Жигжидийн МӨНХБАТ

Жигжидийн Мөнхбат 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн ба Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт нэрт бөх юм. 

Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 6 түрүүлж, 6 үзүүрлэж, нийтдээ 23 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 6 түрүүлж 4 үзүүрлэсэн. Ж.Мөнхбат нь Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.