Итгэлт - "Тунгалаг Тамир"

А.Очирбат тун санамсаргүйгээр Итгэлт баяны дүрд тохоогдсон юм билээ. Жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа өвсөнд ассан гал шиг л тархав. Жүжигчид бүгд нэг нэгийгээ Итгэлт баян, Эрдэнэ болгон харж байхад Очирбатад түүний тухай бодох ч сөхөө байсангүй. Учир нь тэрбээр Д.Намдагийн “Хярааны хонхорт” гэж кинонд тоглох гээд хяналтанд ороод завгүй байв.
Харин түүний аз болоход Ч.Лодойдамба Итгэлт баянаа хайгаад энэхүү киноны хяналтанд саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэсэн зар дуулгав. Дуудлагын дагуу очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харнаа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гээд яах гээд байгаа учраа эс хэлэн түүнийг дуу хоолойгоороо удирдах нь тэр.
Жүжигчин ч хэлсэн ярьсных нь дагуу бүх үйлдлийг нь хийтэл “За одоо яв” гэснээс өөр үг хэлж учирласангүй. Харин удсан ч үгүй тэрбээр нэгэн муу мэдээ сонссон нь “Хярааны хонхорт” кинонд тоглохгүй болсноо мэдлээ. Өөрөөр хэлбэл Ч.Лодойдамба зохиолч “Би Итгэлтээ олсон. Түүнийг өөр кинонд тоглуулахгүй” гэснээр тэрбээр уг киноноос мултарсан нь тэр юм билээ. Жүжигчин залуу “Би олон жүжигт тоглосон, харин кинонд тоглоогүй, энэ кинонд тоглочихъё л доо” гэсэн ч Лодойдамба зохиолч “Дуугүй бай, би мэдэж байна” хэмээгээд хөөгөөд гаргачих нь тэр...