5 сар 19, 2019

АНГЛИЙН ХАМГИЙН АУГАА ХААД, ХАТАД

Английн хаант засгийн бүтэн мянган жилийн түүхийг хүүрнэх “Английн хаад, хатад: Уильямаас II Элизабет” ном “Интерном”, “Мажестик”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. 

Англи-Британийн хаант засаг 1500 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож буй хамгийн эртний хаант тогтолцооны нэг юм. 400 гаруй жил Ромын эзэнт гүрний хязгаар нутаг байсан Британния буюу одоогийн Англи орон МЭ 410-аад онд их эзэнт гүрнийг бууран доройтоход бие дааж, олон жижиг овог аймагт хуваагдсанаар харийн эзлэн түрэмгийлэгчдийн өмнө хүчин мөхөсдөх болжээ. Энэ үед одоогийн Германы нутгаас хэд хэдэн аймаг Англи руу довтолж дээрэм тонуул хийх нь хийж, харин амьдран суух нь нутгийн иргэдтэй цус холилдсоноор Англо-Саксон хэмээх цоо шинэ үндэстэн-улс бүрэлдсэн байдаг. Энэхүү шинэ үндэстэн МЭ 500-гаад оноос 1066 он хүртэл оршин тогтносон агаад энэ хугацаанд хэдэн арван хаант улс сэхэж, мөхсөний дотор нэн хүчирхэг нь Зүүн Англия, Эссекс, Кент, Мерсия, Нортумбрия, Сассекс, Вессекс гэсэн долоон хаант улс байлаа. Харин эдгээрээс нутгийн өмнөд захыг эзэгнэж асан Вессексийн хаант улс цагийн явцад бусдыгаа хүчлэн дарж, үе үеийн хаад нь бүх англо-саксончуудыг нэгтгэх чин зорилготой болжээ.

Вессексийн хаан Эгберт (771-839) тэрхүү зорилгыг гүйцэлдүүлж, бусад бага хааддаа хүлээн зөвшөөрөгдсөн бүх англо-саксончуудын анхны эзэн ноён бол түүний ач хүү Аугаа хэмээгдэх Альфред (849-899) өөрийгөө Английн хаанаар өргөмжилсөн анхны хаан, харин Альфредийн ач хүү Этельстан (894-939) одоогийн бүх Английн нутгийг эрхэндээ оруулсан анхны хаан юм. Англо-Саксоны төрт уламжлал хэдийгээр 1066 онд нормандчуудын эзлэн түрэмгийллээр эцэс болсон ч хаант засгийн уг үндэс болох эртний хаадын өндөр дээд угсаа гарваль нь өнөө ч тасраагүй байна. Эзлэн түрэмгийлэгч нэртэй ч Английн анхны норманд хаан Уильям хууль ёсны сүүлчийн англо-саксон хаан Наманчлагч хэмээгдэх Эдуардтай цусан холбоотой, түүний үеэл ахынх нь хүү байлаа.

Дараах 10 хаан, хатан Англи-Британийн орчин цагийн хаан төрийн суурийг тавьсан гэгдэх 1066 оны Нормандын эзлэн түрэмгийллээс хойших төрийн тэргүүн нар болно. Өөрөөр бол анхдугаар Уильям болоод түүний угсааны ихэс дээдсүүд юм.

  1. 10 I Уильям (1066-1087)


    Францын хойд хэсгийг эзэлж суусан викингчүүдийг умардаас ирэгсэд буюу нормандчууд хэмээх болсон билээ. Харин 1060-аад онд нормандчуудын газар орныг Уильям нэрт гүн захирч байв. Тэрбээр мөн үед Английн хаан, үр хүүхэдгүй Эдуардын их сэнтийг өвлөж авах хамгийн өндөр магадлалтай хүнээр тодорчээ. Түүний гол өрсөлдөгч нь Эдуардын хүргэн ах Вессексийн гүн Харольд Годуинсон, Английг эзлэх бодолтой Норвегийн хаан Харалд Хардрада нар байлаа. Уильям 1066 оны аравдугаар сарын 14-ний өдөр болсон Хэстингсийн тулаанд Харольд Годуинсоныг хөнөөн шийдвэрлэх ялалт байгуулж, Английн хаанаар өргөгдсөн түүхтэй. Тэрбээр Английн төр засгийн бодлогыг шинэтгэн, өнөө ч сүндэрлэн буй олон арван цайз, шилтгээн барьсны дээр орон нутгийн засаг захиргаа, сүм хийдийнхэн болоод газрын эздийн хөрөнгө, эзэмшлийг шинээр зааглан тогтоожээ.

    Чухам түүний нөлөөгөөр Английн сурвалжит язгууртнууд англо-саксоноос франц, норманд болон өөрчлөгдөж, англи хэл ч өвөг франц хэлээс хэдэн зуун үг аван, одоогийн хэлбэрээ олсон байна. Анхдугаар Уильям мөн Англи орныг амжилттайгаар эзлэн эрхшээсэн хамгийн сүүлийн эзлэн түрэмгийлэгч гэгдэн түүхэнд тод мөртэй үлдсэн хаан юм. Тиймээс ч түүний байлдан дагууллын жил буюу 1066 оныг Английн түүхэн дэх хамгийн чухал он, эргэлтийн цэг гэж үздэг.

  2. 9 V Хенри (1413-1422)


    V Хенри хаан, Кэтрин де Валуагийн хурим

    Шекспирийн жүжигт мөнхөрсөн энэ хаан 26 насандаа эцгийнхээ орыг залгаж, Зуун жилийн дайны явцыг Английн талд эргүүлэн, түүхт Ажинкорын тулалдаанд цэрэг армиа удирдан ялалт байгуулсан баатар эр байлаа. Тэрбээр Францын хааныг өмнөө сөхрүүлж, охин дүүг нь эхнэрээ болгож, англи ноёдыг эвлэрүүлэн Английн дотоод эв нэгдлийг бататган бэхжүүлсний дээр англи хэлийг францаас илүүд үзэн төрийн хэл болгосон гавьяатай юм. Түүний эцэг, IV Хенри Нормандын эзлэн түрэмгийллээс хойших унаган англи хэлтэй Английн анхны хаан байв.

    Гэвч тавдугаар Хенри хааны Английг “англижуулах” үйлс түүнийг 35-хан насандаа цусан суулгаар өөд болоход дутуу орхигджээ. Түүний гэнэтийн үхэл Франц дахь англичуудын байр суурийг ганхуулж, хожмын Сарнайн дайны эхлэлийг тавьсан байдаг.

  3. 8 II Хенри (1154-1189)


    II Хенри хаан болон хатан Элинорын бунхан (Фонтевро сүм)

    Английн Дундад зууны үеийн хаадаас хамгийн хүчирхэг нь болох хоёрдугаар Хенри Ирландыг дайлах их аяныг эхлүүлж, төрийн эрх мэдэлтнүүдээс илүү хүчирхэгжээд байсан сүм хийдийнхний эрх дархыг бууруулсан зэрэг гавьяатай ч эдүгээ түүхч, эрдэмтэд түүнийг Английн эрх зүйн тогтолцооны суурийг тавьснаар нь илүү үнэлдэг. Тэрбээр амьд ахуйдаа хатуу харгис гэгдэн, удирдагчийн хувиар тэгтэл сайшаагдаагүй ч XIX зуун буюу Виктория хатны үед Английн орчин цагийн хууль, эрх зүйн тогтолцооны эцэг хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

    Стивний дайн нэрээр түүхэнд үлдсэн хаан ширээний төлөөх цуст тэмцлийн эцэст титэм залсан II Хенри Эзлэн түрэмгийлэгч Уильямын отгон хүү анхдугаар Хенрийн хууль ёсны зээ хүү нь билээ. Тэрбээр дотнын анд Томас Бекетийн хамт нутгийн өнцөг булан бүрт шүүгч илгээх, хязгаар нутгийнхны үгийг ихэс дээдэст хүргэх, гэм буруутай нь нотлогдоогүй хэнбугайг ч яллаж шийтгэхгүй байх, язгууртнуудын хөрөнгө мөнгийг тоолж, данслах үүрэгтэй түшмэлд одоогийнхоор Ерөнхий сайдын эрх, үүргийг оноох зэрэг нэн чухал өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн юм.

  4. 7 Виктория (1837-1901)


    Хатан хаан Виктория ба түүний нөхөр ханхүү Альберт

    Хаан ширээнд хамгийн олон жил сууснаараа II Элизабетийн дараа орох, 64 жил төр барьсан хатан хаан Викториягийн засаглалын жилүүд Британийн эзэнт гүрний сүр хүч оргилдоо хүрсэн үетэй давхацдаг. Тэрбээр эзэнт гүрнээ ид хүчирхэг байх үед 400 сая гаруй хүнийг захирч байв. Их хатан гойд зарчимч, бүх зүйлд хатуу чанга, хувийн сахилга баттай хандахын дээр гэр бүлийн хүмүүжлийг бүхнээс чухалчилж байсан нь түүний эрин үеийн гол онцлог шинж болжээ. Тиймээс ч ёс журмыг эрхэм дээдэд тооцож асан XIX зууныг эдүгээ Викториягийн эрин хэмээдэг билээ.

    Энэхүү эрин үед Английн сурвалжит язгууртнууд олон нийтээс ангид тусдаа элит хүрээнийхэн гэгдэлгүй, дундаж давхаргынхантай илүү ижил төстэй болж ирсэн нь Виктория хатны гэр бүлтэй холбоотой юм. Хатан хаан эр нөхөр ханхүү Альбертийнхаа хамт эгэл жирийн, гэр бүлсэг язгууртны дүр төрхийг сурталчилж байсан агаад гэр бүлийн хувьд тогтворгүй, нэр муутай байсан өмнөх төрийн тэргүүн нарынхаа алдааг давтахгүйг хичээж байлаа. Тэрбээр есөн хүүхэд төрүүлж, өсгөснөөс бараг бүгд Европын ихэс дээдэстэй ураг барилдаж, Британийн засаг төрд ихээхэн тустай “дипломат төлөөлөгчид” болцгоожээ. Хатан хаан хүүхдүүдээ цаг ямагт үүрэг хариуцлагаа ухамсарлаж байхаар хүмүүжүүлж, буяны байгууллага, сангуудын үйл хэрэгт татан оролцуулсан нь орчин цагийн Британийн хаад, хатдын улс төрөөс ангид сайн дурын ажилд идэвхийлэн оролцох үйлсийн эхлэлийг тавьсан байна.

  5. 6 VIII Хенри (1509-1547)


    VIII Хенри хаан болон хожим цаазаар авахуулсан хатан Энн Болейн

    Англичууд эх газрын европчуудаас ямагт өөр байж ирсэн. Харин тэрхүү ялгааг бүр ч албан ёсны болгож, англичуудыг Ромын католик сүмээс, Пап ламаас салгасан хүн бол наймдугаар Хенри юм. Тэрбээр нуган үр төрүүлээгүй авааль хатнаасаа салж, залуу эхнэр авахын тулд гэрлэлт цуцалдаггүй католик сүмээс татгалзан Английн сүмийг байгуулсан билээ. Гэвч энэ нь зөвхөн амин хувийн асуудал биш байв. Түүний Пап ламаас хараат бус болох шийдвэр Ромын католик сүмийн эрх ямбатнуудад үлэмж хэмжээгээр алба гувчуур, өргөл хандив барьж байсан англичуудыг нэг талаар эдийн засгаас дарамтаас чөлөөлж, нөгөө талаар оюун санааны хувьд шинэлэг, дэвшилт замд хөтөлжээ.

    Наймдугаар Хенрийг эдүгээ олон хүн зургаан эхнэр авч, хоёрынх нь толгойг авснаар илүүтэй мэддэг ч тэрбээр Английн сүмийг үндэслэхтэйгээ хамт улс орондоо Тэнгисийн хүчин байгуулж, Библийн судрыг англи хэлнээ орчуулуулж, эх газрын Европоос Сэргэн мандалтын үр жимсийг авчран ард түмнийхээ оюун санаанд шинэчлэл хийсэн гавьяатай юм. Хаантан мөн татварын бодлогыг шинэчилж, парламентын үйл ажиллагааг жигдрүүлэн, Ирландын хаант улсыг байгуулж өөрөө эзэн ноён нь болжээ. Ирланд улс 1542-1800 онд Английн хаант улсын дагуул орон, 1801-1922 онд Их Британи, Ирландын нэгдсэн хаант улсын нэг хэсэг байж, Британийг дэлхийн тэргүүлэх хүчин болоход ихээхэн хувь нэмэр оруулж, басхүү хохирч үлдсэн нь улс гүрнээ улам хүчирхэг болгох гэсэн Хенри хааны бодлогын үр хөврөл юм.  

  6. 5 I Эдуард (1272-1307)


    I Эдуард хаан, өдгөө Весминстерт хадгалагдаж буй түүний сандал

    Анхдугаар Эдуард бол Британи орныг одоогийн дүр төрхөө олоход голлох үүрэг гүйцэтгэсэн хаадын нэг юм. Шотландчуудын алх, Урт хөлт зэрэг олон хоч нэрээр түүхэнд үлдсэн Эдуард Уэльсийг эзлэн эрхшээсэн анхны англи хаан бөгөөд Шотландыг Английн дагуул улс болгосон дайнч, эрэмгий хүлэг баатар, цэргийн цолгорсон удирдагч байлаа. Түүнийг өдгөө Шотландын үндэсний баатар Уильям Уоллесийн заналт дайсан мэтээр дурсах нь олонтаа ч үнэн хэрэгтээ англичуудын Шотландад хэрэгжүүлсэн бодлого түүний амьд сэрүүнд тийм ч хатуу харгис байгаагүй байдаг.

    Эдуард хаан мөн II Хенрийн үеэс эхтэй хууль цаазуудыг журамлаж, парламентыг байнгын ажиллагаатай институт болгосон гавьяатай. Хожмын түүхчид өөр өөрөөр шүүсэн байдаг ч Английн нутгаас еврейчүүдийг хөөх, тухайн үедээ ард олонд ихэд үнэлэгдсэн бодлого ч Эдуард хааных юм.

  7. 4 V Жорж (1910-1936)


    V Жорж ба түүний үеэл Оросын хаан II Николай

    Долдугаар Эдуард хааны хоёр дахь хөвгүүн Жорж уг нь хаан болох ёсгүй байлаа. Түүний ах, угсаа залгамжлах хунтайж Альберт Виктор өвчнөөр өөд болсон тул тэрбээр төрийн тэргүүнээр өргөгдөөд зогсохгүй ахынхаа сүйт бүсгүйтэй гэрлэжээ. Тавдугаар Жорж хэдийгээр сэхээлэг, оюунлаг нэгэн байгаагүй ч (түүнийг амьдралдаа нэг ч ном уншиж үзээгүй гэлцдэг) төрөхөөс хүлээсэн үүрэг хариуцлагаа ихэд эрхэмлэж, төрийн тэргүүний албаа бүхнээс дээгүүрт тавин, язгууртны амьдралыг амар хялбар, элбэг дэлбэг амьдрал биш, харин хүнд хүчир “ажил” болохыг харуулснаараа Британийн хаант засгийг хувьсгалын шуурганаас аварсан гавьяатай юм.  

    Хаантан 1914 онд дэлхийн I дайн эхлэхэд Германы эзэнт гүрний Тэнгисийн хүчний адмирал, Пруссын фельдмаршал зэрэг цол гуншин, Германы ханхүү, Саксоны гүн тэргүүт хэргэм зэргээсээ татгалзан, герман удам угсаагаа “нуухын” тулд 1917 оны долдугаар сард ургийн нэрээ Сакс-Кобург-Готагаас Виндзор болгон өөрчилжээ. Тэрбээр мөн шинэ цагийн шаардлагыг тун гярхай мэдэрч, үр хүүхдүүдээ заавал сурвалжит язгууртантай гэрлэх албагүй хэмээн зарлигдсан байдаг. 1930-аад оны үеийн дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралыг Британи орон мөн л хаан эзнийхээ хүчээр даван туулсан юм. Тавдугаар Жорж санхүүгийн хямралын үед Засгийн газартайгаа маш нягт хамтран ажиллаж, огцрох хүсэлтэй Ерөнхий сайдаа албанд нь үлдээн, төр засгийг тогтвортой байлгах хүчир үүргийг ганцаараа шахам үүрч байв.

    Төрийн тэргүүн болоод түүний гэр бүлийнхэн олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцон, үргэлж олны өмнө ил байх бичигдээгүй журам, ард түмэндээ баярын мэндчилгээ хүргэдэг уламжлал зэрэг нь ч мөн V Жорж хааны санаачилга байлаа.

  8. 3 VI Жорж (1936-1952)


    VI Жорж хаан гэр бүлийн хамт (өвөр дээр нь гүнж Элизабет)

    Тавдугаар Жорж хааны хоёр дахь хүү Альберт Фридрих Артур Жорж хаан эцгийнхээ адил төрийн алтан титэм залах учиргүй байлаа. Түүний ах VIII Эдуард хаанд өргөгдсөнөөсөө 10-хан сарын дараа дурлалт бүсгүй, Америкийн иргэн Уоллис Симпсонтой гэрлэхээр хаан ширээнээсээ татгалзсан тул тэрбээр гэнэтхэн хаан болжээ. Бүрэг ичимхий, ээрүү түгдрээ VI Жорж хэдий ах шигээ нэр хүндтэй байгаагүй ч аавынхаа үүрэг хариуцлагаа эрхэмлэдэг зан чанарыг өвлөсөн байв. Тиймдээ ч дэлхийн II дайн эхлэхэд ард түмнээ орхихгүй, дайн дуустал цэргийн дүрэмт хувцаснаасаа салахгүй хэмээн ам тангараг өгч, түүндээ ч хүрчээ. Гэвч нацист Германаас улс орноо хамгаалсан удирдагч гэгдэн ард олныхоо хайр хүндлэлийг хүлээж, хаан суух эрдэм ухаанд дөнгөж төгсөрч эхлээд байсан Жорж хааны амьдрал өмнөх хаад, хатдынхтай нь харьцуулахад ахар богино байлаа. Тэрбээр 1952 онд 56-хан насандаа уушгины хорт хавдраар тэнгэрт хальжээ. Дайны жилүүдийг сэтгэл түгшин өнгөрөөсөн, түүнээсээ болж байнга тамхи татдаг байсан нь ийнхүү хааны аминд хүрсэн байна.

    Хувийн жаргалаа илүүд үзэн улс гүрэн, оноолт үүргээ умартсан хаан ахынхаа өмнөөс төрийн тэргүүнээр өргөгдсөн VI Жорж бол орчин цагийн хаан төрийг аварч хамгаалан, эдүгээ цагт хүргэсэн Британийн гол хаадын нэг юм. Титэм залах цагт нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан хаант тогтолцоо түүнийг өөд болох үед Британийн ард түмний аж амьдралын салшгүй хэсэг болтлоо дархлагджээ.  

  9. 2 II Элизабет (1952-)


    Хоёрдугаар Элизабет бол 1066 онд бүх Английн эзэн сууж, орчин цагийн Британийн хаан төрийн үндсийг тавьсан Эзлэн түрэмгийлэгч анхдугаар Уильямын 22 дугаар үеийн, түүнээс хоёр зууны өмнө буюу нийтийн тооллын 871 онд дайсагнагч англо-саксон бага хаадыг ялж, өөрийгөө нэгдсэн Английн анхны хаанаар өргөмжилсөн Аугаа хэмээгдэх Альфред хааны 32 дугаар үеийн ач охин болно.

    Нэн хариуцлагатай, хичээнгүй зан, нэг ч хазгай гишгэдэггүй болгоомжлол, зүтгэлээрээ ард түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн II Элизабет 2015 оны есдүгээр сарын 2-нд Виктория хатны амжилтыг давж, Британийн түүхэн дэх хамгийн олон жил төр барьсан төрийн тэргүүнээр тодорсон юм. Тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн их өөрчлөлт, хувьсал гарсан эрин үед өөрийнхөө үнэлж, дээдэлдэг зарчим, чигч шулуун зам мөрийг алдалгүйгээр, цагийн шаардлагатай дасан зохицож чадсанаараа гайхагддаг. Элизабет хатан өдгөө 92 настай ч үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байна. Түүний нөхөр ханхүү Филипп өнгөрөгч наймдугаар сард 96 насандаа тэтгэвэрт гарч, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохооргүй болсон билээ.

  10. 1 I Элизабет (1558-1603)


    Наймдугаар Хенри хааны хоёр дахь хатнаас төрсөн анхдугаар Элизабет 25 насандаа төрийн тэргүүнээр өргөгджээ. Тэрбээр хаан эцэг, хатан эгчийнхээ төр барьсан хатуу ширүүн, үймээн самуунтай он жилүүдийн дараах энх амгалан цагийн бэлгэдэл болж байлаа. Их хатан Бесс сэнтийгээ хамгаалахын тулд эрд гараагүй бөгөөд өөрийгөө Англи оронтой гэрлэсэн, мөнхийн Ариун хатан хэмээх болов. Энэхүү эх оронч, тууштай сэтгэл нь түүнийг ихэд нэр хүндтэй болгож, ард олных нь хайр, хүндлэлийг татсан байдаг.

    Урлаг соёлыг ивээлдээ авч, Английн театр, уран зохиолын хөгжилд санаа тавьж, протестант шашныг төрийн шашин болгон, шашин хоорондын хагарлыг эв эеэр шийдсэн нь түүний засаглалын гол гавьяа юм. Элизабет хатны алдар нэр мөн Испанийн Ялагдашгүй Армадаг ялсан түүхэн явдалтай холбогдоно. Европын хамгийн хүчин мөхөс, ядуу буурай орны нэг байсан Англи улс чухам энэ ялалтын дараа дэлхийн тэргүүлэх хүчний нэг болж мандсан бөгөөд Элизабет хатны их сэнтийд заларсан жилүүдийг хожим Алтан үе хэмээх болсон юм. 2002 онд BBC агентлагаас явуулсан “Түүхэн дэх хамгийн аугаа британичууд” жагсаалтын долоод буюу бусад хаад, хатдаас хамгийн эхэнд анхдугаар Элизабет хатан бичигдсэн нь чухам энэ алдар нэртэй нь холбоотой.

    Хатан хаан эрд гарч, үр хүүхэд төрүүлээгүй тул өөд болохдоо авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарлажээ. Энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.

Leave your vote

1 point
Upvote Downvote

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Log In

Or with username:

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy