1945 он. Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт

1945 оны үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ.

"Бүх ард түмний тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" гэжээ. 
Мөн 85 дугаар тогтоолд "Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "зөвшөөрөх", "татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ. Уг санал хураалт эхлэхэд дундад иргэн улсын засгийн газраас Ли фа жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийсэн байна. Санал хураалт тухайн өдрөө дуусч, тухайн сарын 30-ны өдөр протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын засгийн газарт хүргүүлсэн байх юм. 
Энэ том ажлын үр дүн гарч 1946 оны нэгдүгээр сард Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа батласан тухай нот бичиг ирүүлжээ.

Дээрх нот бичигт "Гадаад монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь гадаад монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятад улсын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ. 
Чингэж Монголын ард түмэн асар их хүчин чармайлтынхаа үр дүнд Хятад улсын засгийн газраар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. 
Уг санал хураалтад сонгуулын насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ. 
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм.