8 сар 26, 2019

ЦАЦАГТ ХЯРУУЛЫН ТУХАЙ 10 БАРИМТ

Талархлын баярыг анх тэмдэглэсэн мөргөлчид энэ баярыг хожим ийм өргөн дэлгэр тэмдэглэдэг болно гэж зүүдлээ ч үгүй байх. Тэд ирж буй өвлийг өнөтэй давахыг бэлгэдэхийн сацуу арвин олз омог хайрласан бурхан тэнгэрт талархсанаа илэрхийлж анхны Талархлын өдрийг тэмдэглэсэн гэдэг. Мөргөлчид өнөөгийн америкчууд шиг хоол унд элбэг дэлбэг зоогийн ширээг бус сүм хийдийг илүүд үздэг байжээ. Харин албан бусаар 50 гаруй жил тэмдэглэгдсэн Талархлын баярыг үндэсний хэмжээний баяр болгохыг хатагтай нарын сэтгүүлийн эрхлэгч Сара Хейл хэмээх эмэгтэй Ерөнхийлөгч Абрахам Линкольнд анх санал болгосноор албан ёсны анхны Талархлын баяр 1863 онд болсон байна. Энэ баярын гол зоог нь цацагт хяруулын бүхэл мах. Ингээд уг шувуутай холбоотой сонирхолтой 10 баримтыг хүргэе.

  1. 10 Нисэж чаддаг


    Зэрлэг цацагт хяруул идшээ газраас цуглуулдаг тул уг шувууг нисэж чаддаггүй гэх ойлголт ихэд түгжээ. Харин уг амьтан агаарт цагт 55 бээр хүртэл хурдалж чадна.

  2. 9 Устаж үгүй болох дөхсөн


    Газрын амьдралд ойр цацагт хяруул анчдын хувьд хялбар олз тул тоо толгой нь 1930-аад оны үед 30 мянга хүртэл буурч байв. Өдгөө зөвхөн Америкт л гэхэд 10 гаруй сая зэрлэг цацагт хяруул байна.

  3. 8 45 сая цацагт хяруул


    Харин гаршуулсан буюу хүнсэнд хэрэглэдэг цацагт хяруулын тоо үүнээс хэд дахин их. Америкийн Цацагт хяруулын холбооны мэдээлснээр америкчууд жилд дунджаар 45 сая цацагт хяруулыг Талархлын баярын зоогондоо хэрэглэдэг байна.

  4. 7 Бараан мах нь илүү амттай


    Мах бол нэг төрлийн булчин юм. Булчинг тэтгэгч цусанд миоглобин хэмээх бодис бий бөгөөд энэ нь махыг бараан харагдуулдаг. Хүнсэнд хамгийн ихээр хэрэглэгддэг булчин уг бодисыг их хэмжээгээр агуулдаг байна. Тэжээвэр цацагт хяруул бараг нисдэггүй тул цээжний болон далавчных нь булчин хөгждөггүй. Тиймээс Талархлын баярын ширээн дээрх ихэнх цацагт хяруулын мах цайвар өнгөтэй байдаг.

  5. 6 Хоёр ходоодтой


    Цацагт хяруул ихэнх шувууны адил шүдгүй тул идэш тэжээлээ сайтар боловсруулахын тулд хоёр ходоодтой болжээ. Эхний ходоодонд нь бүхлээрээ орсон хоол хүнс нь задарч цааш дамжихад бэлэн болох бол хоёр дахь ходоод нь тэр бүхнийг жижгэлж, шингээж өгнө.

  6. 5 Модон дээр унтдаг


    Зэрлэг цацагт хяруул том биедээ түүртэх нь их тул махчин ангуучдыг дайрах үед биеэ хамгаалж чаддаггүй. Тиймээс харуй бүрий болмогц томхон модны мөчир дамжин аюулгүй гэж үзсэн өндөртөө гараад унтаж амардаг.

  7. 4 Өндгийг нь худалддаггүй


    Үүнд олон хүчин зүйл нөлөөлжээ. Цацагт хяруулын өндөг идэж болохоор барахгүй тахианы өндөгнөөс том, мөн илүү амттай гэгддэг. Гэвч цацагт хяруул бусад шувуутай харьцуулахад ойр ойрхон өндөглөдөггүй, ихдээ л долоо хоногт хоёр өндөг гаргах тул энэ нь аж ахуй эрхлэгчдэд ямар ч ашиггүй байдаг байна. Мөн үүр нь маш том зай талбай эзэлдэг, төрөөд ердөө таван сарын дараагаас өндөглөж эхэлдэг тахиаг бодвол бараг жил буюу 7-9 сарын дараа л өндөг дарж эхэлдэг, бусад шувууг бодвол өндгөө маш сайн хамгаалдаг гээд олон шалтгаанаас болж цацагт хяруулын өндөг дэлгүүрийн лангуун дээр байдаггүй байна.

  8. 3 Нойр хүргэдэг нь цацагт хяруул биш


    Талархлын баярын дараахан нойрмог, залхуу болдгоо ихэнх америкчууд цацагт хяруулын махтай холбон тайлбарладаг. Харин олон тооны судалгаа үүнийг ор үндэсгүй болохыг баталжээ. Цацагт хяруулын маханд триптофан хэмээх бодис байдаг нь нойр хүргэх үйлчилгээтэй ч бүх төрлийн маханд эл бодис бараг ижил хэмжээгээр байдаг байна. Тэгэхээр америкчуудыг (их иддэг хүн бүрийг) нойрмог болгодог нь цацагт хяруулын мах бус төмс, ундаа, бялуу зэрэг нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг их хэмжээгээр хольдогтой холбоотой аж.

  9. 2 Франклин цацагт хяруулыг үндэсний шувуу болгох санал тавиагүй


    АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин халзан бүргэдийг биш, харин цацагт хяруулыг үндэсний шувуу болгохыг санал болгож байсан гэх яриа маш түгээмэл. Энэ нь цацагт хяруултай холбоотой сонирхолтой баримтын тоонд байнга ордог. Гэтэл үнэн хэрэгтээ Франклинийг энэ талаар охиндоо захидал бичих үед буюу 1784 онд халзан бүргэд хэдийн Америкийн үндэсний шувуугаар тодорч, Ерөнхийлөгчийн тамга тэмдгэн дээр залраад байлаа. Дээрх яриа цацагт хяруулыг бүргэдээс илүү "хүндэлмээр шувуу" хэмээн тодорхойлсон Франклиний үгээс болжээ. Тэрээр охиндоо бичсэн дээрх захидалдаа халзан бүргэдийг үргэлж бусдын хоолыг булаадаг "өөдгүй амьтан" хэмээгээд цацагт хяруул зөвхөн Америкийн эх газарт байдгийн хувьд хавьгүй онцгой шувуу юм гэж бичсэн байна.

  10. 1 Дээд өвөг нь үлэг гүрвэл


    Шувууны эгэмний яс далавчных нь булчинтай холбогддог. Жижиг биет махчин болон Velociraptor төрлийн үлэг гүрвэл ч мөн ийм ястай байжээ. Эдгээр эртний амьтад нисдэггүй байсан ч саяхны судалгаа орчин цагийн цацагт хяруулын цээж, далавчны бүтэц зарим үлэг гүрвэлийнхтэй төстэйг тогтоосон байна. Ерөөс тахиа, цацагт хяруул хоёрыг бусад бүх шувуунаас илүү үлэг гүрвэлтэй генийн хувьд ойролцоо гэж үздэг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн