Арав.мн

Хотын түүх: Барселон

Хотын түүх: Барселон

Барселон хот 1850-иад онд гаднаа хөл хөдөлгөөнтэй, аж үйлдвэржсэн боомт хотын дүртэй ч дотроосоо “идэгдэж” сүйрэх дөхсөн, оршин суугчид нь хэдхэн газраа бөөгнөрөн амьдардаг, хөгжил дэвшил нь бөс даавууны цөөхөн үйлдвэртээ дөрөөлсөн ажин түжин суурин байв. Хотын 187 мянган иргэнийх нь аж амьдрал Дундад зууны үеийн хана хэрэм, умгар хэдэн байшин дотроо хашигдсаар уджээ.


03

Хэрэм

Нэг га буюу ойролцоогоор 10 мянган ам.метр тутамд нь дунджаар 856 хүн амьдран сууж асан (тухайн үед энэ тоо Парисын хувьд 400 хүрэхгүй шахам байв) тэр цагийн Барселон иргэдийнхээ нас баралтын хувиар Европтоо дээгүүрт ордог, хөрөнгөтөн баячуудынх нь дундаж наслалт 36, ядуусынх нь дөнгөж 23 хүрдэг хот байв. Мөнөөх хэрмэн ханануудаас болж иргэдийн амьдрах орчин бохирдож, хүмүүсийн амьсгал хүртэл боогдож байлаа. Мөн язгууртан хэргэмтэн, ажилчин анги, үйлдвэрүүд гээд бүгд нэг дороо шавааралдан байснаас хотын хэрэм дотор сул чөлөөтэй газар бараг үлдсэнгүй. Тиймээс Барселоны оршин суугчид 1843 онд хотыг хашиж хүрээлсэн ханануудыг нурааж өгөхийг шаардан, хотынхоо удирдлагад ханджээ.

Ингээд дараа жил нь хотын олон зуун жилийн настай хана хэрмийг нураах ажил эхлэв. Хотын захиргаа төдийгүй Испанийн Засгийн газар ч үүнтэй зэрэгцэн шинэ Барселоныг дахин төлөвлөх хэрэгтэй боллоо. 


02

Эшампле

Нэгэнт хотын нутаг дэвсгэрийг тэлэх боломжтой болсных албаны хүмүүс хотыг аль болох олон хүн амьдран суух том хот болгохыг зорьжээ. Хотын төлөвлөгчөөр тухайн үед огт танигдаагүй байсан каталан инженер Ильдефонс Серда сонгогдож, түүний боловсруулсан Эшампле буюу шинэ дүүргийн зураг төслөөр хуучин хотын захад тэгш, шулуун гудамтай, эн тэнцүү хайрцаглан зассан шоо дөрвөлжин хэсгүүдтэй цоо шинэ хот баригдаж эхэллээ. Серда инженер Эшамплег барьж байгуулах явцдаа хот төлөвлөлтийн ухааныг шинжлэх ухааны судалгаа, арга зүй шаардсан бүхэл бүтэн салбар болгоод зогсохгүй “хотжилт” гэх үгийг шинээр буй болгожээ.

Хотын хэрэм дотор газар хомсдсоноос өмнө нь ханыг нураахаас бусдаар янз бүрийн арга хэмжээ аваад байлаа. Зай л байвал байшин барьж, гудамжин дахь нуман хаалгыг хүртэл нураан барилга босгож, хуучин байрнуудыг сунгаж зэргэлдээх барилгад шүргэх шахам уртасгах зэргээр барселончууд дор бүрнээ өөрсдийгөө болгоод байж. Харин нөхцөл байдал тартагтаа тулж, хотын ахуй орчин жил ирэх тусам дордсон тул байшин сунгахыг 1770 онд, нуман хаалга сүйтгэхийг 1782 онд тус тус хоригложээ. Гэсэн ч байдал дээрдсэнгүй. Тухайн цагийн гол унаа болох морин тэрэг тэдгээр зай завсаргүй барилга байшингуудын дундуур зөрөлдөхөө байж хотын их, бага замууд байнга түгжрэх боллоо. Энэ нь хотын эрүүл ахуйг бүр ч дордуулжээ. 1780-аад оноос хойш Барселонд дэгдсэн халдварт өвчин, тахлын дайрлага бүрт хотын хүн амын дунджаар гурван хувь нь үхэж үрэгдэж байсан нь чухам үүнтэй холбоотой юм. 1834-1865 оны хооронд зөвхөн булчин задрах тахлаар гэхэд 13 мянга гаруй хүн амиа алджээ. Харин ийм хүнд хэцүү үед Сердагийн боловсруулсан төлөвлөгөө барселончуудын хувьд ёстой л аврал болов. Түүний зургаар хуучин хотын төвтэй өргөн, шулуун замаар холбогдох долоон тосгон баригдсан нь өдгөө Барселоны дотоод дүүргийн Грасия, Саррия зэрэг хорооллууд болжээ. Цугтаа Эшампле гэгдэх тэдгээр тосгоны нутаг дэвсгэрийн нийт хэмжээ хуучин хотынхоос даруй дөрөв дахин том байлаа.

Серда олон талаар шинэчлэгч байв. Тэрбээр анги давхарга бүрт зориулсан, дор бүрнээ бие даасан, харилцан адилгүй хороо дүүрэг үүсгэх, тэр хүртэл мөрдөгдөж ирсэн хуучны ёсыг дагахыг хүссэнгүй. Тиймээс шинэ санаа эрж хот төлөвлөлт, хотжилттой холбоотой ном товхимол хайтал нэгийг ч олоогүй байна. Ингээд өөрөө эрэл хайгуул хийж, гарын авлага бүтээхээр шийджээ. Серда хот суурин газрыг олон хүн багтааж шингээх орон байрны бөөгнөрөл төдий биш, харин өөрийн гэх “сүнс”-тэй, өсөлт хөгжилтэй, орчин ахуй нь таатай байгалийн бүтээл байгаасай гэж хүсэж байлаа. Тэрбээр хүслээ биелүүлэхийн тулд нэг хүнд хэр хэмжээний орон зай, амьсгалах агаар хүрэлцээтэй байдгийг хүртэл нарийн судалжээ. Мөн хороо, дүүрэг гэлтгүй томоохон гудамж бүрт хүнсний дэлгүүр, эмнэлэг, сургууль зэрэг үйлчилгээний газрууд зайлшгүй хэрэгтэйг тооцоолсон байна. Түүний дүгнэлтээр хотын гудамж нарийн байх тусмаа иргэдийн амь насанд халгаатай байлаа.


01

Urbanizacion

Серда энэ мэт судалгааныхаа явцад urbanus хэмээх латин үгнээс Urbanizacion буюу “хотжилт” гэх үгийг шинээр бий болгов. Ийм үг тэр хүртэл испани, каталан, англи, франц хэлний алинд нь ч байгаагүй аж. Тэрбээр энэхүү шинэ нэр томъёогоо 1867 онд хэвлэгдсэн “Хотжилтын ерөнхий онол” бүтээлдээ анх хэрэглэсэн байна. Уг номондоо Серда бичил хороолол бүрийн голд цэцэрлэг байна, оршин суугчид баян, ядуу ялгаагүй худалдаа, үйлчилгээний ижил газраар үйлчлүүлнэ, унаа тэрэг гудамж дундах замаар саадгүй зорчино гэхчлэн бичсэн нь тухайн үедээ ёстой л биелшгүй, утопи зүүд зэрэглээ шиг уншигдаж байлаа. Тэр цагт автомашин бүтээгдээгүй байсан ч Серда уураар хөдөлдөг жижиг тэргүүд бий болно, хүн бүр тийм унаа жолоодож гэрийнхээ үүдэнд хүрдэг болно хэмээн зөгнөж, орон сууцны хорооллуудыг дугуйрсан найман өнцөгт хэлбэрээр барьсан тулдаа Барселон хотынхон, ялангуяа Эшамплегээр зорчих хүмүүс түгжрэл гээчийг мэдэлгүй байсаар өдий хүрчээ. Хорооллуудын ийм нарийн зохион байгуулалтын ачаар л үзэгдэх орчин алсарч, жолооч нар замын хоёр талыг саадгүй хардаг байна.

Гэвч Серда инженерийг Барселоны уран барилгачдаас илүүд үзэн хот төлөвлөгчөөр бүр Мадридаас тохоон томилсон нь түүний хожмын нэр хүнд сэвтэх гол шалтгаан болжээ. Хотыг тэлэх төлөвлөгөөг нь бүтэшгүй хэмээж, яг ижил шугамлан татсан дүүрэг, хорооллын бүтцийг нь “коммунист хуаран” шиг гэж хүртэл шүүмжлэх хүмүүс байлаа. Гэхдээ өрсөлдөгч уран барилгачид нь Сердагаас нүүр буруулсан ч хотын хөрөнгөтнүүд бүгд биш гэхэд олноороо түүний төлөвлөгөөг дэмжин, хөрөнгө санхүүгээр тусалж эхлэв. “Эшамплегийн 150 жилийн түүх” номын зохиогч, нийтлэлч Луис Перманьерийн хэлснээр модернизм дэлгэрэхтэй хамт хэдий ил тод биш ч хотжих өрсөлдөөн ширүүссэн бөгөөд баячууд, уран барилгачид хамгийн өндөр, хамгийн том, хамгийн гоё сайхан байшинтай болох гэж хоорондоо уралдацгаах болжээ. Энэ нь дээрээсээ онц гойд юмгүй харагдах ч ойртож үзэхүл сонин содон, давдагдашгүй загвартай олон сайхан байгууламжийг Барселонд “бэлэглэсэн” байна.

Хүн амьдрах аргагүй хөдөөний маягийн сууринг ийнхүү орчин үеийн их хот болгосон Ильдефонс Сердаг 1980-аад оноос л зохих ёсоор үнэлж, дурсаж эхэлжээ. Түүний гавьяаг анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь ч саяхан буюу Барселон хот 1992 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулах үеэр болсон явдал юм. Эдүгээ Барселоны өнгө төрхөө өөрчилсөн түүх хот төлөвлөлтийн сонгодог жишээ гэгдэж байна.



8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд