Арав.мн

Хотын түүх: Александрия

Хотын түүх: Александрия

Эртний түүхчдийн үгээр бол Александрия хотын нууц жижигхэн алтан хайрцганд хадгалаастай байжээ. Үнэт чулуун чимэглэлтэй, алгын чинээ тэр хайрцаг 2300 жилийн тэртээх нэгэн их тулаанд ялагдсан Персийн гутгаар Дарий хааны эрдэнэсийн сан хөмрөгөөс олдсон байна. Дарийг ялсан Аугаа Александр мөнөөх хайрцгийг ихэд нандигнан өмчилж, дотор нь өөрийнхөө хамгийн үнэт хогшил болох Хомерийн туульсуудыг хийн лацадсан гэдэг.

Энэ явдлаас хэдэн жилийн хойно Египет орныг эзэлснийхээ дараа Александр Хомер найрагчийг өөр дээр нь ирж, “Одиссей” найраглалаасаа хэдэн шад уншиж өглөө хэмээн зүүдэлжээ. Тэдний дунд Египетийн харьяанд байх, Газар дундын тэнгис дэх Фарос гэх арлыг онцгойлон дуулсан хэдэн мөрт байлаа. Зүүд зөнгийн ертөнцөд сүслэн итгэдэг байсан Александр маргааш өглөө нь мөнхүү арлыг зорин очиж, хад асга дээр нь удаан гэгч нь бодол болон сууж. Чингээд жижиг алтан хайрцгаа гартаа авч, ухасхийн босоод шийдэмгий нь аргагүй толгой дохьсон гэдэг. Чухам тэр мөчөөс, тэр л орхигдож мартагдсан арлын алтан шаргал эргээс эртний ертөнцийн хамгийн гайхамшигт хот сүндэрлэсэн домогтой.


03

Шинэ ертөнцийн тулгын чулуу

Өдгөө Александриягийн анхны туурь хоёр мянган жилийн, хэдэн арван үе мөчлөгөөс бүтэх хотжилтын түүх, мөхөл сэхлийн гүнд булаатай байна. Хамгийн анхны сүм дуган, хөшөө баримлуудынх нь хана туурга, адар, баганын зарим хэлтэрхий Каир, Лондон, Нью-Йорк хүртэл ачигдан, дэлхийн хамгийн том музейнүүдийн үзмэрийн танхимд заларсан бол зарим нь газар хөдлөлт, цэргийн халдлага довтолгооноор сүйдэж, эсвээс тэнгисийн эрхшээлд автжээ. Эртний энэхүү түүхэн хотыг ойлгож танихын тулд тэрхүү олон үе давхаргыг “хуулах” хэрэгтэй болно. Мөн олон түмний оюун санаанд гүн бат шингэсэн, ташаа байх нь олонтаа дам яриа, багцаа төдий ойлголтыг няцаах шаардлага гарах вий.

Александрия шиг үлгэр домгийн гэлтэй хот суурин тун цөөхөн. Уг хот тоотой хэдхэн гэгдэх аугаа ихийн нэг болсны гол шалтгаан нь хорвоогийн бүх түүх шаштирыг нэг дор хадгалах гэсэн анхны том хот байсантай нь, тийм онцгой газар болох явцдаа дэлхий дахины хот хүрээний хөгжлийн түүхэнд цоо шинэ, бүхэл бүтэн эрин үеийн шанг татсантай нь холбоотой юм.

Хотын үүсэл, хөгжлийн тухай өгүүлэх хэд хэдэн номын зохиогч Жастин Поллард, Ховард Рейд нарын түүхчдийн тэмдэглэсэнчлэн “Александрия бол ертөнцийн түүхэн дэх оюун санааны хамгийн аугаа уурхай” байлаа. Чухамдаа энэ их хотод л орчин цагийн гэгдэх юм бүхний суурь биет бусаар буюу оюун бодол, үзэл санааны хувиар тавигджээ.


02

Дейнократын бүтээл

Эдүгээ цагийн бид эртний Александриягийн гэрэлт цамхаг, номын сан, музей зэргийг онцгойлон биширч, магтан дуулдаг ч угтаа анхны дүр зураг, ерөнхий төлөвлөгөөнд нь л уг хотын орчин цагийнхны аж байдал, ахуй соёлд нөлөөлсөн гол хүч оршиж байлаа. Хотын гол зургийг гаргасан уран барималч Дейнократ хувийн болон нийтийн барилга байгууламж, үзвэр цэнгээний болон ёслол хүндэтгэлийн өргөө, цаашлаад бүр тэнгис далай хийгээд хуурай газар хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарлыг сайтар бодолцон зохион байгуулалтаа хийсэн нь тухайн цагтаа огт үзэгдээгүй шинэлэг барил байв. Сонирхолтой нь Дейнократын онцгой мэргэн санаа шинэ хотын анхны чулуу тавигдахаас өмнө салхинд хийсэхээ дөхжээ.

Ирээдүйн их хотод барьж байгуулах бүхнээ газар дээр тэмдэглэхэд нь түүнд тусгай будаг, шохой байсангүй. Тиймээс тариа буудайгаар тэмдэг тавьж, газраар нэг тариан түрүү асгажээ. Гэтэл тэр бүх зураас, тэмдэглэгээг туслахууд нь нягталж, нарийн хэмжээс хийж амжаагүй байхад тэнгисийн шувууд сүрэглэн бууж өнөөх тариаг нь тоншчихож. Үүнийг муугийн ёр гэж үзсэн Дейнократ болон түүний нөхөд хааны нэртэй хот байгуулахыг бурхад таалахгүй байна хэмээн ихэд түгшсэн гэдэг. Харин Александр хааны төлөгч, төрийн их зөнчийн мэргэнд дээрх явдал нь сайны дохио, залуу Александр цаг нь ирэхээр бүх дэлхийг эзлэн эрхшээхийг бэлгэдсэн тохиол хэмээн буужээ.

Удалгүй хотын барилгын ажил эхэллээ. Александр хааны орд харш, грек болон египет бурхдад зориулсан сүм дуган, агора буюу аливаа чухал үйл явдлын үеэр ард олны хуран чуулдаг талбай болон хувирдаг худалдаа зээлийн газар, иргэдийн аж төрөх ердийн сууц, бэхлэлтийн цайз хэрэм гээд юм бүхэн нь нэгэн зэрэг баригдав. Нил мөрнөөс татсан сувгууд, төв гудамж дагасан ундны усны, зөвхөн хөрөнгө чинээтнүүдэд зориулсан цооногууд ч тавигдав.

Дейнократын гаргасан Александриягийн зураг төлөвлөгөө нэг талаар хуулбар байлаа. Тэрбээр Афиний боомт хот Пирейг байгуулсан, хот төлөвлөлтийн эцэг гэгддэг Хипподамын шавь байсан бөгөөд Александрияг байгуулахдаа грек хотуудын уламжлалт хэв загвараас санаа авчээ. Аристотелийн тодорхойлсноор Хипподам хот суурин барьж байгуулах үйлийг урлаг болгосон гавьяатан юм. Тэрбээр хотын бүтээн байгуулалт гээч нь гагц барилга байшин биш, аливаа хотын төлөв зургийг гаргах хэнбугай ч суурьшмал иргэншлийн хойшдын ирээдүйг бодолцож, улс төр хийгээд соёлын хөгжлийг нь чухалчлах хэрэгтэй гэж үздэг, шавь нартаа ч ингэж сургадаг байж. Хипподамынхаар хотын гудамж талбай гэдэг ердийн байшин сууц, дэлгүүр хоршоо төвлөрсөн газар бус, харин суурин амьдралын засаг захиргааны гол нэгж байлаа.

Дейнократ ч мөн ийм бодолтой байсан нь гарцаагүй. Тэрбээр хотын төв гудамж, замуудыг тэнгис тийш сунган Фарос арлыг эх газартай холбосноос гадна гептастадион хэмээгдэх, бараг 200 метр өргөн хуурай газрын гүүрэн дамжуурга барьсан нь тал талаас нь хөлөг онгоц, завь зогсож болдог хоёр ч том боомт үүсгэжээ. Энэ нь Александрияг жинхэнэ хотын зэрэгт хүргэсэн цогц байгууламж байлаа. Гептастадион нь боомт үүсгэж, боомтыг нь гэрэлт цамхаг сахин хамгаалсан, цамхаг хүрэх гүүрэн зам нь шуудхан хотын төв рүү хөтөлдөг ийм сайн зохион байгуулалт цаг үед нь Александриягаас өөр хаа ч байсангүй.

Уг хотын аль давуу гэсэн бүхэн эх Грекээс нь үүсэлтэй ч сүндэрлэн боссон бүхэнд нь Египетийн нөлөө бас шингэсэн байлаа. Үеэс үед дамжин ирсэн Александр хааны алтан хайрцагны домог тэр чигтээ бодит түүх байх боломжтой ч хот байгуулах газрыг сонгоход Египет хавийн газар орныг сайтар таньсан эрдэмтэн мэргэдийн мэдлэг, туршлага нөлөөлсөн нь маргаангүй юм. Александрия хот тэр хүртэл гадаад ертөнцөөс ангид тусгаар байсан Египетийн дотоод хаант улс, Грек болон Газар дундын тэнгисийн арлууд болон зүг зүгийн улс гүрнүүдийн дунд өргөжин тэлсэн худалдааны гол зангилаа бүсэд байгуулагдсан нь яавч тохиолдол биш.

Газар нутгийн байршлаас нь шалтгаалан Александриягийн замууд тэнгисийн салхины эргэлтийг тооцоолсон эрс гэнэтийн эргэлттэй, барилга байгууламжууд нь өрнө, дорнын уран барилга, дүрслэх урлагийн хэв маягийг хослуулсан байв. Эртний гэрэлт цамхагуудын найман талт хана туурга ч мөн уг хотоос эхтэй агаад удалгүй Египет даяар түгж, хожмоо Кристофер Врений зураг төслөөр бүтсэн Британийн хэдэн арван сүмийн загвар хийцэд хүртэл нөлөөлсөн байна.

Александриягийн эд баялаг, нэр хүнд өсөхтэй хамт хамгийн гоц гойд бүтээн байгуулалт нь болох музейнх нь хөгжил мөн оргилдоо хүрсэн байдаг. Музей гэдэг нь муза буюу охин тэнгэр, сахиулсан шүтээнүүдийн сүм гэсэн утгатай юм. Александриягийн музей нь цаг үеийнхээ эрдэм мэдлэгийн охь дээжис, оргил бүтээл бүрээс сорчлон хураасан, гайхамшигт үзвэрийн өргөө байхын сацуу дэлхийд хамгийн томд тооцогдож асан доторх номын санд нь хотын боомтод зангуугаа хаясан хөлөг онгоц бүрийн тээж ирсэн ном судар болгоныг авч хадгалдаг байлаа.

Харамсалтай нь Аугаа Александр хаан энэ бүх гайхамшгийг, тэр бүү хэл өөрийн санаачилсан их хотоо бүрэн гүйцэд баригдахыг ч үзэж чадаагүй юм. Дейнократыг арвай буудайгаар тэмдэг тавьсан газраа шавар, чулуу зөөж эхэлсний дараахан залуу хаантан Египетийн баруун хязгаар дахь элсэн цөлийг зорьж, Сива хэмээх газрын зөнчтэй уулзахаар явжээ. Тэндээсээ Перс, Энэтхэгийг дайлахаар мордсон Александр арав ч хүрэхгүй жилийн дараа Вавилонд тэнгэрт хальсан байна. Түүний Египет дэх төр улсыг захирч үлдсэн Птолемеи жанжин хаантны цогцсыг өнөөгийн Грекийн хойд нутаг буюу төрөлх Македонд нь нутаглуулахаар авч явах үед замаас нь хулгайлж, Александрияд аварга том суварга дотор бунхалжээ.


01

Нууц бичээс

Энэ нь Александрия хотын эрх мэдлийн төлөөх тэмцлийн талбар болдог сул талынх нь нэгэн хар бараан түүх юм. Птолемеи аугаа их байлдан дагуулагч хааны бунхныг хараан дороо байлган, өөрийгөө түүний хууль ёсны угсаа залгамжлагч болохыг хүн бүрээр хүлээн зөвшөөрүүлэхийг санаархсандаа ийм алхам хийсэн байж. Гэхдээ түүний засаглал дор хүртэл Александриягийн ахуй соёл төдийлэн өөрчлөгдөөгүй юм. Полис буюу грек загварын хот суурингуудад иргэн бүр нь үүрэг хүлээдэг, хотынхоо бүтээн байгуулалт бүрт гар бие оролцдог, захирагчдынхаа гаргасан дүрэм журмыг үг дуугүй дагаж мөрддөг зарчим тус хотод ч үйлчилж ирсэн бөгөөд үүнтэй хамт иргэдийнх нь эрх чөлөөг хүсэмжилсэн, үймээн бужигнаантай он жилүүд түүхийг нь баяжуулжээ.

Эл зөрчил нь, хотын өөрчлөлт шинэчлэл бүхэн ард иргэдийн тусын тулд уу, эсвээс эрх баригчдын төлөөнөө юү гэсэн эцэс төгсгөлгүй маргаантай нийлэн одоогийн Александрия хотын өнгө төрхийг бүрдүүлсэн хэвээр байна. Өдгөө таван сая хүний гэр орон болсон шинэ Александрия Египетийн хоёр дахь том хот бөгөөд сүүлийн жилүүдэд олныг хамарсан үймээн самуун, эсэргүүцэл тэмцлийн хөлд дарагдах нь их болжээ.

Олон зууны тэртээ сүйдэж үгүй болсон эртний түүхт гэрэлт цамхагийг нь сэргээн босгох төсөл 2015 оноос хэрэгжиж буй. Энэ нь хотыг орчин үежүүлэх, шил толь болсон их дэлгүүр, олон одот зочид буудалтай болгох өргөн далайцтай ажлын нэг хэсэг юм. Гэхдээ үүнийг зарим хүн ярвигтай бүтэц, зохион байгуулалттай түүхэн хотын соёлын асар баялаг өвийг үгүй хийх алхам гэж үзэж байна.

Хотын түүх, улс төр судлаач, Египетийн эрдэмтэн Амро Алигийн хэлснээр энэ цагийн шийдвэр гаргагч эрхмүүд Александриягийн эртний гэрэлт цамхаг дээр байсан бичээсийг тайлж унших хэрэгтэй юм. Александр хааныг Фаросын эрэг дээр зогсоод шинэ хот байгуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн мөчөөс олон жилийн хойно, II Птолемеин үед боссон тэнгисийн эрэг дэх гэрэлт цамхаг аль эртнээс мөрдөгдөж ирсэн ном ёсоор гарцан дээрээ Египетийн ихэс дээдэст өргөх магтуу бүхий пайзтай байлаа. Харин цамхагийн загварыг гаргасан Сострат хэмээх эрхэм пайзны дор “Тэнгис далайг гатлах хүн бүрт зориулмуй” гэж бичсэн байж. Сострат энэ үгсийг нууцаар бичиглэсэн цагаас хойш хот гээч газар чухам хэнд зориулагдав гэдэг асуулт мөнхийн мэтгэлцээн дагуулсаар байна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд