5 сар 19, 2019

БУРХДЫН НУТАГ ТЕОТИУАКАН

Кристофер Колумбын нээлтээс өмнөх Америкийн эх газрын хамгийн том сац суваргуудын нэлээд хэсэг нь Мексик улсын төв хэсэгт байх Мексикийн хөндийд буюу нийслэл Мехико хотоос зүүн хойд зүгт 40-өөд км-ийн зайд орших Теотиуакан хэмээх эртний хотод буй. Нийт 83 ам.км талбай эзлэх уг хотын туурийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд 1987 онд бүртгэжээ. Энд гайхамшигт сац суваргаас гадна жирийн иргэдийн аж төрж асан байр сууцнуудын үлдэгдэл, нийтийн арга хэмжээнд ашиглаж байсан гэмээр томоохон цогцолбор газрын элдэв зураг чимэглэл бүхий аварга том хана зэрэг археологичдын дунд алдартай, жуулчдыг татдаг олон газар бий.

Өмнөх тооллын I зууны эхэн хагаст буюу хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Теотиуакан хот өнөөгийн Америк тивийн хамгийн том хот байжээ. Тэр цагт хүн амынх нь тоо багаар бодоход 100 мянга байсан гэж судлаачид үздэг бөгөөд хэрэв энэ нь баттай бол уг хот тухайн үед ганц тивийнхээ ч бус, дэлхийн хамгийн том хотын нэг байсан гэсэн үг. Хотын хамгийн эртний байгууламж загалмайтны тооллын өмнөх 200-гаад оны үеийнх бол хамгийн том сац суварга нь үүнээс 100 орчим жилийн дараа баригдаж дууссан Нарны суварга юм. Теотиуакан хот эзэнт гүрний нийслэл байсан үгүй нь өнөө ч маргаантай. Гэсэн ч Месоамерикт тус хотын нөлөө асар их байсныг майячуудын нутаг болон Веракрузээс олдсон олон арван эд өлгийн зүйл, археологийн олдвороос харж болно. Оршин суугчид нь ямар үндэс угсаатнууд байв гэдэг нь ч эрдэмтэн, судлаачдыг талцуулдаг. Теотиуаканы иргэд байсан гэх хамгийн өндөр магадлалтай үндэстэн, ястнуудын жагсаалтыг одоогоор нахуа, отоми, тотонакчууд тэргүүлж байна. Эднээс отомичууд тоогоор хамгийн олон нь байсан бололтой.

Теотиуакан хэмээх нэр хот мөхсөний дараах үеийн нахуачуудын нахуатль хэлээр бурхдын төрсөн нутаг гэсэн утгатай юм. Мөн бурхадтай ярилцагсдын нутаг гэж тайлбарлах нь бий. Хот оршин байх үедээ ямар нэртэй байсныг олж тогтоох боломжгүй байгаа нь харамсалтай. Майячуудын хүчирхэгжилтийн үед хамаарах нэгэн олдворт Теотиуаканыг Зэгст нутаг гэжээ.

Теотиуаканы эхэн үеийн түүх тун бүрхэг юм. Чухам ямар хүмүүс шавыг нь тавьж, барьж байгуулсан нь ч тодорхойгүй. Гэхдээ утгыг нь хөөвөөс уран гартнууд гэсэн нэр зүүсэн Толтек хэмээх аймгийнхан Теотиуаканыг байгуулсан гэх таамаг саяхныг хүртэл археологичдын дунд түгээмэл байжээ. Харин Толтекийн соёл иргэншил Теотиуаканы сэргэн мандалтын дараахан цэцэглэснийг нотлох баримт хожмоо олдож, дээрх таамгийг үнэнээс хол болохыг нотолсон байна.

Тескоко нуурын өмнөд эрэгт байсан Куикуилко хэмээх хот Ситль галт уулын дэлбэрэлтээс болж бүрэн сүйдэж, оршин суугчид нь өнөөгийн Мексикийн нутгийн гүн рүү буюу хожмын Теотиуакан руу дүрвэж суурьшин тус хотыг байгуулсан, эсвэл хотыг хөгжүүлсэн гэж зарим түүхч үздэг. Мөн тотонакчууд юм уу, олмекчууд Теотиуаканыг байгуулсан гэх таамаг бий. Олмекчуудыг Месоамерикийн соёл иргэншлийн суурийг тавьсан гэдэг билээ.

Хөгжлийнхөө оргил үед буюу энэ тооллын 150-450 оны үед Теотиуакан 30-аад ам.км талбайтай, 150-250 мянган оршин суугчтай байсан бололтой. Археологичдын тогтоосноор сургууль, сүм хийд, үзвэрийн газар, задгай зах хэд хэд байжээ. Мөн тухайн цагийнхаа үнэт эдлэл, гар урлалын төв байсныг нь олон арван олдвор нотолж буй аж. Гэхдээ цэрэг армийн гэгдэхээр нэг ч байгууламж байгаагүй нь судлаачдын анхаарлыг татдаг байна. Теотиуакан Месоамерикийн уран барилгын хэв маягийг хамгийн ихээр хадгалж үлдсэн газар. Хотын тэнхлэг чанх хойд зүгт зүүн тийш 15.5 градусын налуу, төв гудамж нь Сарны суваргатай огтлолцдог нь уран барилга, тооны ухаанд теотиуаканчууд шаггүй байсныг гэрчилнэ.

Теотиуакантай холбоотой бичгийн дурсгал бараг үгүй. Харин майячуудын нэгэн чулуун бичээст Мөчир чулуудагч шар шувуу нэрт нэгэн бээр Теотиуаканыг 60 гаруй жил удирдаж, төрөл төрөгсдөө өнөөгийн Гватемал, Гондурасын нутагт захирагч болгосон тухай өгүүлжээ. Теотиуаканы соёлтой танилцаж болох хамгийн үнэт өв бол хотын барилга байгууламжийн ханан дээрх нарийн дүрс, тод өнгө бүхий зургууд юм. Судлаачдын тогтоосноор ханын зургийн дийлэнх нь 450-650 оны үед хамаарна. Тэр цагийн Месоамерикийн зураачдын ур чадвар тухайн үеийн Италийн Флоренцийн зураачдынхтай дүйнэ гэж үзэх судлаачид ч бий.

Шашин шүтлэгийн хувьд Теотиуакан хотынхон Месоамерикийн бусад соёлт түмний адил Өдөт чөтгөр, Борооны бурхныг шүтдэг байжээ. Бурхдад хүн, амьтнаар тахил өргөдөг байсныг гэрчлэх нэлээд ул мөр Теотиуакан орчмоос олдсон байна. Тахилын золиос болсон хүмүүсийн олонх нь дайснууд болон олзны хүмүүс, ядуус дордос байжээ. Харин бурхдад өргөдөг байсан амьтдын дийлэнх нь шар шувуу, чоно, бүргэд, хорт могой зэрэг байсан бололтой.

Теотиуаканы хөгжил VII-VIII зуунаас уруудаж эхэлжээ. VIII зууны дунд үед гаднын эзлэн түрэмгийлэгчид, магадгүй толтекчууд хотыг шатаасан байна. Гэхдээ Теотиуаканы туурийг судалж буй эрдэмтдийн одоогоор шинжээд байгаа ихэнх байгууламж дээд давхаргынханд зориулагдсан байснаас үзэхэд хот бүхэлдээ түймэрт автсан үгүйг тэдгээр шатсан байгууламж дангаараа гэрчлэхгүй гэдгийг харуулж байгаа юм. Харин ч эрх ямбатнуудад зориулагдсан байшин барилгууд л голдуу галд автсанаас харахад дотоодын үймээн самуун, эрх баригчдынхаа эсрэг өдөөсөн энгийн иргэдийн эсэргүүцэл тэмцэл хот мөхөх гол шалтгаан болжээ гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Ялангуяа хотын төв гудамж болох Үхэгсдийн өргөн чөлөөний барилгууд галд илүүтэй сүйдсэн нь түүхчдийг талцуулдаг. VI зууны сүүлчээс хүн ам нь огцом буурсан нь ч хотын дотор зөрчил тэмцэл байсныг бэлхнээ харуулна. Мөн 535-536 оны ган гачиг Теотиуакан хотынхонд тун хүнд тусчээ. Зэргэлдээх Чолула, Шочикалько, Какаштла аймгийнхан Теотиуаканы хүч нөлөөг сулрахтай хамт өөр хоорондоо тэмцэлдэж, заримдаа теотиуаканыхны эсрэг хүч хавсарч байсныг Теотиуаканы соёлын нөлөө бүхий эд өлгийн зүйлс болон хэд хэдэн тулааны ул мөр гэрчилдэг байна. 

Теотиуаканыг илрүүлж, судалсан түүх 1905 оноос эхтэй. Археологич Леопольдо Батрэгийн ахалсан судалгааны баг алдарт Нарны суваргыг илрүүлснээ 1910 онд буюу Мексик улсын тусгаар тогтносны 100 жилийн ойгоор нийтэд дэлгэжээ. Теотиуаканыг бүхлээр нь ил гаргах, түүх соёлыг нь судлах хамгийн далайцтай ажил 1920, 1940-1950, 1960-1965 онд өрнөсөн байдаг. Судлаачид 1971 онд тун санаандгүй тохиолдлоор Нарны суваргын дор орших нууцлаг хонгилыг илрүүлсэн нь шуугиан дэгдээжээ. Байгалийн агуй гэж олны бодож байсан тэрхүү хонгил нь үнэндээ хүний гараар бүтсэн аварга том байгууламж, Нарны суваргын гүнд нэвтрэх нууц хаалга байсан аж. 

  1. 1

Leave your vote

1 point
Upvote Downvote

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Log In

Or with username:

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy