Арав.мн

Хотын түүх: Помпей

Хотын түүх: Помпей

Мөнхийн одоо цагт нойрсогч хот

Помпей хотын туурь өдгөө жуулчдын хөл тасардаггүй, бүх дэлхийд алдартай газрын нэг болжээ. Аль ч зүгээс харсан эндхийн их театр хэмээгдэх дугуй, задгай тайзны баруунаас зүүнтээ аялагч, жуулчид тасралтгүй хөврөх нь үзэгдэх бөгөөд хоёр мянганы тэртээх угаалгын газар, эмсийн хүрээлэн, хана туурганы гоёл чимэглэл, жирийн иргэдийн байр сууц гээд тэдэнд үзэж сонирхох зүйл бишгүй. Энд мөн Элтон Жон, Дэвид Гилмор нарын алдартнуудын тоглолт болж байсныг бодоход тун ч хачирхалтай мэдрэмж төрнө. Эртний Ромын энэ хот үнэхээр ч сонин содон газар бөгөөд дэлхийн түүхэн дэх мөхөж сүйдэн, алдагдаж мартагдсан хотуудаас магад хамгийн дуулиантайгаар “эргэн ирсэн” нь юм.


10

Везувийн “бүтээл”

Помпейн сүйдэж мөхсөн түүх өдгөө үлгэр домог мэт болжээ. МЭ 79 дүгээр оны наймдугаар сарын нэгэн өдөр гэнэт дэлбэрч, хормой бэл дэх хэд хэдэн хот суурингаа хоёрхон өдрийн дотор газрын хөрстэй тэгшилсэн Везувий нэрт галт уулын тухай өдий төдий шүлэг зохиол, уран зураг бий. Эдүгээ бидний үед ч Помпейн түүхийг өгүүлсэн тайз, дэлгэцийн бүтээл төрсөөр байна. Германы нэрт найрагч Гёте 1787 оны хавар Везувийн бэлд очихдоо “Орчлонгийн түүхэнд өчнөөн л гамшиг тохиож байсан. Гэхдээ энэ уулын дэлбэрэлт шиг хойч үеийнхэнд гойд таашаал төрүүлдэг нь тоотой хэдхэн билээ” хэмээсэн нь маргашгүй үнэн юм.


09

Ах, дүү Плиний

Эхэндээ ер бусын гайхамшиг аятай санагдаж байсан галт уулын дэлбэрэлт төд удалгүй гай гамшиг, аюул осол болон хувирсан хэдхэн хормын үзэгдлийг эртний Ромын нэрт хуульч, зохиолч Бага хэмээгдэх Плиний зураглан бичиж үлдээсэн байдаг. Энэ нь уг гамшигтай холбоотой, бидний үед хүрсэн цор ганц бичгийн сурвалж юм. Түүний нагац ах, Ромын тэнгисийн командлагч, гүн ухаантан, зохиолч, байгаль судлаач Ах хэмээгдэх Плиний Везувийн гамшгаас харин амьд үлдээгүй билээ. Ах, дүү хоёр Плиний тэрхүү гайт өдөр Везувий уулын баруун хормойд орших Мизенум хэмээх хотод үдийн хоолоо идэж байжээ. Тэр үед Ромын тэнгисийн хүчний Неаполийн булан дахь салаа уг хотод байрладаг байж. Гэтэл үдийн хэрд их дуу чимээ нүргэлж, аварга том нарс мод шиг хэлбэртэй хар бараан үүл гэнэтэд малгайлж ирсэн нь тэнгэрийг тэр чигт нь бүрхсэн байна. Дэлбэрэлтээс үүдсэн үлэмж хэмжээний тоос тортог, утаа угаар тэнгэр өөд бараг 30 гаруй км өндөрт хүртэл дэгдэж тогтсоноо удалгүй “нурах” шиг болж, ойр орчмын бүх л газрыг халуун хайлмаг, галт уулын чулуулаг, үнс нурмаар даржээ.


08

Гамшиг

Барилга байшингууд шил шилээ даран нурж, амь зулбан зугтсан хүмүүсийн дийлэнх нь тэдгээрийн адар туурганд дарагдан амь үрэгдсэн бол зогсолтгүй буух чулуун борооноос биеэ хамгаалах гэхдээ толгой дээрээ дэр барин гүйсэн зарим нь уулнаас буух халуун лаванд урсаж, гудамжинд амь тавьсан байна. Помпей, Херкуланум тэргүүтэй их, бага хот суурингуудийг нүд ирмэхийн зуурт булж, мянга гаруй хүний аминд хүрсэн тэрхүү халуун лава цельсийн бараг 300 градус хүрч байсан гэдэг. Везувийн дэлбэрэлтээс үүдсэн гамшигт үзэгдлийн зургаа дахь буюу сүүлчийн их дайрлага галт уулаас 20 гаруй км зайд орших Мизенум хотод хүрэх үед 17 настай Бага Плиний ижийгээ хөтлөөд үймж сандралдсан олны дундуур зүтгэн, хамаг хурдаараа зугтжээ. Өтгөн үүл, утаа тортогт хөөгдөн гүйж явахад нь тэнгисийн давалгаа хуйлран босож, тэнгэрийн хаяаг харанхуйлж байсан тухай Плиний хожим тэмдэглэсэн байна. Тэрхүү аймшигт дүр зургийг харж, айж түгшсэн хүмүүс чих дөжрөм дуугаар орилж хашхиран байж. Харин энэ зуур Ах Плиний байгаль шинжлэгч болоод тэнгисийн адмиралын хувиар галт уулыг ойроос харахаар өмнөд зүгт байх Стабий хотод завиар хүрчээ. Тэндээс Везувийг дотроосоо дэлбэрч, их хэмжээний халуун хайлмаг ялгаруулж буйг, тэр нь багцаалж төсөөлөх аргагүй гай гамшиг авчрахыг харсан тэрбээр ойр орчмын хүмүүсийг цөмийг нь албадан нүүлгэх хэрэгтэйг ухаарчээ.


07

Олдсон нь

Гэвч найз нөхөд, гэр бүлийнхэндээ ч хэл хүргэж амжаагүй байхдаа тэнгисийн эрэг дээр угаартаж, амьсгал хураасан байна. Ах Плинийн цогцос бүтэн гурав хоногийн дараа олдсон гэдэг. Бага Плинийн бичсэнээр нагац ах нь амь тавьсан гэхээсээ бөх гэгч нь нойрсож буй мэт харагджээ. Үүнийг гамшгийн дараах Помпей хотыг бүхлээр нь тодотгосон зүйрлэл гэлтэй. 1748 онд туурь балгасыг нь илрүүлэх үед мөхөж сүйдсэн бус, харин цаг хугацааны гүнд хөшсөн мэт олдсон Помпейг XVIII зууны Европт үлгэр туульсын хот амилсан аятай хүлээж авцгаасан байдаг. Кэмбрижийн их сургуулийн эртний түүх судлаач, археологич Эндрю Уоллес-Хадриллын бичсэнчлэн Помпей нь сүйрэн мөхөж буй чигтээ мөнхөд үргэлжлэх одоо цагт хүлэгдсэн байлаа. Орхигдож мартагдах юм уу, дайн дажны хөлд сүйдэх, эсвэл цагийн аясаар өөрчлөгдөн хувирах “боломж” Помпейд олдсонгүй. Тиймээс өдөр тутмын амьдрал нь Везувий дэлбэрэх хүртэл ямар байсан, яг л тэр чигтээ цаг хугацааны гүнд хадагджээ.


06

Чулуужсан хүмүүс

Дотроо үр жимс, архи сархадтай ваар сав, амфора хэмээх урт, нарийхан сэнжтэй, өндөр хүзүүтэй ром домбо, гэр ахуйн тавилга сэлтийнхээ дунд айж, цөхрөн бохирч суугаад хоёр гараараа нүүрээ дарсан хүний чулуужсан цогцос Помпейн тууриас олдсон юм бүхний гол онцлогийг дангаараа илтгэх шиг болдог. 1860-аад оноос хойш хэрэглэгдэж буй археологийн шинэ арга технологийн ачаар Италийн судлаач, эрдэмтэд галт уулын хайлмагт хатуужиж чулуужсан олон арван хүний цогцос олжээ. Тэднээс хамгийн алдартай бөгөөд бүрэн бүтэн нь археологич Амедео Маурийн 1924-1961 оны хооронд илрүүлсэн дээрх нүүрээ дарсан хүн хийгээд ихэд тарчлан зовж амь тавьсан нь илэрхий дээш харан хэвтээ эрэгтэй хүний чулуужсан цогцос юм. Эдүгээ хол, ойрын жуулчид эдгээр чулуужсан хүмүүсийн хоргоны өмнө, эсвэл хотын төвийн усан оргилуур луу зоос шидэж эмгэнэл, хүндэтгэлээ илэрхийлдэг. Хэдий зарим нь XIX зууны үед засаж өнгөлсөн “бүтээл” байдаг ч Помпейн чулуужсан иргэд орчин цагийнханд өнгөрсөн түүхийг үнэн бодитоор мэдрүүлсэн хэвээр байна. Аюул ослоос зугтах гэхдээ гинжнээсээ мултрах гэж байдгаараа хичээж буй нохой, харах төдийд бие жихүүцэм мэс заслын багаж хэрэгсэл, шүдний ором үлдсэн чигтээ шохойжиж чулуужсан зүсэм талх, уйлж буй нярай хүүхэд зэргийг харахад хотынхон одоо ч зовж тарчилж буй мэт сэтгэгдэл төрнө.



05

Их хөлийн хот

Помпейн тухай болон Везувийн дэлбэрэлтийн талаар хэд хэдэн ном бичиж, баримтат кино бүтээсэн түүхч Мэри Бийрдийн тооцоогоор уг хот 10-20 мянган оршин суугчтай, хүчирхэг эзэнт гүрний ердийн нэг буйдхан суурин хэдий ч хөгжин цэцэглэсэн, их хөлийн бүс байжээ. Харин гамшиг тохиох үед чухам хэчнээн иргэнтэй байсан, хэд нь амь үрэгдсэн болох нь өнөө ч тодорхойгүй юм. Археологичид одоогоор 1150 орчим хүний цогцос олоод байна. Помпейг бусад эртний хотоос онцгой болгодог зүйл нь тэдгээр талийгаачид элит хүрээнийхэн, ихэс дээдэс гэхээсээ цэрэг эрс, зарц шивэгчин, гудамжны худалдаачид зэрэг Ромын эгэл жирийн иргэд болоод тэдний аж амьдралыг таниулдагт оршино. Хотын нуранги балгас дундах барилгын хана, гудамжны хашлага зэрэг дээр “Нохойтой, болгоомжил”, “Антиох энд амраг бүсгүй Ситератайгаа уулздаг”, “Эпафра, чи муу халзан” гэх мэт үгс байгаа нь тэднийг өнөөгийн биднээс бараг ялгагдах юмгүй хүмүүс байсныг гэрчилнэ.


04

Анхааруулга

Харин сүмийн ханан дээр байх өөр нэг бичиг Везувийн гамшгийг зөгнөсөн мэт ажээ. “Жижиг саадыг үл тоовоос үлэмж зовлон учирна” гэсэн тэр үг Бага Плинийн тэмдэглэл дэх анхааруулга сэрэмжлүүлэгтэй төстэй бөгөөд залуу зохиолч галт уулын дэлбэрэлтээс өмнө Неаполь орчимд байнга газар хөдөлдөг байсан тухай, тэр нь хэдий их аюул осол дагуулаагүй ч нэг л таагүй зүйл болох гээд буйн дохио байсан талаар бичсэн байна. Везувийг дэлбэрэх үед Помпей нь 17 жилийн өмнөх буюу МЭ 63 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах сэргээн босголтыг ид өрнүүлж байж.


03

Нойрсож буй араатан

Везувий уул МЭ 79 оноос өмнө ч, дараа нь ч олон удаа дэлбэрч байв. Хамгийн сүүлийн идэвхжилт, тэсрэлт нь 1944 онд тохиосон бөгөөд тэр үед Холбоотны хүчин Помпейд 150 гаруй бөмбөг хаясан байдаг. Везувий уул одоо ч дэлхийн хамгийн аюултай галт уулын нэг гэгдэж, ойр орчмын нутаг нь идэвхтэй галт уулын хамгийн эрсдэлт бүсэд тооцогдож байна. Эрт үетэй харьцуулахад хормой бэлд нь амьдрах хүн зон хэдэн мянгаар бус, хэдэн саяар тоологдож буй нь уг уулыг бүр ч аймшигтай араатан болгожээ.


02

Болзошгүй аюул

Гэхдээ эрдэмтэн, судлаачдын үздэгээр байгалийн болзошгүй гамшгаас илүү сая сая жуулчдын хөл үймээн (Помпейд жилд дунджаар 2.5 сая жуулчин очдог гэдэг), дутуу хөгжсөн дэд бүтэц зэрэг нь одоогийн Помпейд аюул заналхийлж буй гэнэ. Италийн эрх баригчид 1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэхүү түүхт газрыг сүүлийн жилүүдэд элбэгшсэн үер усны аюулаас ч хамгаалж чадахгүй байна. Тиймээс Европын холбоо хотын туурийг хамгаалах, эд өлгийг нь сэргээн засварлах зорилготой “Их Помпей” төслийг санхүүжүүлэхээ болино гэсэн “сүрдүүлэг”-ээр далайлган Везувий орчмын бүсийг тусгай хамгаалалтад авахыг Италийн албаныхнаас шаардах болжээ. Туурийн хамгаалалт муу байгаагаас 2010 оны арваннэгдүгээр сарын 6-нд хотын Гладиаторуудын сууц хэмээх барилга нурж сүйдээд байна. Европын хорооны Соёлын өвийн албаны тооцоогоор уг түүхэн хотоос үлдсэн юм бүхнийг сэргээх, хамгаалах, шаардлагатай засваруудыг хийхэд дор хаяж 335 сая ам.доллар хэрэгтэй гэнэ. Мөн зохих засварыг хийхийн тулд хотын туурийг хэсэг хугацаанд хаах шаардлагатай авч Италийн эрх баригчид чингэхийг зөвшөөрөхгүй байгаа аж.


01

Хамгаалалт

Харин Бийд нарын мэргэжилтнүүд хотын нутаг дэвсгэрийн гуравны нэг нь судлагдаагүй, газар дор байгаа тул Помпейн өвийг хөндөлгүй авч үлдэх ганц арга нь тэрхүү нууцлагдмал хэсэгт малтлага хийлгүй, одоо байгаа чигээр нь хадгалж хамгаалах гэж үзэж байна. Үгүй бол мөнхийн одоо цагтаа нойрсож буй хот нээгдэж судлагдах явцдаа дахин мөхөж, алдагдах магадлал өндөр юм. Хотын туурьд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөв, тавдугаар сард малтлага хийжээ.



8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ямар аймар галт уул бэ
Очих газар нэгээр нэмэгдэв.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд