1981 он. Ж.Гүррагчаа сансарт нисэв

Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгэд бэлтгэх комисс байгуулжээ. Тэрнээс жилийн дараа сансарт нисэх бэлтгэлд Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, Д.Сайнцог нарыг сонгон авч оддын хотхонд бэлтгэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцснээрээ Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт нисэв.

Сансрын нисэгчид “Союз-39” хөлгөөр хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогдож, Улмаар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан байна. Ингээд Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансарт ниссэн хүн болж тэмдэглэгдэв.