Арав.мн

Хотын түүх: Куритиба

Хотын түүх: Куритиба

Бразилийн ногоон нийслэл

Уг хотыг эдүгээ дэлхийн дээрх хамгийн байгальд ээлтэй хотын нэг, Бразилийн хөгжил дэвшлийн нэрийн хуудас гэлцдэг. Харин хот газрын мэргэжилтнүүдийн онцлох нь энэ нь Куритибаг төгс сайхан газар гэж тодотгож буй биш, гагцхүү 20-иодхон жилийн дотор өвөрмөц содон хот болсныг нь онцолж байгаа хэрэг гэнэ. 


10

Туршилтын хот

Бразилия хотыг дээрээс нь харвал

Бразилийн Бразилия хот 1960-аад он гэхэд улсын нийслэлээс гадна бүс нутгийнхаа хамгийн сонирхолтой, тун ч орчин үеийн хот болоод байв. Юу ч үгүй хоосон хөндийд ердөө дөрөвхөн жилийн дотор сүндэрлэн боссон уг хот модернист төлөвлөлтийн сонгодог жишээ болжээ. Бразилиягийн мастер төлөвлөгөөг уран барилгач Лучио Костагийн хамт гаргасан нэрт уран барилгач, дизайнер Оскар Неймэрийн хэлснээр тэд жигүүрээ дэлгэж буй шувуутай адил харагдах хот байгуулахыг зорьсон байна. Шинэ хотын далавч нь өндөр хурдны замууд, шувууны толгой нь захиргааны байрууд болох учиртай байж. Тус хот уран барилгач, хот төлөвлөгч бүрийн таашаалд нийцээгүй ч Бразилийн улс төр, нийгмийн элит хүрээнийхэнд Өмнөд Америкийн эмх замбараагаа алдсан хот суурингуудад үлгэр жишээ болох хот хэмээн хүлээн зөвшөөрөгдөв. Харин уг хотоос өмнөд зүгт мянга гаруй бээрийн зайд орших, хөдөө аж ахуйн муж хэмээгдэх Паранагийн нийслэл Куритиба нь Бразилиягийн загварыг турших анхны талбараар сонгогджээ. 


09

Иргэдийн эсэргүүцэл

Хотын төвд Бразилиягийн адилаар олон эгнээ шинэ зам тавьж, тэр бүхэнд зай талбай гаргахын тулд хуучны түүхэн барилгуудыг нурааж эхлэв. Замын түгжрэлээс сэргийлж, төв талбайгаас аварга том гүүр хүртэл татлаа. Гэтэл хотын иргэд энэхүү гэнэтийн өөрчлөлтийг эсэргүүцжээ. Тэр үед их сургуулиа дөнгөж дүүргээд байсан Куритибагийн захирагч асан Хайм Лернер иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг тэргүүлж байлаа. Уран барилгач мэргэжилтэй тэрбээр эхлээд хот төлөвлөгч, дараа нь хотын захирагчийн хувиар хотоо Бразилиягийн ердийн нэг хуулбар биш, харин Өмнөд Америкт өмнө нь байгаагүй цоо шинэ хот болгон шинэчилсэн залуусын нэг юм. 


08

Унтаа суурин

Куритиба, 1910 он

Куритиба өмнө нь нэг ч удаа өөрчлөлт шинэчлэлийн бүс болж байсангүй. Олон зуун жилийн турш Сан-Паулу хотыг ойролцоох жижиг суурингуудтай холбох өртөө төдий байсан уг хот нэгэн үе бүр Унтаа суурин нэртэй байж. Харин Европоос ирсэн цагаачид Бразилийн өмнөд хэсэгт суурьших болсноор үржил шимт хөндийд орших Унтаа суурин сэрж эхлэв. 1830-аад онд германчууд, 1870-аад онд польш, италичууд, харин тэднээс 20-иод жилийн дараа украинчууд Куритибад ирж суурьшжээ. Тэд өмчилж авсан газартаа дор бүрнээ барилга байшин барьж, хотын төвийг хэдхэн жилийн дотор сүм дуган, дэлгүүр хоршоо, зоогийн газраар дүүргэсэн байлаа. 


07

Дахин төлөвлөлт

1940-өөд он гэхэд Куритибагийн хүн амын өсөлт хяналтаас гарав. Паранагийн шошны үйлдвэрлэл ихээхэн алдагдал хүлээж, зогсонги байдалд орсон нь мужийн зах хязгаар нутгийн газар тариалан эрхлэгчдийг хэдэн мянгаар нь хот руу татжээ. 1940-1960 онд Куритибагийн хүн ам хоёр дахин өсөж, хууль ёсны оршин суугчдынх нь тоо 140 мянгаас 360 мянга болон нэмэгдлээ. Хотын өнгө төрх ч Бразилийн дундаж хэмжээтэй ердийн хотынхоос ялгарах юмгүй болов. Ойр орчмыг нь фавела буюу ядуусын хорооллууд хүрээлж, төв хэсэг нь зах замбараагаа алдсан автомашины түгжрэлийн цэг болжээ.

Албаны хүмүүс хотын амьдрах орчныг сайжруулж, үймж бужигнасан олныг зохион байгуулалтад оруулах гэж хичээсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. 1964 оны Бразилийн цэргийн эргэлтийн дараа Куритибагийн захирагч Иво Арзуо “Маргаашийн Куритиба” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэдэн сарын турш чуулган, зөвлөгөөн зохион байгуулсан ч холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүдээр мастер төлөвлөгөө ч батлуулж чадаагүй байна. Үүнтэй зэрэгцэн Куритибагийн Судалгаа, хот төлөвлөлтийн хүрээлэнгийн хэсэг залуу уран барилгачид, түүн дотор дээр дурдсан Хайм Лернер хотын дахин төлөвлөлтийг боловсруулж байлаа. Харин армийнхны бүрдүүлсэн Засгийн газар Лернерийг Куритибагийн захирагчаар томилсны дараа л тэд төлөвлөсөн бүхнээ ажил хэрэг болгох боломжтой болжээ.


06

“Хүчирхийлэгч”-ийн гавьяа

Лернерийн хийсэн анхны томоохон өөрчлөлт нь 1972 онд хэрэгжүүлсэн, хотын төв зогсоол Руа Кюнзэ де Новемброг зөвхөн явган зорчигч нэвтрэх худалдааны төв болгох ажил байв. Энэ нь уг зогсоолыг бараадан худалдаа хийдэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч, Лернерийг “Хүчирхийлэгч” нэртэй болгосон ч Куритиба хот одоогийн дүр төрхөө олохын эхлэл байлаа. Руа Кюнзэ де Новемброгийн жижиг, том дэлгүүр, эрээн мяраан мухлагууд л хотын төвийг машины түгжрэлтэй, бохир заваан болгоод буйг анзаарсан Лернер тэдгээр дэлгүүр, мухлагийн эздийг шүүхэд хандана гэхэд ч бодлоо өөрчилсөнгүй. Харин гомдол гаргагчдын өргөдөл шүүхэд хүрч гэмээнэ ажил нь цалгардах тул 72 цагийн дотор буюу шүүх үүдээ барих баасан гаригийн оройгоос ажлаа эхлэх даваа гаригийн үд хүртэлх хугацаанд мөнөөх төв зогсоолыг автомашин нэвтрэхээргүй болгон засаж орхижээ.

Энэ нь “Хурдан хөдөл, дараа нь зохицуул” гэсэн бичигдээгүй дүрэм Лернерийн гол арга барил болохын эхлэл байлаа. 



05

Нийтийн тээврийн шинэчлэл

Хэдийгээр ардчилсан биш, технократик гэгдэн шүүмжлүүлж байсан ч Лернер Куритибаг хэдхэн жилийн дотор хот төлөвлөлтийн “лаборатори” болгожээ. 1974 онд Хайм Лернер болон Куритибагийн Судалгаа, хот төлөвлөлтийн хүрээлэн дэх түүний нөхөд автобусны зогсоол хоорондын зайг холдуулах, тэгснээр нийтийн тээврийн зорчих хурдыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэв. Тэр үе бол метроны ашиг тусыг ухуулагчид олширсон, олон ч хот газар доогуурх тээврийн сүлжээтэй болсон цаг билээ. Харин Куритибагийн захиргаа газар дээр ил зорчих тээврийг хямд төсөр, хотын амьдралыг үл бусниулах, иргэдэд аятай тухтай мэдрэмж төрүүлэх унаа гэж үзсээр байлаа. Лернер энэ тухайд “Бүтээлч байх нь нэг талаар мөнгө хэмнэхийн нэр бол тогтвортой хөгжил гэдэг бүр ч илүү тооцоотой, нарийн няхуур байхын нэр” гэж ярьсан байдаг. Чухам ийм бодолтой учир тэрбээр метроны сүлжээнд их мөнгө зарлагадах нь утгагүй хэрэг гэж үзжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг ийнхүү сайжруулснаар Куритибад зорчих хамгийн хямд, хамгийн түргэн унаа нь автобус болов. Харин Лернер болон түүний багийнхны сэтгэл ханасангүй. Тэрбээр 1980-аад оны сүүлчээр автобус зогсоол дээрээ хэчнээн хором саатдагийг сайтар судалж, зорчигчдын бууж, суух хугацаа нийтийн тээврийн цагийн хуваарьт нөлөөлж буйг тогтоожээ. Ингээд дараах гурван шинэчлэлийг хийв. Нэгд, автобусны буудлын тавцанг өндөрсгөж, зорчигчдыг автобусны шатаар алхуулалгүй, шууд дотогш орох замыг нь тэгшилж өглөө. Хоёрт, энгийн автобусанд олон зорчигч багтахгүй тул хоёр, гурван хэсэгтэй угсраа автобус үйлчилгээнд нэвтрүүллээ. Гуравт, нийтийн тээврийн үйлчилгээг урьдчилсан төлбөрийн системтэй болгож, зорчигч бүрээс мөнгө хурааж, тэдэнд тасалбар тараах жолоочийн ажлыг халж, илүү цаг хэмнэх болов.


04

BRT

Энэ бүхний ачаар Куритиба хот Түргэн автобусны сүлжээ (BRT) хэмээх эдүгээ дэлхий даяар алдартай нийтийн тээврийн тогтолцоотой болжээ. Өдгөө хотын иргэдийн 85 хувь нь энэхүү өндөр хурдны автобусаар зорчдог бол дэлхийн 300 гаруй хот BRT-г нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Хайм Лернерийн хэлснээр Лондоны метрогоор өдөрт гурван сая хүн зорчдог бол Куритибагийн автобусаар өдөрт хоёр сая хүн үйлчлүүлдэг аж. Тэрбээр өөрийн бий болгосон энэхүү сүлжээгээр ихэд бахархдаг. Түүнийхээр хэрэв олны амыг дагаж метро байгуулсан бол Куритибагийн иргэд хотын төв хүрэх гэж одоо зарцуулдаг хугацаанаасаа 20-25 минут илүү зорчих байлаа.  


03

Солилцооны ногоон хөтөлбөр

Куритибаг ногоон хот болгосон өөр нэг онцгой ажил нь Лернерийн туслах Николау Клюппелийн 1989 онд санаачлан хэрэгжүүлсэн Солилцооны ногоон хөтөлбөр буюу дөрвөн паунд (1.8 кг) хогийг нэг паунд жин татах ямар нэгэн шинэ, бэлэн бүтээгдэхүүнээр солих хөтөлбөр юм. Эдүгээ Куритибагийн оршин суугчдын 90 хувь нь уг хөтөлбөрт хамрагддаг. Чухам үүний ачаар тус хотод бусад газарт байдаг шиг уул овоон хог байдаггүй, харин ч бүх хог хаягдлын 70 хувийг дахин ашигладаг байна. Энэ нь аль ч орны томоохон хот сууринг дагуулахааргүй үзүүлэлт юм. 


02

Ногоон байгууламж

Гэхдээ хотыг хоггүй, цэвэр цэмцгэр байлгах нь нэг хэрэг. Харин зүлэгжүүлж, ногоон байгууламжаар хүрээлүүлэх нь түүнээс ч чухал болохыг Хайм Лернер сайн мэднэ. Түүнийг хотын захирагч болох үед буюу 1971 онд Куритибад ганцхан цэцэрлэгт хүрээлэн байсан бол өдгөө хотын ногоон байгууламж зөвхөн цэцэрлэгт хүрээлэнгийн тоогоор бус, нэг хүнд ногдох ногоон орчны талбайгаар хэмжигдэх болжээ. Өдгөө тус хотын нэг иргэнд дунджаар 50 ам.метр ногоон байгууламж ногддог. Гэтэл зэргэлдээх Аргентин улсын нийслэл Буэнос-Айрест энэ тоо ердөө хоёр ам.метр байна. Лернер энэ ажлаараа мөн бахархдагаа нуусангүй. Тэрбээр “Моджуулалт, зүлэгжүүлэлтийг хүчлэн хийж болохгүй. Ногоон байгууламж нь хотын амин судас гэдгийг иргэдэд эхлээд ойлгуулах нь чухал” хэмээн ярилаа. Куритибагийн дундуур урсдаг Игуачу мөрнийг цементэн барилга байгууламжуудын дунд бүү хашигдаасай гэсэндээ хотын ногоон орчинд үргэлж анхаарч ирснээ тэрбээр мөн тайлбарлав.


01

Тогтвортой хөгжил

Хотын захирагчаар гурвантаа сонгогдон ажилласан Лернерийг 1992 онд захирагчийн суудлаас бууснаас хойш Куритибад автомашин ихсэж, унадаг дугуй болон автобусаар зорчигчдын тоо буурч, улсын дундажтай харьцуулахад гэмт хэрэг гарах нь ч нэмэгджээ. Гэвч 1970-аад оны үеийн ололт, амжилт нь тус хотын өнгөрсөн, ирээдүйг тодорхойлсон хэвээр байна. Лернер одоо цагийн өөрчлөлтийн талаар “Бүх зүйл өөрчлөгддөг. Хүмүүс ч өөрчлөгддөг. Гэхдээ явган зорчигчдод зориулсан зам талбайг сүйтгэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, барьж байгуулсан бүхнээ нурааж 1960-аад оны хэв маяг бүхий өндөр барилга босгоно гэж зүтгэх хүн одоохондоо гарч ирээгүй л байна” хэмээн өөдрөг өнгөөр ярилаа. Түүний хэлснээр Куритиба хотынхон Бразилийн бусад хотын иргэд шиг сэтгэл дундуур байдаггүй, орон хотдоо тун сэтгэл хангалуун байдаг нь хотын тогтвортой хөгжлийн гол түлхүүр юм. 



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Автобусны зогсоол нь манайд их хэрэгтэй юм. Эндээс санаа аваад хурдан явдаг автобустай, битүү зогсоолтой болчихвол юунд ингэж түгжрэхэв...
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд