5 сар 19, 2019

ХОТЫН ТҮҮХ: ВАВИЛОН

ДАЙНЫ ХӨЛД СҮЙДСЭЭР БУЙ ЭРТНИЙ ГАЙХАМШИГТ ХОТ

Ертөнцийн түүхээс арилж баларсан их хотуудаас сүр жавхлан хийгээд нууцлаг байдлаараа Вавилонтой эн зэрэгцэх нь тоотой хэдхэн билээ. Өнөөгийн Багдад хотоос өмнөд зүгт 60-аад бээрийн зайд, нүд алдам элсэн цөлд сүндэрлэж асан уг хотод хүн төрөлхтний түүх соёлын үүрийн туяа гийжээ. Хавирган саран хэлбэрт үржил шимт хөндий Тигр, Евфрат мөрний хоорондох бэлчир нутагт Шумер, Аккад, Ассири, Вавилон, Месопотам, Ирак зэрэг улс гүрэн мандан бадарч, уруудан доройтож ирсэн байдаг. Адам, Евагийн Диваажингийн цэцэрлэг хүртэл чухам энэ нутгийн ойр орчимд байсангэлцэнэ. Иймд Месопотамыг суурин соёлын өлгий гэж үзвэл Вавилон хот тэр л алтан өлгийд мэндэлсэн анхны үр нь юм.

  1. 10 Эридүгийн “дүү”


    Вавилон хот анх өмнөх тооллын 1894 оны үед жижигхэн хот-улсын хувиар сэргэн мандаж, эрин цагийнхаа дэлхийн хамгийн том хот болжээ. Уг хотыг бүр ч эрт дээр цагийн өвөг шумер, аккадуудын барьж байгуулсан Эридү хэмээх хотын буурин дээр үүсэж бий болсон гэдэг. Тун богино хугацаанд хөгжин цэцэглэсэн Вавилон нийтийн тооллын өмнөх 23 дугаар онд анх түүхэн сурвалжид дурдагдсан бол Хаммурапи хааны хаанчлалын эхний жилүүдэд буюу ойролцоогоор өмнөх тооллын 1792 оноос ном сударт элбэг бичигдэж эхэлсэн байна. Вавилоны хаадаас хамгийн их танигдсан хоёр их хааны нэг Хаммурапи нь өөрийн гэсэн хууль цааз, төрт ёсны дэг журам тогтоосноороо алдартай бөгөөд МЭӨ XVIII зуунд Месопотамын өмнөд хэсэгт хэдий богино настай ч Вавилоны анхдугаар эзэнт гүрнийг байгуулж, Вавилоныг улсын нийслэл болгон хөгжүүлсэн анхны хаан юм. Түүнийг бие барсны хойно хот-улс нь Ассири, Кассит, Элам зэрэг эртний овог аймгуудын мэдэлд байсаар Вавилоны шинэ эзэнт гүрний үетэй золгосон нь түрүү тооллын 609-539 оны үе байлаа.


  2. 9 Навуходоносорын бүтээн байгуулалт


    Харин Вавилоныг түүхэн дэх хамгийн аугаа хот хэмээх алдар нэртэй болгосон гол гавьяатан бол өмнөх тооллын 605 онд хаан сэнтийд заларсан, Вавилоны суу алдарт хоёр хааны нөгөөх нь болох II Навуходоносор юм. Хаан бээр Вавилоны нэр сүрийг түүхнээ мөнхөлсөн Хуучин гэрээний хэмжүүрээр бол яавч эрэлхэг, шударгуу баатар гэгдэхээргүй, еврейчүүдийг хядагч, сүм хийд сүйтгэгч, алт мөнгөнд шунагч харгис хатуу нэгэн байв. Гэсэн ч Египет, Сирид явуулсан аян дайны олз омогтоо эрэмшиж хөөрсөн Навуходоносорасар өргөн цараатай бүтээн байгуулалт өрнүүлсэн нь эртний ертөнц дэх хамгийн сүрлэг хотыг бий болгосон байна.

    Дөнгөж байгуулагдсан Вавилон хот тэнгэр баганадсан сүм дуган, бөмбөгөр оройт мөргөлийн асар, гялалзаж гялтганасан хөх чулуун шигтгээт орд өргөөгөөр дүүрэн байлаа. Эдгээр нь хотын аварга том чулуун хүрээн дотор байж. Харин хана хэрэм нь хэр том байсныг эртний түүхэн сурвалжид олонтаа дурдагддаг “Хотын төв зам тус бүр нь дөрвөн морь хөллөсөн хоёр морин тэрэг зөрж өнгөрөхөд саадгүй өргөн байжээ” гэх тодорхойлолтоос баримжаалж болох юм. Энэ талаар Грекийн газарзүйч Страбон гэхэд ихэд дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээсэн нь бий.

  3. 8 Шаттай цамхаг


    Питер Брейгелийн бүтээл, 1563 он

    Навуходоносор хааны үед Вавилоны хамгийн алдартай байгууламж мөн баригджээ. Тэр нь хүний бурхан тэнгэртэй тэрсэлдсэн тэмцэл зөрчлийн илэрхийлэл байв. Вавилончууд тэнгэр, газрын завсар дахь Мардук нэрт дуганы орой дээрх Этеменанки буюу 91 метр өндөр тэрхүү шаттай цамхагаа зиггурат гэж нэрийдэж байсан бол дэлхийн бусад хэсэгт түүнийг нь Вавилоны цамхаг нэрээр мэдэх юм.

  4. 7 Херодотын тэмдэглэл


    Зураач Уильям Симпсоны бүтээл. XIX зуун

    Орчин үеийнхний Вавилоны талаар мэдэх бүхэн үндсэндээ эртний Грекийн түүхч Херодот нарын сонгодог эриний эрдэмтэн мэргэдийн бичиж тэмдэглэсэн зүйлс болоод археологийн олон арван судалгаа шинжилгээний дүнгээс үүдэлтэй байдаг. Херодот Вавилоны тухай тун дэлгэрэнгүй, хамгийн эртний бичгийн дурсгал үлдээсэн нь “Түүх” хэмээх бүтээлд нь байх уг хотыг дүрсэлсэн бүтэн 10 хуудас бичвэр юм. “Вавилон шиг жавхлан төгс, аварга том хот ертөнцөд өөр нэгээхэн ч үгүй юм” хэмээн тэрбээр бичжээ. Херодот өнөөгийн Евфрат мөрний зүүн эрэг дээр байсан хотын гол сүм болох Мардукийн талаар “Сүмийн барилга тэгш дөрвөлжин. Хоёр талдаа хүрэл хаалгатай. Гол цамхаг нь эргэлдэн мушгирсан найман хэсэг дугуй шаттай, дундаа хүмүүс амарч тухлахад зориулсан суудал болоод асартай. Цамхагийн дээр сүмийн гол танхим байрлана” гэхчлэн дүрсэлсэн байна.

  5. 6 Их найман цайз


    Иштар хаалга

    Хотын зүүн тал буюу хуучны хэсэгт нь нэлээд тооны жижиг сүм дуган бас байжээ. Тэдний ойролцоо Вавилон хот эзлэн түрэмгийлэл, арилжаа наймааны ачаар цэцэглэн хөгжсөнийг илтгэх худалдааны хөлөг онгоцууд ирж зогсдог багашаархан боомт байж. Харин эмх цэгцтэй гудамж талбайг нь хотын гол судас болох Ёслол хүндэтгэлийн зам зангидна. Аварга том бух, луу тэргүүтний дүрс бүхий, хойд зүгт байх Иштар нэрт хаалгыг чиглэсэн уг зам зорчигчдыг Шинэ жилийн баярын өргөө буюу Бит Акиту хэмээх сүм рүү хөтөлдөг байв. Иштар хаалганы хажууд нийтдээ 16 га талбай эзлэх хоёр ч том орд өргөө бүхий цогцолбор байсан нь Вавилон хотын доторх их найман цайзын нэг байжээ.

    Навуходоносор хаан МЭӨ 597 онд Иерусалим хотыг эзэлсэн түүхтэй. “Хаадын шаштир” хэмээх бүтээлд түүнийг “Иерусалимын хамаг юмыг хуу хамаад одов. Бүх хан хөвүүд, ихэс дээдэс, уран дархчуул, бүр 10 мянгаар тоологдох хоригдол, олзны улсыг хүртэл тэр аваад явлаа. Иерусалим эл хуль болов. Үгээгүй ядуус л энд үлдэж хоцорлоо” хэмээжээ. Тэр олон хүнийг Вавилон хотын барилгын ажилд дайчилсан нь маргаангүй юм.

  6. 5 Дүүжин цэцэрлэг


    Бидний үед хүрсэн Херодотын тэмдэглэлүүдэд харин эртний ертөнцийн долоон гайхамшгийн нэг Дүүжин цэцэрлэгийн талаар нэг ч үг байдаггүй нь хачирхалтай. Сицилийн Диодор гэгч грек түүхчийн бичсэнээр хорвоогийн хамгийн төгс сайхан усан сан бүхий тэрхүү цэцэрлэгийг нэр нь үл мэдэгдэх нэгэн язгууртан дурлалт бүсгүйдээ зориулан бүтээжээ. Харин зарим нэг түүхч зүйл бүрийн цэцэг навч алаглаж асан, шаталж өндөрлөсөн мөнхүү цэцэрлэгийг II Навуходоносор хайрт хатан Амитистаа барьсан хэмээн таамагладаг бол байгалийн татах хүчний хуулийг зөрчсөн тийм нүсэр том байгууламж огтоос байгаагүй, Дүүжин цэцэрлэгтэй холбогдох бүхэн ердөө үлгэр домог юм гэж үздэг археологчид ч байдаг аж.

  7. 4 Тоосгон барилгуудын туурь


    Вавилоны олон дурсгалыг Саддам Хусейний үед ахин сэргээсэн юм.

    Херодот Вавилоны энэ мэт томоохон байгууламжуудын талаар, магад огт байгаагүй байж мэдэх ч хотын үүх түүхийн салшгүй хэсэг болсон зүйлсийн талаар юу ч дурдалгүй өнгөрсөн ч хотынхны өдөр тутмын амьдрал, орчин тойрны ерөнхий дүр зураглал, газар нутгийн байршлын талаар олон юм тэмдэглэн үлдээжээ. Вавилончуудын төгсрүүлсэн тоосго бүтээх эрдэм ухаан, хотын гадаад хэрмийг барьсан явц, гудамж талбайн төлөвлөлт, тариалангийн талбайд хүрэх гол замуудын байршил, Евфрат мөрнөөр зорчиж асан хөлөг онгоцуудын төрөл, хэв загвар гэхчлэн орчин үеийнхэнд эрт цагийнхны аж амьдралыг дүрсэлж төсөөлөх боломж олгох олон чухал баримтыг Херодот бичиж тэмдэглэсэн байна. Түүний ихэд гярхай ажиглаж, дэлгэрэнгүй гэгч нь тайлбарлан бичсэн наранд хатаан, зууханд жигнэн болгодог месопотам хийцийн тоосгоор барьсан барилгуудын туурь эдүгээ Саддам Хуссейний үед, 1980-аад баригдсан барилга байшингуудтай зэрэгцэн байна.

    Саддам Хуссейн эрх сүрийнхээ оргилд байхдаа Вавилоны нэгэн эртний ордны буурин дээр II Навуходоносор хааны орд өргөөний загвараар өөртөө асар том харш бариулж, үүдэнд нь “Навуходоносор хааны үр удам Саддам нэрт хүү Иракийн сүр жавхааг бадруулахаар энэхүү ордныг бариулав” хэмээн бичүүлжээ. Тэрбээр Булангийн дайны дараа ч эртний шаттай суварга болох шумер хийцийн нэгэн зиггуратын суурин дээр өөр нэгэн харш бариулсан байдаг.

  8. 3 Дайны уршиг


    Иштар хаалганы өмнө зогсож буй Филиппин цэрэг. Цаана нь Польш, АНУ-ын цэргүүд өнгөрч байна. 2003 он

    Гэвч тэр олон шинэ орд харшууд ч, ганц Вавилоны гэлтгүй эртний түүхэн барилгууд ч Иракийг нөмөрсөн дайн самууны уршгаар ихэд сүйджээ. Вавилоны туурь орчмын бүсийг хамгаалж байсан польш цэргүүд МЭӨ VI зууны үед хамаарах тоосго, хавтан зэргийг үйртэл нь сүйтгэж, түүхэн хотын төвийг тэг дундуур нь огтолж байсан Ёслол хүндэтгэлийн зам орчмын элсийг хүртэл шуудай шуудайгаар зөөсөн байна.

    Иракийн Үндэсний музейнхний баталж буйгаар гадаадын цэргүүд, доншуур наймаачид, хол ойрын явуулын улс Иштар хаалганы элдэв амьтны дүр дүрслэл бүхий чулуун самбар, эмхэрч унасан хавтан, жижиг баримлуудыг хүртэл бараг бүгдийг нь зөөгөөд дуусчээ. Британийн музейн мэргэжилтэн, доктор Жон Куртисийн хэлснээр “Нэгэн цагт дэлхийн хамгийн том хот байсан, соёлт хүн төрөлхтний хамгийн гайхамшигт өвүүдийн багагүй хувийг цаг хугацааны гүнээс бидэнд тээн ирсэн энэ их хотыг ингэж цөлмөсөн нь уучилшгүй гэмт хэрэг” билээ. Тэрбээр тус музейн Эртний Ойрх дорнод, дорно дахин судлалын тэнхмийн судлаач юм. Түүнийг 2004 оны сүүлчээр Вавилоны буурин дээр очиход дурсгалт газрын ойр орчмыг ямар ч хамгаалалтгүй орхисон байжээ. Түүхэн хотын туурийг тойрсон хамгийн ойр дөт суурьшлын бүсүүдэд зөвхөн цэрэг армийнхан л байсан аж. Энэ нь Египетийн Их сац суварга юм уу, Британийн алдарт Стоунхэнжийн хажууханд цэргийн бааз байрлуулснаас ялгаагүй юм.

  9. 2 Сэргээн засварлалт


    Вавилоны хана дээрх дурсгал. 1950 он

    Иштар хаалганы тухайд жинхэнэ эх нь олон зууны өмнө сүйдэж үгүй болсон бөгөөд одоо сүндэрлэн байгаа загварыг нь Германы археологичид Берлин хотын Пергамоны музейд өнөө ч хадгалагдан буй Ёслол хүндэтгэлийн замын эх зураг дахь хуулбарт тулгуурлан, бусад сурвалжаас санаа авч урлажээ. Аливаа дайн самуун түүхийг эргүүлж, эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлэн, нутаг орны төрх байдлыг орвонгоор нь өөрчилж орхидог ч энэхүү жам ёсны хувирал зөвхөн Вавилоныг л тойрсон мэт сэтгэгдэл уг хаалгыг харахад төрнө. Гэвч бодит байдал тийм биш ажээ. Аугаа түүхт Вавилон хот цаг хугацаа, дайн дажны хөлд одоо ч үрэгдсээр байна. АНУ 2003 онд Иракийг эзлэхтэй зэрэгцэн эхэлсэн Вавилоны туурийг тонож дээрэмдэх, балгас нурангийг нь сүйтгэх үзэгдэл өнөөг хүртэл мэр сэр гарсаар байгаа гэнэ. Америк, польш цэргүүдийн эвдэлж сүйдэлсэн бүхнийг сэргээн засварлах ажил ч өдийг хүртэл үргэлжилж байна. Хотын туурь болон ойр орчмын газрыг Америк, Польшийн тал 2005 онд Иракийн Соёлын яаманд албан ёсоор хүлээлгэж өгчээ.

  10. 1 Бүрхэг ирээдүй


    Өнөөгийн Вавилон. Саддам Хусейний ордноос авсан зураг

    Харин үүнээс дөрвөн жилийн дараа, 2009 онд хотын туурийг дахин олон нийтэд нээлттэй болгосон байна. Гэтэл 2014 онд гэнэт хүчирхэгжин Сири, Иракийн нэлээд хэсгийг нэгтгэн эзэлсэн “Исламын улс” бүлэглэл Вавилоны балгас туурь байх Иракийн Бабил мужид хяналтаа тогтоосноор дөнгөж амгалан тайван болоод байсан нутгийн төв хэсэг дахин хууль ёсны засаг захиргаагүй болжээ. 2016 оны гуравдугаар сард “Исламын улс”-ын цэргүүд Бабилаас гарч явсан тухай мэдээ ирсэн ч түүхэн дэх хамгийн гайхамшигтай хотоос бидний үед хүрсэн өчүүхэн хэсэг хэзээ нэг бүрэн дүүрэн хамгаалагдах нь одоо ч тодорхой бус байна.

Leave your vote

1 point
Upvote Downvote

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Log In

Or with username:

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy