Арав.мн

Хотын түүх: Потоси

Хотын түүх: Потоси

Капитализмын анхны хот

Испанийн II Фелип хаанаас өнөөгийн Болив улсын өмнөд нутагт буй Потоси хотод 1561 онд илгээсэн дурсгалын бамбай дээр “Мөнгөн эрдэнээр дүүрэн энэхүү ариун дагшин уул хүчирхэг хааны эзэмшил болох аваас эзэндээ бүхий л дэлхийг эзэгнэх алтан түлхүүрийг атгуулмуй” гэсэн үгс сийлээстэй байдаг. Энэ нь Фелип хаан алс холын Андын нуруун дахь эзэмшил нутгийнхаа асар баялаг эрдэнийн санг тодотгосон хэрэг юм. Шинэ тивийг эзэгнэсэн Испанийн эзлэн түрэмгийлэгчид дан алтаар бүтсэн Эльдорадо нутгийг олоогүй ч цалин цагаан мөнгөөр дүүрэн бүхэл бүтэн уултай болсон нь ердөө 70-хан жилийн дотор загалмайтны ертөнц дэх дөрөв дэх том хот болсон их сууринг хормой бэлдээ сүндэрлүүлжээ.


10

Хот биш хот

Тэрхүү хот нь Испанийн эзэнт гүрнийг тэтгээд зогсохгүй Хятадаас баруун Европ хүртэлх олон улс үндэстний хөрөнгө мөнгийг арвижуулж байлаа. Потоси хотын хөгжил цэцэглэлтийн оргил үед буюу XVII зууны эхэн үед Перу нутгийн уугуул иргэд, Африкаас авчирсан боолууд, Испаниас шилжин суурьшигчид нийлсэн 160 гаруй мянган хүн тус хотод аж төрж, ойр тойрных нь олон арван уурхайд ажиллаж байв. Тэр үед Потоси хүн амынхаа тоогоор Лондон, Милан, Севиллийг ч ардаа орхижээ. Мөнгө олборлохын тулд Испанийн колоничлогчид юуны урьд нутгийнхны орон гэрт эзэн сууж, тухайн цагийн хот газрыг тодотгож асан юм бүхнийг барьж байгуулахаас нэг хэсэгтээ татгалзаж байсан нь Потосийг цөөн тооны мөрийтэй тоглоомын газартай, ганц нэгхэн театр, сүм хийдээс өөр томоохон барилга байгууламжгүй, их хот гэхэд туйлын замбараагүй, жирийн нэгэн суурин гэхэд хэт том өвөрмөц содон газар болгосон байна. 


09

Эд баялаг

Уурхайн тоос шороонд дарагдан байсан, уулын бэл дэх Потоси хот 140-өөд тээрэм, 22 далангаар хүрээлэгдэж байлаа. Тэдгээр тээрэмд мөнгийг шигшин ангилж, мөнгөн гулдмай болгон Америкийн эх газар дахь Испанийн анхны зоосны үйлдвэрүүд лүү илгээдэг байж. Хотын эд баялаг газар газрын гар урчууд, зураачдаас эхлээд эрдэмтэн мэргэд, худалдаачид, сахил санваартнууд, бүр биеэ үнэлэгчдийг хүртэл урин дууджээ. Чухам энэ л хотын нөлөөгөөр Альтипланогийн тэгш өндөрлөг нутаг Испанийг дэлхийн их хүчин болгосон гол газар болон хувирсан байна.

Хотын сүлд тэмдэг дээр “Би бол ертөнцийн үнэт хөмрөг, уулсын хаан, хаадын сүр, баян чинээлэг Потоси билээ” гэсэн үгс байлаа. Баян чинээлэг хэмээн тодотгосны учир нь тус хот капитализмын анхдагч, үндсэн хэрэглээ болох мөнгийг, өөрөөр бол зоосыг бусад улс гүрэнд нийлүүлж байсантай холбоотой. Зохиолч Жек Ведерфордын онцолсноор Потоси нь чухамдаа уг шинжээрээ капитализмын анхны хот болох юм. Тус хотоос нийлүүлж асан, мөнөөхөн эрдэнээр дүүрэн уулнаас олборлосон мөнгө нь дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж, худалдаа арилжааны арга ухааныг шинэтгэсэн байна.


08

“Хүн иддэг уул”

Потосийн мөнгийг 1570-аад оноос олборлож эхэлжээ. Испаничууд нутгийн уугуул индианчуудыг Потоси руу хэдэн зуун км-ийн холоос ч хамаагүй албадан дайчилж, уулын уруу өдөрт дунджаар тус бүр нь ойролцоогоор 45 кг жин татах 25 шуудай мөнгө зөөлгөдөг байж. Цаг агаарын таагүй байдал, уурхайн гүн дэх чийгшил зэргээс болж тэдгээр индианчууд хэдэн арваараа амиа алдаж байлаа. Нэгэн уурхайн даамлын тэмдэглэн үлдээснээр даваа гаригт уурхайн гүн рүү орсон нутгийн 20 иргэнээс лав арав нь бямба гариг гэхэд эрэмдэг зэрэмдэг болдог байж. Потосийн мөнгө ихтэй мөнөөх уулыг Куэчуа хэмээдэг байсан нь “хүн иддэг уул” гэсэн утгатай. Альтиплано дахь хүн “иддэг” олон уулыг Испанийн хаант улсын түшмэл, Перугийн ван хэргэмтэй Толедо хэмээх ноён бүр ч хар дарсан зүүдний, тамын орон болгон хувиргажээ. Тэрбээр албадан дайчлах индианчуудын тоог даруй хэд дахин өсгөж, уурхайн цооногийн тоог нэмсэн байна.


07

Үхлийн хот

Гэхдээ Толедо вантан хахир хатуу бодлогынхоо хажуугаар уурхайн бохир сууринг их хот болгох ажлыг өрнүүлжээ. Илүү олон байр сууц барихын тулд балчиг намагтай болон намгархаг газрыг хатааж, хотын доторх испани болоод индиан суугчдын хашаа хороог ангилан зааглаж өгөв. Мөн уулнаас олборлосон үлэмж хэмжээний мөнгийг боловсруулах үйлдвэрийн үүрэг гүйцэтгэж байсан их, бага олон тээрмийг усаар тэтгэхийн тулд суваг шуудуу татан, таван ч хиймэл нуур үүсгэжээ. Тэдгээрийн дунд мод суулгаж, дээгүүр нь гүүр барин, байр сууцнуудын дундах задгай талбай, худалдааны захад хүрэх зам хүртэл тавилаа. Харамсалтай нь энэ бүх хичээл зүтгэл, бүтээн байгуулалт нь талаар болж, уурхай дахь аюул ослоос гадна олныг хамарсан үймээн самуун, байгалийн гамшиг, далайн түвшнөөс дээш 4000 метр өндөрт өргөгдсөн газрын эрс тэс орчин зэргээс болж Потоси хэдхэн жилийн дотор Үхлийн хот гэгдэх болжээ.


06

Хөрөнгөтнүүдийн тэмцэл

Уурхайн эзэд хоорондын дайсагнал, испаничууд болон индианчуудын дундах зөрчил мөргөлдөөнөөс болж хотод шинэ хүн ч төрөхөө больж, төрсөн ч эндэх нь ихэссэн байна. Хот байгуулагдсанаас бараг 40 жилийн дараа буюу 1564 онд хожмоо эрүүл саруул бойжих анхны испани хүү мэндэлсэн гэх үнэмшихэд бэрх жигтэй нэгэн баримт ч бий. Харин 1624 онд болсон үерээр Сан Сальвадор гэх далан нурж, хотын индианчуудын суудаг хэсэг усанд автан 200 гаруй хүн амиа алдсан, 1627 онд уурхайн эздийн хөлсөлсөн гэрээний ажилчид хоорондоо зэвсэглэн тулалдсан зэрэг явдал нь Потосийн байдлыг бүр ч дордуулжээ.

Альтиплано дахь Испанийн эзэмшил нутагт нэвтрэхэд хэдийгээр тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан ч ажил албагүй олон зуун испани эр худалдааны хөлөг онгоцонд нууцаар суун, Потосид хүрдэг байв. Бүр хөлгийн багийн гишүүд, усан цэргүүд хүртэл мөнгөн эрдэнээр дүүрэн уулнаас хишиг хүртэн, хөлжиж баяжих гэж оноолт ажлаа орхин зугтсан тохиолдол ч гарч байлаа. Удалгүй Баскийн ноёлох ангийнхан Потосид суурьшсан нь бүлэглэл хоорондын дайсагналыг бүр ч хурцатгаж, хотын эргэн тойрон дахь олон уурхайг эзэмших гэсэн хөрөнгөтнүүдийн дундах хэдэн арван жил үргэлжилж, мянга мянган хүний аминд хүрсэн тэмцлийг гааруулж орхижээ.



05

Уруудал

Потосийн “Хүн иддэг уул”-ын эд баялаг дундрахтай хамт Эльдорадо гэх газрын тухай дам яриа ч үлгэр домог болох нь нотлогдож, оргил үедээ 160 мянга байсан хотын хүн ам XVII зууны эцэс гэхэд 60-аадхан мянга болтлоо буураад байлаа. Хятадын Мин гүрэн рүү “цутгаж” асан Потосийн мөнгө, мөнгөн эдлэлүүд инфляц буюу ханшны уналт үүсгэж, хотын нэр хүндийг ч, импортын гол бүтээгдэхүүнийг нь ч үнэгүйдүүлжээ. Энэ нь Потосийн дэлхийн хот гэгдсэн зурвасхан түүхийн төгсгөл байлаа. Хэдийгээр ийм товчхон түүхтэй, тун богинохон хугацаанд мандаж, тэр хэрээрээ хурдтай уруудан доройтсон ч Потоси хот хэдэн зууны түүхтэй их хотуудаас ч дутуугүй орчин цагийн дэлхий ертөнцийн өнгө төрхийг өөрчилжээ. 


04

Онцгой нөлөө

Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” хэмээх алдарт бүтээлд дурдсанчлан Потосийн мөнгө л Испанийн эзэнт гүрнийг Британи, Оттоман, Нидерланд, Францын өмнө гуйвшгүй бат зогсоход нь тусалж, ихэс дээдсүүдийнх нь сан хөмрөгийг дүүргэж байлаа. Потосигоос олборлосон мөнгө дэлхийн зах зээл дэх бүх мөнгө, мөнгөн эдлэл, зоосны 60 гаруй хувийг эзэлж байсан үе XVI, XVII зуунд хэд хэд тохиожээ. Тэр бүх мөнгөөр зарц боолуудаас гадна бөс даавуу, халуун ногоо зэрэг онцгой чухал бараа бүтээгдэхүүнийг хэд, хэчнээнээр нь худалдаалж, солилцож байсныг, тэр нь олон орны түүх, соёлд ямархан нөлөө үлдээснийг тооцоолж хэмжихийн аргагүй юм.


03

“Потосийн үнэд хүрэх”

Потоси хот Симон Боливарын удирдсан 1825 оны эрх чөлөөний тэмцэл хүртэл хэдий жижигхэн ч уурхайн суурин хэвээр байсан бол өдгөө уг хотын мөнгөн эрдэнийн ундарга байсны ул мөр гагцхүү түүх домог, ном зохиолд л үлджээ. Тухайлбал “Кихот ноён” роман дахь “Потосийн үнэд хүрэх” гэх хэлц асар үнэтэй зүйлийг хэлдэг бөгөөд энэ үг испани хэлтнүүдийн дунд өнөө ч түгээмэл хэрэглэгдэж байна. Харин үлгэр домгийн тухайд испаничуудын Потосигоос хулгайлсан бүх мөнгөөр Андын нуруунаас Мадрид хүрэх цэвэр мөнгөн гүүр барьж болно, тэндээс буцаад Потосид ирэхэд уурхайд амиа алдсан найман сая индиан хүний ясаар зам тавьж хүрнэ гэсэн ам дамжсан яриа олны дунд ихэд түгжээ.


02

Шинэ суурин

Одоогийн Потоси хот 170-аад мянган оршин суугчтай, дэлхий дээрх хамгийн өндөрт байрладаг хотын нэг юм. Энэхүү шинэ суурин эртний хуучин хотоо битүү бүрхэн, түүхэн ул мөрийг нь баллах мэт “Хүн иддэг уул”-ынхаа хормой бэлийг хүртэл хучин өргөжин тэлжээ. Харин “алуурчин” уул гаднаасаа урьдын адил харагдах ч дотроосоо “үйрч” байгаа бөгөөд 500 гаруй жил ухаж сэндийчсэний ор хаа сайгүй үзэгдэнэ. 2011 онд орой хэсэг нь гэнэт нурж сүйдэн иргэдийг айлгаж сандаргасан хэрэг ч гарчээ.

Хотын ойр орчимд цайр, тугалганы жижигхэн уурхайнууд одоо ч бий. Ганц хоёрхон мөнгөний уурхай байдаг ч эрт нэгэн цагийнх шиг их хэмжээний мөнгө олборлох нь ховор, тэдгээр уурхайд ажилладаг боливчууд тэртээ 500 жилийн өмнөх Перу нутгийн индианчууд шиг хүнд хүчир ажил, аюултай орчноос болж амиа алдах нь их байна.


01

Өв

Орчин цагийн Потоси хотын юм бүхэн хуучирч муудсан, хоосорч үгүйрсэн мэт харагдах ч эндхийн баялаг Ялагдашгүй Армадагийн хамт их далайн гүнд, Арабын султан, ноёд түшмэдийн үнэт эдлэл дунд, Мин гүрний үнэт хөмрөг дотор найдвартай гэгч нь хадгалагдан байна. Потосийн мөнгө хүрээгүй газар дэлхий дээр тун цөөхөн юм. Энэ нь уг хотын арилж баларшгүй арвин их өв билээ. 



8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд