11 сар 13, 2019

ДОТА 2 – ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ОРЛОГОТОЙ 10 ТОГЛОГЧ

И-Спортын бусад төрлүүдтэй харьцуулахад Дота 2 тоглоомын мэргэжлийн тоглогчид хамгийн өндөр орлоготой байдаг гэдэгт гайхах хүн цөөн болов уу. Үнэндээ и-спортоос хамгийн өндөр орлого олсон 100 тоглогчийн 75 нь Дота 2-ын тоглогч байдаг аж. Энэ жагсаалтаас та Дота 2-ын хамгийн баян 10 тоглогчтой танилцах болно. Удахгүй 2018 оны The International тэмцээний бүсийн тоглолтууд дуусч, шувтаргын тоглолтууд 8 дугаар сарын 15-нд эхлэх гэж байгаатай холбогдуулан доорх тоглогчдын орлого ч асар их хэмжээгээр нэмэгдэх боломжтой нь тодорхой. Ялангуяа хамгийн баян 10 тоглогчийн эхний 8 нь энэ тэмцээнд оролцож байгаа нь уг тоглоомыг сонирхогчдын дунд шуугиан тариад байгаа билээ.

Сонирхолтой баримт танилцуулахад Дота 2-ын түүхэнд сүүлийн бүх The International тэмцээнд оролцсон дөрвөн тамирчин байдаг. Тэднээс гурав нь энэ жагсаалтад байгаа юм.

  1. 10 Li “iceice” Peng


    Жагсаалтын 10 дугаарт БНХАУ-ын тоглогч “iceice” хочит Ли Пен орж байна. 2015 оны тэмцээнд Хятадын шилдэг тамирчдын нэг Жан “xiao8” Нингийн Big God багийн бүрэлдэхүүнд орж мэргэжлийн тамирчны гараагаа эхэлсэн “iceice” ердөө 2 сарын дараа гэхэд алдарт Wings Gaming багийн гишүүн болж, VI дахь удаагийн The International-ын аварга болсон билээ. Тухайн үед ердөө 21 настай байсан тэрбээр MVP Phoenix, Evil Geniuses зэрэг шилдэг багуудыг ялж, аваргын төлөө Digital Chaos-ыг буулган авсан билээ. Гэвч тус баг дотор үүссэн хагарлаас болж гишүүд нь тарсан юм.

    “iceice”-ын хувьд Дота 2 тоглоомоос нийт 2 сая шахам ам.доллар олжээ. Харамсалтай нь түүний шинэ баг болох Sun Gaming 2018 оны тэмцээнд оролцохгүй юм.

  2. 9 Clinton “Fear” Loomis


    Дота 2 тоглоомын хамгийн алдартай тамирчдын нэг Клинтон “Fear”Лүүмис бол АНУ-аас гаралтай тамирчин юм. Анх 2005 оноос ДотА-гийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн тэрбээр 2011 оноос Дота 2 тэмцээнд өрсөлдөх болжээ. Домогт Evil Geniuses багийн гишүүн, дасгалжуулагчаар ажилладаг “Fear” нь 2016 онд тус багийг The International тэмцээний хүрэл медалийн эзэн болоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ердөө хэдэн сарын өмнө л EG багийн хамгийн хүчтэй тоглогчдын нэг байсан тэрбээр хүүхэдтэй болсноор их спортоос түр холдоод байна.

    Клинтон карьерынхаа турш 2.5 сая ам.долларын орлого олжээ.

  3. 8 Maroun “GH” Merhej


    Liquid багт 2017 оны эхээр нэгдсэн “GH” нэрээр тоглодог Марун Мерхеж Дота 2-ын ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн тамирчин юм. Анх Wired Gaming багийн гишүүн байсан ба MSI Beat It 2014 оны тэмцээнд түрүүлсэн. “GH” удалгүй 9К MMR-т хүрч, нэг үед Европын хамгийн өндөр MMR-тай тамирчин болсон юм. Голын замаар ганцаараа тоглохдоо гаргууд тэрбээр олон улсын чанартай тэмцээнүүдэд “дэмжигч”-ийн үүрэг гүйцэтгэдэг.

    Тэрбээр асар олон тэмцээнд түрүүлсэн байдгийн дунд 2017 оны The International тэмцээний алтан медаль бий. Liquid багийн хувьд саяхныг болтол буюу Virtus.pro-г гарч ирэх хүртэл дэлхийн хамгийн шилдэг нь байсан бөгөөд 2018 онд аваргаа хамгаалах өндөр магадлалтай байгаа юм.

    Ердөө өнгөрсөн жилийн 1 дүгээр сард BuLba-гийн оронд Liquid багийн гишүүн болсон гэхэд “GH” энэ богинохон хугацаанд 2.7 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Энэ удаагийн The International тэмцээнээс ч Мерхежийн хэтэвч дахин зузаарах нь тодорхой.

    Дуртай баатрууд: Io, Keeper of the Light, Earthshaker

  4. 7 Sumail “Suma1L” Hassan


    Алдарт “Suma1L”-гүй шилдэг тоглогчдын жагсаалт байна гэж төсөөлөхөд бэрх. Сумайлын хувьд анх 8 настай байхдаа Дота тоглож эхэлсэн ба 2012 онд гэр бүлээрээ Пакистанаас АНУ-д нүүж ирснийхээ дараа Хойд Америкийн Элит Лигт тоглож эхэлсэн юм. Түүний тоглолтууд үнэхээр гайхалтай ба 2015 онд дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг болох Evil Geniuses багийн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. Гэвч тус баг Dota 2 League-ийн 5 дугаар улиралд амжилт багатай оролцсоныг шүүмжлэгчид Сумайлаас болсон гэх хандлага илэрч байсан. Харин EG Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Сумайл жинхэнэ хүчээ харуулж чадсан билээ. Тус тэмцээнд Suma1L-ын Eul's Scepter of Divinity угсарсан Shadow Fiend-ын өмнө нь харагдаж байгаагүй комбо нь одоогийн Дота 2 сонирхогчдын дуртай арга барил болоод байгаа юм.

    Тэрбээр 2015 оны The International тэмцээнд Evil Geniuses багтайгаа аварга болов. Тухайн үед дөнгөж 16 настай байсан Сумайл тэр даруй хамгийн баян тамирчдын жагсаалтад орж ирсэн ба одоогоор 2.72 сая ам.долларын орлого олоод байна.

    Өдгөө 19 настай Сумайл Хассан ихэвчлэн голын замаар тоглодог.

    Дуртай баатрууд: Storm Spirit, Ember Spirit, Puck

  5. 6 Peter “ppd” Dager


    Evil Geniuses багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бас нэгэн тамирчин энэ жагсаалтад орсон нь “ppd” нэрээр тоглодог Петр Дэйгер юм. Твиттерт тун идэвхтэй байдаг тэрбээр ямар ч үед анхаарлаа алддаггүй гэдгээрээ алдартай. Heroes of Newerth тоглоомоос Дота 2 тоглоом руу шилжсэн цөөн мэргэжлийн тоглогчийн нэг Дэйгер чухам энд л хамгийн их амжилтыг олсон билээ. Тэрбээр 2014 оны эхээр EG багийн гишүүн байсан ба багтайгаа 2015 оны The International-ын аварга болсон. Харин 2016 онд багаа орхин, өдгөө OpTic Gaming багийг байгуулж, ахлагчаар нь тоглож байна. Олон тэмцээнд түрүүлсэн “ppd”-гийн орлого өнөөдрийн байдлаар 2,744,000 ам.долларт хүрээд байгаа билээ.

    Ихэвчлэн “дэмжигч” баатраар тоглодог тэрбээр Treant Protector, Crystal Maiden, Vengeful Spirit-ээр тоглох дуртай.

  6. 5 Saahil “UNiVeRse” Arora


    Энэ жагсаалтад буй АНУ-ын бас нэгэн тамирчин болох 1989 онд төрсөн Саахил “UNiVeRse” Арора нь Evil Geniuses-ын 2015 оны аварга багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. The International тэмцээн анх 2011 онд зохион байгуулагдахад сэлгээний тоглогчоор оролцож байсан (тэмцээнд өөрөө тоглоогүй) цагаасаа хойш жил алгасалгүй амжилттай оролцож байгаа “UNiVeRse” өдгөө алдарт SEA-ийн Fnatic байгууллагын Дота 2-ын багийн бүрэлдэхүүнд тоглож байна. Энэ хугацаанд Саахил Арора 3 сая гаруй ам.долларын орлого олоод байна.

    Сонирхуулахад, “UNiVeRse” нь Valve-аас зохион байгуулдаг бүх төрлийн тэмцээнд оролцсон цорын ганц тоглогч бөгөөд Дота 2-ын мэргэжлийн төвшинд 1000+ тоглолтод оролцсон 8 тамирчны нэг билээ.

    Fnatic багийн хувьд энэ удаагийн The International тэмцээнд Mineski, TNC Predator гэсэн хоёр багийн хамт SEA-гаас гарч тоглож байгаа юм.

    Дуртай баатрууд: Void, Earthshaker, Dark Seer

  7. 4 Lasse “Matumbaman” Urpalanien


    Team Liquid-ын шилдэг тоглогч “Matumbaman”-ыг мэдэхгүй хүн байхгүй байх. Одоо 23 настай Лассе Урпаланиены хувьд 2015 оны сүүлээр тус багийн бүрэлдэхүүнд орсон, “carry” байрлалд тоглодог. Өмнө нь Veni,Vidi,Vici багт байхдаа 2014 оны Assemble Summer тэмцээнд түрүүлж, анхаарлын төвд орсон билээ.

    Харин Liquid багийн гишүүн болсноор 2016 оны The International тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаад бүтэлгүйтсэн боловч 2017 онд эрс сэргэж, аварга болоход гол үүргийг гүйцэтгэсэн юм.

    2018 оны The International-аас тэрбээр өөрийн олоод буй 3,080,000 ам.долларын орлогоо улам нэмэх нь тодорхой билээ.

    Дуртай баатрууд: Lone Druid, Lycan, Necrophos

  8. 3 Ivan “Mind_Control” Ivanov


    Жагсаалтын гуравдугаар байрт “Mind_Control” нэрээр тоглодог Иван Иванов орж байна. Team Liquid-ын гол тоглогчдын нэг “Mind_Control” өмнө нь 5Jungz мэт жижиг багуудад тоглодог байсан ба 2015 онд шинэ багтаа орсон цагаасаа хойш асар өндөр амжилт үзүүлж байгаа нэгэн.

    2014 оноос хойш мэргэжлийн карьерээ эхэлсэн Иванов Liquid багтайгаа EPICENTER LAN тэмцээнд 2016 онд түрүүлж, Шанхай болон Манилагийн тэмцээнүүдэд хоёрдугаар байрт шалгарсан юм. Энэ мэт амжилтуудынхаа ачаар “Mind_Control” хэдийнээ 3,081,000 ам.долларыг олоод байгаа ба 2018 оны The International тэмцээнд аваргаа хамгаалах билээ. 

    Дуртай баатрууд: Dark Seer, Nature’s Prophet, Beastmaster

  9. 2 Amer “Miracle-” Al-Barkawi


    Жагсаалтын хоёрдугаар байранд алдарт “Miracle” буюу Амер Ал-Баркави орж байна. Дэлхийн хамгийн шилдэг баг Team Liquid-ын хамгийн гол тоглогч Амер нь Польш, Йорданы давхар иргэншилтэй, өдгөө 21 настай залуу тамирчин. Анх Balkan Bears багт тоглож байгаад дөрвөн сарын дараа багаасаа хөөгдсөн байдаг. Баггүй болсон тэрбээр онлайн тоглолтуудад амжилттай тоглосоор Европ болон дэлхийн хэмжээнд хамгийн өндөр MMR-тай тоглогчийн байр суурийг “w33”-аас булаан авсан билээ.

    Үүний дараа “N0tail”-ын урилгаар “Monkey Business” багт орсон нь хожим алдарт OG баг болсон юм. Тус багт байхдаа Франкфуртын тэмцээнд ялалт байгуулсан. “Miracle”-ын хувьд Shadow Fiend-ээр чадварлаг тоглож байснаас болж дараагийн багууд нь баатар сонгох шатанд Shadow Fiend-ыг хориглох буюу “ban” хийхэд хүргэж байсан билээ. OG багтайгаа 2016 оны The International тэмцээнд тун амжилтгүй тоглосон ба удалгүй Team Liquid-ын бүрэлдэхүүнд урилгаар орсон билээ. Түүний уран тоглолтын ачаар Liquid баг аваргын төлөөх тоглолтод Newbee багийг 3-0 харьцаатай илт давамгай хожиж, аварга болсон юм.

    Дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Miracle одоогоор 3,314,000 ам.доллар олоод байна.

    Дуртай баатрууд: Invoker, AntiMage, Shadow Fiend

  10. 1 Kuro “Kuroky” Salehi Takhasomi


    Дэлхийн хамгийн өндөр орлоготой Дота 2-ын тоглогч бол “Kuroky” хочит Куро Салехи Кахасоми юм. Дота тоглоомын түүхийн эхэн үеэс л алдар нэрээ дуурсгасан нэгэн тоглогч байдаг нь Kuroky. Тэрбээр олон ч багийн бүрэлдэхүүнд тоглож байсны дунд үе үеийн хамгийн шилдэг багууд багтдаг. Өдгөө 25 настай Куро нь Германд төрж өссөн ба хөлний гэмтлээс болж анх видео тоглоом тоглож эхэлсэн гэдэг. Дота 2-оос өмнө ДотА-гийн тэмцээнүүдэд амжилттай тоглодог байсан тэрбээр домогт Puppey, Vigoss, LevenT, Dendi, SingSing, NS гэх мэт дэлхийн шилдгүүдтэй нэг багт хүчин зүтгэж байсан юм.

    5Jungz баг Team Liquid болон өөрчлөгдөхөд “Kuroky”-гийн багийн бүрэлдэхүүнд илүү олон алдартай тамирчид нэгдсэн билээ. Kuroky бүх The International тэмцээнд тоглосон гуравхан тоглогчийн нэг (нөгөө хоёр нь DDC, Puppey) ба мэргэжлийн төвшний тоглолтуудаас 1000 хожил авсан анхны тамирчин.

    Харин түүний орлого хэд вэ гэж үү? Дэлхийн хамгийн баян Дота 2-ын тоглогч 3.8 САЯ АМ.ДОЛЛАР олоод байна!!!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.