Арав.мн

Хотын түүх: Кахокия

Хотын түүх: Кахокия

Хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед буюу Кристофер Колумбыг Шинэ ертөнцөд хөл тавихаас дөрвөн зууны өмнө энэхүү учир битүүлэг хот Хойд Америкийн уугуул иргэдийн хамгийн том хот байжээ. Одоогийн АНУ-ын Иллинойз мужийн өмнөд хэсэгт, Сент-Луис хотоос 13 орчим км зайд оршиж байсан уг хотыг Миссиссиппи мөрний бэлчир нутгийн уугуул индианчууд барьж байгуулсан байна.


10

Индианчуудын Лондон

Хэдий үүх түүх нь бүрхэг хэвээр буй ч Кахокия эрин үедээ тун өвөрмөц, хэдэн зуун мянган оршин суугчтай, их хөлийн хот байсан нь тодорхой байдаг. Уг хот хүн амынхаа тоогоор тухайн цагийн Лондонтой хүртэл эгнэж байсан үе бий тул түүхч, судлаачид хотыг индианчуудын Лондон гэдэг байна. Гэвч Кахокиягийн талаар одоогийн америкчууд төдийгүй, Иллинойз мужийнхан ч мэддэггүй. Энэ нь нэг талаар Америкийн уугуул иргэдийг харанхуй бүдүүлэг байсан мэтээр дүрсэлж ирсэн нэгэнт тогтсон хандлагаас, нөгөө талаар уг хотыг ердөө 1800-гаад оны сүүлчээр илрүүлсэн зэргээс болжээ. 


09

Олон үндэстний хот

Кахокиягийн шавыг МЭ 1000-аад оны үед тавьжээ. Харин барьж байгуулсан эзэд, амьдарч асан хүмүүс нь олон үндэс угсааны, тухайлбайл натчез, пэнсакола, чоктау, офо нарын индианчууд байсан бололтой. Археологичид Кахокия орчмын эртний булш бунхануудаас илэрсэн олон арван хүний цогцост шинжилгээ хийхэд, лавтайяа гуравны нэг хэсэг нь Миссиссиппи мөрний уугуул иргэд биш болох нь тогтоогджээ. Кахокиягийн оршин суугчид газар тариалан, худалдаа наймаа эрхэлж, ан ав хийн аж төрдөг байсан нь мөн батлагдаад байна. 


08

Нарийн зохион байгуулалт

Тэд мөн чадварлаг хот төлөвлөгчид байлаа. Одон орны ухаан ашиглаж, тус бүрт нь 10-20 мянган хүн суух олон жижиг суурин үүсгэсэн нь хамтдаа нэгэн их хотыг үүсгэнэ. Суурин, хороо тус бүр төв гудамж, худалдаа зээлийн талбайтай, тойрон хүрээлсэн барилгууд нь нэгэн жигд загвартайн дээр гараар зуурч, хатаасан шавар хийцтэй байв. Тэдгээр шавар барилгуудаас өдгөө бүрэн бүтэн үлдсэн хамгийн том байгууламж нь 5.6 га газар эзлэн орших 30 метр өндөр хэрэм юм. 


07

Учир битүүлэг түүх

Гэвч энэ их хот Лондон шиг орчин цагийн метрополис болон хөгжилгүй, үлгэр домогт гардаг алдагдсан тив Атлантистай адил түүхийн хуудаснаас арчигдан баларчээ. 1050 оны үед Хойд Америкийн хамгийн олон хүнтэй хот байснаа 1350 оны үед эзэнгүй хаягдсан Кахокия чухам юуны учир ийн орхигдсон нь өнөө ч тодорхой бус. Дайн дажин, өвчин эмгэг, европчуудын эзлэн түрэмгийллийн аль нь ч уг хотын мөхлийн шалтгаан биш юм. Учир нь одоогийн Иллинойз орчимд хөл тавьсан анхны цагаан арьстан болох Испанийн аялагч Хернандо де Сото 1540 онд л Америкийн зүүн эрэгт газарджээ. 


06

Өргөл, мөргөлийн газар

Миссиссиппийнхэн өнөөгийн Америкийн зүүн хагасыг 1000-1500 онд эзэгнэн сууж, шавар барилгынхаа ул мөрийг хаа сайгүй үлдээсэн байдаг. Тэдний суурин, тосгод гол төлөв их уст гол мөрнөөс зайдуу, эсвэл худалдааны бүсийн ойролцоо оршиж байв. Харин Кахокия тэднээс тун ондоо буюу Миссури болон Миссиссиппи мөрний аман дээр, үер усны аюулд ойрхон бүсэд байсан нь маш онцгой учир шалтгаантай байж. Иллинойзийн их сургуулийн багш, антропологийн ухааны профессор Томас Эмерсоны хэлснээр Кахокия нь Миссиссиппи мөрний бүх индианчуудын хуран чуулдаг, өргөл мөргөлийн хот байсан байх магадлал тун өндөр гэнэ. Хотын тууриас нарийн зохион байгуулалтын ул мөр, олон овог аймгийн онцлогийг илтгэх эд өлгийн зүйлс олдсон нь үүнийг баталж буй аж. Эмерсон нарын эрдэмтэд Кахокияг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, олон соёлын уулзварт төвлөрсөн хот хэдий ч амьдрахад тохь муутай, эрс тэс уур амьсгалтай газар байсан гэж таамаглаж байна. Тиймээс тэд хотын үүсэл бүрдэл нийгэм, эдийн засагтай гэхээсээ байгалийн өвөрмөц тогтоц, шашин мөргөлтэй илүү холбоотой байсан гэж үзжээ. 



05

Ламтны овоо

Кахокия хотын нэн онцлог шинж нь дэлхийн II дайны дараа хурдтай хөгжсөн Америкийн олонх хот шиг цагийн аяс, шаардлагаар тэлсэн биш, харин анхнаасаа олон мянган хүнд зориулагдсан, хүн амын өсөлтийг сайтар тооцоолсонд оршино. Хотын нийт нутаг дэвсгэр 15-24 орчим ам км, гадаад хэрмийн доторх том хэмжээний бүх шавар байгууламж нь 120 гаруйд хүрч байв. Голын эргээс шавар татаж, олон жилийн турш түүнийгээ хэвэнд цутган, хатааж, ийш тийш зөөвөрлөж байсныг бодоход энэ тоо хэнд ч гайхаш төрүүлэм агаад Америкийн уугуул иргэдийн нөр их хөдөлмөр, ур чадварыг бишрэхэд хүргэнэ.

Кахокиягийн шавар байгууламжуудаас үлдсэн хамгийн том довцогийг өдгөө Ламтны овоо гэдэг нь 1800-гаад оны эхээр эндхийн газар орныг анхлан судалсан Францын католик номтнуудаас болжээ. Археологичдын таамаглаж буйгаар модон хашаагаар хүрээлэгдсэн уг газар хотын захирагч, шашин номын тэргүүн нарын уулзаж, зөвшилцдөг төв байсан бололтой. Харин хотын энгийн иргэд уг төвийн эсрэг талд, хотын нийт нутаг дэвсгэрийг нэгэн том тэгш өнцөгт гэж санавал түүний ердөө дөрөвний нэг хэсгийг эзлэх багахан зайд 4.5x3.6 метр хэмжээтэй, сайтар боловсруулан хатаасан шавар суурьтай хэдий ч модон хана, сүрлэн дээвэртэй, ганц өрөө бүхий байшинд суудаг байжээ. Иймэрхүү жижиг байрнууд арын цэцэрлэг, талбай, явган хүний зам харгуйгаар холбоотой байж. 


04

Вүүдхэнж

Ид цэцэглэн байх үедээ Кахокия бум бужигнасан газар байлаа. Эрчүүд нь ан гөрөө хийж, эрдэнэшиш тариалан барилгын мод бэлтгэнэ. Харин эмэгтэйчүүд нь тариалангийн талбай болон гэр орондоо борви бохисхийлгүй ажиллаж, ваар сав урлан, хувцас зүүсгэл, хивс ширдэг оёж, нэхдэг байв. Хотын гол уулзалт, цуглаанууд төв талбайн голд, тухайлан зассан хашаан дотор болно. Америкийн Баруун хойд бүсийн их сургуулийн багш, археологийн ухааны профессор Жеймс Брауны хэлснээр нутгийн индианчуудын дунд биет орчлон дээрх бүхэн далд ертөнцөд мөн адил өрнөдөг гэх ойлголт байснаас тэр мэт олон нийтийн арга хэмжээ тун нарийн зохион байгуулалт, дэг ёстой явагддаг байж.

Кахокияг байгуулсан болоод захиран суусан миссиссиппийнхэн Америкийн жинхэнэ уугуул иргэдийн ёсоор нар, сар, оддын орчил хөдөлгөөнийг шинжин, зүг зовхисыг баримжаалж, цаг улирлыг тогтоодог байв. Дээр дурдсан Ламтны овооны баруунтаа өндөр, модон шонгуудыг эгнүүлэн тавьсан нь нар мандах хийгээд жаргах цагийг төдийгүй хавар, намрын өдөр, шөнө тэнцэх өдрүүд, өвөл, зуны хамгийн урт өдөр, хамгийн урт шөнийг тэмдэглэсэн байна. Кахокиягийн туурийг 1961 оноос судалсан археологичид тэдгээр шонг алдарт Стоунхэнжтэй адилтгаж, Вүүдхэнж хэмээн нэрийдсэн нь Модон хүрээ гэсэн утгатай юм. 


03

Цусан тахилын ул мөр

1960-аад оны тэрхүү судалгаа шинжилгээнээс хойш уг эртний хотыг сонирхох хүн өмнөхтэй харьцуулахад хавьгүй олширчээ. Эрдэмтэн, судлаачид хот байсан газраас янз бүрийн дүрс, тэмдэглэгээтэй чулуун багана, шаазан эдлэл, зэс боловсруулах жижигхэн мухлаг, гоёлын сувс хийж байсан пийшин зэргийг илрүүлсэн байдаг. Браун тэрхүү экспедицийн ажилд оролцсон бөгөөд хотын оршуулгын газрыг нээн судалсан багт мөн багтаж байж. Булш, бунхнаас олдсон хэдэн зуун хүний, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн цогцсыг шинжлэхэд Кахокияд хүнээр цусан тахилга өргөдөг байсан ул мөр цөөнгүй илэрсэн байна. Боомилуулж юм уу, их хэмжээний цус алдсанаас амь тавьсан хүмүүсийн шарил, мөн толгой, гарыг нь тасдсан дөрвөн ч эрийн зэрэмдэг цогцос зэргийг тусгай зан үйлтэй холбоотой байх гэж эрдэмтэд таамаглаж буй аж. 


02

Мөхлийн шалтгаан

Профессор Эмерсоны тайлбарласнаар харийн эзлэн түрэмгийлэл, эсвээс томоохон хэмжээний дайн самууны улбаа мөр олдоогүй тул Кахокиягийн иргэдийг нийгэм, засаг захиргааных нь тогтолцооноос өөр зүйл үхэлд хүргэсэн гэж үзэх үндэсгүй гэнэ. Уугуул индианчуудын олноороо амьдарч байсан бусад олон газраас сумны зэв хэдэн мянгаараа, мөн эвдрэл сүйтгэлийн ул мөр илэрсэн бол Кахокиягоос ийм зүйл бараг олдоогүй нь удирдагч, ноёлогч анги нь ард иргэддээ хатуу ширүүн хандаж, нэг бол олноор нь шийтгэн цаазалдаг байсан, үгүй бол Ламтны овоотой адил онцгой хүндэтгэлт газраа хүнээр тахидаг байсан гэж үзэхэд хүргэжээ. Кахокияг хамгаалах сангийн тэргүүн, археологич Уильям Исэмингер хотыг 1175-1275 оны хооронд дөрвөн ч удаа сэргээн босгосныг дурдаад, Кахокияд гадаад, дотоодын ямар нэг аюул байнга заналхийлж байжээ гэж дүгнэсэн байдаг. Тэр нь магад эрх баригчдынх нь хотоо тэлэх гэсэн их санаархал, тусгай зан үйл үйлдэх төв газраа хамгаалахын тулд ард иргэдээ хүнд хүчир ажилд зогсолтгүй дайчлах бодлоготой нь холбоотой байсан байж мэдэх юм. 


01

Тусгай хамгаалалт

Кахокиягийн орхигдож хаягдсан хийгээд эцэстээ мөхсөнийх нь шалтгаан ойрын жилүүдэд ч тайлагдашгүй нууц хэвээр үлдэх нь тодорхой байна. Байгалийн баялаг нь дундарсан, улс төр, нийгмийн тогтворгүй байдал үүссэн, эсвэл уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган гачиг нүүрлэсэн аль нь ч бай Миссиссиппи орчмын индианчууд уг хотыг ердөө л зөнд нь орхиж нүүн оджээ. Индианчуудын аман зохиол, үлгэр домогт ч Кахокиятай холбоотой баримт сэлт үлдээгүй нь энэхүү хотод ямар нэг жир биш, дурсах учиргүй явдал болсны баталгаа болов уу гэж Исэмингер таамагладаг.

Хотын туурь балгасны эргэн тойронд археологийн судалгаа одоо ч үргэлжилж байна. Мөнөөх Ламтны овоо 1982 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Кахокиягийн дов хэмээгдэх түүх соёлын дурсгалт газрын төв болжээ. Нийт 890 га талбай эзлэх уг бүс нутагт Кахокиягийн шавар байгууламжуудын үлдэгдэл болох 72 дов сондуул, хотын дүр байдлыг олон талын эх сурвалжаас үндэслэн амилуулсан уран зураг, хөшөө дурсгал тэргүүтэй музей зэрэг бий. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-ын Үндэсний цогцолборт газрын алба уг бүсийг тусгай хамгаалалтандаа авах эсэх талаар хэлэлцэж байна. Энэ хэрэг эртний хотын талд шийдэгдвэл жилд 250-иадхан мянган хүний зорин очдог Кахокиягийн дурсгалт газар жилд дөрвөн сая гаруй жуулчин хүлээж авдаг Сент-Луисийн Нуман хаалганаас дутуугүй Иллинойз мужийн хамгийн алдартай газрын нэг болох нь дамжиггүй.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд