Фламенко даашинз

Испанийн Андалуз нутгийн үндэсний хувцас болох фламенко бүжгийн өмсгөл буюу цыган хувцас нь олон давхар, дэрвэгэр урт хормой, сэгсгэр ханцуйтай, бие барьсан тод өнгийн даашинз юм. Уг даашинз XIX зууны эхээр одоогийн хэв маягаа олж, XX зууны дунд үед гэхэд ганц Испаниар тогтохгүй, Латин Америкийн испани хэлт орнуудад бараг бүгдэд нь дэлгэрчээ. Фламенко даашинз бүжгийн болон өдөр тутмын гэсэн хоёр янз байдаг.