Арав.мн

Хотын түүх: Их Зимбабве

Хотын түүх: Их Зимбабве

Африкийн өмнөд хязгаарт, өтгөн ой ширэнгийн гүнд чухам аль цаг үед баригдсан нь үл мэдэгдэх нэгэн их цайз хэрэм байна гэсэн яриа анх XVI зууны эхээр Европт тархжээ. Алтны олон жижиг уурхайгаар хүрээлэгдсэн, 900 орчим метр өндөр даваа гүвээн дээр байх тэрхүү хэрэм Африк тивийн уугуул соёл иргэншил ид цэцэглэж байх үед алс холын Перс, Хятадтай хүртэл арилжаа наймаа эрхэлж асан нэгэн их хотын төв нь байв. 


10

Ихэс дээдсийн хэрэм

Португалын тэнгисийн хүчний ахмад Вичентэ Пэгадо 1531 онд мөнөөх хотод хөл тавьсан анхны гадаад хүмүүсийн нэг болжээ. Тэрээр “Лимпопо болон Замбези нэрт хоёр мөрний дунд орших энэ нутагт аварга том чулууд эгнүүлэн барьсан хэрэм бүхий гайхамшигтай сонин хот байна. Хачирхалтай нь хана хэрэмнийх нь тэр бүх чулууг ямар зуурмагаар өрнөсөн нь эс мэдэгдэх агаад хамгийн өндөр цамхаг нь 12 алд орчим юм” хэмээн бичиж үлдээсэн байдаг.

Одоогийн Зимбабве улсын өмнөд хэсэгт нийт 722 га талбай эзлэн байсан Их Зимбабве хэмээгдэх уг хотыг XI-XIV зуунд барьж байгуулжээ. Хотын усны шугам сүлжээ одоо ч ашиглагдаж буй бөгөөд гүвээн доорх орчин цагийн байр сууцнуудыг ундны усаар хангадаг байна. Зимбабвейн хаант улсын нийслэл Их Зимбабвед хөгжил цэцэглэлтийнх нь оргил үед 18 мянга гаруй хүн аж төрж байлаа. Харин мөнхүү алдартай хэрмэн дотор нь ноёрхогч ангийн 200-300-гаадхан хүн л амьдардаг байсан бололтой. Тэднийг тусгайлан бэлтгэсэн цэрэг, харуулууд цаг үргэлж хамгаалдаг байж.


09

Маухын ташаа “онол”

Ахмад Пэгадогийн гайхаж бишрэн байсан хотоос эдүгээ өчүүхэн бага хэсэг л үлдэж хоцорсон нь XX зууны эхэнд Европын эрдэнэсийн хайгуулчид Их Зимбабвег хайр найргүй тонож, тэгэхдээ ихэд эвдэж сүйтгэсэнтэй холбоотой. Тэдгээр хайгуулч, тонуулчдын гарт орсон зүйлс хожим Европ, Америк, Өмнөд Африкийн хэдэн арван музейн мэдэлд шилжсэн ч Африкийн эртний түүхт хот чухам ямар дүр байдалтай байсныг хойч үеийнхэнд бүрнээ таниулахад хангалтгүй юм.

Европчуудын үзсэнээр Их Зимбабве нь Иерусалим дахь Шеба хатны өргөөний Африк дахь хуулбар байх учиртай байв. Энэ санааг 1871 онд Их Зимбабвейн туурьтай танилцсан Германы аялагч, эрдэмтэн Карл Маух анх дэвшүүлсэн агаад тэрээр Африкийн уугуул иргэд энэ мэт нүсэр том байгууламжийг зөвхөн өөрсдийн оюун санаанаас ургуулан барьж, бүтээх чадваргүй байсан гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй байжээ. “Энэхүү хотыг барьж байгуулсан хүмүүс Мория уулын орой дээрх Соломоны сүм хийгээд Соломон хааны дэргэд сууж байхад нь Шеба хатанд зориулан барьсан өргөөнөөс санаа авсанд эргэлзэх зүйлгүй. Ийм хотод зөвхөн соёл иргэншилт ард түмэн л амьдарч байсан нь мөн гарцаагүй” хэмээн тэрээр бичсэн байна. Энэ нь Маух эрдэмтнийг арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй байсны нотолгоо болоод зогсохгүй, тухайн цагийн дийлэнх европчууд түүний Их Зимбабвейн “онол”-ыг үг дуугүй хүлээн зөвшөөрсний нэгээхэн зөвтгөл юм. 


08

Том чулуун байшингууд

Карл Маухтай санал нэг эрдэмтэд Их Зимбабвег португал аялагчид юм уу, Араб, Хятад, Персийн худалдаачид, эсвэл эртний нэгэн еврей овгийн Африкт дахь үр хойчис болох Лемба хэмээх аймгийнхан барьж байгуулсан зэрэг олон санаа дэвшүүлжээ. Нутгийн уугуул иргэд эртний хэрэмт хотыг ад зэтгэрийн, эсвээс харь гаригийнхны орогнож байсан газар мэтээр хэлэлцдэг нь европчуудын сэжиг, таамгийг бүр ч лавшруулсан байна. Харин 1905 онд Британийн археологич Дэвид Рандалл-Маклвер хотын туурийг яаж ч шинжсэн Дундад зууны үеийнх болох нь маргаангүй тул тухайн цагт өмнөд Африкийг эзэгнэн байсан банту овгийнхон Их Зимбабвег барьжээ гэсэн дүгнэлтээ хэвлүүлжээ. Хэдэн жилийн дараа, 1929 онд Британийн өөр нэгэн археологич Гертруд Катон-Томпсон энэхүү судалгааг үнэнээс хол зөрүүгүй хэмээн баталсан нь эдүгээ хүртэл няцаагдаагүй байна. Г.Катон-Томпсон хэрэмт хотыг барьсан хүмүүсийн үр удам болох нь тодорхой одоогийн шона угсаатны хэлээр Зимбабве нь “том чулуун байшингууд” гэсэн утгатай болохыг онцолсон байдаг. 


07

Алтны уурхай

Хотын барилгуудыг боржин чулуугаар барьж, дундах зай талбайд нь харуулын цамхагууд босгосон байжээ. Тэдгээр нь гоёмсог хээ угалз, сүрлэг том шаттай байлаа. Харин хамгийн том байгууламж нь тойргоороо 250 метр орчим өргөн, өндөр нь бараг 10 метр хүрэх, нийтдээ 900 мянга гаруй сайтар тэгшлэн зассан боржин чулуун шоо бүхий өргөө байв. Уг барилгын доторх баганууд дээр хүнийх шиг хошуутай шувуудын дүрс сийлээстэй байж. 

Хотын ойр орчмоос их, бага 4000 гаруй алтны, 500 орчим зэсний уурхай олдсон байдаг. Эдгээрийг нээн судалсан эрдэмтэд бүтэн гурван зууны турш дэлхийн хэмжээнд олборлож асан бүх алтны 40-өөд хувийг чухам уг бүс нутгаас нийлүүлдэг байжээ гэж дүгнэсэн байна. Энэ нь 600 орчим тонн шижир алт гэсэн үг юм. Хотын туурь болоод эргэн тойрноос нь цэвэр алтан болоод алтаар бүрсэн зүүсгэл гоёл хэдэн мянгаараа олджээ. Их Зимбабве алт олборлогч өмнөдийн бүс нутаг болоод Мозамбикийн худалдааны боомтууд бүхий эрэг хөвөө газрын дунд орших онцгой байрлалынхаа үрээр цэцэглэн хөгжсөн байна. Хотын арилжааны гол бараа бүтээгдэхүүн нь алт, зэс, тугалга, зааны яс, каури хэмээх нэн ховор төрлийн эмгэн хумсны хясаа зэрэг байлаа. Харин импортын бүтээгдэхүүн дунд Сирийн шил, шаазан эдлэл, Кильвагийн султант улсын зоос, Перс болон Хятадын шавар ваар сав хамгийн үнэтэйд тооцогдоно. 


06

Зимбабвейн хаант улс

Зимбабвейн хаант улс XV зууны дунд үе хүртэл өргөжин тэлж байгаад Их Зимбабве хотын арилжаа наймааны цараа хумигдахтай хамт доройтож, ард иргэд нь дүрвэж эхэлжээ. Олонх судлаачийн таамагладгаар соргог өвст бэлчээр нь талхлагдаж, хоол хүнс болоод байгалийн баялаг нь дундарснаас Африкийн их хэрэмт хот нуранги балгаст хувирсан бололтой. Гэвч нарийн учир шалтгаан нь өнөө ч тодорхой бус байна.



05

Хаадын цогцолбор

Их Зимбабвейн туурь өдгөө Толгодын дээрх цогцолбор, Их хүрээ, Тал хөндийн цогцолбор хэмээх үндсэн гурван хэсэгтэй. Эдгээрээс хамгийн эртнийх нь хотынхны IX-XIII зуунд ашиглаж байсан Хаадын цогцолбор гэгддэг Толгодын дээрх цогцолбор бөгөөд 100x45 метр талбай эзэлж асан уг байгууламж Зимбабвейн хаант улсын оюун санаа, шашин номын төв байжээ. Цогцолборын гол онцлог нь Зимбабвейн шувуу хэмээх бэлгэдэлт амьтны дүрстэй аварга том үхэр чулуу юм. Зимбабвейн хаад уг чулууны дэргэд төр, түмний бүх л чухал хэргийг хэлэлцэн шийдвэрлэх юм уу, төрт ёсны нарийн дэг жаягийг үйлддэг байж. Тухайлбал, гэмт этгээдийг шийтгэх, өвөг дээдсийнхээ сүнсийг тайх, борооны бурхдад тахил өргөх зэргийг толгодын дээр, тэрхүү аварга бул чулууны хажууд гүйцэтгэнэ.


04

Их хүрээ

Толгодын дээрх цогцолборын өмнө этгээдэд байх Их хүрээ нь XIII-XV зуунд ашиглагдаж байсан, тэгш дөрвөлжин боржин чулууд өрж барьсан өндөр хэрэм юм. Таван метр зузаан гадаад хана нь 250-иад метр үргэлжлэх бөгөөд дунджаар 11 метр өндөр. Энэ нь Сахарын цөлийн өмнөд хэсэгт орших, Африк тивийн хамгийн том байгууламжид тооцогдоно. Их хүрээ нь дугуй хэлбэртэй, ямар нэг огцом эргэлт, хурц өнцөггүй, өөгүй тэгш хана агаад агаараас аварга том саарал өнгийн бугуйвчтай адил харагддаг байна. Хэрэм дотор ормогц өөдөөс угтах нарийхан замууд дугуй хүрээний төв цэг болох өндөр цамхаг руу хөтөлдөг байж. Цамхагийн буурь өнөөг хүртэл бий ч түүнийг чухам ямар зориулалтаар ашиглаж байсан нь тодорхой бус юм. 


03

Талын цогцолбор

Их Зимбабвейн балгас туурийн сүүлийн гол хэсэг болох Тал хөндийн цогцолбор нь шавар, шороо овоолж босгосон, ихэвчлэн XIV-XVI зууны үед хамаарах хэдэн арван жижиг байр сууцтай. Энд ойролцоогоор 2000 орчим дархан, мөн тооны ваарчин, нэхмэлчид, түүнээс ч олон, магад 5000 орчим чулуучин суудаг байжээ. Чулуучид боржин чулууг халуун галд хайлж, хүйтэн усаар цочроон шоо дөрвөлжин тоосго болгон хувиргадаг байж. Тэдгээр нь өөгүй тэгш байснаас ямар нэг зуурмаггүйгээр дээр дээрээс нь өрөхөд нурж унахааргүй бат бөх хана босно. Аварга том, боржин чулуун шоонуудыг толгод өөд чирч зөөхөд хэдэн мянган хүн дайчилдаг байсан нь дамжиггүй. 


02

Туурийг сүйтгэгчид

Харамсалтай нь тэр бүх хүнд хүчир хөдөлмөрийн үрээр бүтсэн хэдэн арван хана хэрэм өнгөрсөн хоёр зууны туршид ихэд сүйджээ. Британийн эзэнт гүрний харьяа Өмнөд Африкийн компаниас Их Зимбабвейн хамгаалагч-эрхлэгчээр 1902 онд томилогдсон сэтгүүлч Ричард Никлин Холл гэхэд л эртний хотын туурийг цэвэрлэх нэрээр хана хэрэмд нь зүй бусаар гар хүрч, хотыг цагаан арьстнууд барьж байгуулсан болохыг батлахын тулд зарим боржин чулуун байгууламжийн дөрвөн метр зузаан суурийг хүртэл бараг тэр чигээр нь хуулсан байдаг. Зимбабвег тусгаар тогтносны дараа буюу 1980 оноос хойш нутгийн иргэдийн хотыг сэргээн босгох удаа дараагийн оролдлого мөн багагүй эвдрэл сүйтгэл авчирчээ. Жил бүр эндхийг зорин ирдэг гадаад, дотоодын 20 мянга орчим аялагч, жуулчид ч эртний хана хэрэм рүү авирах, нуранги балгасны ойр орчмоос эд өлөг эрж хайх зэргээр хотын туурийг сүйтгэхэд “хувь нэмэр” оруулсаар байна.


01

Европчуудын балаг

Их Зимбабвейн туурь улс төр, үзэл суртлын зөрчил тэмцлийн талбар байсаар ирснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Британийн уул уурхайн магнат, колоничлолын бодлогыг хөхиүлэн дэмжигч Сесил Родез 1890 онд археологич Жеймс Теодорыг санхүүжүүлэн, Өмнөд Родези буюу өнөөгийн Зимбабвейн нутаг руу илгээж, эртний хэрэмт хотыг нутгийн уугуул африкчууд бариагүй гэдгийг баримтжуулан баталгаажуулахыг хүсчээ. Тухайн үеийн Өмнөд Родезийн Ерөнхий сайд Иан Смит ч Родезийн адил бодолтой байснаас Их Зимбабвег барьж байгуулсан харийнхны өмнө сөгдөж мөргөн буй өнгөт арьстнуудыг харуулсан зураг бүхий ухуулах хуудсуудыг 1979 он хүртэл хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн байдаг. Харин 1980 онд Роберт Мугабе Ерөнхий сайд болж, улсын нэрийг Их Зимбабвейн нэрээр Зимбабве болгон өөрчилсөн байна. Мөнхүү алдартай бул чулуун дээрх шувуу ч Зимбабвейн төрийн далбаа, сүлдэнд заларчээ. 

Хэдийгээр Их Зимбабве бүрэн эрхт эздийнхээ мэдэлд шилжсэн ч боржин ханануудынхаа дунд нууц бүхнээ хадгалсаар байна. Энэхүү хот хийгээд Зимбабвейн эзэнт гүрэнтэй холбоотой бичгийн өв тун ховор бөгөөд орчин цагийнханд буй бүхий л мэдээлэл хотын туурийг судалсан түүхч, археологичдын дүгнэлт болоод нутгийн шона түмний үлгэр домгоос эхтэй юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд 1986 онд бүртгэгдсэн Их Зимбабвейн туурийг өдгөө Бүгд найрамдах Зимбабве улсын Түүхэн дурсгалт газрууд, үндэсний музейнүүдийн нэгдсэн холбоо хамгаалдаг. Зимбабвейн төдийгүй Африк тивийн түүхэнд онцгой байр эзлэх уг газар өнгөрсөн зууны эхээр европчуудын өмнөд Африкт нутагшуулсан нэгэн зүйлийн бутлаг ургамалд ихэд идэгдсэн нь тус холбооныхны санааг одоо хамгийн ихээр зовоож буй гэнэ.



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд