Арав.мн

Швед ажилчдын амжилтын нууц Фика

Швед ажилчдын амжилтын нууц Фика

Шведэд ажлын байрандаа кофе ууж, бялуу идэн амсхийх нь тогтсон уламжлал юм. Өдөрт хэдэнтээ давтагддаг энэхүү цайлах ёсыг шведээр фика гэнэ. Фикадах буюу “фика хийх” гэх хэлц нь кофе, цай, эсвэл жимсний шүүс уун, амттан идэж, ойр зуурын яриа хөөрөө дэлгэн суухыг хэлдэг. Өөрөөр бол цайлангаа “буу халах” ч гэж орчуулж болох юм.

Энэхүү “зан үйл” шведүүдийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Зарим хүн өдөрт бүр хэд хэдэн удаа фикадах бөгөөд амралтын өдөр ч ялгаагүй гэртээ гэр бүлийнхнээ юм уу, ойр дотнын найз нөхдөө цуглуулан тухайлан цаг гаргаж, гэртээ хийсэн олон төрлийн амттанаар зочдоо дайлна. Энэ нь бусад улсад бараг л тансаг зоогийн газар, тав тухтай уушийн газарт очихтой төстэй, алжаал тайлах уламжлалт арга юм.

Өмнө нь зөвхөн томоохон хот хүрээнийхэн болон боломжийн амьдралтай хүмүүсийн цайлах ёс байсан фика нь XIX зууны эхэн үеэс бүх шведүүдийн өв соёл болж, өдгөө төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн нь хүртэл албан ёсоор фиканы цагтай болжээ. Шведийн албан байгууллагуудын олонх нь ажилчдадаа цай, кофег нь үнэгүй өгдөг. Жигнэмэг, бялуу, хачиртай талх зэрэг гэртээ идэж дадсан амттанг нь хүртэл ажилтнууддаа хүссэн хэмжээгээр нь хангаж өгдөг байгууллагууд ч бий. Ажлын байран дахь фиканы завсарлага ихэвчлэн өдрийн хоолны өмнө, хойно өглөөний 9.00, их үдийн 15.00 цагийн үед буюу өдөрт хоёронтоо тохионо. Фикараст гэгддэг ийм завсарлагын үеэр ажлын байран дахь бүх хүн цугтаа цайлж, чөлөөт яриа өрнүүлдэг. Ийм үед дарга болон жирийн алба хаагчийн хооронд өчүүхэн ч ялгаа байхгүй бөгөөд харин ч хамт олонтойгоо цугтаа цайлж, фиканы ширээнд суухгүй хүнийг бүдүүлэгт тооцно.

Ийн “налайх” дуртай шведүүдийг ажлаа яаж амжуулдаг байна аа гэж та гайхах байх. Мэдээж хэрэг өдөрт хэдэн аяга кофе уудгаар нь хүнийг хэр ажил хэрэгч болохыг тодорхойлох аргагүй л дээ. Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг Улс үндэстнүүдийн хөдөлмөрийн бүтээмж хэмээх судалгаанаас ажлын байрандаа цайны завсарлага авч, амсхийхийн ашиг тусыг харж болно. Уг судалгааны 2014 оны жагсаалтад Швед улс ажилчдын сэтгэл ханамж, ажлын байрны өндөр бүтээмж гэсэн үзүүлэлтээр хөгжингүй 38 орноос 10-т бичигджээ. Харин Шведийн хөрш, бүс нутагтаа хамгийн их кофе уудаг үндэстэн болох норвегичүүд жагсаалтын хоёрт, ажилчдынх нь ээлжийн амралт хамгийн уртад тооцогддог люксембургчууд нэгд, “ажлын морь” гэж европчуудын ёжилдог америкчууд дөрөвт орсон бол өдрийн хоолны цаг нь дунджаар хоёр цаг үргэлжилдэг францчууд зургаад жагссан байна. Гэтэл хамгийн олон цаг ажилладгаараа гайхагддаг япон, солонгосчууд 28, 31-д бичигдэж, сүүл мушгих дөхжээ.

Шведүүдийн ажлын бүтээмжид фика тун чухал болохыг “Ikea” зэрэг Шведийн хамгийн том брэндүүдийн албан ёсны цахим хуудаснаас хүртэл харж болно. Тус компанийн танилцуулга дотор “Фика нь ердийн нэг цайны завсарлага биш. Харин хамт олонтойгоо ойртон нөхөрлөх, санал хүсэлтээ удирдлагадаа уламжлах, шинэлэг санаа олох, халуун дулаан уур амьсгал үүсгэх онцгой цаг билээ” гэж тайлбарлажээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчид ч үүнтэй санал нэг байна. Тус байгууллагад сайн дурын ажиглагч, зөвлөхөөр ажилладаг, Шведийн Худалдаа хөгжлийн танхимын мэргэжилтэн Андреас Астромын хэлснээр албан байгууллагууд албан ёсоор фикарасттай болсон нь Шведийн засаг захиргааны тогтолцоог дээр дээрээсээ шатлан захирдаг буюу босоо хэлбэртэй бус, харин харилцан бие биеэ сонсдог хэвтээ хэлбэртэй болгосон гэнэ. Энэ нь туйлын ардчилсан, ил тод ажлын орчин үүсгэж, хувийн багахан бизнесээс эхлээд төр улсын ажил хэргийг хүртэл худал хуудуугүй явагдахад нөлөөлдөг гэж Астром ярьжээ.

Сүүлийн үед фика нь олон улсад тренд болох төлөвтэй байна. Нью-Йорк, Лондон, Сидней, Берлин зэрэг дэлхийн томоохон хотуудад фиканы газрууд нээгдээд байгаа бөгөөд машиныхаа цонхоор түргэн хоол, “Starbucks”-ийн кофе авч, явуут дундаа яаран сандран хооллодог асан их хотын завгүй иргэд арав, хориодхон минут ч хамаагүй тохьтой, цэвэрхэн кафед амсхийн сууж, жинхэнэ швед маягаар гэрийн зууханд барьсан талх, нарийн боов, бялуу амтархан идэх дуртай болжээ.

Аяга халуун кофег амтат бялуутай хослуулахын “ид шид”-ийг тун овжин ашигласан Ларс Акерлунд бол фиканы соёлоос санаа авч, бизнесийн эзэнт гүрэн байгуулсан хүн юм. Тэрээр 2001 онд эх нутаг Шведээ орхин Нью-Йоркт ажиллахаар иржээ. Хаашаа ч явсан үргэлж яарах нью-йоркчуудын дунд Шведийнхээ амар амгалан, халуун дулаан, зочломтгой уур амьсгалыг үгүйлсэн Акерлунд 2006 онд “Фика” нэртэй анхны кафегаа хотын төвд нээсэн байна. Одоо тэр 19 кафетэй болжээ. Түүний кафенуудад хамгийн эрэлттэй “бараа” нь ил зуухан дээр чанасан кофе, гэрийн аргаар өглөөхөн нь барьсан шинэхэн бялуу, үйлчлүүлэгчийн нүдэн дээр хийж өгдөг халуун шоколад гэнэ. “Фика” кафе гэрийн уур амьсгалыг санагдуулам тохижилт, хүсвэл дугхийчихэж ч болмоор эвтэй, тухтай суудлаараа мөн нью-йоркчуудад танигдсан байна. 

Лондоны төв дэх “Bygga Bo” кафег англи нөхрийнхөө хамт байгуулсан швед эмэгтэй Малин Хамилтон хүмүүст чухам ийм орчныг мэдрүүлэхийн тулд гэрээ фиканы газар болгон, 2013 онд үүд хаалгаа нээжээ. “Бигга Бо” нь шведээр үүрээ засах гэсэн утгатай аж. Малин фиканы газрыг хүн бүрт өөрийнх нь үүр орныг, өөрөөр хэлбэл төрж өссөн гэрийг нь санагдуулам илч дулаантай байх ёстой гэж боддог. “Үйлчлүүлэгчид хэдэн мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэдэг, баталгаагүй бараа бүтээгдэхүүнээс залхаж, зөвхөн өөрт нь зориулсан ганц хувь зүйл рүү хошуурцгаах болсон. Ийм үед фиканы цай, кофе, амттангууд хүмүүст онцгой содон сэтгэгдэл төрүүлж байна. Тиймээс ч хүмүүс манайхаар үйлчлүүлэх дуртай байгаа юм. Хүний сэтгэлийг өчүүхэн төдий зүйлээр ч сэргээж болно шүү дээ” гэж тэрээр ярьсан юм.

Элизабет Хотсон

BBC


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Niice
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд