ЦОГТ ТАЙЖ

"Цогт тайж" 1945 онд Монгол кино үйлдвэрт бүтээсэн 2 ангит хар цагаан кино. Энэ кинонд ХVII зууны үед амьдарч байсан эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн, Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм. Киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ.

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан зүйл байлаа. Монгол кино үйлдвэрийн бүх салбар, тасгийн ажилчид оролцсон мөн мэргэжлийн техникчид, хамт олон бүрэлдэн тогтжээ. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршино.

Найруулагч:  Юрий Тарич
Зохиолч: Бямбын Ренчин, Юрий Тарич
Зураглаач:  Дэжидийн Жигжид
Жүжигчин:  Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Д.Бат-Очир, Б.Жигмиддорж, Ж.Лувсанжамц, Ч.Долгорсүрэн, Л.Цогзолмаа, Д.Чимэд-Осор, Н.Цэгмид, Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн
Хөгжмийн зохиолч: Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Зураач: Л.Гаваа