Арав.мн

Хотын түүх: Эртний Ром

Хотын түүх: Эртний Ром

Хожмоо Европ даяар түгсэн эмх цэгцтэй зам талбай, эгнэж цувсан гудам бүхий хот газрын зохион байгуулалт нь эртний Ромын бүгд найрамдах улсын нийслэлээс эхтэй ч өрнийн түүхэн хотуудаас гагц Ромд л зохион байгуулалт, төлөвлөлт гээч зүйл байсангүй. Хотын бүхий л барилга байгууламжаас зөвхөн өндөрлөг цэгийг нь нэгэн цагт эзэгнэж байсан сүмийн барилгыг л урьдаас төлөвлөн байж барьсан гэдэг.


05

Капитолын сүм

Ромын нэртэй түүхчдийн нэг Тацитийн тэмдэглэснээр Капитол толгодын орой дээрх тэрхүү сүмд Ромын оршин байхуйн үндэс, шид тарнийн гэмээр хүч оршиж байлаа. Тэрээр нийтийн тооллын 69 онд сүмд гарсан нэгэн галын тухай бичихдээ мөнхүү сүм улангасан галд сүйднэ гэдэг нь Ромын атаат дайсан галлчууд хотыг эзэлж, газартай тэгшлэхийн дохио, муу ёр хэмээн зөгнөсөн байдаг.

Гэхдээ Тацит дэмий зүйлд санаагаа чилээсэн байв. Ромын их цэрэг галлчуудын бослого хөдөлгөөнийг нухчин дараад зогсохгүй сүмээ сэргээн босгожээ. Угтаа Капитолын сүм олон ч удаа нурж сүйдсэн түүхтэй. Загалмайн шашинт эзэн хаан I Феодосий 392 онд сүмийг ашиглахаа болих зарлиг буулгах хүртэл сүмийн барилгыг хэд дахин засаж сэлбэсэн байна. Ромын эзэнт гүрний сүр хүч зүүнтээ шилжиж, 455 оны вандалчуудын довтолгооноор хот дахин нэгэнтээ тоногдож хоосорсны дараа ч уг сүмийн төгс сайхныг биширч, оршин буй толгодынх нь дээрээс хотыг бүхэлд нь тольдон дуу алдах хүн олон байсан гэдэг.

Ром хотын төв цэг болох Капитол толгод дээрх сүмийн барилгын ажил вандалчуудын халдлагаас даруй мянгаад жилийн өмнө, Ромын сүүлчийн хаан Бардам хэмээгдэх Тарквиний үед эхэлж, Ромын хаант улс бүгд найрамдах засаглалтай болсон жил буюу нийтийн тооллын өмнөх 509 онд дуусчээ. Сүм нь тухайн цагтаа урьд өмнө үзэгдэж харагдаагүй асар том бүтээн байгуулалт байлаа. 53x63 метрийн хэмжээтэй өргөн чулуун суурь, 24 багана тулсан аварга том улаан хүрэн адар нь уг сүмийг Этрускийн соёл иргэншил дундаа хамгийн том мөргөлийн газар болгожээ. Сүмийн дотор латин угсаатнуудын хамгийн ихээр сүслэн залбирдаг гурван бурхан болох Юнона, Юпитер, Минервагийн хөшөөг байрлуулж, дээврийнх нь тэг дунд орой дээр нь эрх сүрийг бэлгэдсэн Юпитер бурхан өөрөө жолоог нь атган буй дөрвөн хүлэг морь дүрсэлсэн байв.

Уг сүм ром хаадын бурханлаг сүр хүч олж авах, түүнийгээ ард олондоо итгүүлэх гол газар болохоос гадна Тибр мөрний зүүн этгээдээр голдуу оршиж асан латин угсаатнуудын 30-аад жижиг хот суурингийн эрхтэн дархтануудыг нэгэн дор цуглуулах улс төрийн зорилготой их хуралдааны төв байлаа. МЭӨ 390 онд болсон дайн самууны үеэр галлчуудын гарт өртөлгүй үлдсэнээрээ уг газар ромчуудад тэнгэр бурхнаар хамгаалагдсан, ер бусын шид хүчтэй мэт сэтгэгдэл мөн төрүүлдэг байж. Тэгэхээр латинчуудын хуралдай гээчийг уг сүмд зохион байгуулдаггүй байсан бол, ерөөс олон түмэнд ийм онцгой санагдах, тэднийг нэгтгэх сүм дуган байгаагүй бол ромчууд бүс нутагтаа ноёлох хүчин болохгүй, дэлхийн түүхийг өөрчилж орхисон хожмын Ромын эзэнт гүрэн нь ч байгуулагдахгүй байх байжээ гэж дүгнэж болох юм.


04

Байршил

МЭӨ VIII зуунд Ромын шавыг тавихдаа байршлыг нь хэрхэн сонгосон нь өдгөө домог болон үлджээ. Ромул, Рем хэмээх ихэр ах дүүсийн тухай, Тройгийн баатар Эней болон эртний Этрускийн домогт хаадын талаар ч та сонссон нь лавтай. Гэхдээ бодит байдал дээр Тибр мөрний бэлчир дэх ухаа толгод ихтэй газарт хот байгуулсан нь тов тодорхой, хэнд ч илэрхий шалтгаантай юм. Ром хотын сүндэрлэсэн газар нь Тибр мөрний хамгийн нарийн, гаталж болохуйц, урсац нь удааширдаг хэсэг бөгөөд энэ нь эртний болоод Дундад зууны үед баригдсан олон чухал хотод ч үйлчилж ирсэн дүрэм байлаа. Мөн тэнгистэй ойр хэр нь далайн дээрэмчдээс хамгаалагдах байгалийн бэхлэлт болох дов толгод нь Ромын өргөжин тэлсэн газар орныг онцгой гойд байршил болгожээ. Басхүү эртний өрнө дахины худалдааны бүс дэх Давсны зам хэмээгдэх чухал сүлжээ үүгээр дамждаг байсан нь хотын байршилд нөлөөлсөн нь дамжиггүй.


03

Эмх замбараагүй байдал

Эртний Ромыг 1:250 хэмжээгээр хийсэн модель

Ром доторх их, бага долоон толгодыг, түүн дотор орой дээрээ сүм бүхий Капитол толгодыг тойруулан аварга хана босгож, хотыг нэгдсэн том бэхлэлттэй болгосон хаан бол МЭӨ 578-534 онд төр барьсан Сервий Туллий юм. Ийм хамгаалалтын ачаар Ром хот МЭӨ VI зууны эхэн хагас гэхэд бүс нутгийнхаа хамгийн аюулгүй, хамгийн олон хүнтэй, худалдаа арилжааны гол цэг болоод байлаа. Энэ нь үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө хот руу урсахын эхлэл болж, бүгд найрамдах засаглалын эхний хэдхэн жилд бэл чинээтэй иргэн бүр нь дор бүрнээ байшин барилга барих үндэс суурийг бүрдүүлж өгчээ.

Хурдтай тэлж, энд тэндгүй барилгын ажил явагдах шинэ их хотод Александрия хотын зургийг гаргасан Дейнократ шиг мэргэшсэн уран барималч, хот төлөвлөгч байсангүй. Үе үеийн хаад нь, бүгд найрамдах засгийн эрхэнд гарсан ноёд сурвалжтанууд нь хотынхоо өнгө төрхийг цэгцтэй байлгах гэж элдэв шийдвэр гаргасан нь олонтаа ч галлчуудын удаа дараагийн довтолгооноор тэр бүхэн нь талаар болж, Ром дахиад л цэгц муутай, эрээвэр хураавар умгар тагз, модон байшингуудын суурин болж хувирдаг байлаа.

Гүн ухаантан, суут илтгэгч Цицерон хүртэл МЭӨ 63 онд хэлсэн нэгэн үгэндээ Ромын жижиг хот суурингууд хүртэл асар нарийн зохион байгуулалттай, эмх цэгцтэй байхад их хот хэмээгдэх Ром дов толгодын дундах намаг балчигтаа живж байгаа тухай харамсан өгүүлсэн байдаг. Ромд урт удаан хугацаанд хэрэгжих хот төлөвлөлт ерөөс байгаагүйг энэ мэт бодит хүмүүсийн үг, тэмдэглэлээс гадна дайн тулаанд ялсан жанжид хүссэн газартаа сүм дуган, заримдаа бүр юу хүссэнээ барьж босгох эрхтэй байсан, тухайлбал Юлий Цезарь өөртөө худалдаа зээлийн газар, Помпей жанжин алдар суугаа дуурсгахаар цэргийн театр, хотын консулд хоёронтоо сонгогдсон Сулла хувьдаа шинэ архив зэрэгтэй болсон түүхэн баримтууд нотолдог.


02

“Ромыг ганц өдөрт бариагүй”

Бүх нийтийн гэхээсээ хувь нэгний эрх ашгийг илүүд үздэг эл онцлог нь Ромын ололт ч, алдаа ч байлаа. Шинэ эриний 64 онд эзэн хаан Нероныг хаанчилж ахуйд хотын ихэнх хэсэг шатаж, үнс нурам болоход хотыг шинээр төлөвлөх тухай яригдаж байсан ч иргэд нь хуучин хотоо үгүйлэхийн эрхэнд төлөвлөгөөг эсэргүүцсэн тул урьдын адил бүгд дор бүрнээ өөр өөрсдийн байшин, сүм дуган, үзвэр, цэнгээний газраа барьжээ.

“Ромыг ганц өдөрт бариагүй” гэх эдүгээ хаа ч танил болсон үгийг Английн I Элизабет хатан 1563 онд анх латинаар хэлсэн байдаг. Харин тэрээр энэ үгийнхээ араас “Бас огт төлөвлөгдөөгүй баригдсан юм шүү” гэж нэмж хэлэхэд огт буруудахааргүй байв. Өдгөө бүгд найрамдах Ромын барилга байгууламжууд Дундад зууны үеийн болон Сэргэн мандалтын эриний Ром хотын туурь балгасны дор бат бөх нойрсож буй бол түүхэн дурсгалын хувиар үлдсэн тоотой хэдхэн барилга нь 1871 онд өнөөгийн нэгдсэн Итали орон байгуулагдсаны дараах өргөн хэмжээний бүтээн байгуулалтын үеэр хөрс шороонд шингэсэн байна. Мөнөөхөн алдарт долоон толгод нь хүртэл газартай тэгширч, нуга хөндий болжээ. Харин эртний зарим сүмийнх нь багана өнөө ч сүндэрлэн буйг энэ цагийн бид бахдан харж байгаагийн гол шалтгаан нь 1930-аад онд Муссолинийн санаачилгаар хийгдсэн археологийн малтлага, судалгаа юм.


01

Их хотын нөлөө

Эртний ромчууд орчин цагийн бидэнд хот төлөвлөлттэй холбогдох олон чухал санааг өгчээ. Нийслэл хотын тухай ерөнхий ойлголтоос эхлээд хурал чуулганы танхим, амфитеатр, барагшин зам, олон давхар орон сууц гэхчлэн хот хүрээний олон ч “бүтээл” Ромоос эхтэй. Гэтэл энэ бүхэн нь зураг төлөвлөгөөгүйгээр бүрэлдэн бий болж, МЭӨ III зуунаас эхлэн Европ дахинаа, цаашлаад дэлхий даяар тархсан нь, мөнөөх долоон толгод шигээ дор бүрнээ бие даах гэсэн эрх мэдэлтнүүдийнх нь онцлог шинжээс болж Ром хот огтоос эмх цэгцгүй байсан нь тун ч хачирхалтай, хоржоонтой түүх юм.

Ром эзэнт гүрэн болон мандаж, нийслэл нь энэ тооллын 326 онд Константинополь руу нүүсний дараа хуучин хотоос холдож чадах бэл бэнчинтэй болгон нь Ромыг орхисон байдаг. Эртний түүхт эл гайхамшигт хотыг олон зууны турш тал талаас нь тонож дээрэмдсэн бөгөөд суу алдар нь Сэргэн мандалтын үед, Пап лам нарыг дахин хүчирхэгжихэд нэхэн санагдаж, XX зуун гарсан хойно л эртний байгууламжуудыг нь сэргээн, үнэт хөмрөгийг нь судалж эхэлжээ. Харин Капитол толгод дээрх гурван бурхны сүм нь 1536 он хүртэл сүндэрлэсэн бөгөөд туурийг нь Микеланжело Пап лам III Паулийн орд харшийг шинэчлэх явцдаа үгүй хийсэн байна. Хэдийгээр аугаа эзэнт гүрэн, аугаа соёл иргэншлийн өлгий болсон Капитолын сүмээс эдүгээ юу ч үлдээгүй ч хийц загварынх нь нөлөө тусгалыг эдүгээ Британийн Честер, Италийн Верона, Германы Триер, Туркийн Синоп зэрэг газар газрын хот суурингуудаас гадна алсын Америкаас, тэр дундаа нийслэл Вашингтонд нь байх Конгрессийн ордноос харж болох билээ. 



6.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд