Шагдар - "Гарын таван хуруу"

Шагдарын дүрд тоглосон Лхасүрэнгийн хүү Энхбаатар "Гарын таван хуруу" киног үзсэн дурсамжиндаа:

-Би багын л их гөжүүд, зөрүүд хүүхэд байсан л даа. Жаахан загнуулчих юм бол долоо хоног гэрийнхэнтэйгээ дугардаггүй байв. Кино үзсэн биш нөгөө гөжүүд зан нь хөдлөөд аавтайгаа долоо хоног дугараагүй. Ээжээр дамжуулж аавтайгаа харьцаад л. Аавыгаа хүнтэй үнсэлцдэг кинонд тоглолоо гээд уурлаж байгаа нь тэр. Тийм л хөгтэй юм болж билээ. Харин нэг удаа манай нагац өвөөгийн хөрш нь “Танай хүргэн Мөнхөө, Осор гээд овоо дориун дүрд тоглоод байсан. Шагдар гээд муухай дүрд тоглочихжээ. Муухай харагдаж байгааг нь” гэсэн гэдэг. Аавын минь ээж, аав хоёр эрт бурхан болчихсон юм билээ. Тиймдээ ч эмээ, өвөө хоёр аавд минь их сайн. Хүү шигээ л хайрладаг байсан даа.

Ер нь аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа.