Арав.мн

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.05.13)

Долоо хоногийн онцлох 10 үйл явдал (2018.05.13)

Манай сайт уламжлал ёсоороо өнгөрсөн долоон хоногт болсон арван гол үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэж байна.


10

Жолооч нар жагсч, эмч, сувилагч нар ганцхан цагийн суулт хийв

Нийслэлийн Тээврийн газрын байцаагч нар микроны жолооч нарын үнэмлэхийг хураан авсан гэж Баасан гарагт микроны жолооч нар “Хангарьд” ордны урд эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. 200 гаруй иргэн оролцжээ. 

Өнгөрсөн Пүрэв гарагт Нарантуулын чиглэлд явдаг 40-50 микро автобусны гэрчилгээг бүртгэлийн санд байхгүй гэсэн шалтгаанаар нэг дор хураан авсан юм билээ. Харин жолооч нар байцаагчдыг албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж эсэргүүцсэн өнгөрсөн жилээс эхлэн Нарантуулын чиглэлд явдаг байсан 150 гаруй микрог Нийслэлийн тээврийн газарт бүртгүүлэх гэж эзэд нь зүтгэсэн боловч ямар нэгэн шалтгаан тоочсоор ийм байдалд хүргэжээ. Үүнээс болоод л жолооч нар бухимдаж жагссан юм. Гэвч үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдсан, стандартын шаардлага хангасан 82 микро автобусыг л Нийтийн тээврийн газарт бүртгэжээ.

Харин эмч, сувилагч нар цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлэх, сувилагчийн орон тоог нэмэх асуудалд анхаарлаа хандуулахыг шаардсанаа дахин сануулж цуглаан хийсэн. Манай улсад  40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд. Тэдний 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400.000-500.000 төгрөг байдаг бөгөөд авдаг цалин нь амьдралд нь огт хүрэлцэхгүй байгаа юм. Хэрэв тэдний тавьж буй шаардлагыг шийдвэрлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд Ням гарагаас  ажил хаялтыг эхлүүлж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 05-р сарын 08-нд өдөр мэдэгдсэн. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд сувилагч нарын төлөөллийг хүлээн авч уулзав. Нийт сувилагчдын  цалинг нь ажлын үр дүнтэй нь уялдуулан 7-49 хувь нэмэгдүүлэхийн тулд 73 тэрбум төгрөг хэрэгтэйг салбарын сайд Д.Сарангэрэл уламжилжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэдний зовлонг нь сонсоод л уулзсан болоод өнгөрсөн юм.


09

Ерөнхий сайд асан хоёр хүнийг батлан даалтанд гаргахаар баярлуулан гомдоов

Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал бий болгож улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Тагнуулын болон Татварын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Бямбасайхан нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргах, эсэхийг хэлэлцээд тэдэнд өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавихаар эхлээд шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн юм. Гэвч Цагдан хорих асуудал хариуцсан шүүгчийн захирамжийг албажаагүй байхад нь  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэж, Пүрэв гарагийн 16.00 цагт уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянан хэлэлцсэн юм. Шүүх хурлаас “С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцож улмаар дээрх гурван хүнийг тус бүр нэг сар хорихоор цагдан хорихоор хугацааг нь сунгажээ. Шүүх хуралд өмгөөлөгч нарыг нь оруулаагүй мөртлөө батлан даалтанд гаргах үндэслэлээ тайлбарлаагүй гэж  улаан цайм “гөрджээ”. Шүүхээс ийм шийдвэр гаргахдаа “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэсэн хуулийн үндэслэлийг барьсан байна.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Д.Данзанноров “Яллагдагчаар татах тогтоолд авлига, хээл хахуулийн асуудал, хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Засгийн газрын танхимаар хэлэлцэн шийдвэрлэсэн, улс төрийн шийдвэрийн зөв, бурууг хэлэлцээд байгаа юм. Энэ гэрээг батлахын өмнө УИХ-аар хэлэлцсэн байдаг. Тэгэхээр Оюутолгойн гүний уурхайг хөдөлгөх, эсэх асуудлаар улс төрийн шийдвэрийн зөв бурууг прокурор, АТГ хэлэлцэж байгаа нь буруу. Монгол Улсын Үндсэн хуулийн 45.2-т Засгийн газрын шийдвэр буруу гэж үзвэл Засгийн газар өөрөө, эсвэл УИХ хүчингүй болгоно гэж заасан” хэмээн тайлбарласан юм. 
АТГ-ынхны мөрдөн шалгалтын явцад энэ хүмүүс өөрсдийн сайн дураар, хууль зөрчин гэрээ байгуулсан асуудал тогтоогдоогүй байгаа юм. Мөн хээл хахууль авсан үйлдэл ч гарч ирээгүй гэдгийг өмгөөлөгчид нь баталжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харъяа 461-р ангиас захидал бичиж “Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөх эсэх, яаж хөдөлгөх зэрэг асуудлууд нь цэвэр бодлогын бөгөөд УЛС ТӨРИЙН шийдвэр юм. Уг төслийн төлбөр тооцоог хэрхэн шийдэх, зардлаа хэрхэн тооцох, санхүүгийн тайлан хүлээж авах эсэх нь гүйцэтгэх засаглалын хүрээнд шийдэх улс төрийн шийдвэрийн асуудлууд байсан. Хэрэв Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж Үндсэн хуулийн 45.2-т мөн холбогдох хуулиудад тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл бодлогын буюу улс төрийн шийдвэрийн зөв бурууг Үндсэн хуулиар өөр хэн ч биш зөвхөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагууд өөрсдөө тогтооно. Энэ үндсэн эрх мэдлээ шүүх засаглал руу шилжүүлбэл засаглал хуваах зарчим алдагдаж жинхнээсээ Үндсэн хуулийн хямрал руу шилжинэ" гэж мэдэгдсэн юм.


08

Бүх нийтээрээ мод тарих ээлжит шоу боллоо

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан билээ. Энэ зарлигийг гарснаас хойших долоон жилийн хугацаанд 16 удаа буюу 1 сая 270 мянга гаруй иргэн, 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан юм байна. Тоо баримт үнэн бол тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, санасныг бодоход 75 хувь нь нийслэлд өнгө нэмжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр амаржих газрын хашаанд мод тарив.
Сошиал орчинд "Олон жил мод тарилаа, одоо мод ургуулах өдөртэй болмоор байна" хэмээн иргэд ёжлон бичиж байна.


07

Санал асуулгаар "тодруулсан" АТГ-ын дарга нар МАН-ын бүлгийн босгыг ч давж чадсангүй

Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж "АТГ-ын даргад Д.Даваа-Очир, дэд даргад Ж.Батсайхан  нарыг нэр дэвшүүлсэн"  гэж Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авсангүй. Тэгээд ч төрийн тэргүүнээс  парламентад хүргүүлсэн “Санал хүргүүлэх тухай” албан бичигт  хуулийн заалтыг зориуд өөрөөр мушгиж тайлбарласан. Тиймээс хууль зүйн хувьд авч хэлэлцэх боломжгүй. Асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэдэг горимын санал Б.Дэлгэрсайхан гишүүн гаргасан. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хууль зөрчин байж хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй байх нь зүйтэй  хэмээн шийдвэрлэсэн юм.


06

С.Зоригийн хэрэг ахиад л улстөржилтийн сэдэв болж, Ц.Нямдоржийг байгаар нь онилов

С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өнгөрсөн Даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ хэрэгт холбогдох зарим баримтыг дэлгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хавтаст хэрэгтэй хууль бусаар танилцсан гэж ярьсан юм. Үүнээс үүдэж Хууль зүйн байнгын хорооны хурал дээр С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөж, ихэнх гишүүд мэдээлэл сонсмоор байна гэсэн санал гаргав. Хуралдаан нь ч хаалттай болсон. Өнгөрсөн долоон хоногийн турш хэвлэлүүд энэ сэдвээр амьсгаллаа. Б.Булганыг энэ хэрэгт яллагдагчаар татаж, захиалагч нь бараг л олдсон юм шиг ойлголтыг олон нийтийн дунд төрүүлэх шахлаа. ОУПХ-оос ажлын хэсэг ирж хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын талаар мэдээлэл сонсохоор болсон нь бас л шуугиан дэгдээв.



05

Төсвийн орлогынхоо талыг өр зээлэнд өгч, 5 их наяд төгрөгийн концесс зарлахаар болжээ

Өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн гүйцэтгэл, ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-ын гишүүд хэлэлцэж эхэлсэн. 2016 онд улсын төсвийнхөө тал хувийг өрөндөө өгч байсан түүх ирэх онд давтагдана. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө бэлтгээгүй мөртлөө бонд босгож, гаднаас зээлсэн 1,5 тэрбум долларынхаа хүүнд 2019 онд 850 тэрбумыг эхэлж төлнө. Бусад өр зээлэндээ улсын төсвийнхөө 50 хувийг өгөхөөр болчихоод байгаа. Үүнээс болоод эдийн засагт дарамт үүснэ. Харин нийт өрийн ДНБ-д эзлэх  хувь 10 орчим хувиар буурч байгаа. Ингэснээр одоо 55 орчим хувьд хүргэх юм гэж Сангийн яамныхан хаацайлаад эхэлчихсэн.
Ирэх онд төсвийн зарлага 10 их наяд, 2020 онд бараг 12 их наядад хүрнэ гэсэн төсвийн хүрээний мэдэгдэл гарчихлаа. Хэдийгээр ийм дүр зураг харагдавч төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурч байгаа гээд л Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн ажлаа ичихгүй өмөөрөх болсон. Өнгөрсөн 4 жилд агшчихсан эдийн засгийг тэлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ учир шалтгааны улмаас төсвийн алдагдлыг огцом бууруулах  боломж хязгаарлагдмал байгааг нууцлахыг оролдож байгаа юм. Сүүлийн 27 жилийн түүхэнд байгаагүй алдагдалтай төсөвтэй  болох нь. Ирэх онд томоохон бүтээн байгулалтуудын нийт 38 төрлийн ажил хийгдэнэ. Шардагдах хөрөнгийг концессийн гэрээгээр шийдвэрлэнэ. Үүнд 5 их наяд төгрөгийг төсөвлөчихсөн. Өмнөх концессийн гэрээнд нэр холбогдсон Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарын хэл ам дуусаагүй байхад дахин ийм их хэмжээний хөрөнгө ярьж эхэлсэн нь хар дагуулах болсон юм. 


04

Төрийн тусгай хамгаалалттай газар зөвшөөрөлгүй баригдсан барилгын нураахад төр хүчгүйдлээ ​

Зайсангийн аманд байрлах бурхантай хөшөөний ард зөвшөөрөлгүй барьсан таван давхар барилгын карказыг буулгах ажил олны дунд шуугиан тарив. Төр мөнгөтэй хүний өмнө хүчин мөхөсдөж байгаа бодит жишээ ч болон үлдлээ. Иргэн В.Дайчинхүүгийн зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах гээд төрийн албан хаагчид цагдаатайгаа нийлээд ч дийлсэнгүй.
Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, барилга угсралтын ажлаа эхлүүлсэн түүний барилгын араг бүтэцийг хуулийн хүрээнд албадан буулгаж, газрыг нь чөлөөлөх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад ХУД-ын засаг ноён Н.Алдаржавхлан нь үүрэг болгосон. Гэвч дүүргийн шүүхийн шүүгчийн гаргасан захирамжаар засаг даргын гаргасан тушаалыг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийг хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гарчихсан юм. Үүнээс болоод л зөвшөөрөлгүй барилгыг нураах асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэнд хандахаа мэдэхээ байчихжээ. Энэ нь В.Дайчинхүүг дураараа дургих боломж олгож, “намайг 3 тэрбум төгрөг төлөөд Зайсанд газар ав гэж тулгасан УИХ-ын гишүүн хүртэл бий" гэж “цууруулсан” ярилцлага сонин, сайтад өгч томроход хүргэжээ.


03

Богд хааны ордон музейн газрыг АПУ-гийн ах дүүс “дээрэмдлээ”

Засгийн газрын тогтоолоор барилга барихыг нь хориглосон Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд "АПУ ХК" шоу цэнгээний зориулалттай асар барихаар дур зоргоороо авирлаж эхлэв. Хууль бусаар газар эзэмшсээр байгаа нь  бүр хэрээс хэтэрлээ. Уул нь Богд хааны ордон музейн эзэмшлийн энэ газрыг Нийслэлийн хамгаалалтад 1997 онд, харин Улсын тусгай хамгаалалтад 2001 онд авсан юм билээ. Гэвч "Ван трейд" ХХК энэ түүх, соёлын дурсгалт газрын хойд талыг бүтэн 17 жил эзэмшиж, дэлгүүр, фитнес ажиллуулсаар байгаа юм. "Грийн эйр” гарден ХХК 2011 онд уг газрын зүүн хэсэгт зочид буудал барихыг завдаж музейн ажилчид, иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран зогсоож байсан удаатай. Харин энэ удаад "АПУ” компани хөлбөмбөгийн ДАШТ-ны үеэр ажиллуулж мөнгө олохоор асар барьж эхэлжээ. Түүх соёл, өв уламжлалаа дээдлэгч хүн бүр үндэсний хөрөнгөтнүүд болох Г.Батхүү, Г.Батсайхан нарын энэ “дээрэмдэлт”-тэй тэмцэхгүй бол соёлын өв шоовдорлогдсоор дуусах нь.

Монгол улс архи, пиво, ундаа хийдэг компаниар дутахгүй, харин соёлын үнэт өвөөр дутна. Нэг компанийн шунал нийт олны эрхээс дээгүүр байх учиргүйг ах дүү хоёр ойлгохгүй л яваа юм. "АПУ ХК" Хааны ордны хамгаалалтын бүсэд зоргоороо авирлахаа зогсоохыг иргэд  бас музейнхэн шаардсаар л байна.  Богд хааны ордон бол Монголын их бага хаадаас хойно үлдэж хоцорсон цор ганцхан хааны ордон. Түүх соёлын үнэт өвөө өнөө маргаашдаа хайрлан хамгаалж, сэргээн засварлаж чадахгүй юмаа гэхэд чадах сайн цаг хүртэл ядаж газрыг нь алдчихалгүй авч үлдмээр байгаа юм.


02

Авилгатай тэмцэх газар 10 мянга гаруй төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод зарлалаа

Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа. Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр  нээлттэй ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүснэ гэж тайлбарлаж байгаа юм. Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан. Өөрөөр хэлбэл, манай улс өнгөрсөн  онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.


01

УИХ-ын гишүүд ёс зүйн дэд хороогоо булаацалдаж, Ерөнхий сайд буянтны дүрд тоглов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар ангийнхан нь сонголоо. Энэ дэд хороог даргалж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон юм. Харин мань хашир нутгийнхаа Д.Тогтохсүрэн гишүүнийг зүтгүүлж, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа С.Бямбацогтыг нэр дэвшүүлэн сөрсөн базаа хийсэн юм. Харвард төгссөн, чамгүй боловсролтой Л.Оюун-Эрдэнэ дундуур нь гүйх гээд аз нь дутав. Энэ удаагийн парламент дэргэдээ нийт 10 дэд хороотой. Дэд хороодын бүрэлдэхүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батладаг юм. УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд ордог.
Харин Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын 8-нд Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь авто ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд өмнө нь өгчихсөн байсан хоёр өрөө байрны түлхүүрийг нь дахин гардуулж, буянтны дүрд тоглосон биш  онигооны эзэн боллоо. "Өнгөрсөн онд Монгол Улсын хүмүүнлэг аймгаар шалгарсан Баянхонгор аймгийн удирдлагууд, сайхан сэтгэлт ард зон ийнхүү есөн өнчин хүүхдэд хоёр өрөө орон сууц хандивлаж "Хүмүүнлэг" гэдгээ дахин баталлаа" гэж  өнгөрсөн 3 дугаар сарын 12-нд khongor.mn сайтад бичснийг уншаагүй мэдээгүй юм байлгүй дахин өөрөө өгчихөв. Сошиалаар "МАНгарууд даргаа мөн нүд болголоо доо" гэж шуугиад өнгөрлөө. 



7.8

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Gerelt-Od
02Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
03Tab Erdenebat
10,700 оноо
Batbaatar
04Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд