9 сар 18, 2019

НАРНЫ АЙМАГ 8 ГАРИГТАЙ ЮУ, 9 ГАРИГТАЙ ЮУ?

Бидний багад нарны аймаг 9 гаригтай гэдэг байсан ч 2006 оноос хойш 8 болсон юм. Хасагдсан гариг нь Дэлхийн ван буюу Плуто. Энэ хөөрхий гариг ямар гэм буруутай болоод хасагдсан тухай "гунигт түүхийг" товч өгүүлэе.

  1. 10 Planet X


    19-р зууны сүүлээр 9 дэх гариг байх магадлалтай гэж хэсэг эрдэмтэд үзээд Planet X гэж нэрлэн хайж эхэлсэн юм байна. Лоуэль гэгч 1894 оноос эхлээд 1916 онд нас барах хүртлээ 22 жил хайсан боловч олсонгүй. Гэхдээ 1915 онд хэд хэдэн бүдэг зураг авсан бололтой. Тэрийгээ 9 дэх гариг гэж баталж чадаагүй өөд болжээ.

  2. 9 НЭЭЛТ!


    1929 онд Лоуэлийн одон орны төвийн захирал шинээр ажилд орсон 23-хан настай Clyde Tombaugh гэдэг залууд Planet X-ийг ол гээд даалгавар өгчихөж л дээ. Ухаан нь бассан ч юмуу, эсвэл өөрөөсөө холдуулан бүтэшгүй даалгавартай зууралдуулж завгүй байлгах гэсэн бололтой. Гэтэл нөгөө Tombaugh маань харин бүтэн жил уйгагүй оролдсоны эцэст 1930 онд 9 дэх гаригийг нээх нь тэр!

  3. 8 Нэр өгсөн нь


    Дээрх мэдээг Оксфордын номын санч өвгөн 11 настай эртний домог үлгэрт дуртай ач охиндоо ярьж өгч гэнэ. Өнөө охин Газар доорхи ертөнцийн бурхны нэр болох Плуто гэж нэрлэвэл гоё юмаа гэж өвөөдөө хэлж гэнэ. Өвөө нь Америкад байдаг одон оронч профессор найздаа хэлж гэнэ. Найз нь цаашаа бас хэлж гэнэ....

    Тэгээд одон орончид хэд хэдэн нэрнээс санал хураахад бүгд 100 хувь Плуто дээр саналаа өгсөн байна.

  4. 7 Нэр бодож олсны шагнал


    1930 оны 5-р сарын 1-нд албан ёсоор Плуто гэж нэрлэснээ зарласан юм.

    Ийнхүү гоё нэр бодож олсон 11 настай охинд одон орончид маань 5 паунд илгээсэн нь одооны ханшаар 1 сая орчим төгрөг бололтой.

  5. 6 Нэрний үр дагавар


    Гэтэл шинээр нээгдсэн сүүлийн химийн элементүүд Ураниум (Уран-Тэнгэрийн ван), Нептуниум (Нептун-Далайн ван) гэсэн болохоор төд удалгүй шинээр нээгдсэн элементийг мөн л Плутониум гэв.
    Уолт Дисней ч мөн Микки Маусын нохойгоо Плуто гээд нэрлэчихэв.

  6. 5 Плуто хэр том бэ?


    За шинэ гариг маань ямаршуу том юм бол? 

    1931 онд Дэлхийтэй яг адилхан масстай гэж бодож байтал сайтар судалсны эцэст 1941 онд дэлхийгээс 10 дахин бага масстай болж таарав. Ингэж бодоод овоо хэдэн жил болж байтал 1970-аад оны дундуур дэлхийгээс 100 дахин бага масстай гэдгийг нь мэдэв. Гэтэл ердөө 2-хон жилийн дараа бүр 600 дахин бага масстай гэж батлав....

  7. 4 Бодит байдал дээр?


    Дэлхийн ван гаригийг нарны аймгийн 9 дэх гаригаас хөөсөн өнөө муу 2006 онд "За одоо эргэлзээ байхгүй дэлхийгээс 500 дахин бага масстай шүү" гэж зарлалаа.

  8. 3 Бие жижиг ч бэлчээр том


    Хөөрхий Плуто маань өчүүхэн жижгээ мэдэхгүй өөрийг нь тойрдог 5 сартай (дагуултай). 

    5-ын 5 сар шүү бүр! Энэ сарнуудаас хамгийн том сар нь гэхэд өөрөөс нь ердөө 2 дахин бага хэмжээтэй гэж байгаа. Гайхалтай биш гэж үү? Манай САР буюу дэлхийн дагуулын маань диаметр "эзнээсээ" 4 дахин бага юм шүү дээ.

  9. 2 "ХАР" 2006 он


    За ингээд өндөрлөх гэж байтал манай одон орончид Плуто шиг хэд хэдэн жижиг гариг бас нээчихгүй юу. 10 дахь, 11 дэх, 12 дахь гэлтэй биш. Бүгд л ядаж байхад манай "ориг" дэлхийн сарнаас 5-6 дахин жижиг болохоор гариг гэх хэцүү. Биш гэх хэцүү. 

    Бүгдийг нь "Одой гариг" гэж нэрлээд 8-уулаа үлдэе гэдэг "аймшигтай" шийдвэр гаргаваа гэж..... 

  10. 1 Гэр бүлийн гишүүн асан хөөрхий Плуто


    Хэдийгээр нарны аймгийн гариг гэж тооцогдохоо байсан ч гэлээ Кюрперийн бүсийн хамгийн том гишүүн гэж явдаг юм байна шүү! Мөн нарыг тойрон эргэдэг 10 дахь том биет гэнэ.

    "Кюрперийн бүс" гэдэг нь өнөө олон одой гаригуудыг хэлдэг юм байхдаа? Мэддэг нь мэдлэгээ хуваалцаж, мэддэггүй нь цаашаа улам нарийвчлан суралцах болтугай...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн