Арав.мн

Хотын түүх: Вена

Хотын түүх: Вена


"ЗЭРЛЭГ" СУУГЧДЫН ХИЙСЭН ОРОН СУУЦНЫ ХУВЬСГАЛ

Австрийн эрх баригчдын санааг бүр 1890-ээд оноос зовоох болсон Вена хотын байр сууцны хомсдол дэлхийн I дайны дараагаас бүр ч нэмэгдэж, зургаагаас найман хүн нэг буландаа гал тогоотой ганц өрөө байранд бөөгнөрөн амьдрах нь хэвийн үзэгдэл болжээ. Хотын хүн ам дайн дуусах үед 2.1 саяас 1.8 сая болон буурсан ч инфляц өссөнөөс болж шинэ барилга баригдахаа больсон нь орон байрны асуудлыг бүр ч дордуулж орхиж. 1919 он гэхэд амьдралын өртөг хоёр сарын дотор гурав дахин нэмэгдэв. Эрх баригчид орон сууцны зах зээлийг хянахын тулд иргэдийн хувийн байраа түрээслэхийг нь хориглосноор байдлыг улам хямраажээ.

Орон сууцыг бүхлээр нь түрээслэх мөнгөгүйгээс нийтийн байрны ор дэвсгэрийг хэдэн цагаар ашиглаж байсан хүмүүс бүр гудамжинд гарлаа. 1919 оны сүүлч гэхэд байр сууцны хомсдол барилга байшингаар бус, орон гэргүй хүмүүсийн тоогоор хэмжигдэх болов. Тэд хотын зах руу, мод бут, хог новшоор дүүрсэн эзэнгүй газар луу хэдэн мянгаараа нүүж, оромж босгож болох юм бүхнээр урц овоохой барин сууцгаажээ. Дайны үед иргэдийг хоол хүнсээр хангахын тулд түр зуурын тариалан эрхэлж байсан, жижиг хэмжээний фермүүдийг ч энэ үеэр дахин ашиглаж эхлэв. Ийнхүү өөрсдийн чадал чинээгээр Вена хотын захад толгой хоргодох болсон хууль бус “зэрлэг” өрхийн тоо 1921 он гэхэд 30 мянга давлаа. Энэ нь хожмоо Улаан Венын орон сууцжуулах хөтөлбөр гэгдсэн, өнгөрсөн зууны хамгийн өргөн далайцтай ийм төрлийн “ажил”-ын суурийг тавьсан байна.

Тухайн үед Европын олон хотод иргэдийг байр сууцтай болгох хөтөлбөр хэрэгжиж байсан авч өөр нэг ч томоохон хот Венынх шиг хэмжээний, хотыг бүхэлд нь хамарсан өөрчлөлтийг өрнүүлээгүй байдаг. Вена хотын орон сууцжуулах хөтөлбөр нь бүхэл бүтэн сүлжээ бий болгосон агаад тэр нь одоо ч хотын хүн ам өсөхөд голлон нөлөөлж байна.

Венад шинэ загварын сууц барьж, хоосон орон зайг нөхөн, жижигхэн цэцэрлэгтэй хувийн байшин болон тус хотод анхлан баригдсан супер блок буюу орон сууцны цогцолборуудыг байгуулахад 190-ээд уран барилгач оролцжээ. 1934 онд уг хөтөлбөрийг дуусах үед орон сууцны 400 гаруй төсөл хэрэгжиж, хотын хүн амын 10 хувь нь шинэ байртай болоод байлаа. Венын Технологийн их сургуулийн байр сууцны мэргэжилтэн Майкл Клайны өгүүлснээр Улаан Венын орон сууцжуулах хөтөлбөр нь тодорхой мастер төлөвлөгөө юм уу, эсвэл ерөнхий төлөвлөгч гэх удирдсан эзэнгүйгээр хэрэгжсэн, байр сууцгүй хүмүүсийг яаж орон гэртэй болгох вэ гэсэн ганц асуултад хөтлөгдөн аяндаа бүтсэн хэрэг байв.

Энэ нь хэдий орох оронгүй болж, хотын захад амь зуух болсон ч боловсрол, мэдлэгтэй мөнөөх иргэдтэй холбоотой байлаа. Тэд муухан байраа бага багаар чанаржуулахын хамт ажилчин ангийн хөдөлгөөн, Социал демократ нам, үйлдвэрчний эвлэлийн үйл хэрэгт оролцон нэгдэл, хамтралын талаар чамгүй мэдлэгтэй болжээ. Чингээд хамтын хүчээр амьдрах орчноо сайжруулж, байнгын сууцтай болохоор нэгдэж эхлэв. “Суурингийнхаа төлөө ажиллах нь социалист үйл хэрэг мөн” гэсэн үг тэдний уриа боллоо.

Гэхдээ Австрийн Социал демократ намынхан анхандаа тэдгээр иргэнд тун ч тоомжиргүй ханджээ. Тэд ардаа жижигхэн цэцэрлэг, хүлэмж бүхий хувийн сууцтай болохыг хүссэн, нэгэнтээ “зэрлэг” гэгдэж байсан иргэдийг социалист улсад тохиромжгүй, язгууртны өнгө аястай байр сууцтай болох гэлээ хэмээн сэрдэж байв. Харин Австрийн Шинэ суурин ба жижиг цэцэрлэгүүдийн нэгдсэн холбоог 1921 онд үндэслэсэн эдийн засагч, философич Отто Нейратын ухуулга, зүтгэлийн ачаар тэдний бодол өөрчлөгдсөн байна.

Нейрат зорилго, хүсэл нэгтэй хүмүүс үйлдвэрлэл, захиргаа, хэрэглээ гээд бүхий л зүйлээрээ нэгдэх хэрэгтэй, тэгсэн цагт бүгд санхүүгийн чадамжтай, бие биедээ дэмтэй, жаргалтай сайхан амьдарна хэмээн үзэж, үүнийгээ холбооныхоо гол баримтлал болгожээ. Тэрбээр “Хамтын хүчээр боссон байр нь иргэний өмч гэхээсээ аварга том байгууламжийн эд эс, тоосго нь болох учиртай” гэж хэлсэн байдаг.

Ингээд “зэрлэг” суугчдын соёлжих, хамтралжих хөдөлгөөн эрчээ авав. Тэднийг Вена хотын захирагчаар тогтохгүй Социал демократ намын зарим нэг нөлөөтэй гишүүд, сэтгүүлчид, уран барилгачид, олон тооны сэхээтнүүд дэмжиж байлаа. Цаг үеийнхээ нэртэй уран барилгачийн нэг Адольф Лоз байнгын, чанартай сууцтай болох гэсэн иргэдийн талд бүр анхнаасаа зогсож байсан бөгөөд хөдөлгөөнд нь 1920 оноос эхлэн цалин хөлсгүйгээр зөвлөхийн үүрэг гүйцэтгэх болжээ. Тэрбээр дараа оных нь сүүлчээр Хотын орон сууцны албаны ерөнхий төлөвлөгчөөр хүртэл томилогдсон байна.

Лозын гаргасан зураг төслүүдээс Нэг ханатай байшин гэх санаа нь магад хамгийн онцгой юм. Энэ нь даацын ханыг айл хоорондын тусгаарлагч хана болгох, ингэснээр барилгын өртөгийг бууруулахад чиглэжээ. Гэхдээ Лозын үзлээр бол байр сууцнаас илүү ардах жижигхэн цэцэрлэг нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр, орон байртай байхын үндэс байх учиртай байлаа.

Венын иргэдийн энэ хөдөлгөөн хотожсон нийгэмд хүмүүс өөрсдийн хүчээр ахуй амьдралаа өөд татаж болохыг харуулсан явдал болов. Мөн эрх баригчид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төрийн бодлогодоо өөрчлөлт оруулж болохын, үүнээс илүүтэйгээр ядуу буурай гэлтгүй иргэд өөрсдөө сэтгэл, зорилго нэгдэн амьдрах орчноо сайжруулж, бүхэл бүтэн хотын өнгө төрхийг өөрчилж болохын сонгодог жишээ болжээ. Гэхдээ хотын төвд шинэ суурингууд бий боллоо гээд Венын байр сууцны хомсдол тэр дороо шийдэгдчихсэнгүй. Австрийн нийслэл хот татварын шинэчилсэн тогтолцооны дүнд санхүүгийн хувьд бие дааснаар 1922 оноос л албан ёсоор орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. 

Хотын захиргаа дараагийн арваад жилд нь 60 мянган сууц барив. “Улаан Венын хотын сууц” гэгдсэн уг хөтөлбөр амьдрахын эрхэнд хотын захад сууж, өөрсдийн хүчээр байр сав барьж эхэлсэн мөнөөх иргэдийн хөдөлгөөнөөс санаа авсан төсөл байлаа. Албаныхны хэрэгжүүлсэн ажлуудаас тус бүр нь мянгаад айлын сууц бүхий супер блокууд хотын төвийн өнгө төрхийг өөрчилж, хотын доторх хотууд гэгдэн, дайны ул мөр нь арилаагүй байсан Веныг орчин үеийн, хөгжингүй уур амьсгалтай болгожээ. Мөн хотын нягтаршлыг бууруулж, хороолол тус бүр саруул сайхан цэцэрлэгтэй, театр, үзвэрийн газар, номын сан, сургууль, цэцэрлэг, халуун усны болон хувцас угаалгын газартай болсон нь иргэдийн амьдралын түвшин дээшлэхэд эергээр нөлөөлөв.

Орон сууцны шинэ цогцолбор хорооллууд нь Австрийн социалист өөрчлөлт шинэчлэлийн илэрхийлэл болохоос гадна Вена хотын ажилчин ангийг бас эмх журманд оруулжээ. Хотын хамгийн чинээлэг дүүргийн захад баригдсан Карл Маркс Хоф хэмээх орон сууцны хороолол гэхэд тухайн цагтаа Европын хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байсан Венын төв цэнгэлдэхийг долоо хоног бүр зорих ажилчин эрсийн дайран өнгөрдөг гол цэг байлаа. Хороолол дундуур зорчих хүмүүс барагтай бол иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй билээ.

Улаан Венын орон сууцжуулах хөтөлбөр 1933-34 онд дэгдсэн Австрийн иргэний дайн, түүний дараа тогтсон фашист дэглэмээс болж гэнэт зогсчээ. Уг хөтөлбөр дэлхийн II дайны дараа л эргэн сэргэсэн бөгөөд аз болоход урьдын эрчээ алдалгүй, улс орны сэргээн босголтод нэн чухал хувь нэмэр оруулж байв.

1990-ээд онд Европын бусад хот нийтийн байрны хувьцаагаа зарж байхад Вена хотын удирдлага дээрх хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж, өмнөх байр сууцнуудаа засварлан, ахуй орчныг нь сайжруулжээ. Өнөөдөр Венын захиргаа хотын бүх орон сууц, байрны 22 хувийг эзэмшиж буй бол олон нийтийн санхүүжилттэй, төрийн бус байгууллага, нэгдлүүдийн мэдэлд мөн 25 хувь нь байна. Тэдгээр нь байр сууцыг энгийн иргэдэд зах зээлийн дундаж үнээр, хөөрөгдөлгүй зарж борлуулдаг. Венын оршин суугчдын 60 хувь нь өдгөө “Улаан Венын хотын сууц” хөтөлбөрийн хүрээнд болон олон нийтийн санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдээр баригдсан орон сууц, байрнуудад амьдарч буй нь чухамдаа үүнтэй холбоотой юм.

Харин хотын хүн ам 2030 он гэхэд дүрвэгсдийг үл оролцуулан тооцоход одоогийнхоос 20 хувиар нэмэгдэхэд орон байрны асуудал хааш эргэх нь өнөөхөндөө тодорхойгүй байна. Венын Хот төлөвлөлтийн газрын дарга Томас Мадрайтерийн хэлснээр Австрийн эрх баригчид энэ асуудалд одооноос зовниж буй бөгөөд газар ашиглалтын бодлогод өөрчлөлт оруулах, хэдий нягтрал ихтэй ч иргэдийн амьдрах орчныг аль болох ногоон байгууламжтай болгоход түлхүү анхаарч буй гэнэ.


 

 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start