8 сар 26, 2019

ХӨГЖМИЙН ЕРТӨНЦИЙН АНХНЫ ОД

Залуу охид, хүүхнүүд шүтэн биширдэг дуучид, хөгжимчдөө хараад орилж хашхиран, зарим нь уйлж унжин, ухаан балартан унах дүр зургийг та зөвхөн орчин цагийн үзэгдэл гэж бодож байна уу? Улайрч дайрсан шүтэн бишрэгчид гэхээр танд хамгийн түрүүнд Элвис, “Битлз”-ийн үнэнч фэнүүд санагдаж буй байх. Харин энэ үзэгдэл дэлхийн II дайны дараах Англи, Америкаас эхэлсэн шинэ зүйл биш ажээ. Хөгжмийн түүхийг сөхөхүл энэ мэт “улаан фэнүүд”-ийн дайрлага XIX зууны Европт, бүр сонгодог хөгжмийн тоглолтын танхимд эхэлсэн байна. Хөөрч догдолсондоо орь дуу тавьж, сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй тайз руу тэмүүлэх үзэгчдийн өмнө тоглож асан, хөгжмийн ертөнцийн анхны од бол өвөрмөц содон төгөлдөр хуурч гэдгээрээ олон түмэнд анхлан танигдсан Унгарын хөгжмийн зохиолч Ференц Лист байв. Одоогийн супер оддыг хэлдэг тогтсон нэршил болох celebrity гэх үгийг Оксфордын их сургуулиас гаргадаг “Орчин цагийн англи хэлний дэлгэрэнгүй толь бичиг”-т анх 1830 онд оруулсан нь ч чухамдаа Листийн алдар нэртэй холбоотой гэж хөгжмийн зохиолчийн намтрыг бичиж буй түүхч Оливер Хилмес үзэж байна. 

Ференц Лист (1811-1886) бүр бага балчир байхаасаа Вена, Парис, Лондонд тоглож, авьяас билиг, ур чадвараараа гайхагдахын сацуу төгөлдөр хуурыг бүрэн эзэмшсэн өвөрмөц арга барил, мөр шүргэсэн урт үс, хурдтай огцом хөдөлгөөнөөрөө хөгжмийн хорхойтнуудад танигджээ. Тэрбээр найман жилийн дотор бараг мянгаад тоглолтод оролцож, төгөлдөр хуурч гэх хүнийг аварга том зэмсгийн ард хадагдсан "дуу гаргагч", ердийн нэг хөгжимчин төдий биш, харин онцгой туурвилч, хувь ганцхан уран бүтээлч байж болохыг анхлан харуулсан байна. Улс гүрнүүдийн төрийн тэргүүн нар Листийн өмнө мэхийж, ихэс дээдэс түүнийг орд өргөөндөө урин залж, залуу сайхан эмэгтэйчүүд түүнд ухаанаа алдан дурлаж, сонин хэвлэлийнхэн тоглолт бүрийнх нь тухай сурвалжлага мэдээ нийтэлж байлаа.

Оливер Хилмесийн тодорхойлсноор Листийн өвөрмөц ая дан, цовоо цолгиун, эрчимлэг байдал нь XIX зууны номчирхог, хаагдмал нийгэмд бэлгийн дур хүсэл, нууцлаг сэрлийг өдөөж байжээ. Тухайн цагийн нэгэн сэтгүүлд “Гүнгийн ахайтан, сурвалжит хатагтай нар гэр бүлийнхээ эрхэм сайн нэрийг ч бодолгүйгээр хөгжимчин рүү улайран дайрч, ноён Листийн гар хүрсэн шилэн аяга, энгэрийн алчуур сэлтийг булаалдан, бие биеийнхээ үс гэзгээс хүртэл зулгаав” хэмээн бичсэн байна. Дээдчүүлийн дунд ихэд нэртэй нэгэн эмэгтэй Листийн дутуу орхисон янжуурыг бусдаас өрсөн байж аваад таатай нь аргагүй татаж дуусгасан гэх мэдээ ч мөнхүү сэтгүүлд нийтлэгджээ. 

Европ даяараа Листийн хөгжмөөр “өвчилсөн” үзэгдлийг XIX зууны Германы нэрт найрагч, Листийн үед ид бүтээн туурвиж байсан Хайнрих Хайнэ анх Листомания хэмээн нэрийдсэн байдаг. Энэ нь Листийг шүтэн бишрэгчид Битлманиягийн дайрлагад өртсөн залуусаас ялгаагүй шахам байсныг гэрчилнэ. Гэхдээ Английн Шиффильд Халламын их сургуулийн Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны тэнхмийн багш, шүтэн бишрэгчдийн сэтгэл зүйг судлаач доктор Рүт Деллерийн үзэж буйгаар хоёр зууны тэртээх хөгжмийн хорхойтон, энэ цагийн үзэгч, сонсогчдын хооронд хэдий ижил төстэй зүйл олон байвч тэдний шүтээн болсон алдартнуудыг яагаад ч харьцуулж болохгүй гэнэ. Одоо цагт бол сэтгэл татам төрхтэй, аятайхан яриа хөөрөөтэй, хөнгөн хэмнэлтэй дууг боломжийн дуулчих хэнийг ч хэвлэл мэдээллийн асар их нөлөөг ашиглан супер од болгох боломжтой болсон. Харин Листийн үед үнэнхүү авьяас билигтэй, бусдаас ялгарах өвөрмөц содон чадвартай бүтээлчид л алдар гавьяа, хүндлэл бишрэл, алга ташилтаар шагнуулдаг байсан хэмээн доктор Деллер ярилаа. 

Лист Бахаас эхлээд нэгэн үеийн хөгжмийн зохиолч болох Шопений бүтээлүүдээс хүртэл тоглож байсан, цаг үеийнхээ анхны төгөлдөр хуурч юм. Бүтээл туурвилынх нь цар хүрээ ийм өргөн байснаас гадна тэрбээр шинийг эрэлхийлэгч, тогтсон ном журмыг зөрчигч гэдгээрээ мөн танигджээ. Оросын төгөлдөр хуурч, одоо цагийн нэртэй хөгжимчдийн нэг Кирилл Герштейн Листийг 1830-1850 оны хооронд төгөлдөр хуур дээр үзүүлж болох хөгжимчин хүний бараг л бүх арга барилыг өөрийнхөөрөө шинэчилсэн хэмээлээ. Энэ бол баргийн хүнд таарах тодорхойлолт биш билээ. Листийн бүтээлүүдийг тоглох нь Эверестийн оргилд хөл тавихтай адилхан байдаг гэж төгөлдөр хуурчид хэлэлцдэг нь ч энэхүү унгар хөгжмийн зохиолчийн гайхамшигтай, давтагдашгүй талыг илтгэнэ. Гэхдээ Ференц Лист олон түмнийг шуугиулж, хуйлруулж байсныхаа адил адал, адармаатай амьдрал туулаагүй гэдгийг зориуд дурдах хэрэгтэй. Тэрбээр цогтой, дүрэлзсэн, онгод билиг нь ундарсан нэгэн гэхэд тун ч эгэл даруу, урт удаан, ажин түжин амьдарчээ. 

Харин Герштейн нарын төгөлдөр хуурчид түүнийг өнөө үед ч од гэгдэхээр дотоод эрчим нь цуцашгүй хүн байсныг онцолж байна. Намтрыг нь бичиглэгч доктор Хилмес түүнийг бүр “Хөгжмийн түүхэн дэх хамгийн чадварлаг хөгжимчин” хэмээн өргөмжлөх дуртай. Түүнийхээр бол одоогийн супер гэгдэх одод Листийн дэргэд ердөө балчир жаалууд гэнэ. 

Романтик эриний бусад одод:

  • Николло Паганини: Италийн энэхүү алдартай хийлч зогсолтгүй олон цагаар тоглож чаддаг, ер бусын эрч хүчтэй нэгэн гэдгээрээ нэр алдар олжээ. Гойд хурц тоглолтыг нь гайхаж биширсэн хүмүүс түүнийг ад зэтгэртэй холбоотой байх хэмээн “харддаг” байв.
  • Фредерик Шопен: 1830-аад онд Парист анх алдаршсан Польшийн хөгжмийн зохиолч, нэрт төгөлдөр хуурч. Эрин үеийнхээ хамгийн цуутай хөгжимчин, хөгжмийн зохиолчийн нэг байсан тэрбээр 39-хөн насандаа хорвоог орхисон юм.
  • Клара Шуман: Энэ эмэгтэй өдгөө Роберт Шуманы гэргий, Иоханнес Брамсын дотнын анд гэдгээрээ хөгжмийн түүхэнд үлджээ. Гэхдээ романтик хөгжим ид дэлгэрч байх үед тэрбээр цаг үеийнхээ хамгийн алдартай төгөлдөр хуурчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байв.
  • Уле Булль: Нэгэн үе Атлантын далайн хоёр талд эн тэнцүү алдаршсан Норвегийн хийлч. Тэрбээр хожим Америкийн Пенньсилвани мужид Нью-Норвеги хэмээх асар том эдлэн газартай болсон.
  • Шарль Валантен Алькан: Эдүгээ бараг мартагдах шахсан ч Францын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч энэ эрхэм 1830-1840-өөд оны үеийн Парис хотод Лист, Шопен нараас дутуугүй алдартай байв.

  1. 4


  2. 3 Liszt at the Piano (1840) by Josef Danhauser


  3. 2 Hubertus von Herkomer: Portrait Franz Liszt


  4. 1 Franz Liszt


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн