байна

Түмэн олныхоо хайр,хүндлэлийг дааж чаддаггүй бөхчүүдийн хэрүүл тэмцэлд Ерөнхийлөгч Баттулга хошуу дүрж, хуруу нэмэрлээд ч засагдсангүй. Х.Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд 19 аймгийн салбар холбооны төлөөлөл оролцсон хурал 2 долоо хоногийн өмнө хийж, дөрвөн ч заалттай шийдвэр гаргасан. Харин 28 жил МҮБХ-ыг тэргүүлж байгаа Р.Нямдоржийн бүлгийнхэн тэдний шийдвэрийг эсэргүүцэж, дахиад л маргалдаж эхэллээ.
1990 оноос хойш Бөхийн холбооны тэргүүнээр Нямдорж сонгогдон ажилласан юм. 12 жилийн өмнө хуралдсан Их Эе хурлын үеэр тэргүүнээ эсэргүүцсэн анхны үймээн гарсан боловч хусч чадаагүй юм. Харин 2010 онд дахин хуралдсан “Их Эе”-ээр Нямдоржийг хуралд оролцсон бөхчүүдийн 98 хувийн саналаар тэргүүнээр улираан сонгожээ. Гэвч дөрвөн жилийн өмнө дахиад л тэргүүнээ солих маргаан өрнөсөн. “Их Эе”-ийг хуралдуулж чадаагүй. 15 жилийн турш тэргүүнийг тойрсон маргаан өрнөлөө.
Өнгөрсөн онд болсон ээлжит бус “Их Эе” хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Гацууртын Л.Чинбатыг, шинээр Цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгож холион бантан болгосон. Харин тэр ээлжит бус “Их Эе”-ийг нээлттэй болоогүй, дүрмийн дагуу хуралдаагүй гэж Р.Нямдорж тэргүүтэй бөхчүүд эрс эсэргүүцсээр байгаа юм. Х.Баянмөнх тэргүүтэй аваргууд очиж, Л.Чинбатыг холбооныхоо тэргүүнээр ажиллах санал тавьсан байдаг. Бүр Улсын бүртгэлтэй гэрчилгээг нь давхардуулан олгож, Л.Чинбатыг дэмжигчид нь Үндэсний бөхийн холбооны гэрчилгээ, тамгыг давхардуулаад авчихсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн 3 сард хуралдсан их эеийн хуралдаанаасаа МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. Үүнээс болоод л одоогийн маргаан, будлиан үүсч ерөнхийлөгч хүртэл татагдан орчихоод байна. Зарим нь бүр бөхийн холбооны ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газарт өгье гэсэн санаачилга гаргаж, УИХ-ын гишүүн дархан аварга А.Сүхбатыг сумлан мэдээлэл хүртэл хийлгэсэн удаатай.
Одоогоор хоёр тал шүүх дээр маргаан үүсгэчихсэн хэвлэлийн бага хурал ээлжлэн хийж бие биен лүүгээ үгэн чулуу шидэлцэж байна. Ард түмний хандиваар боссон бөхийн өргөөг авах том сонирхол ч хоёр хуваагдсан бөхчүүдийн дунд байгаа юм. Уул нь бөхийн өргөөг Монголын Үндэсний бөхийн холбооны өмч гэж дүрмэндээ заасан болохоор Улсад бүртгүүлж татварыг нь 2004 оноос эхлэн төлсөөр иржээ. Төрийн бус байгууллагад төрөөс санхүүгийн тусламж үзүүлж болно гэсэн төрийн бус байгууллагын тухай хуулинд заачихсаныг үндэслэж төрөөс 800 сая төгрөгийг бөхийн өргөөг барихад дэмжлэг байдлаар олгожээ. Х.Баянмөнх аварга Монголын мэргэжлийн үндэсний бөхийн холбоог байгуулан, ажиллаж байгаа мөртлөө Үндэсний бөхийн холбооны ажилд оролцож байна гэж Нямдоржийн талынхан шүүмжилж байгаа юм. Хоёр хуваагдсан бөхчүүдийн маргаан дээд цэгтээ ямар ч байсан хүрлээ. Харин хэзээ цэглэгдэх нь тодорхойгүй хэвээрээ л үлдлээ.


02

​Хуралдаа суудаггүй гишүүдийг эргүүлэн татдаг болно

Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаар ярьж, шийтгэлэрхүү юм оногдуулдаг хуультай болох гэж байна. Хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагынхаа үйл ажиллагааг боловсронгуй болгож, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулахын тулд хуулинд нь өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүд төлөвлөжээ.
УИХ-ын гишүүдийн ёсзүйн байдлын болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах төслийг нь боловсруулж дуусчээ. Ирэх долоо хоногт төслийг нь өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй Б.Наранхүү мэтийн хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгож байхаар хуульчилна. Өмнөх парламентын эхний гурван чуулганы хугацаанд гишүүд 9800 цаг хурлаа тасалсан бол өнөөгийн парламент эхний гурван чуулганы хугацаанд 1000 орчим цаг тасалчихсан гэзэг даран нэхэж явна. Өмнөхөө бодвол 10 дахин бага цагаар хууль тогтоох ажлаа тасалсан ч сонгосон гишүүдээ юм хийхгүй байна хэмээн иргэд хавтгайруулан шүүмжилж байгаа юм. 76 тойргоос сонгогдсон мөртлөө засаг солих, сайд унагах болохоор л ирцээ бүрдүүлдэг хандлага ч нэгэнт тогтчихсон. Үүнийг л өөрчилж, хариуцлага оногдуулдаг болно. Засгийн газар, сайд нарыг сугалж эсвэл бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж байхаар хуулийг нь өөрчлөх гэж байна. Ингэж өөрчлөлт оруулахгүй бол 39 гишүүн л чуулганы хуралдаанд сууж, олонхийн саналаар нь засгаа унагачихаад байгаа юм. Тиймээс огцруулах асуудлыг хэлэлцэх хуралдаанд 50 гишүүн сууж 26 нь дэмжсэн тохиолдолд л Засгийн газрыг огцруулдаг болохоор хуулийг өөрчлөх юм. Ингэж аль ч намд засгаа тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлж өгөхөөр хуулийн төсөлд нь тусгажээ.
УИХ-ын гишүүн чуулганы болон байнгын хороодын хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжилж, хуц ульдаа тулах нь ч энүүхэнд. Ингэж хуралдааны дэг зөрчвөл хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалтыг хийж өгөхөөр төсөлд нь суулгажээ. Хэрвээ УИХ-ын хуралдааны дэгийн болон гишүүдийн эрхзүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулж чадвал гишүүд ажилдаа хариуцлагатай хандаж, ёс зүй нь ч дээшлэх боломжтой гэж С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн найдаж байна.
Мөн гишүүдэд худлаа мэдээлэл өгч, ажлаа тайлагнаж чадаагүй төрийн албан хаагчдад хариуцлага оногдуулж ажлаас нь халах солих асуудлыг ч чангатгаж өгөхөөр болгожээ. Өнгөрсөн 7 хоногт энэ сэдвээр төрийн ордонд анхны томоохон хэлэлцүүлгийг нь улстөрийн намуудын бүх төлөөлөл оролцон хийсэн юм. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 39 гишүүний саналаар л хууль, тогтоолын төсөл батлагдчихдаг. Харин хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд суулгаж өгснөөр ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж өгөх боломж бүрдэнэ гэж гишүүд найджээ. Ингэж хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүдийг дэгэнд нь оруулж, хуулийн мухардалд ордог асуудлыг хуугаар нь цэгцлэх юм байх. Бусдын өмнөөс кноп дарж "төгөлдөр хуурддаг" гишүүдийн гажуудлыг ч засах заалт хуулинд нь оруулахаар төсөлд нь тусгажээ. УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхдөө зөвхөн өөрийнхөө цахим картыг ашиглахаар болгож бусдадаа шилжүүлэхийг хориглосон заалт үйлчилж эхэлнэ.


01

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс байнга л ухрах болжээ

Манай улсад сэтгүүлчдийг хамгаалах хууль эрхзүйн орчин байхгүй хэрнээ ажлаа хийснийх нь төлөө яллаж амыг нь барьдаг тогтолцоо үйлчилж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан өнгөрсөн Пүрэв гарагт төр засагт дуу хоолойгоо хүргэлээ. Эзэд дагаж тэдэнд үйлчилсэн нэгдэл, холбоодын идэвхгүй байдлаас болоод Ардчилсан Монгол улсад сэтгүүлчийн ахуй биш аюулгүй байдлыг ярих хэмжээнд хүртлээ асуудал хурцдахаар болчихлоо.
УИХ-аас өнгөрсөн хугацаанд сэтгүүлчийг өмгөөлсөн нэг ч хуулийн заалтыг хэлэлцээгүй, оруулж ирээгүй  байна. Өнөөгийн нийгэмд төр засагтаа юу эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээ итгэх үү гэдэг асуулт тавивал иргэд маань ч нэгэн дуугаар сэтгүүлчдээ, хэвлэлдээ итгэнэ гэж хэлдэг болсон. Гэвч эргээд хэвлэл мэдээллийн байгууллага нь улс төрчдийн халаасанд, хэдэн сэтгүүлчид нь даргын хараанд орчихсон цөвүүн цагт хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж дуугараад нэмэргүй болжээ. Өнгөрсөн онд 48 сэтгүүлчдийг шүүхэд дуудаж, 98 сая төгрөгийн торгууль төлцгөөжээ. Сэтгүүлчид хэвлэн мэдээлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг, торгуулж шийтгүүлдэг нийгэмд мэдээлэл олж авах нь улам бүр хэцүү болоод байна. Төрийн хүрээний эрхмүүдтэй холбогдох нь энүүхэнд. Үнэн бодитой баримт нотолгоотой мэдээллийг нийтэд түгээснийхээ төлөө яллуулсан сэтгүүлчдийн тоо цаашдаа ч өсөх хандлагатай байна. 
Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 2016 онд 60, 2017 онд 69 дүгээр байранд байсан Монгол Улс 71 дүгээр байранд орж гурван шатлалаар ухарсан байна.



8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут