1961 он. НҮБ-д элсэв

Монгол улс НҮБ-д элсэхийн тулд 1946-1949, 1952, 1955-1957, 1961 онд нийт таван өргөдөл гаргаж, ес дэх удаагийн оролдлогоороо Хятадын төлөөлөгчид хурлыг орхин гарсны дараа санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 1961 оны 10 сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон юм. 

Бүхэлд нь арван таван жилийн турш БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг эсэргүүцсэн шалтгаануудыг үзвэл, үүнд: БНМАУ нь дипломат бодлогын туршлага хуримтлуулаагүй, гадаад бодлого нь бие даасан бус байдалтай, ЗХУ-ын колони ба дагуул улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй улс хэмээн шүүмжилсэн байдаг. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс харвал энэ нь тухайн үеийн системтэй шууд холбоотой үүссэн нөхцөл байдал байсан нь тодорхой юм. Иймд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудалд сөргөөр нөлөөлсөн нэгэн гол гадаад хүчин зүйлс нь “Хүйтэн дайн” байсан бөгөөд хоёр системийн хоорондын тэмцэл зөрчил нь НҮБ-ын тавцнаа шилжиж зөвхөн Монгол бус мөн өөр олон шинээр элсэх хүсэлтэй байсан орнуудын асуудлыг мухардалд оруулж ирсэн юм.