Арав.мн

Хотын түүх: Музирис

Хотын түүх: Музирис

Одоогоос 2000 орчим жилийн өмнө Музирис хот Энэтхэгийн хамгийн том, хамгийн ихээр цэцэглэн хөгжсөн боомт хотын нэг байжээ. Тэр үеийн тамил хэлээрх яруу найргийн бүрэн цоморлиг “Аканануру” хэмээх бүтээлд уг хотыг уран нарийн хийцтэй ваар сав, барууныхны урладаг элдэв чамин зүйлс элбэгтэй, хол ойрын худалдааны хөлгүүд боомтод нь дүүрэн алттай ирээд шуудай шуудайгаар чинжүү аваад буцдаг байсан тухай бичсэн байна. Өөр нэгэн эртний найраглалд Музирисийг “мухлаг бүр нь архи сархадаар бялхсан”, “айлчин гийчдэд ээлтэй” хэмээсэн нь бий. 


03

Ромын "дүү" хот

Ромчуудын V зуунд бүтээсэн газрын зурагт Музирисийг тэр үед нээгдээд байсан "ертөнцийн" баруун доод буланд тэмдэглэсэн байна.

Ромын зохиолч Плинийн “Байгалийн түүх” зохиолдоо Энэтхэгийн анхны их хот хэмээн тодотгосон уг хот ром мэргэдийн бүтээсэн, V зууны үеийн Пейтингерианы зураг хэмээх эртний газрын зурагт хүртэл тэмдэглэгдсэн байна. Гэвч түүнээс хойш Энэтхэгийн нэр цуутай боомт хотын сураг чимээ алдран алдарсаар нэг л мэдэхэд тасарчээ. Орчин цагийн Энэтхэг оронд Музирис хот бодитоор оршиж байсан гэхээсээ үлгэр домгийн нутаг орон мэтээр хэлэлцэгддэг. Харин энэ байдал 2004 оноос хойш, археологичид өмнөдийн Керала мужийн нутгаас нэгэн учир битүүлэг боомт хотын туурийг олсны дараагаас эхлэн өөрчлөгджээ. Мөнхүү туурь балгасыг Музирис мөн эсэх талаар археологичид болон нутгийн иргэд маргалдаж мэтгэлцсэн хэвээр буй ч түүхчид эртний хотын үлдэгдэл олдсон гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

Ромын их сургуулийн Ромын эзэнт гүрний түүх судлаач, профессор Федерико Де Романисын баталж буйгаар Жагарын орны энэхүү түүхэн хот эртний Ромын худалдааны сүлжээнд нэн чухал зангилаа цэг байжээ. Зүг зүгийн худалдаачид Музирисээс зааны соёо, шүр, сувд, төрөл бүрийн халуун ногоо, торго дурдан, элдэв үнэртэн, оо энгэсэг, үнэт чулуу зэргийг худалдаж авахын зэрэгцээ сайн төрлийн нунтаг хар чинжүүг нь үлэмж хэмжээгээр, бүр хэдэн мянган тонноор нь зөөвөрлөдөг байж. Чухамдаа чинжүүний худалдаа л Музирисийг их хотын зэрэгт хүргэж, эд хөрөнгийг нь арвижуулан, Гималайн нурууны зүүн биеэр орших их, бага улсууд болоод Ганга мөрний бэлчир нутаг хоорондын эдийн засгийн харилцаанд ноёлох байр суурийг нь бэхжүүлж өгсөн байна.

Музирисийн чинжүүнд санаархсан харийн хөлгүүд Энэтхэгийн эрэгт алт, мөнгө, шилэн эдлэл, сайн чанарын дарс, чидуны тос, амталж даршилсан загас зэрэгтэй ирдэг байжээ. Харин Де Романис профессорын тооцоогоор иймэрхүү арилжаа нь Ромын эдийн засагт тун хохиролтой байж. Нэгэн удаа Ромын бүтэн жилийн төсвийн алдагдал 50 сая сестерци (тус бүр нь найман грамм жинтэй 500 мянган ширхэг алтан тоос) хүрсэн нь чухамдаа Энэтхэгтэй хийсэн худалдаа тэнцвэргүй байснаас шалтгаалсан байна. 

Музирис, Ромын хооронд анх МЭӨ I зууны эхээр худалдаа хийж эхэлсэн бололтой. Энэ нь Улаан тэнгисээр дамжин Африкийн хошуу хүрч, зүүнтээ 12 дугаар өргөрөгийг даган явсаар Энэтхэгийн өмнөд хязгаар буюу Кералагийн эрэгт хүрэх зам нээгдсэн үетэй давхцаж буй юм. Музирис дан ганц Ромд худалддаг нунтаг чинжүүнийхээ үр шимээр цэцэглэн хөгжсөн нь маргаангүй бөгөөд бусад бараа бүтээгдэхүүнээ зөвхөн дагалдуулах төдий арилждаг байжээ. Тус хоёр хот нэгэн үе бүр эгч, дүү хотын харилцаатай байж, ром түшмэдийг өмнөд Энэтхэгт угтан авах гол цэг нь Музирис байсан тухай баримт хүртэл бий аж. Тиймдээ ч Ромын эзэнт гүрэн уруудан доройтож, нийтийн тооллын III зуунаас эхлэн далай тэнгисийн чанадад арилжаа наймаа эрхлэх боломжгүй болсноор Музирис ч мөн боомт хотын байр сууриа алдаж, эд баялаг нь дундарсан гэдэгт түүхчид санал нийлдэг. 


02

Археологийн олдворууд

Керала мужийн түүх судлалын хорооны тэргүүн, доктор П.Ж.Черианы тайлбарласнаар МЭ V зуунаас хойш сурвалж бичгүүдэд Музирисийн нэр дурдагдах нь илт цөөрсөн нь өмнөд Энэтхэгийн боомтууд Ромын сэргэн мандалтын үе шувтрахад үгүйрч хоосорсны нэгээхэн нотолгоо гэнэ. Зарим судлаач Музирисийг Кодунгаллур нэрт суурин болсон гэж үздэг. Гэвч тэр нь 1341  оны үерт сүйдэж, үгүй болсон бөгөөд бууринаас нь олдсон зүйлс хамгийн эртдээ XIII зууны үеийнх байжээ. Тэгэхээр Музирис Кодунгаллур болоогүй нь баттай юм. Харин үер усны гамшигт сүйдсэн, найман зууны тэртээх тэрхүү хотын тууриас 11 орчим км зайд Паттанам буюу худалдааны боомт гэсэн утга бүхий нэртэй загасчдын тосгон одоо ч байна. Тосгоны ойр орчмоос хүүхэд багачууд өнгө өнгийн сувс түүж, хэлхэж зүүх нь элбэг бөгөөд чухам энэ хавиас 2004 онд дээр дурдсан боомт хотын балгас үлдэгдэл олджээ.

П.Ж.Черианы ахалсан археологичдын баг Паттанамын хажууханд 2007 оноос малтлага хийж, хоёр жилийн судалгааны явцад амфора хэмээх ром хийцийн урт хүзүү, өндөр сэнжтэй ваар сав (өмнөд Энэтхэгээс илэрсэн ийм төрлийн анхны олдвор), хөлөг онгоцны зогсоол, модны их биеийг зорж хийсэн 2000 гаруй жилийн настай урт завь, барилгын суурь, тоосго, өнгөлөгч хавтан, төмөр багаж хэрэгсэл, шилэн сувс, шижир алтаар урласан болон алт, мөнгөөр өнгөлсөн гоёл чимэглэл, хилийн чанадад худалдахаар зэхэж, өнгөлж зассан эрдэнийн чулуу зэрэг эд өлгийн тун ховор нандин зүйлс олжээ. П.Ж.Чериан болон Бүх Энэтхэгийн Археологийн хүрээлэнгийн мэргэжилтэн Татагата Неоги нарын эрдэмтэд эдгээрийг Музирисийнх гэдэгт эргэлзэхгүй байна. Тэдний үзэж буйгаар одоогийн Паттанам орчмын нутагт МЭӨ 1000 оны үеэс эхлэн хүн суурьшиж, МЭӨ 500-300 оны хооронд анхны томоохон хот нь байгуулагджээ. Уг үед хамаарах эд өлгийн зүйлс дунд баруун Азийн хийц загвар бүхий ахуйн эдлэл нэлээд байгаа бол нийтийн тооллын 500-гаад оноос хойш үед хамаарах зүйлс нь голдуу хятад, европ эд бараа байдаг аж. 


01

Цорын ганц "үүд"

Одоогийн Паттанам тосгон тэнгисийн эргээс дөрөв орчим км зайтай оршино. Нумран хотолзох далдуу мод, нарийхан атлаа багц багцаараа сугсалзан халиурах өндөр өвс, усан үзмийн мод адил эргэлдэн мушгирах ороонгиор хүрээлэгдсэн тоотой хэдхэн байр сууц нь тосгоны захиргаа, хиндү шашны хийд, ус түгээгүүрийн төв зэрэг ажээ. Харин тосгоны ердөө хөвөө захад 70 орчим га талбай эзлэх тусгай хамгаалалттай газар байгаа нь эртний хотын туурь олдсон гэх мөнөөх археологийн судалгааны цэг юм. Уг газрын төвд саяхан тус бүсээс олдсон эд зүйлсийг олон нийтэд дэлгэн харуулах музей байгуулагджээ. Энэ нь Паттанамыг эртний түүхт боомт хотын үргэлжлэл гэж үздэг эрдэмтэн судлаачдын ажлаа сурталчлах томоохон төслийн нэг хэсэг аж. Музейд хотын тууриас олдсон гэх ус зайлуулах хоолой, худаг, ариун цэврийн өрөөний хэсэг бусгийг байрлуулжээ.

Гэхдээ Музирисийг Энэтхэгийн төдийгүй эртний ертөнцийн түүхэн дэх чухал хотын нэг байсантай санал нийлдэг ч ул мөргүй алдагдаж баларсан гэж дүгнэдэг эрдэмтэн судлаачид бас бий. “Энэтхэг, Ромын худалдаа, түүний сонгодог эрин” номын зохиогч Ражан Гуруккал гэхэд Музирисийг томоохон боомт хот хэдий ч Газар дундын тэнгис хэрсэн гадаадын чинээлэг худалдаачид хийгээд тэдэнтэй арилжаа эрхэлдэг нутгийн гар урчууд, сурвалжит язгууртнуудын эзэмшил газар төдий байсан гэж үзэж байна. Тэрбээр Музирисийн үүх түүхээс байнгын суурьшлын бүстэй холбоотой нэг ч үг олоогүйн дээр Паттанам орчмоос одоогийн Керала нутгийн ахуй, соёлын өв уламжлал туссан археологийн олдвор тун цөөн илэрсэн зэргээс үүдэн ийм дүгнэлтэд хүрчээ. Музирис харийнхны эзэмшлээс гадна зөвхөн хөлөг онгоцууд ирэх үед хөл үймээнтэй болдог асан, улирлын шинжтэй худалдааны бүс байсан гэж Р.Гуруккал мөн таамагладаг.

Калифорнийн их сургуулийн багш, эрдэмтэн, антропологийн ухааны профессор Монико Смит үүнийг үгүйсгэхгүй байна. Гэхдээ тогтож суусан иргэдгүй, явуулын худалдаачдын хот байлаа гээд Музирис огт зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй боомт төдийхөн байгаагүй нь тодорхой гэнэ. Энэтхэгийн хотжилтын түүхийг дагнан судалдаг тэрбээр Музирисийг улс төр, санхүү, эдийн засгийн тун боловсронгуй тогтолцоотойгоос гадна том хотын уур амьсгал, дүр төрхтэй байсан гэж тэмдэглэжээ. П.Ж.Чериан, М.Смит нарын онцолж буйгаар Музирисийн туурь гэгдэж буй дээрх газрын ердөө нэг ч хүрэхгүй хувьд одоо малтлага, судалгаа хийгээд байгаа аж. Тиймээс Музирисийг түүхийн гүнээс сэрээх, түүнийг нээн судлах ажил дууссан байж мэдэх, эсвээс дөнгөж эхэлж байж ч магад юм. Паттанам тосгон Музирисийн үргэлжлэл мөн эсэхээс үл хамаарч Энэтхэгийн өмнөд хэсгийн эртний боомт хотуудыг судалж таних одоогоор олдоод буй цор ганц "үүд" болохын хувьд уг газрыг хайрлаж хамгаалах хэрэгтэй байна. 



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд