АНХНЫ АЛХАМ

"Анхны алхам" кино нь 1970 оны бүтээл юм.

Энэ кино нь сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ танин нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ. Их сургуулийн оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар, залуу хадланч Болд нар гар нийлэн ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлгоно.

Киноны гол баатруудын дотоод ертөнцийн олон өнгө аясыг тэдний ахуй амьдрал, зан төрхийн онцлогтой нягт холбон үзүүлснээр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн сонирхолтой дүрүүд бүтээгджээ. 1970-аад оны эхээр Монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл, уянгын барилыг нэвтрүүлсэн шинэлэг бүтээл гэж киноны ахмад уран бүтээлч судлаачид дүгнэсэн байдаг. 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын олон улсы киноны анхдугаар наадмын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч нь Зөвлөлтийн Энх тайвны хорооны хүндэт дипломоор шагнагдсан. 

Ерөнхий найруулагч: Гомбожавын Жигжидсүрэн

Зохиогч: Чимэдийн Гомбо 

Зураглаач: Луузаншаравын Шаравдорж 

Зураач: Ч.Хишигдалай 

Хөгжмийн зохиолч: Лувсанжамбын Мөрдорж

Дууны найруулагч: Ө.Чойжилсүрэн

Нүүр хувиргагч: Д.Найданжав, П.Ичинхорлоо

Эвлүүлэгч: Ж.Норолхоо

Гол дүр:

Мядаг - Банзрагчийн Цэцэгбалжид

Базар - Самдангийн Цэрэндаш

Балдан - Нямын  Цэгмэд

Дорж - Дугарын Дондог

Болд – Чойн Хүрэл 

Жүгдэр – Ёндонгийн Шаравдоо 

Пүрэв – Цэрэндэжидийн Гантөмөр 

Равдан – Самбуугийн  Балданпүрэв