Арав.мн

Хотын түүх: Трой

Хотын түүх: Трой

ТУУЛЬСЫН ХОТЫН ЭРЭЛД

Туркийн баруун хойд эрэгт Дарданеллийн хоолойг хараачлан байх нэгэн толгод дээр үүх түүх, үлгэр туульсыг өөр аль ч хоттой харьцуулахааргүй хэмжээнд сүлсэн нэгэн хотын ул мөр хадгалагдан байна. Үлгэр домогт бол Трой хот Грекийн их найрагч Хомерийн “Илиада”, “Одиссей” найраглалаар дамжин хүн төрөлхтний оюун санаанд мөнхөрсөн. Харин бодит байдалд Грекийн түүхэн дэх хамгийн том, хамгийн чухал дайн чухам уг хотод болсон гэх бөгөөд өмнөх тооллын V зуунд амьдарч байсан Фукидид хэмээх түүхч “Пелопоннессийн дайны түүх” нэрт бүтээлдээ мөнхүү дайныг “Өмнөх бүх л дайн дажныг ардаа орхино” гэсэн нь бий.


10

Балархай түүх

Гэвч Трой хот яг хаана байсан нь, тэр бүү хэл ийм хот үнэхээр байсан үгүй нь өнөө ч маргаантай. МЭӨ 1200-гаад оны үед дайн дажны хөлд сүйдэх дөхсөн гэгддэг уг хотыг хожим грек, ромчууд сэргээн босгож, Илион хэмээн шинээр нэрийджээ. Харин нийтийн тооллын 500-гаад оны үед бүрэн сүйдэж мөхсөнөөр одоогоос 200 гаруй жилийн тэртээх үе хүртэл буюу хоёр мянга гаруй жилийн туршид алдагдаж мартагдсан байна. Тройг одоогийн Турк улсын Хиссарлык хэмээх газарт байсан гэж үздэг. Эдүгээ энэ газарт ойролцоогоор 30-аад метр өндөр шавар буурь, дов сондуул үзэгддэг нь эртний хотын 4000 гаруй жилийн түүхийг хадгалж үлдсэн барилга байшингуудын хана туурга байж мэдэх юм.


09

Нэгээс илүү хот

Хиссарлык орчмын газрыг судалсан зарим эрдэмтэн энд нэг биш, нэлээд олон, дор хаяж 10-аад хот байсан гэж таамагладаг. Учир нь эндхийн хөрс шороо, мөнөөх овоолсон их шаврыг судлахад өөр хоорондоо ихэд ялгаатай олон үе давхарга илэрдэг байна. Тэдний хамгийн эртнийх нь нийтийн тооллын өмнөх 3000-гаад оны үед хамаарах бол хамгийн “залуу” нь загалмайтны тооллоос өмнө 500-гаад оны үеийн эд зүйлс байдаг аж. Археологичдын үечлэн тогтоосноор зургаа, долоо дахь давхарга нь (Трой 6, Трой 7а) Хүрэл зэвсгийн үеийн сүүл үеийнх ба “Илиада”-д дурдагддаг Приам хааны хот байх магадлалтай гэнэ.


08

Герман хүүгийн зүүд

Трой хотын шинэ цагийн түүх нэгэн жаалхүүгийн хачирхалтай зүүднээс эхэлжээ. Аавынхаа авчирч өгсөн үлгэрийн номнуудад дурлаж, эртний түүхт газруудад очиж үзэхийн хүслэн болсон тэрхүү герман хүүг Хенрих Шлиман (1822-1890) гэнэ. Тэрбээр долоон настайдаа зүүдэндээ нэгэн ер бусын хот харсан нь Трой байлаа. Чухам тэр л зүүднээсээ болж Шлиман хожим ихэд амжилттай байсан худалдааны ажлаа орхиж, археологичийн замыг сонгожээ. Тэрбээр Хиссарлыкийг нээн судалсан анхны хүн бөгөөд түүхч, археологич Эрик Клайны тодорхойлсноор “хөрс шороог хүрзээр хөндсөн бүх л хүнээс ховорхон аз түшсэн цөөхөн хүний нэг” байлаа.


07

Онцгой нээлт

Шлиман 1870 оны дөрөвдүгээр сард Хиссарлык орчимд малтлага хийж эхэлжээ. Харин удсан ч үгүй Хомерийн шатаж сүйдсэн хэмээн дүрсэлсэн Трой хотын туурийг, түүн дотор Приам хааны эрдэнэсийг олсноо зарласан байна. Тэдгээр үнэт эрдэнийн заримыг Шлиман эхнэртээ зүүлгэж дуулиан шуугиан тарьж байсан удаатай аж. Үүнийг Эрик Клайн туульсын хотыг эрэх явцдаа адал явдлын хорхойтон маань гол зорилгоо умартаж, замаасаа нэг бус гажсаны нотолгоо хэмээн үзэж байна. Гэхдээ Шлиман малтлагаа тун уйгагүй явуулсныг онцлох хэрэгтэй. Тэрбээр Хүрэл зэвсгийн үе буюу өмнөх тооллын 1700-1200 оны хооронд оршин тогтнож байсан, өдгөө Трой 2 гэгдэж буй хотын туурийг олтлоо эрэл хайгуулаа үргэлжлүүлсэн юм. Тэр нь “Илиада”-гийн Трой хотоос даруй 1000 гаруй жилийн өмнө сүндэрлэж байжээ. Харин Клайн нарын эрдэмтдийн үзэж буйгаар Шлиманы баг тэрхүү туурийг судалж шинжлэх нэрээр ихэд сүйтгэсэн бөгөөд нээн илрүүлэхийн хамт басхүү эвдэлж сүйтгэсэн аж.


06

Таван мянганы түүх

Трой хотын буурин дээр тэртээ 5000 гаруй жилийн өмнөөс хүн суурьшсан гэдэг. Цагийн явцад худалдаа арилжаа, хөдөө аж ахуй, загас агнуурын хот болсон Трой МЭӨ 1180 онд анхны томоохон гамшиг, мөхөл сүйрэлтэйгээ тулах хүртлээ үндсэн есөн үе шат дамжин байж хөгжин цэцэглэжээ. Гэвч орчин цагийн гэж болох түүхэн сурвалж, бичгийн өв тун хомс байгаагаас Шлиманы олсон болоод сүйтгэсэн туурь балгас чухам аль үеийн Трой болох, Приам хааны их хот мөн эсэх нь тодорхой бус юм. Манфред Корфманн нарын археологичдын ахлан явуулсан 1990-ээд оны эхэн үеийн судалгаа шинжилгээний дүн гарах хүртэл “Илиада”-д өгүүлсэн явдал үнэхээр болсон үгүй нь ч эцэслэн тогтоогдоогүй байлаа. Тэр хүртэл Хиссарлыкийг судлаачид ердөө нэг л их хотыг эрж байсан бол Корфманн болон түүний багийнхан мөнхүү хотын дороос нийт 75 акр буюу 30-аад га талбай эзлэх, эрдэмтэн судлаачдын урьд багцаалж байснаас бараг 15 дахин том хотыг, магад өөр өөр цаг үед байсан олон хотын ул мөрийг илрүүлжээ. Энэхүү нээлт нь Тройг (магад Трой тэргүүт их, бага олон хотыг) бүс нутгийнхаа төдийгүй эрин үеийнхээ хамгийн том, хүчирхэг хотын нэг байсныг дахин нэгэнтээ баталсан юм.


05

Таамаг

Чухам уг нээлтээс үндэслэн түүхчид Хомер найрагчийн дүрсэлсэн хот нь дээрх өргөн уудам талбай дахь Трой 6, Трой 7а гэсэн хэсгүүдийн нийлбэр болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хиссарлыкийн туурь балгасны зургаа дахь давхаргаас хүчтэй газар хөдлөлтийн ул мөр илэрснээс “Илиада”-гийн Тройг Хомерийн шүлэглэсэн шиг грекчүүдийн гарт үрэгдээгүй, харин байгалийн гамшигт сүйдсэн, Тройн алдарт модон морийг ч угтаа морь бус, Посейдон бурхан байсан, учир нь хөрст газрыг чичрээгч гэгддэг Посейдоны ивээлт амьтан нь хүлэг морь байсан тухай хэлэлцэх болжээ. Үүнээс гадна Трой 7а нь Хомерийн зурагласан хотоос хавьгүй жижиг, тосгон гацаа гэж болох буйдхан суурин байсан нь маргаангүйн дээр дайн байлдаан болж байсан гэх ул мөр бараг үгүй аж. Эрик Клайн түүхчийн тайлбарласнаар эрт цагт үймээн самуун гэдэг ердийн үзэгдэл байсан ч Тройд өрнө, дорнынхныг бүхэлд нь хамарсан их дайн тулаан дэгдсэн байх магадлал өчүүхэн бага гэнэ. Тэгэхээр Тройн дайн гэгддэг үлгэр туульсын үзэгдэл нь үнэн хэрэгтээ Хүрэл зэвсгийн үе шувтрах цагийн нэгэн зурвас явдал гэх таамаг бодит байдалд илүү нийцэх аж.


04

Хомерийн тэмдэглэл

Гэхдээ Хомерийн уянгалаг хэр нь утга далд үгсийг огт ойшоохгүй байж болохгүй. Энэхүү аугаа их сохор дууч Приам хааны хот байх газар орныг нүдэнд харагдтал дүрсэлсэн нь одоогийн Турк орны уур амьсгал, ялангуяа Хиссарлыкийн байр байдалтай яв цав нийцдэг аж. Тэрбээр хот орших хөндийн ойр орчмыг эгц өгсүүр өндөрлөг дэнжтэй, салхи ихтэй, даваа гүвээ нь өргөн тэгш дэвсэгтэй гэгчлэн дүрсэлснээс гадна хотыг суурь сайтай хана хэрмээр хүрээлэгдсэн, өндөр өндөр хаалгатай, өргөн саруул гудамтай хэмээжээ. Үе дамжин эзэрхэн суух сурвалжит язгууртнууд, тэдний албат болох дөрвөөс арван мянгын хооронд хэлбэлзэх тооны оршин суугчдыг ч тэрбээр дурдсан байна. Хотын хана хэрэм ард иргэдийн амьдралд нэн чухал бөгөөд олон ч үйл явдалд онцгой үүрэгтэй байсныг найрагч мөн тэмдэглэжээ. Өдгөө Хиссарлыкийг тойрон байх 4-5 метр өргөн, найман метр өндөр хана хэрэм нэгэн цагт өндөр цамхаг, аварга том хаалгатай байж, хотын иргэд болоод холын гийчдийг шуудхан хотын төв рүү хөтөлдөг байсан нь дамжиггүй.


03

Олон үндэстний хот

Хотын төв хэрэм шавааралдан баригдсан хоёр давхар байр сууцнуудаар хүрээлэгдэн байлаа. Оксфордын их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Жоритт Келдерийн хэлснээр тухайн цагт хот төлөвлөлт гээч зүйл байгаагүй учир “Хэн эрх мэдэлтэй вэ” гэдэг ганцхан асуулт л хотын хаана хэн суухыг шийддэг байж. Дарданеллийн хоолойд Хар тэнгисийн үүд болон оршиж байсны хувьд Трой худалдааны нэн чухал бүс, стратегийн онцгой ач холбогдолтой хот байсан нь гарцаагүй. Трой баруунаас Микений, зүүнээс Хеттийн соёл иргэншлийн нөлөөнд байснаас олон үндэстний хот болжээ. Археологичид микен, трой хийцийг хослуулсан ваар сав, үнэт чимэглэл олныг олсноос гадна Анатоли буюу одоогийн Турк, эртний Грек хооронд худалдааны тогтсон чиглэл байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс нэлээдийг илрүүлсэн байна. Жоритт Келдер МЭӨ XIV-XVII зууны үеийн Тройг одоогийн Лондонтой төстэй байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна.


02

Үлгэр домог

Энэхүү түүхт хот олон соёлын өлгий болсон, магад ертөнцийн түүхэн дэх анхны хотоос гадна дэлхий дахины үлгэр домог, өрнө дахины оюун санаа, соёл иргэншилд хамгийн ихээр нөлөөлсөн мөн л нэн тэргүүний хот юм. Персийн их хаан Ксеркс Грекийг тойрсон аяллынхаа эцэст Афин бурханд өргөл барихдаа чухам Тройг зорьж очсон бол үүнээс 150 жилийн дараа Македоны Аугаа Александр хаан Персийн эзэнт гүрнийг дайлахаар мордохдоо Тройгоор дайрч, Афины сүмээс Ахиллын бамбайг авсан гэдэг. Залуу хаан мөн “Илиада” найраглалыг бүх л аян дайндаа явч явсан гэх домог бий. Ромчууд хүртэл өөрсдийгөө Трой хотынхноос гаралтай гэж үздэг байлаа. Эртний Ромын цуут найрагч Вергилий “Энейн дуулал”-даа Тройн баатар Энейг дайн дажнаас зугтаж яваад Ромд орогнож, хожмоо тус хот-улсын үндэслэгч эцэг болсон тухай өгүүлдэг билээ.


01

Мөнхөд дурсагдана

Трой хот Шекспирийн “Троил, Крессида” хоёр хэмээх эмгэнэлт жүжгээс эхлээд 2004 онд Холливүүдийнхний бүтээж, Брэд Питтийн тоглосон уран сайхны кино хүртэлх барууны олон ч бүтээлд нөлөөлж, их бага алин боловч нэхэн санагдсан хэвээр байна. МЭӨ V зуунд амьдарч байсан, Грекийн яруу найрагч, гүн ухаантан Эвений бичиглэснээр “Их хот Трой хүрэл дааман хаалган дотроо мөнхөд орших бөгөөд үеийн үед бүх грек түмэнд төдийгүй өрнө дахинд дурсагдсаар байх нь гарцаагүй” юм.


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start