1990 он. Ардчилсан хувьсгал ялав

1985 онд ЗХУ-ын шинэ удирдагч Михаил Горбачёв өөрийн улсдаа «Өөрчлөн байгуулалт» хийж эхэлсэн ба энэ нь ЗХУ төдийгүй бүх коммунист орнуудад ардчилал, шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд 1989 онд Хятадад ардчилсан хөдөлгөөн өрнөөд цэргийн хүчээр дарагдаж, дорно Европын Польш, Унгар, Зүүн Герман, Чехословак зэрэг улсад шил шилээ даран хувьсгал тэмцэл өрнөж амжилтанд хүрч эхэлсэн юм.

Монголын оюутан, залуус ардчилсан хувьсгалын гол хүчин байв. 1989 оны 11 сарын 27, 28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Д.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж Монголын ардчилсан холбоог (МоАХ) байгуулжээ.

1989 оны 12 сарын 10-нд Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын соёлын төвийн гадаа анхны цуглаанаа хийж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг.

Эрх баригч МАХН, төрийн удирдлагын зүгээс хариу өгөөгүй учир 1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарлав.  Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласны дараа 1990 оны 3 сарын 8-нд радио, телевизээр шууд цацсан яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг, мөн идэвхтэй тэмцэгч Элбэгдорж, Дорлигжав, Ганболд, Баабар, Бат-Үүл, Гончигдорж, Баасан нар, өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Думаагийн Содном, орлогч дарга Дашийн Бямбасүрэн нар оролцсон юм.

Ийнхүү 8, 9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Жамбын Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.

1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ.