Арав.мн

Хотын түүх: Шеннон

Хотын түүх: Шеннон

ШИНЭ ХЯТАДЫГ ХӨГЖҮҮЛСЭН ХӨДӨӨГИЙН ИРЛАНД СУУРИН

Ирландын Шеннон хэмээх жижигхэн хотод 2005 онд айлчилсан тухайн цагийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хувьд уг аялал нь бараг л шашны эргэл мөргөл шиг онцгой ач холбогдолтой байлаа. Тэрбээр Ирландыг зорьсон Хятадын өндөр дээд албан тушаалтнуудын сүүлийг мушгиж Шеннонд хөл тавьсан бөгөөд ажиглагчид чухам энэ хотоос шинэ Хятадын үсрэнгүй хөгжил эхэлсэн гэж үздэг.

Вэнь Жябаогийн айлчлалын бэлтгэл ажлын үеэр Ирланд дахь Хятадын Элчин сайд Шенноны удирдлагад нэгэн зүйл тусгайлан уламжилсан нь Ерөнхий сайдынх нь Таллигласс хэмээх толгод дээр гарч үзэх хүсэлт байв. Шенноны Худалдааны танхимын дарга Кевин Томпстоуны ярьснаар тэр нь үйлдвэрийн жижигхэн бүсийг хараачилсан, зэгэл саарал өнгөтэй, онцын гойд зүйлгүй ердийн газар атал хятадуудын хувьд эдийн засгийн хөгжил хаанаас эхэлж болохыг харуулах “шидэт” толгод байжээ.

Ирландын баруун эргийн Клэр мужийн нутагт орших Шеннон нь ердөө 9673 оршин суугчтай жижигхэн суурин юм. Гэхдээ орчин цагийн анхны эдийн засгийн тусгай бүсийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал байр эзлэх “их” хот болно. Вэнь Жябаогийн Таллигласс толгодын оройгоос ширтэж асан тэр газар нь мөнөөх тусгай бүс болох 2.5 ам.км талбай бүхий Шенноны чөлөөт бүс байлаа. Уг газрыг 1950-иад оны сүүлчээр таслан авч, гадаадын хөрөнгө оруулагчдад олгосон нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болоод бусад урамшууллын хариуд их хэмжээний хөрөнгө татах гэсэн зорилготой байж.

Өдгөө иймэрхүү чөлөөт бүс дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянгаараа буй болсноос хамгийн их танигдсан бөгөөд хамгийн амжилттай байгаа хэд нь Хятадад бий. Тэдгээр нь өнгөрсөн зууны сүүлийн 20-иодхон жилд тус улсын эдийн засаг хурдтай хөгжихөд хамгийн их түлхэц болжээ. 1.3 тэрбум хүнтэй Хятадын сая сая хүн чөлөөт бүсийг зорьсон тулдаа ажил амьдралтай болж, хэдэн зуун хот тэдгээрийг түшиглэн хөгжсөн байна. Тус улсын эдийн засгийн анхны чөлөөт бүс Шэньжэньд гэхэд дотоодын 300 мянган цагаач ажилчин ажиллаж буй бол Сувдан мөрний сав газрын эдийн засгийн бүсэд 42 сая хүн амьдарч байх жишээтэй. Чухам эдгээр бүсийн нөлөөгөөр Хятад орон нэн хурдтай хотжиж байна.

Шенноны дэлхийн эдийн засаг дахь далд хөдөлгүүр болсон түүх 1940-өөд оноос эхлэлтэй. Тэр үед Европт ирэх онгоцууд Шенноны онгоцны буудалд саатаж, түлшээ нэмдэг байлаа. Харин агаарын хөлгийн технологи сайжирч, онгоц илүү хол зайд нисэх болсноор Шеннонд буух онгоц үгүй болж, хотын эдийн засаг доройтож эхэлжээ. Энэ үед нутгийн хамгийн нэртэй шинийг санаачлагчийн нэг, зарим тохиолдолд Шенноныг үндэслэсэн эцэг гэгддэг Брэндан О’Реган хэмээх хүн чухам цагаа олж гарч ирэв. Тэрбээр бусдад итгэл үнэмшил төрүүлж, удирдан чиглүүлэх төрөлхийн авьяастай, тун өөдрөг нэгэн байж. Агаарын хөлгүүд Шенноныг тоохоо больсныг харин ч шинээр хөгжихийн эхлэл гэж үзсэн тэрбээр “Нисэж байгаа онгоцыг дороос нь чангаан байж буулгана” хэмээсэн нь эдүгээ Ирландад алдартай үг болжээ. О’Реган онгоцны буудлын гаднахан гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан, Дублин дахь засаг захиргаанаас тогтоодог элдэв хууль захирамж, татварын дарамт шахалтаас ангид бүс байгуулахыг санал болгосон байна. Ингэснээр 1959 онд байгуулагдсан Шенноны чөлөөт бүс нь компаниудад татварын олон талын хөнгөлөлт үзүүлж, импортын бүтээгдэхүүн болон экспортын бараа үйлдвэрлэлд ашиглах бүтээгдэхүүнийг нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлдөг онцгой газар боллоо. Харин тус бүсэд судалгаа, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн компаниудыг шагнаж урамшуулдаг болов. Энэ мэт өөрчлөлтийн үрээр “Zimmer”, “DeBeers”, GE, “Intel”, “Lufthansa” зэрэг дэлхийд нэртэй олон том компани хэдхэн жилийн дотор бие биеэсээ өрсөн байж Шенноны чөлөөт бүсэд салбараа нээжээ. Гэхдээ ийм томоохон өөрчлөлтийн дараа ч Шенноны хүн ам өсөөгүй байна. Тус бүсэд ажилладаг хүмүүсийн дийлэнх нь одоо ч ойролцоох Лимерик, Голуэй зэрэг томоохон хотод аж төрдөг.

Гэсэн ч иргэдийнх нь хэлэх нь Шеннон хот хэдий жижиг ч амьдран суухад тун сэтгэл хөдлөм газар гэнэ. Нэгэн цагт хаагдахын даваан дээр байсан нисэх буудал нь гэхэд орхигдож хаягдаагүйгээр барам, бүр ч өнгө засан өргөжжээ. Ерөнхийлөгч Кеннедигээс эхлээд Рональд Рейган, Фидель Кастро, Барак Обама нарын олны танил, алдар нэртэй хүмүүс Шенноны онгоцны буудалд саатаж, тус хотыг дэлхийн төв аятай болгосон тохиолдол олон аж. Тус хотод өссөн, өдгөө Шенноны олон улсын хөгжлийн зөвлөл хэмээх байгууллагад эдийн засгийн зөвлөхөөр ажилладаг Пол Райаны онцолсноор Шеннон нь Ирланд орны сүүлийн 300-гаад жилийн түүхэнд цоо шинээр байгуулагдсан анхны хот гэнэ. Шеннон шиг хэдхэн жилийн дотор нэр нөлөөтэй газар болж, сууриасаа эхлэн бүх зүйл нь шинэчлэгдсэн хот Ирландад өөр нэг ч үгүй аж.

Өдгөө дэлхийн хаа сайгүй бий болсон эдийн засгийн чөлөөт бүсүүдийн нэлээд нь Шенноны мэргэжилтэн, зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр байгуулагджээ. Тэдгээр зөвлөхийн нэг Райан энэ талаар “Аливаа өөрчлөлтийг улс орон даяар нэвтрүүлэхийн өмнө туршиж үзэх хэрэгтэй. Харин төрийн бодлого, эдийн засгийн туршилтад чөлөөт бүс тохиромжтой тул олон улс энэ загварыг сонирхох нь нэмэгдсэн” гэлээ. Харин Шенноны эрчээ алдалгүй амжилттай байгаагийн, чөлөөт бүсийн “талбар”-т хүчтэй хэвээр буйн нэг шалтгаан нь дагуул хот байгуулсан явдал гэж Райан үзэж байна. Шенноны чөлөөт бүсийн дэргэдэх Смитстаун нь аж үйлдвэрлэлийн төв бөгөөд бизнес эрхлэгч ирланд голдуу иргэдийг дэмждэг, үндэсний томоохон үйлдвэрүүдийг бүтээгдэхүүнээр хангадаг орон нутгийн үйлдвэрлэгчид төвлөрсөн хот аж. Ийм хот бий болсны ачаар орон нутгийн эдийн засаг чөлөөт бүсийн үр шимийг хангалттай хүртэх болжээ.

Шенноны зөвлөхүүд Тайвань, Малайз, Египет, Шри Ланкийн чөлөөт бүсүүдэд ажиллаж эхэлсэн нь бүр 1960-аад оны үеийн явдал. Олон орны төлөөлөгчдийг Шеннонд сургаж, чөлөөт бүсэд дөрөөлөн улс орны эдийн засгийг хэрхэн хөгжүүлж болох талаар туршлага солилцох болсон нь ч мөн тэр үеэс эхтэй. Хожим БНХАУ-ын дарга болсон Зян Зэминь гаалийн албаны байцаагч байхдаа Шеннонд гурван долоо хоногийн хөтөлбөрт хамрагдан, чөлөөт бүсийг хэрхэн байгуулах тухай сургалтад сууж байжээ. Тэр үед Хятадын удирдагч Дэн Сяопин улсынхаа эдийн засгийг нээлттэй болгохоор зэхэж байсан бөгөөд тусгай бүс нутагт туршилт явуулах нь тэр үед шалгарсан арга гэгдэж байв. Хятадын анхны эдийн засгийн чөлөөт бүс болох Шэньжэнийн бүс Зян Зэминийг Шенноноос эргэж ирсэн жил буюу 1980 онд байгуулагджээ.

Гэхдээ зарим хүний үздэгээр Шенноныг орчин цагийн эдийн засгийн тусгай бүсийн эхийг тавьсан гэж үнэлэх нь хэт өрөөсгөл гэнэ. Нидерландын Утрехтийн их сургуулийн нийгэм судлаач багш, эрдэмтэн Пэтрик Невелингийн хэлснээр орчин цагийн анхны эдийн засгийн онцгой бүс Ирландад бус, Пуэрто Рикод 1949 онд байгуулагдсан аж. Харин тус улс Америкийн де факто колони учир тэрхүү тусгай бүсийн загвар нь империалист тогтолцооны хэв шинжтэй санагдсан байна. Ирландын хувьд 1950-1960-аад онд Английн империализмын хохирогч орон хэмээн танигдаад байснаас эдийн засгийн хараат бус байдлаа олж авахын тулд чөлөөт бүс хэмээх цоо шинэ зүйл сэдсэн гэгдэх нь илүү итгэл үнэмшил төрүүлэхүйц, олны анхаарал татахуйц байжээ.

Ирландын Засгийн газар 2001 оноос АНУ-ын Зэвсэгт хүчинд Шенноны нисэх буудлыг ашиглуулж буй нь сүүлийн жилүүдэд Шенноныг олон орны хэвлэлд дурдагдахад хүргээд байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд 2.5 сая америк цэрэг Шенноноор дайран өнгөрсөн гэсэн судалгаа бий. Харин “Shannonwatch” тэргүүтэй төрийн бус байгууллагуудын үздэгээр энэ нь Ирланд улс Америкийн Ирак, Афганистанд явуулж байгаа цэргийн ажиллагаанд оролцож буйгаас ялгаагүй тул Ирланд улсын төвийг сахих бодлогыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэнэ.

Эдгээрээс дүгнэхэд Шеннон ертөнцийн түүхэнд магад өчүүхэн жижиг орон зай эзлэх ч дэлхийн II дайнаас хойших олон улсын эдийн засгийн эргэлт, хувьсал өөрчлөлтөд тун содноор нөлөөлсөн, Хятадын их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлөөс эхлээд Ойрх Дорнод дахь зэвсэгт зөрчилтэй хүртэл холбогдох бараг хэн ч эс мэдэх атал тун ч сонирхолтой бяцхан суурин юм.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Sonirholtoi blaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start