7 сар 16, 2019

ХҮНИЙ ХӨЛ ХҮРЭЭГҮЙ СҮҮЛЧИЙН ОНГОН ГАЗРУУД

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 85 хувьд нь хүн суурьшаад байна. Энэ нь нэг хүнд дунджаар нэг ам.метр талбай ногдож байна гэсэн үг. Хүн суурьшсан газрыг хааш хаашаа 15 км-т бохирдсон буюу хүний нөлөөнд автсан гэж үздэг.Хүн ганцаар амьдрагч биш учир хүн байгаа газар засмал зам, дэлгүүр хоршоо, тариалангийн талбай, цаашлаад төмөр зам хүртэл бий болно. Хүн олноор суурьшсан газарт байгалийн унаган экосистем ихэнхдээ алдагддаг. Үүнийг батлахад дэлхийн хуурай газрын 98 хувьд нь амуу тариа, эрдэнэшиш тариалж байгааг дурдахад л хангалттай. Өдгөө 37-хон бүс нутаг хүний гарт өртөлгүй үлджээ. Гэхдээ энэ жагсаалтад багтсан Амазон мөрний бэлчир нутаг, Сахарын цөл, Антарктид, Камчаткын хойг, Төвдийн уулс, Монголын хээр тал, Атакамын цөл зэрэг газар зөвхөн байгалийн тогтоц, эрс тэс уур амьсгалаараа хүнээс хамгаалагдаж байна. Харин дараах таван газар хүнээр хүрээлүүлсэн атлаа экосистем нь алдагдаагүй, хүний хөл хүрээгүй хамгийн ариун дагшин газрууд юм.

  1. 5 Намиб


    Африкийн өмнөд хэсэгт орших Намиб улс хүн ам нь хамгийн сийрэг суурьшсан орны нэг. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ тус улс Монгол Улсын дараа хоёрт бичигддэг. Газар нутгийнх нь талаас илүү хувийг Намибийн болон Калахарын цөл эзэлдэг ч тус улс элсэн далайд оршдог олон улстай харьцуулахад байгалийн олон хэв шинжтэй бөгөөд Үндсэн хуулиндаа байгаль орчныг хамгаалах тухай тусгайлан тусгасан цөөн орны нэг юм. Энэ улсад дэлхий дээрх бүх үчимбэрийн 25 хувь нь нутагладаг. Тиймээс ч уг амьтныг хамгаалахын тулд ан амьтан ихтэй газар нутгийнхаа 20-иод хувьд хүн нэвтрүүлэхийг хориглосон байна.

  2. 4 Галапагосын арлууд


    Чарльз Дарвин эдгээр бүлэг арлыг “Зүйлүүдийн үүсэл” хэмээх алдарт бүтээлээрээ дэлхий дахинд анхлан таниулсан билээ. Тэр цагаас хойш Галапагосын арлуудыг зорих хүмүүс хавьгүй нэмэгдсэн ч энэ нутаг дэлхийн хамгийн нууцлаг, олны хөлөөс алслагдсан газрын нэг хэвээр байна. Игуан гүрвэл, аварга яст мэлхий, дулаан бүсийн оцон шувуу, далайн хав зэрэг дэлхийн өөр хаа ч байхгүй олон амьтан чухам энд бий. Галапагосын арлуудад нийт 23 мянга орчим хүн амьдардаг ч арлуудын багагүй хэсгийг хүршгүйд тооцдог.

  3. 3 Папуа-Шинэ Гвиней


    Энэ улс дэлхийн хамгийн буурай хөгжилтэй, хамгийн бага судлагдсан орны нэг юм. Олонх судлаачийн үздэгээр гадаад ертөнцтэй холбоо тогтоогоогүй олон овог аймаг, шинжлэх ухаанд бүртгэгдэлгүй үлдсэн амьтан, ургамлын дийлэнх нь Шинэ Гвиней арлын өтгөн ой ширэнгэ дотор бий.

  4. 2 Сейшелийн арлууд


    Сейшелийн арлуудын бүгд найрамдах улс нь Энэтхэгийн далай дахь 115 арлаас бүрдэнэ. Тус улсын газар нутгийн тэн хагас нь төрийн хамгаалалтад байдаг нь дэлхийд нэгд орох үзүүлэлт юм. Сейшелийн арлуудын эргийн нийт урт 500 орчим км ч ихэнх арлынх нь эрэг дээр хүн битгий хэл хуурай газрын амьтан ч үзэгддэггүй.

  5. 1 Бутан


    Төвд орныг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, Гималайн уулсын диваажин гэж зарим хүн эндүүрдэг. Харин Гималайн жинхэнэ шигтгээ нь Бутан юм. Энэхүү жижигхэн хаант улсын нутаг дэвсгэрийнх нь 60 хувь ой мод бол 25 хувь нь байгалийн цогцолбор юм уу, дархан цаазат бүс нутгууд болно. Тэгэхээр үлдсэн арав гаруйхан хувьд нь л хүн амьдардаг гэсэн үг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн