Арав.мн

Хотын түүх: Сантъяго

Хотын түүх: Сантъяго

Чилийн нийслэл хот ядуусын дүүрэггүй болсон түүх


05

Дэвшил

Кастор Кастро гэр бүлийнхнийхээ хамт Сантъяго хотын зүүн захад орших Ла Фаэна хэмээх шинэ дүүрэг рүү 1967 онд нүүхдээ 14 настай байжээ. Тэрээр Чилийн Засгийн газрын 1960-аад оны сүүлчээс хэрэгжүүлсэн Газар олгох хөтөлбөрийн үр шимийг анхлан хүртэгсдийн нэг юм. Энэхүү хөтөлбөр олон арван жил үргэлжлэн даамжирсан байр сууцны хомсдолыг шийдвэрлэх гэсэн тун шинэлэг ажил байлаа. Чилийн эрх баригчид тэр хүртэл уг хямралтай зөвхөн уламжлалт аргаар, өөрөөр бол хямд төсөр материалаар орон сууцны хороолол, нийтийн байр барьж л тэмцэж байсан нь хүртээмжгүйн дээр нэн ядуу өрхүүд худалдаж авч чадахааргүй үнэ өртөгтэй байж. Тиймээс тэд өөрийг сэдэж, барилга байшин барихын оронд газраа зарж эхэлжээ. Газар олгох хөтөлбөр нь Сантъяго хотын хөвөө зах дахь газрыг ядууст маш хямд үнээр, хэдэн жилийн турш сар тутамд байршуулах багахан төлбөрийн хариуд худалдах маш энгийн шийдэлтэй байлаа. Энэ нь Чилийн нийслэлийг урьд хожид байгаагүйгээр өөрчилсөн томоохон дэвшил болжээ.


04

Шохой хөтөлбөр

Гэхдээ Газар олгох хөтөлбөрийг хүн бүр сайшаасангүй. Байр сууцны хомсдолыг үүнээс өөрөөр шийдвэрлэх арга байхгүй гэж зарим нь үзэж байхад шүүмжлэгчид уг ажлыг хэт яаран хийгдсэн, алдаа мадагтай гэлцдэг. Чиличүүд уг хөтөлбөрийг одоо ч Шохой хөтөлбөр гэж егөөддөг нь Орон сууцны яамныхан иргэдэд газар хуваарилахдаа газар дээр цагаан шохойгоор тэмдэглэгээ хийдэг байсантай холбоотой аж. Тийн заагласан газрууд нь голдуу жижигхэн тэгш дөрвөлжин нүднүүд байжээ. Үүнийг зарим хүн ядуусыг доромжилсон явдал гэж үзэж байв.

Чилийн орон байрны хомсдол хөдөө орон нутгийн иргэд ажил хайн Сантъягод хэдэн мянгаараа шилжин суусан үеэс эхэлжээ. Энэ нь нийслэл хотод хүн амын огцом өсөлт, ядуурал, ажилгүйдэл, байрны үнийн хөөрөгдөл, орон сууцны хомсдол зэрэг өч төчнөөн асуудал үүсгэснээс гадна нутгийн хойд хэсэгт уул уурхайн салбар уруудан доройтоход хүргэжээ. 1940-1960 онд Сантъяго хотын хүн ам хоёр дахин өсөж, хоёр сая давав. Үүний бараг дөрөвний нэг хувийг эзэлж асан мөнөөх орон нутгийн иргэд аль таарсан газраа бууж, хууль бусаар баригдсан барилга байгууламжийн тоог нэмжээ. Хэдийгээр үе үеийн Засгийн газар шинэ байр сууц барьж, эл хямралтай хэрэндээ тэмцэж байсан ч хэрэгцээ шаардлага нь нийлүүлэлтээс үргэлж давж байж. 


03

Газрын үр шим

Харин 1964 онд засгийн эрхэнд гарсан Христийн ардчилсан хүчин нам энэ тал дээр өмнөх бүх эрх баригчдыг ардаа орхисон байна. Намаа сонгуульд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн, шинэхэн төрийн тэргүүн Эдуардо Фрей Монталва 1970 он гэхэд 360 мянган өрхийг байртай болгоно гэж ам гарав. Түүний зарлигаар 1965 онд Чилид анх удаа Орон сууцны яам байгуулагдаж, тэр дороо Газар олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Төр засгийнхан анхандаа амьжиргааны түвшин доогуур иргэдэд газраас гадна гэрэл цахилгаантай, усны сүлжээнд холбогдсон жижигхэн модон байшин мөн зэхэж өгчээ. Харин байртай, газартай болох гэсэн иргэд дэндүү олон байснаас Газар олгох хөтөлбөр яваандаа зөвхөн газар хуваарилдаг, оршин суугчдаар өөрсдөөр нь байр сууц бариулахыг дэмжсэн ажил болон хувирсан байна. Гэсэн ч уг хөтөлбөрийн үр өгөөж асар их байлаа. Санхүүгийн чадамжтай цөөн тооны айл өрхөд зориулан байр сууц барьж, түүнийгээ зах зээлийн үнээс хамаагүй хямд худалдсанаас хэдэн мянган өрхөд орон байртай болохын суурь болсон газар олгох нь улс орныг ядуурлаас аварсан гэж үздэг хүн олон.

Сантъягогийн Католик их сургуулийн багш, уран барилгач Франциско Квинтанагийн ярьснаар Газар олгох хөтөлбөр нь эхэн бөгөөд оргил үедээ өрх бүрт 30 ам.метр талбайтай модон байшин бүхий, эсвэл гал тогоо, угаалгын өрөөний усны шугамыг нь шийдэж өгсөн, цутгаад орхисон байшингийн суурь бүхий газар өгч байсан бол хамгийн тааруу хэрэгжсэн бүсдээ зүгээр ч нэг хоосон газар биш, ядаж цахилгааны утсыг нь татаж, эрчим хүчний асуудлыг нь шийдэж өгсөн газар олгодог байжээ. Дээр дурдсан Кастор Кастрогийн адил Ла Фаэна дүүрэгт өсвөр насандаа шилжин суусан Челсо Овиедо хэмээх оршин суугч эцэг эхийнхээ хамт чухам тийм хагас дутуу суурийг нь цутгасан, гэхдээ ус, цахилгаанаар бүрэн хангагдсан байшинтай газар өмчилж авсан байна. Түүний гэр бүл байшингаа бүрэн гүйцэд засварлах хүртлээ хуванцар дээвэр дор толгой хоргодож байсан ч өөрсдийн гэх сууцтай болсондоо сэтгэл хангалуун байжээ. Овиедо Шохой хөтөлбөрийг мянга мянган хүний амьдралыг өөрчилсөн гэж үздэг.

Кастор Кастро харин ажил, орлогогүй хүмүүсийг ажлын байртай болгосон нь уг хөтөлбөрийн хамгийн сайн тал гэж боддог. Газар авсан иргэд хөөгдөж туугдана гэх айдасгүйгээр байшин барих боломжтой болсноор тэдний дундаас олон тооны мужаан, гагнуурчин, ус түгээгүүрийн ажилчид шинээр төржээ. Тэд өөрсдийн болон хөршүүдийнхээ байр сууцанд ажиллаж, зарим нь цонхны хүрээ, усны хоолой, дээврийн материал, мод, модон эдлэлийн мухлагтай болон хөлжсөн байна. “Манай Ла Фаэна гэхэд л яг тэгж нийтийн хүчээр боссон” хэмээн Кастро ярилаа.


02

Цэргийн эргэлт

Эдуардо Фрей Монталва ядууст газар олгохыг санаачилсан Чилийн анхны Ерөнхийлөгч биш ч, чухам түүнийг засгийн эрх барьсан зургаан жилд л энэ нь бодит ажил болжээ. Түүний засаглалын үед Чилийн амьжиргааны түвшин доогуур 380 мянган иргэнд нийт 71 мянган нэгж газар олгосон байдаг. Гэвч Газар олгох хөтөлбөр 1970-аад он гарахтай хамт цуцлагджээ. Чилийн их сургуулийн уран барилгын тэнхмийн профессор Эмануэль Жианноттийн тайлбарласнаар ард иргэд газрыг илүү үнэлэх хэрэгтэй гэж үзэх болсон нь үүнд нөлөөлж. Энэ нь ядуусаар өөрсдөөр нь байшин бариулахыг ангиар ялгаварлан гадуурхсан явдал гэж үздэг Сальвадор Аллендэгийн тэргүүлсэн социалист нам засгийн эрх жолоодох үетэй давхацсан байна. Тус нам 1970 оны сонгуульд ялмагцаа Газар олгох хөтөлбөрийг шат дараатайгаар цуцлахаа мэдэгджээ. Гэтэл 1973 оны цэргийн эргэлт гарч, генерал Августо Пиночет засгийн эрхийг гартаа авлаа. Чили улс ийнхүү барууны засаглалтай болсноор ядууст газрыг хямдхан зарах нь Сальвадор Аллендэгийн төлөвлөж байснаас ч эрт төрийн бодлогоос гэнэт хасагдав. Пиночетийн цэргүүд Сантъяго хотын төвийн аль ашигтай гэсэн газруудыг хүчээр чөлөөлж, эздийг нь хотын зах руу албадан шилжүүлжээ. Харин оронд нь хувийн компаниуд хүч түрэмгийлэн орж, арилжааны барилга байгууламж барьсан байна.


01

Хүмүүнлэг үйлс

Хагас зуун жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн Шохой хөтөлбөрийг тойрсон маргаан, мэтгэлцээн өнөө ч олонтаа өрнөдөг. Муушаан шүүмжлэгчид нь уг ажлыг ядуу иргэдийг нэг дор бөөгнөрүүлэн суулгасан, тэдэнд туслах биш, харин нийслэл хотын хөгжин цэцэглэсэн зүрхэн хэсгээс зориуд холтгосон гэдэг бол өмнө нь хурдтай өсөж байсан Чилийн барилгын салбарыг чухам энэ хөтөлбөрөөс болж унасан, энэ нь улсын эдийн засагт ихээхэн гарз авчирсан гэж дүгнэх хүмүүс ч байна. Харин Ла Фаэна зэрэг дүүргүүдэд олны хандлага огт өөр. 1960-аад онд газартай, байшинтай болсон иргэдийн дийлэнх нь одоо ч засгаас олгосон болон өөрсдийн хүчээр барьсан сууцандаа амьдарч буй. Байшингаа сунгах нь сунгаж, давхарлах нь давхарлажээ. Бүр хоршоолон нэгдээд гудамж талбайгаа тохижуулж, хотын төвийнхөөс дутахааргүй ногоон байгууламжтай, цэвэрхэн засмал замтай болсон нь ч байна. Газар олгох хөтөлбөрийн хүрээнд бий болсон дүүрэг, хороодын дунд ус, цахилгааны сүлжээнд холбогдоогүй нэг ч өрх байхгүй нь оршин суугчдын бахархал гэнэ.

Газар олгох хөтөлбөрт хамрагдсан иргэдийн түрүүч Ла Фаэнад ирж суурьшсаны 50 жилийн ойг Кастор Кастро, Челсо Овиедо нарын оршин суугчид өнгөрсөн онд тэмдэглэжээ. Тэд өөр бусад хэдэн мянган хүний адил дээрх хөтөлбөр Сантъяго хотыг аварсан гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй. Латин Америкийн бараг бүх улс гамшгийн хэмжээнд тулсан орон сууцны хомсдолтой, бүр нийслэл хотууд нь  хүртэл одоо ч ядуусын хороололтой. Лимад барриада, Сан-Паула, Рио-де-Жанейрод фавела, Буэнос-Айрест виллас мисериас гэгддэг газрууд нь чухамдаа төрийн хяналт, оролцоогүйгээр бий болсон, одоо үгүй хийхэд нэгэнт оройтсон, хэдэн мянган хүн суудаг ядуусын дүүргүүд билээ. Харин Шохой хөтөлбөр нь хэдийгээр Сантъяго хотын ядуусыг бусдаас ангилж тусгаарласан ч улсын тусламж байсны хувьд ихээхэн ардач, хүмүүнлэг үйлс байлаа. Тэгээд ч уг хөтөлбөрт хамрагдагсдыг ядуус гэхээ хэдүйн больжээ.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд