Арав.мн

Хотын түүх: Магнитогорск

Хотын түүх: Магнитогорск

Ибрагим Ахметзяновыг 1931 оны долдугаар сард эхнэр, найман хүүхдийн хамт Магнитогорск хотод хүрэхэд дүнсгэр, уйтан орчин угтжээ. Нэр нь Соронзон уул гэсэн утгатай энэ хотын урц овоохой, умгар хэдэн байшин ширүүн салхинд нүдүүлсэн хахир хүйтэн нуга хөндийд байх агаад цаахнатай нь төмрийн хүдрээр дүүрэн мөнөөх Соронзон уул дүнхийн байлаа. Уг уулын ойролцоо луужингийн зүү гажиж, дэргэдүүр нь шувуу ч нисдэггүй нь тэрхүү их хэмжээний хүдэртэй холбоотой байж.


10

Хамгийн том гангийн үйлдвэр

Энэхүү уулаас Урал мөрний бэлчир хүртэлх өргөн уудам нутагт эгэл жирийн ажилчид Зөвлөлтийн таван жилийн төлөвлөгөөний гол ажил болох Сталиний нэрэмжит Магнитогорскийн металлургийн цогцолбор буюу дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрийг, түүнийг түшсэн ижил нэрт хотыг барьж байгуулжээ.

Магнитогорскийн анхны “барилгачид”-ыг дуу, шүлэг, кинонд магтан дуулсан байдаг нь гэвч Зөвлөлтийн үзэл сурталжсан ухуулга төдий байлаа. Албаныхан тэдгээр барилгачдыг залуу коммунист сайн дурынхан, Комсомолын гишүүд гэдэг байсан ч угтаа Ахметзянов нарын хүмүүс Магнитогорскт сайн дураараа очоогүй байна. Тэрбээр Татарстан дахь газраа коммунистуудад алдаж, Магнитогорскийг тойрсон төмөр утас бүхий харуул хамгаалалттай хашаа хороон доторх нийтийн байранд суухаас аргагүй болсон, нутаг заагдсан нэгэн байж. Түүн шиг хэдэн мянган хүнийг хүчээр дайчилсан тулдаа л Магнитогорскийн гангийн үйлдвэр санаанд багтамгүй хурдаар босчээ.


09

Золиос

Тэдгээр ажилчин намар цагт майханд, харин өвөл, зун нь шороон шалтай жижигхэн тоосгон байшинд суудаг байв. Тэдэнд наад захын хэрэглээний зүйлс байсангүй, эрүүл мэндийн үйлчилгээ ч хүрдэггүй байж. Саяхан тэдний тухай ном хэвлүүлсэн, Ахметзяновын ач хүү, түүхч Салават Ахметзяновын хэлснээр үйлдвэрийг барьж байгуулах эхний таван жилд 10 мянга гаруй хүн өлсгөлөн, халдварт өвчнөөр нас баржээ. Амиа алдсан тэр олон хүний дунд Ибрагим Ахметзяновын хүү, охин хоёр ч байлаа. Салават Ахметзянов “Магнитогорскт шилжин суусан хэдэн мянган хүний үүх түүх одоо нэгэнт мартагджээ. Дэлхийн II дайны тухай ярихдаа бид амь эрсэдсэн хүмүүсийн талаар болон ухарч буцсан явдлуудаа хүртэл дурсдаг. Харин 1930-аад оны үеийн хэрэг явдлыг сөхөхдөө, бүтээн байгуулалтын төлөөнөө золиослогдсон хэдэн мянган хүнийг дурсахдаа яагаад ч юм болгоомжлоод байдаг” хэмээн ярив.

Магнитогорск хот одоо ч өнгөрсөн түүхийнхээ хар бараан сүүдрээс гарах гэж тэмцэж байна. Тэр нь зөвхөн үйлдвэрийг бүтээн байгуулах үеийн албадан хөдөлмөр бус, харин хэдэн арван жилийн үйлдвэрийн хог хаягдал хотын ус, агаарыг бохирдуулсан явдал юм. Гэвч хувьд шилжсэн одоогийн Магнитогорскийн Төмөр, гангийн үйлдвэр (MMK)-ийн удирдлагаас энэ талаар олон зүйл асууж шалгаах аргагүй. Хотын 400 мянган оршин суугчийн 30 мянга гаруй нь одоо ч тус үйлдвэрт ажилладаг бөгөөд албаны хүмүүсийн хэлэх нь тус хотод ажилгүйдлийн түвшин ердөө 1.4 хувь байдаг гэх. Үүнийг баттай үгүйг тогтоох, үйлдвэрийн хаягдлыг хэрхэн боловсруулдаг талаар бодитой мэдээлэл олж авах ямар ч арга байдаггүй талаар хараат бус шинжээчид хэлж байна.


08

“Эх нутгийн ган зүрх”

Ийн нэрлэгдсэн Магнитогорск нь Оросын тал нутгийн хойд хязгаарт, барууншаа Ижил мөрөн рүү, зүүнтээ ойролцоох Казахстаны нутаг руу сунан тогтсон хөндийд байрладаг. Эндхийн хэдэн мянган ажилчин ажилдаа явах гэж өдөр бүр Европоос Ази руу нэвтрэх агаад ажилчдын суурин нь Урал мөрний баруун талд, харин гангийн үйлдвэр зүүн талд нь байх аж. Нутгийн казах иргэд одоогийн Магнитогорск орчимд 1743 онд цайз хэрэм босгож байсныг эс тооцвол энэ хавийн нутаг Их бүтээн байгуулалтын жил хэмээгддэг 1929 оныг хүртэл хүний хөл хүрээгүй газар байжээ. Харин тэр жил большевикүүд ЗХУ-ыг аж үйлдвэрлэлийн эринд хөтлөн аваачихаа мэдэгдэж, анхдугаар таван жилийн төлөвлөгөөгөө зарласан байна. Сталин удалгүй улс гүрнээ төмөрлөгийн орон болгоно хэмээсэн бол тэр их төмөрлөг металлыг зөвхөн Магнитогорскт л боловсруулж байлаа.

Түүхч Стивн Коткин “Соронзон уул” номондоо Магнитогорскийн гангийн үйлдвэр болон түүнийг түшсэн хот байгуулсан явдал нь бизнесийн өчүүхэн ч болов ашиг хонжоо хараагүй, гагц улс орны өөрчлөлт шинэчлэлийн илэрхийлэл, бэлгэдэл байх бүтээн байгуулалтыг цогцоор нь буй болгох зорилготой байсан гэжээ. “Магнитогорск нь Октябрийн болон социалист хувьсгал, мөн Сталиний хувьсгал гэсэн гурван том өөрчлөлтийн бодит биелэл байлаа” хэмээн тэрбээр бичсэн байна.


07

Капиталист тусламж

Харин хамгийн хачирхалтай нь юу гэвэл зөвлөлтийнхөн социалист хувьсгалын гол бэлгэ тэмдгээ капиталист өрсөлдөгчийнхөө тусламжтайгаар бүтээжээ. ЗХУ-ын албаныхан 1930 онд Америкийн “Arthur McKee & Co” компанийг хөлсөлж, гангийн шинэ үйлдвэрийнхээ загварыг гаргуулан, залуу инженерүүдээ сургасан байна. Зарим түүхчийн үздэгээр Магнитогорскийн гангийн үйлдвэрийг Америкийн Индиана мужийн Гэри хот дахь “US Steel” буюу тухайн цагийн дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрийн загвараар барьжээ.

Ашиглалтад орох хугацаа нь дэндүү давчуу байснаас үйлдвэрийн барилгыг барих ажил эхэндээ эмх замбараагүй, үймээн бужигнаантай байж. Тэр үеийн Магнитогорскийнхон туршлагатай, мэргэшсэн ажилчид дутмаг, үйлдвэрлэлийн аюул осол их, дэд бүтэц огтоос хөгжөөгүй орчинд ажиллаж байлаа. 


06

“Тусгай суугчид”

Тус хотод албадан хөдөлмөр эрхлэгчид буюу “тусгай суугчид”-ын түрүүч 1931 оны тавдугаар сард иржээ. Түүхчдийн үздэгээр өмч хөрөнгөө хураалгасан 40-өөд мянган тариачин Челябинск руу цөлөгдсөнөөс дийлэнх нь түрэг хэлээр хэлэлцэгч татарууд байсан агаад тэдний мөн дийлэнх олон нь Магнитогорскт шилжин суусан байна. Дээр дурдсанаар тэд Александр Сольженицыний “Гулаг олтриг” номондоо дүрсэлсэнтэй төстэй, харуул хамгаалалттай, бөөнөөр хорих лагерь шиг нийтийн байранд хуарагнан амьдрах болжээ. Тэдэн дээр улс төрийн бус хэргээр ял сонссон 26 мянга гаруй хүн 1933 оны сүүлч гэхэд нэмэгдсэн байлаа.

Иргэдийн амьдрал ахуй туйлын хүнд, ялангуяа хүүхэд, хөгшчүүд өдөр өнжилгүй үхэж үрэгдэж байсан тухай Салават Ахметзянов ярьж байна. 1931 оны өвөл гэхэд айлуудаар яван, өдөр бүр цогцос бий эсэхийг асуух тусгай тэрэгчин хотын захиргаанаас гаргах хүртэл байдал хүндэрчээ. Хотын “тусгай суугчид”-ын үр хойч, түүхч, судлаачдад буй мэдээгээр бол тэрэгчний модон чарга нэг ч өдөр хоосон буцдаггүй байв. Харин Магнитогорскийн Коммунист намын өндөр дээд албан тушаалтнууд америк мэргэжилтнүүдэд зориулан 1930 онд барьсан Америк суурин хэмээгдэх дүнзэн байшингуудад сууж байлаа. Тэр нь иргэдийн байр савтай харьцуулахад тансаг зэрэглэлийн сууц байж. Гэвч энэ бүхнийг Магнитогорскийнхон мэддэг атлаа одоо ч тэр бүр ам нээдэггүй гэнэ. Өнөөдөр ч MMK-ийн цахим хуудасны түүхийн хэсэг дээр албадан хөдөлмөрийн талаар нэг ч үг байдаггүй аж.



05

Соцгород

Албаныхан хэдийгээр үйлдвэр дэх албадан хөдөлмөрийн талаар дурсдаггүй ч Магнитогорскийг цаг үеийнхээ, дэлхий дээрх анхны бүрэн гүйцэд төлөвлөгдсөн хот болох байсан атал бүтээгүй тухай нь нууж хаадаггүй. Москвагийн албаныхан 1930 оны эхээр Германы уран барилгач, Франкфурт хотод яг ижил загварын орон сууцны хороолол барьснаараа алдаршсан Эрнст Мэеэс тусламж хүсчээ.

Мэе орон сууцны болон үйлдвэрийн барилгуудыг ногоон байгууламжаар тусгаарлан, өөрийнх нь нэрлэснээр хэдэн давхар ногоон бүслүүр бүхий хот байгуулахаар төлөвлөсөн ч түүнийг 1930 оны аравдугаар сард Магнитогорскт ирэхэд газар орон нь төлөвлөгөөнд нь үл нийцэхээс гадна орон нутгийн удирдлага аль хэдийн шинэ хотын барилгын ажлыг эхлээд байлаа. Тиймээс Эрнст Мэе үйлдвэрийн урд талд гурав, дөрвөн давхар, тэгш дөрвөлжин хэлбэртэй орон сууцны супер блок гэгдэх хорооллууд бүхий Соцгород буюу социалист хот гэгдсэн дагуул хотыг шинээр байгуулжээ. Гэвч түүний иргэн бүрт гэрэл гэгээтэй орчин бэлдэх гэсэн санаа нь нутаг орны байр байдал, хахир хүйтэн уур амьсгалтай ер нийцээгүй байна. Орон сууцны айл бүрийг наран талдаа цонхтой байлгах гэсэн нь байрны чанарт хожмоо нөлөөлсөн ч дараахан нь баригдсан цутгамал байрнуудтай харьцуулахад тоосгоор баригдсан учир одоо ч эрэлттэй байдаг аж. Магнитогорскийн одоогийн захиргаа Мэен онцгой бүтээл болох Соцгородыг өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна.


04

Аугаа эх орны дайн

Магнитогорскт байр сууц, нийгмийн үйлчилгээ хэдий дутмаг байсан ч энэ нь хотын амьдралыг туйлын олон нийтэч, хамтын уур амьсгалтай болгожээ. Нийтийн халуун усны газар, угаалгын цэг, цайны газар, хүүхдийн цэцэрлэг, “Соронз” хэмээх кино театр, хэдэн арван клуб, номын сан зэрэг нь ард олныг соён гэгээрүүлэхээс гадна Зөвлөлтийн үзэл суртлыг ухуулан дэлгэрүүлж байлаа. Урал мөрний эрэгт сая нэг зөвлөлт маягийн хот сүндэрлэсэн нь их мөрний баруун биеэр тэлсэн Магнитогорскийн өргөтгөл хэсэг байв. Энэ нь өргөн зам, цэлгэр талбай, голдуу таван давхар орон сууцны барилгуудтай, дөрвөн том гүүр, трамбайн сүлжээгээр үйлдвэр буй хэсэгтэй холбогджээ.

Гэвч хотын өргөтгөлийг барих ажил дэлхийн II дайн дуусах хүртэл завсардсан байна. Учир нь Магнитогорскийн 56 мянган эрчүүдийн 30 мянга гаруй нь фронтод татагдаж, эмэгтэйчүүд нь тэдний оронд үйлдвэрийн хүчир ажлыг хариуцан үлджээ. Аугаа эх орны дайнд тус хотынхны гүйцэтгэсэн үүрэг асар их. Тэдний гавьяаг мөнхжүүлж Урал мөрний эрэг дээр 15 метр өндөр хүрэл хөшөө босгосон нь гангийн үйлдвэрийн ажилчин Зөвлөлтийн цэрэгт аварга том илд гардуулж буйг дүрсэлсэн байдаг. Орон нутгийнхны бахдан ярих нь дайнд оролцсон Зөвлөлтийн хоёр танк тутмын болон гурван тэсрэх бөмбөг тутмын нэг нь Магнитогорскийн ган төмрөөр бүтсэн байлаа. 


03

Шинэ үе

Одоогийн Магнитогорск ч гангийн үйлдвэрээ түшсэн хэвээр байна. Хотын өрх бүрт үйлдвэрийн ажилчин бий агаад таван ч удаа улсад аваргалсан, хотынхны бахархал болох хоккейн баг нь гэхэд “Металлург” нэртэй байгаагаас Магнитогорскийнхны амьдралд гангийн үйлдвэр нь хэчнээн эрхэм чухал болохыг харж болно. Одоогийн MMK үйлдвэрийн барилга байгууламжууд нүсэр том. Нэг дамжлага нь л гэхэд 1.5 км орчим үргэлжлэх агаад ган боловсруулах бүх хэсэг нь нэгэн дээвэр дор багтана. Тус үйлдвэр жилд 13 сая тонноор хэмжигдэх 400 гаруй төрлийн ган, ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


02

Бохирдол

Гэхдээ төмөр боловсруулах нь байгаль орчинд тун халтай бизнес юм. Магнитогорскт анхлан хөл тавих хэнд ч хотын дээгүүр хөшилдөх хар утаа, нүүрсний тортог үзэгдэж, хоолой хорсгом тоосжилт, хуурайшилт нь мэдрэгдэх вий. ОХУ-ын Үндэсний статистикийн газрын 2015 оны судалгаагаар уг хот Оросын хамгийн бохир гурав дахь хот гэгджээ. Магнитогорскийн агаарт уушгины хорт хавдар үүсгэгч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 23 дахин их байгаа нь нотлогдсон байна. Нэрмээд үйлдвэрийн хэдэн сая шоо метр хур хог, бохир усыг жил бүр Урал мөрөн рүү хаядаг. Гэтэл энэ их бохирдол хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл олох тун бэрх гэнэ. Төрийн бус “ЭкоМагнитка” гэх байгаль орчны байгууллагын тэргүүн Анна Рожковагийн ярьснаар Магнитогорскт шинээр мэндэлсэн 20 нярай тутмын нэг нь л эрүүл чийрэг байдаг аж. Хотын хорт хавдар судлалын нэгдсэн эмнэлгийн дарга нь хүртэл 2012 онд өгсөн ярилцлагадаа үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Орчин цагийн хүмүүс хорт хавдар тусах туйлын эрсдэлтэй орчинд аж төрж байна. Харин манай хотынхон энэ тал дээр бүр ч түрүүнд нь яваа” гэжээ.


01

Нөлөөтэй хот

Харин хотын зөвлөлийн дарга Александр Морозов энэ бүх мэдээллийг ихээхэн хэтрүүлэгтэй хэмээж байна. Тэрбээр Магнитогорск орчмын газрыг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй эрүүлжсэн, үйлдвэрийн хог хаягдлаас үүдэх эрүүл мэндийн эрсдэл буурсан гэж баталжээ. ММК-ийн хэвлэлийн төлөөлөгч ч мөн ийм байр суурьтай байгаа бөгөөд тус компани 2013-2015 онд байгаль орчны нөхөн сэргээлт болон үйлдвэрийн хаягдлыг багасгахад 2.5 тэрбум рубль зарцуулсан, 2020 он хүртэлх хугацаанд бүр 10.5 тэрбумыг нэмж зориулахаар төсөвлөсөн гэлээ. 

МК нь Зөвлөлтийн үеийн олон том үйлдвэртэй харьцуулахад одоо ч ашигтай ажилладаг цөөхөн газрын нэг. Хэдийгээр 2015 оны сүүлийн хагаст улс орны эдийн засаг хямарч, ихээхэн хохирол амсахад, мөн дэлхийн зах зээл дэх гангийн үнэ унахад нэлээд алдагдал хүлээсэн ч ойрын хэдэн жилдээ байдал дээрдэнэ гэдэгт албаныхан эргэлзэхгүй байна. Ард иргэд ч хотынхоо болон гангийн үйлдвэрийнхээ ирээдүйг тун өөдрөгөөр, эх оронч сэтгэлийн үүднээс төсөөлдөг. Орон нутгийн “Магнитогорск металл” сонины ерөнхий эрхлэгч Олег Фроловын хэлснээр тус хотын түүхэнд өнөө ч нууж хаамаар, шүүмжилж хэлэлцмээр явдал олон бий ч улс орны ДНБ-ий нэлээд хувийг бүрдүүлдэгийн хувьд Магнитогорск шиг хүч нөлөөтэй хот Орост цөөн юм. 



9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд