Арав.мн

Хотын түүх: Мерв

Хотын түүх: Мерв

Монголчуудын мөхөөсөн дэлхийн хамгийн том хот


10

Керзоны тэмдэглэл

Хожим Их Британийн эзэнт гүрнээс Энэтхэгт суух амбан захирагч, улсынхаа Гадаад хэргийн сайдаар ажилласан Жорж Керзон төрийн түшмэл болохоосоо өмнө дэлхийг тойрон аялахдаа 1888 онд Мерв хотын туурийг үзэж сонирхсон байдаг. Тэрээр уг хотоос бараг юу ч үлдэж хоцроогүйд гайхаж балмагдахын зэрэгцээ “Хана хэрэм, барилга байшингийнх нь өчүүхэн бага хэсэг л мөнхүү хотыг хэчнээн аугаа соёл иргэншлийн өлгий байсныг бэлхнээ харуулж байна” хэмээн бахдан дуу алджээ. Эдүгээ цагийн жуулчид Туркменистаны өмнөд хэсэгт орших Мервийн туурийг яг л Керзон шиг харуусан, басхүү бишрэн байж сонждог. Мөн Керзоны адил ертөнцийн түүхэн дэх хамгийн аугаа хэдий ч ул мөргүй сүйдсэн хотуудын нэгийг чухам хэр хэмжээтэй, хэчнээн сүрлэг газар байсныг төсөөлөхийг оролддог биз ээ.


09

Селжукийн нийслэл

Мерв хот хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед буюу XII зуунд Торгоны зам дахь гол зангилаа бүсийн нэгээр тогтохгүй Төв Азиас Газар дундын тэнгис хүрсэн өргөн уудам газар нутагтай Селжукийн эзэнт гүрний нийслэл хот байжээ. Уг хотыг 1200-гаад оны үед 500 гаруй мянган оршин суугчтай, хүн амынхаа тоогоор дэлхийн хамгийн том хот байсан гэлцдэг. Харин энэхүү их хот хэдхэн жилийн дотор Чингис хааны их цэргийн хөлд хэдэнтээ сүйдэж, эцэст нь олон мянган хүний цус урсгасан тулаанаар дахин сэхэхээргүй, нэг мөр мөхөж сүйджээ. Зарим сурвалжид монгол цэргүүдийг Мерв хотод 700 мянга гаруй хүний амь бүрэлгэсэн гэдэг байна. 


08

Баянбүрдийн хот

Бухар хотоос зүүн хойд зүгт, эсвээс Нишапур хотоос баруун өмнөд тийш зорчих аялагч, худалдаачид уг хотын барааг алсаас ч болов харж нүд хужирлан, сэтгэлээ сэргээдэг байжээ. Олон арван суваг, шуудуу, том, жижиг гүүр, хана хэрэм, зүйл зүйлийн цэцэгс алагласан хэд хэдэн цэцэрлэг, жимс, үр тарианы хүлэмж зэргээр хүрээлэгдсэн Дундад зууны үеийн Мерв хот Каракум цөлийн дундах баянбүрдийн зүрхэн тушаа нь оршиж байв. Хотын гадаад их хэрэм тойргийн голчоороо таван бээр буюу ойролцоогоор найман км урт, зүг бүрт хандсан дөрвөн том хаалгатай, тэдгээр нь тус бүртээ өндөр шовх цамхагтай байжээ. Хэрмийн дотор, хотын төв рүү хөтөлсөн хэдэн арван нарийхан гудамж байх ба тэдгээрийн дундах зам харгуйгаар тусгаарлагдсан хороо, хэсэг бүр нь ойр ойрхон баригдсан иргэдийн байр сууцаас гадна дор бүрнээ сүм хийд, сургууль, номын сан, угаалгын газар зэрэгтэй байж. Харин султануудын шилтгээн төрийн захиргааны ордон, дээдсийн цэцэрлэгт хүрээлэн, сурвалжит язгууртнуудын орд өргөөний хамт хотын зүүн хойд захад байрлаж байлаа.


07

Их Хорасан

Их Хорасан буюу одоогийн Туркменистан, Узбекистан, Тажикистан, Афганистан улсын нутаг дэвсгэр болон Ираны зүүн хэсгийг эзлэн байсан өргөн уудам бүс нутгийн төв нь ч мөн Мерв байв. Тэр үед Селжукийн султант улсаар аялж байсан Персийн нэрт газарзүйч Аль-Истахри “Мервийг Хорасаны бусад хот сууринтай харьцуулшгүй. Хот тун ч сүрлэг сайхан бөгөөд худалдаа зээлийн газарт нь байхгүй зүйл үгүй юм” хэмээн бичсэн байна. Мервт үнэхээр ч Энэтхэг, Ирак, Хятад зэрэг хол, ойрын улс орнуудаас ирсэн зүйл бүрийн бараа бүтээгдэхүүн худалддаг байжээ. Харин эдгээр улсаас ирсэн аялагч, худалдаачид нутаг буцахдаа Мервийн гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, эд барааг авч явдаг байлаа.


06

Султаны бунхан

Хотыг тэг дундуур нь эгц шулуун огтолсон Мажан хэмээх сувгийг даган явахад хотын төв сүм болох Санжар султаны бунханд хүрнэ. 1157 онд баригдсан уг бунхан тэгш дөрвөлжин хэлбэртэй, тал бүртээ нуман хаалгатай, оюу эрдэнийн өнгөт чулуун шигтгэмэл бүхий бөмбөгөр оройтой, аварга том байгууламж байв. Бунхны орой тун ч хурц тод өнгөтэй байсан нь бараг бүтэн өдрийн газраас ч харагддаг байсан тухай Селжукт олонтаа очсон Арабын газарзүйч Якут Аль-Хамави тэмдэглэсэн байна. 

Мервийг араб хэлээр Марв-и-Шахижан буюу Их Мерв нэрээр судар бичгүүдэд тэмдэглэжээ. Их хэмээсэн нь харин мөнхүү баян бүрдийг тойрсон олон жижиг суурингуудыг нэгтгэсэн гол хот гэх санааг агуулсан байх талтай.



05

Зэрлэгүүдийн цайз

Угтаа монголчуудын газартай тэгшилсэн, мөнөөх өндөр хана хэрэм бүхий хожмын Мерв нь хотын зүүн захад оршиж байсан Гяур-кала (Зэрлэгүүдийн цайз) хэмээх хавьгүй түрүү үеийн нэгэн хотын өргөжин тэлсэн хэсэг, үргэлжлэл нь байжээ. Гяур-кала нь МЭ III-VII зуунд Персийн Сассанийн хаадын үед цэцэглэн хөгжсөн хот юм. Археологичид түрүү үеийн Мерв болох уг хотын тууриас их хотын хэв шинжийг илтгэх эд өлгийн зүйлс, буддын болон иуд, христ, зороастрийн шашинтнуудын мөр зэрэгцэн, эвтэй найртай, амар жимэр аж төрж байсны баталгаа болох ахуй, соёлын биет өв нэжгээдийг олжээ. Харин VII зууны дунд үеэс энд исламын номтнууд эзэн сууж, хотын төвийг Разик хэмээх суваг тийш баруунтаа нүүлгэн шилжүүлсэн нь Султан-кала буюу Султаны цайз нэрээр зарим ном сударт тэмдэглэгдсэн Мерв хот болон тэлсэн байна. Эртний Гяур-калагийн барилга байгууламжийн нэлээд хэсгийг зориуд нураан, шинэ хот барьж байгуулахад ашигласан байх гэж эрдэмтэд таамагладаг. 


04

Мургаб мөрний хишиг

Мервийн баянбүрдэд анх МЭӨ VI зуунаас хүн суурьшжээ. Эндхийн амьдрал түүхийн туршид Мургаб мөрнөөс ихээхэн хамааралтай байж. Энэхүү их мөрөн Афганистаны сүрлэг уулсаас эх авч, умард тийш урсах ба элсэн цөлийн дундах намгархаг хөндийд ирж шингэдэг, чингэхдээ баянбүрдээр нутаглах хүн зоныг ундаалж иржээ. Нийтийн тооллын VIII зууны дунд үед Мерв хотод арав гаруй жил амьдарсан олзны хятад цэрэг Дү Хуан гэгч энэхүү үржил шимт бая бүрдийн талаар “Их мөрний ус энэ уудам тал руу олон салаалан урсаж, хэдэн зуун суваг, багашаархан гол горхи үүсгэнэ. Хот тосгодын хашаа хороо өөр хоорондоо шүргэх шахам ойр баригдсан агаад ус чийг их байдгаас мод хаа сайгүй байна” хэмээсэн нь тэмдэглэгдсэн байна.

Мервийн оршин суугчид хэдэн зуун жилийн туршид барилга байшин барьж, Мургаб мөрний дээгүүр гүүр, далан босгон, хотыг цэвэр цэнгэг усаар хангах суваг, шуудуу, нөөцлүүр зэргийг татаж иржээ. Цөлийн дунд оршихбаян бүрдийн хувьд уг хотод Мир-аб буюу усны түшмэл гэх хэргэмтэй хүн тун онцгой байр суурь, эрх дархтай байв. Дундад зууны үеийн нэгэн сурвалжид дурдсанаар усны түшмэд дор бүрнээ хамгийн багадаа 10 мянган хүн захирдаг байсны 300 орчим нь Мургабын эрэг хөвөөг цэвэрлэх, даланг хамгаалах үүрэгтэй байнгын шумбагч-цэргүүд байлаа. Энэхүү их мөрнөөс гадна байгалийн өөр нэгэн хүчин зүйл Мервийн хөгжилд гойд нөлөөтэй байсан нь хотын стратегийн онц чухал байрлал юм. Дээр дурдсанаар уг хот Торгоны замыг тосон байсны дээр худалдааны бусад чухал замын уулзварт оршиж байлаа. Хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Мерв нь гоёмсог тод өнгөтэй торго дурдан, онцгой зөөлөн бөс даавуун эдлэлээрээ алдартай байж. Ялангуяа исламын соёлт орнуудад Мервийн цэвэр даавуугаар хийсэн нөмрөг, толгойн өмсгөл тун үнэ цэнтэй байжээ. 


03

Соёлын өлгий

Монголын эзэнт гүрний их цэргийн байлдан дагуулсан улс орнуудад Мервийг таниулсан бас нэгэн содон зүйл нь эндхийн амтат гуа, тарвас тэргүүт жимс жимсгэнэ байв. Он дарааллын бичиг хөтлөгч, араб түүхч Ибн Хавкал “Мервийн жимсийг амт, чанараараа гүйцэх хот суурин ертөнцийн хаа ч үгүй. Эндхийн жимсний цэцэрлэгийг гагцхүү диваажинтай л зүйрлэж болно” хэмээн бичсэн байдаг. Гэхдээ XII-XIV зууны үеийн Мерв хот зөвхөн арилжаа наймааны бүс төдий байсангүй. Селжукууд уг хотыг эрдэм мэдлэг, соёл урлагийн төв болгохыг зорьж, яруу найраг, одон орон судлал, тооны ухаан, хувилахуйн ухаан, хөгжмийн салбарынхныг ихэд хөхиүлэн дэмждэг байлаа. Якут Аль-Хамавийн бичсэнээр хотод дор хаяж 10 номын сан байсны зэрэгцээ томоохон сүмүүд нь дотроо ном шаштирын арвин сан хөмрөгтэй, нэг сүмд бүр 12 мянга гаруй судар хадгалаастай байж. 


02

Тулуйн цэрэг

Мервийн үүх түүх гэвч дайн самуун, улс төрийн үймээн бужигнаанаас ангид байсан удаагүй. Олон жижиг хаант улс, төр засгийн хүчирхэг бүлгэмүүдийн гараас гарт шилжиж ирсэн уг хотыг халдаар ирсэн монголчууд хамгийн ихээр сүйтгэж түйвээсэн нь харин 1221 онд явдал. Чингис хааны отгон хүү Тулуйн удирдсан их цэргийг хот руу айсуй сургаар нэрт газарзүйч Аль-Хамави Мервийн хамгийн том номын сангийн нэгнээс амь зулбан зугтжээ. “Монгол цэргүүд ирээгүй сэн бол би тэр сайхан хотод нэгэн насыг барж, тэнд л ясаа тавих байлаа” хэмээн тэрбээр хожим гуниглан бичсэн байдаг. Монголчуудын бүслэлт бүтэн зургаан хоног үргэлжилж, исламын ертөнцийн төдийгүй Дундад үеийн дэлхийн хамгийн том хотыг танигдахын аргагүй болгожээ. 


01

Гунигт манхан

Хотын хана хэрэм дотроос арайхийн амьд мэнд гарсан хүмүүсийн амнаас болсон явдлыг сонсож, бичиж үлдээсэн түүхч Ибн Аль-Атирийн тэмдэглэлд “Монгол цэргүүд хотын иргэдийг эр, эм, хүүхэд, хөгшнөөр нь ялгаж, нэг нэгээр нь хороожээ. Бэл чинээтэй хүмүүсийг харин тусгаарлаж, байгаа бүхнийг нь илчилж, хураахаар эрүүдэн тамласан байна. Эцэст нь Санжар султаны бунхныг шатааж, дотроос нь алт эрдэнэс хайсан гэлцэх юм. Бурхан бидэнд өгүүлэшгүй гай зовлон илгээлээ. Чингисийн гэсгээлийг хүртсэн золгүй ардын цогцсыг тоолохуй долоон бум давжихуй” хэмээжээ. Харин 700 мянга гэсэн энэ тоо хэтрүүлэг болох нь дамжиггүй. Гэхдээ Их Мерв хот монголчуудын халдлагаас болж газрын зургаас төдийгүй, ертөнцийн хөрснөөс арчигдаж, ахин сэхээгүй нь маргашгүй үнэн юм. Монгол цэргүүд Мургаб мөрний гүүр, даланг нурааж, Мервийн баян бүрдийг тэтгэдэг гол судсыг тасалсан тул хотыг сэргээн босгох хожмын олон ч оролдлого бүтэл олоогүй аж. Жорж Керзоны 1888 онд “гунигт манхан” хэмээн дүрсэлсэн их хотын туурь өнөө ч сүйрэл мөхлийг илтгэн дүнхийж байна. 



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Mongolchuud arabiin yurtuntsud buglusun mash olon bohir zavaan yos zanshiluud ba tuunii uur uurhai hotuudiig archij daraagiin delhiin soyl irgenshil bosch ireh zamiig n tavij ugsun gavytai yum. Arabiin hamgiin tom allagiin buleglel Assassing zuvhun Mongoliin shildeg armi l archij hayj delhiid enh taivang avchirsan. Ene Merv hot n ch gesen Mongoliin ih gurnii strategid yamar neg gai ayul avchirsan uchiraas l archigdsan baina. Gemgui sain saihan baisan bol odoo baigaa olon zuun ertnii hotuud shig orshih l baisan. Tuuhiig zuvhun neg talaas n bichideg uchiraas bid dandaa tuuhiin zuvhun 50%-iig n l medej avdag nuguu tal n dandaa orhigddog.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд