1945 он. Чөлөөлөх дайнд ялав

Японы эрх баригчид дэлхийн II дайны туршид Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилтоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.

Япон Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв. Япон Монгол улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байжээ. 1945 оны VII сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавив. Түүнийг Японы засгийн газар хүлээж авсангүй. Зөвлөлт засгийн газар Крымийн бага хурлаас хүлээн авсан үүргээ биелүүлэн, 1945 оны IV сарын 5-нд, Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээг цуцалсан бөгөөд наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлав. Японы милитаризмыг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө явуулсан шудрага хун төрөлхтний нийтийн ариун үйлсэд хувь нэмэр оруулах, өөрийн орны аюулгүй байдлыг хангах, Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг харгалзан БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд мөн дайн зарлав.

Өвөр Байгалын фронтын ба Алс Дорнодын 1, 2 дугаар фронтын цэрэг, Амар мөрний нэгдсэн флотын хүч Манжуурын баруун хойд болон зүүн талаас зэрэг давшиж Японы хуурай замын цэргийн гол хүч Квантуны армийг бүслэн бут цохиж, зүүн хойт Хятад, Солонгосыг Японы дарлалаас чөлөөлжээ. ЗХУ-ын Номхон далайн умард флотын цэрэг Сахалины өмнөт хэсэг, Курилийн арлуудыг дайснаас бас чөлөөлжээ. 1945 оны IX сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал үг дуугүй бууж өгөх тухай актанд гарын үсэг зуржээ. Японы дайнд МАХЦ-ээс алагдсан, сураггүй алга болсон хохирол нийт 78 хүн болжээ. Мөн Японоос 594000 хүн олзлогдсоноос МАХЦ-ийн олзолсон нь 12318 хүн болсон байна. Үүгээр дэлхийн II дайн дуусав.