Дүлзэн - "Ардын элч"

"...Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм".
Лхагварсүрэнгийн Батцэнгэл. 2017