Арав.мн

Аддис Абебагийн гэгээнтэн

Аддис Абебагийн гэгээнтэн

Австралийн Сидней хотын уугуул, эмэгтэйчүүдийн эмч, доктор Кэтрин Хэмлин бол эдүгээ 96 настай, төрөхийн хүндрэлээс болж эмэгтэй хүний биед үүсдэг фистула хэмээх эмгэгийг эмчлэх дэлхий дээрх анхны бөгөөд одоогоор цорын ганц үнэ төлбөргүй эмнэлгийг үүсгэн байгуулагч, энэ цагийн хамгийн нэр хүндтэй хүмүүнлэгийн үйлстний нэг юм.

Түүний Этиоп дахь аж амьдрал, үйл хэргийн тухай өгүүлэх нэгэн ярилцлага/нийтлэлийг орчуулан хүргэж байна. Сэтгүүлч Сью Уильямсын бичсэн энэхүү нийтлэл “The Weekend Australian” сэтгүүлийн 2018 оны хоёрдугаар сарын дугаарт хэвлэгджээ.

-----

Хөх Нилийн эх ундарга болох умард Этиопийн Тана нуурын өвс ногоо халиурсан өргөн, тэгш эрэг дээр нутгийн залуу надаас хаанаас явааг минь асуулаа. “Австралиас” гэхэд минь залуу “Аан, Австрали!” хэмээн дуу алдаад “Матар хочит Данди, Хэмлин хатагтай хоёрын нутаг уу?” гэж асууж байна. Харин ойролцоох Лалибела хотод, Дэлхийн өвд багтах эртний сүмийн хажууд энэ яриа ахиад л давтагдлаа. Замын хажууд бохь зардаг жаалхүү хүртэл “Хатагтай Хэмлин чинь манай нутгийн Тереза эх шүү дээ. Бидэнд их сайн ханддаг юм. Үнэхээр сайн хүн шүү” гэж ярив. Түм түжигнэсэн Аддис Абебад таксины жолооч нар нь ч түүнийг андахгүй юм. Нэг нь түүнийг бүр “Манай хотын гэгээнтэн” гэв ээ. Түүний үг аргагүй үнэн ажээ. Сидней хотын уугуул, олон арван шагналын эзэн, эмэгтэйчүүдийн нэртэй эмч, дэлхийн хамгийн ядуу буурай орны нэгэнд фистула гэгч муухай эмгэгийг үгүй хийхэд амьдралынхаа 60 гаруй жилийг зориулсан, Нобелийн энхтайвны шагналд хоёр ч удаа нэр нь дэвшсэн Хэмлин хатагтайг Этиопийн Христийн төв сүмээс саяхан гэгээнтэнд өргөмжлөх хүсэлт гаргаад байна.

Харин энэ бүхэн нийтлэлийн маань эзэнд сонин биш ээ. Талийгаач нөхөр Регийнхээ хамт 1975 онд Аддис Абебагийн захад барьж байгуулсан эмэгтэйчүүдийн эмнэлгийнхээ урдхан талд өөрсдийн гараар босгосон эгэл борогхон, жижигхэн шавар байшиндаа ажин түжин суух, эдүгээ 94 настай өндөр, туранхай Хэмлин хатагтай олон түмний тэр их анхаарлыг ер анзаарахгүй мэт байх аж. Энэхэн мөчид түүнд зочиндоо барих цайнд нь хийх зүсэм нимбэг гэрт нь бий үгүй нь л чухал буй бололтой.

“Би энгийн л хүн шүү дээ” хэмээн яриагаа эхэлсэн тэрбээр тун ч даруухан юм. “Ажлаа хийнгээ энэ олон эмэгтэйн амьдралыг бусдад таниулах нь чухал байна. Энэ ажлыг ганцаараа нугалах аргагүй. Нөхөр маань их дэм болдог байлаа. Тэр л намайг хөдөлгөдөг, хөтөлдөг байсан. Манай ажилчид бас их мундаг шүү. Тэгэхээр олон хүний ажил байгаа биз. Та дахиад цай уух уу?” Ингэж хэлээд тэр инээмсэглэлээ. Хуучны хар, цагаан киног санагдуулам, ер бусын эелдэг аялгатай, хачин хүүхдэрхэг инээмсэглэлтэй тэрбээр таван жилийн өмнөөс мэс засал хийхээ больжээ. “89 хүрээд хоол хийхээ больсон, мэс засалд ч оролцохоо больсон. Ой санамж ч мууддаг юм байна. Үхэх цагаа ойртсоныг мэдрээд би нөхрийнхөө нойрсож байгаа газрын дэргэд жаахан зай хүртэл бэлдчихээд байгаа. Амьдаараа булагдчихгүй юм сан л гэж бодогдох юм”.

Кэтрин Хэмлин нөхөр, зургаан настай хүүгийнхээ хамт тэртээ 1959 онд Этиопод анх хөл тавихдаа энэ улсын төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах гурван жилийн гэрээтэй иржээ. Харин Аддис Абебад ажлаа эхэлснээс ердөө долоохон хоногийн дараа фистулагийн анхны өвчтөнтэйгөө таарсан нь бүтэн таван өдөр өвдөж шаналсны эцэст амьгүй ураг төрүүлсэн, түүнээсээ болж үтрээ, давсаг хоёрынхоо дунд асар том нүхтэй болж аймшигтайгаар гэмтсэн, шээсээ хянаж чадахааргүй болсон 17-хон настай охин байлаа. Хөгжингүй орнуудад олон зууны өмнө үгүй болсон, кесарево хагалгааны ачаар урьдчилан сэргийлэх боломжтой фистула гэгч ийм эмгэгийг тэд анх удаа нүдээр үзсэн нь тэр байж. Харамсалтай нь ийм үзэгдэл Этиопод элбэг байсан агаад нэн ялангуяа охидыг багад нь гэрлүүлдэг, хүүхдүүдийн дунд шим тэжээлийн дутагдал их, бага насны хүүхдээр хүнд хүчир ажил хийлгэдэг, дэд бүтэц огт хөгжөөгүй хөдөөгийн тосгодод бараг л хэвийн үзэгдэл байв.

Хэмлинийхэн 17-той мөнөөх охинтой уулзсан өдрөө л Этиопоос явахгүйгээр шийджээ. Хатагтай Хэмлиний хэлснээр тэд ердөө ажлаа цааш үргэлжлүүлэхийн тулд, гагцхүү бадар барих гэж л бүх нийтийн амралт, баяр наадмыг тааруулан Австрали руугаа буцах болж. Этиоп охидыг амьдын тамаас нь аврах тэдний ажил цаг үеийн олон ч шуургыг давсан байна. Ажил үйлсийг нь дэмжигч, дотнын нөхөр эзэн хаан Хайле Селассие 1974 онд хаан сэнтийгээсээ бууж, цэргийн эргэлт гарч, барьсан байшин нь дайсагнагч талуудын суман шуурганд өртөн, “Улааны хийрхэл” гэгч үзэгдлээр шинэ эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн 500 мянга гаруй хүн амиа алдахыг харж, нийтдээ 17 жил үргэлжилсэн Иргэний дайны оргил үед буюу 1970-аад оны сүүлчээр эмнэлгээ байнгын ажиллагаатай байлгах гэж зүдэж, 1980-аад оны аймшигт өлсгөлөнгийн үед ч Аддис Абебаг сахин үлдсэн гээд Хэмлинийхэн анх ирсэн зорилгоосоо огт ухралгүй явсаар шинэ цагтай золгожээ. Гэхдээ эдний аль нь ч 25 жилийн өмнөх хагацал шиг айхтар хүнд тусаагүй хэмээн Хэмлин хатагтай ярьж сууна. Өөрөөс нь 15 насаар ах эр нөхөр нь хорт хавдраар тэнгэрт халихад тэрбээр цааш яаж амьдрах ухаанаа олохгүй, ер тэр хүртэл хийж ирсэн бүхнээ үргэлжлүүлэх хэрэгтэй үгүйгээ ч шийдэж чадахгүй мухарджээ. “Амьдралдаа анх удаа юм бүхнийг хаяад явмаар, бууж өгмөөр санагдсан. Эндхийн найз нөхөд маань л намайг аварсан даа. Талийгаачаа дурсахаар заримдаа Австралиа санадаг л юм. Гэхдээ энэ улс одоо миний эх орон, ард түмэн нь миний гэр бүл болжээ”.

Хөрөнгө оруулагч, хандивлагчдын хишиг өглөгийн ачаар Хэмлин хатагтай фистулаг үнэ төлбөргүй эмчлэх ажлаа ганц ч өдөр завсарласан удаагүй. Одоогоор түүний эмнэлэг болон бусад харьяа байгууллага, халамжийн цэгүүдэд нь нийт 55 мянга гаруй эмэгтэйг эмчилж, Аддис Абебагийн Фистулагийн төв эмнэлгээс гадна орон нутгийн таван ч том эмнэлэг Этиопийн алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байна. Кэтрин Хэмлиний багийнхан мөн тун удахгүй анхны агаарын эмнэлгээ Этиопийн хилийн гадна ажиллуулах гэж буй. Шинэ эмнэлэг нь ойролцоох Уганда улсын нутагт, тэр дундаа фистулатай охид, эмэгтэйчүүд олон байдаг алслагдсан хот, тосгодод хүрч ажиллах юм. Энэ их ажлын хажуугаар Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч бэлтгэх Хэмлин коллеж Этиопийн хөдөө орон нутагт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэн, фистулагийн нарийн мэс засалчдыг дадлагажуулж байна.

Аддис Абеба дахь Фистулагийн төв эмнэлэг магад энэ ертөнцийн хамгийн уйтай газрын нэг биз ээ. Эмчид үзүүлэх ээлжээ хүлээн суух шинээр ирэгсэд харваас андашгүй. Тэд бүгд айж бэргэсэн, ичиж эмээсэн, ядарч туйлдсан харцтай байх агаад өмнө нь өөрсөд шиг нь өвчтөн байгаад эдгэсэн сувилагчдын өөдөөс л эгцэлж харах аж. Зарим нь энд ирэх гэж хэд хоногоор алхсан, зарим нь гэр бүл, найз нөхдөөсөө мөнгө зээлсэн, бүр ганц үнээгээ зарсан, автобусны мөнгө олох гэж олны хөлийн газар сууж гуйлга гуйсан хэмээн ярьцгаана. Мөн бүгд эмнэлгийн үүдэнд ирээд өөрийн мэдэлгүй гаргах өтгөн, шингэнийхээ муухай үнэр танараас болж хөөгдөх вий гэж айсандаа дотроо бурханд залбирсан тухайгаа дуу нэгтэйгээр хэлнэ. Гэвч энд ирсэн нэг ч эмэгтэй буцаагдаж байгаагүй, бүрэн эдгэтлээ явсан удаагүй гэнэ.

Энэхүү уйтан, дүнсгэр орчин эмнэлгийн хашаанаас гармагц, хэдхэн метр алхаад л өөрчлөгдөх аж. Дэргэд нь цэцэг навч алагласан, аварга том сүүдрэвчин дор байх 40-өөд ор бараг бүгд хүнтэй байх бөгөөд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй, эсвэл зүгээр л бусдадаа туслангаа амарч тухлан байгаа бүсгүйчүүд энд инээж хөхрөлдөн, элдвийг хөөрөлдөж, дуутай шуутайхан сууцгаана. Австрали, Шинэ Зеланд, Их Британи дахь хандивлагчдаас нь ирсэн олон өнгийн, гоёмсог тод алчуур нөмөрсөн тэд Хэмлин эмчийг “Эмаей” буюу “Ээж” хэмээн дуудах аж.

Тус эмнэлэгт ирсэн бүх өвчтөний 97 хувь нь бүрэн эдгэжээ. Зарим нь гэр бүлийн хэвийн амьдралдаа эргэн очиж, кесарево хагалгаагаар дахин үр хүүхэдтэй болсон нь ч байна. Харин фистулагаасаа болж гэр бүлийнхэндээ хаягдсан болохоор буцаж тосгондоо очихыг хүсээгүй, амьдралаа шинээр эхэлж, өөрсөд шигээ зовж шаналсан охид, эмэгтэйчүүдэд туслахын тулд анагаах эрдэмд суралцан хэвтэж эмчлүүлж байсан эмнэлэгтээ ажилтанаар үлдсэн эмэгтэйчүүд ч цөөнгүй байна. Тэдний олонх нь Этиопийн Засгийн газраас Хэмлин хатагтайн эмнэлэгт олгосон, эмнэлгийн гадаах 60 га газарт буй Деста Мендер (Аз жаргалын тосгон) хэмээх сувилалд ажилладаг. Энд дээрх 97 хувиас үлдэгсэд буюу бүрэн эдгэх боломжгүй, эсвэл олон удаагийн хүнд хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтөнүүд хэвтэж сувилуулах бөгөөд хамгийн хүнд хэлбэрийн фистулатай эмэгтэйчүүд бие биедээ сэтгэлийн дэм өгч, хамт амьдарцгаах аж.

Асрэбеб бол тэдний нэг. Арван нас ч хүрээгүй байхдаа аав, ээжийнхээ шахалтаар хүчээр эрд очсон хөөрхий охин 12-хон настайдаа хөл хүнд болжээ. Харин хүүхдээ төрүүлэх болоход бяцхан бие нь дийлсэнгүй, хэдэн өдрөөр өвдөөд ч хүүхэд нь гарахгүй байсаар амьгүй ураг төрүүлжээ. Гэтэл арайхийн хоёр яс салсны дараа биеийнх нь доод хэсэг аймшигтай болсон байлаа. Охин үтрээ, давсагныхаа хооронд, мөн шулуун гэдсэндээ хоёланд нь нүхтэй буюу хос фистулатай болжээ. Өдөр шөнөгүй өтгөн, шингэнээ гаргах түүнийг нөхөр нь хаяж, тосгоныхон нь нүд үзүүрлэн олны хөлөөс зайдуу, эзгүй газар умгар урцанд байлгах болж. Охин тэнд бүтэн долоон жил эмнэлгийн тусламж авч чадалгүй хэвтсэн байна. Маш ховор тохиолдох, хамгийн хүнд хэлбэрийн фистулатай болсон охиныг орон нутгийн албаныхан сая нэг эмнэлэгт хүргэхээр очиход охин 22-хон кг жинтэй, хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан гэдэг. 

Асрэбеб энэ жил 23 настай. Дөрвөн жилийн уйгагүй эмчилгээ, хэд хэдэн хүнд хагалгааны дараа дахин алхдаг болсон тэрбээр болдог бол өөрийнхөө амь, амьдралыг Хэмлин хатагтайд өгч, түүнийг мөнх амьдруулах сан хэмээн ярина. Түүнийг олон жилийн дараа анх удаа хөл дээрээ зогсоход Хэмлин эмч дэргэд нь байжээ. “Намайг хойноос түшихэд нь би шинээр мэндлэх шиг болсон” хэмээн тэрбээр нулимс гүйсэн нүдээрээ инээмсэглэн хэлэв.

Асрэбебийнх шиг хүнд хэцүү амьдрал туулсан ч өндийж боссон эмэгтэйчүүд л хатагтай Хэмлинийг энэ олон жил урагш хөтөлжээ. Тэрбээр энэ эмэгтэйчүүдэд хэчнээн хайртайгаа, тэднийг эрүүл саруул болж, эргээд сайн сайхан руу тэмүүлж буйг харах хэчнээн гайхамшигтай байдгийг үгээр илэрхийлж чадахгүй нь гэлээ. “Анх эмчилсэн охиноос маань эхлээд дөнгөж өнөөдөр уулзсан эмэгтэй хүртэлх миний сонссон бүх түүх, фистулагийн өвчтөн бүрийн үзэж туулсан бүхэн хоорондоо бараг ялгаагүй шахам байдаг ч эдний яриаг сонсох бүртээ би уйлмаар болдог. Анагаах ухаан хөгжчихөөд байхад, дэлхий нийт хэдэн зуун жил эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний талаар ярьсан байтал ингэж зовж зүдрэх хүмүүс одоо ч хэдэн мянгаараа байна гэж бодохоор зүрх шимширдэг” хэмээн тэрбээр ярилаа.

Деста Мендерт одоо Асрэбебээс гадна 24 эмэгтэй бичиг үсэг үзэн, математик заалгаж жижиг, дунд үйлдвэрлэл, санхүү бүртгэл, эрүүл ахуй зэрэг олон талын мэдлэгтэй болж, нийгмийн харилцаанд ороход бэлтгэгдэж байна. Гэхдээ энэ шат дамжлага ч амар даваа биш ээ. Ажиллах хүч дутмаг, ор хүрэлцэхгүй зэрэг шалтгаанаар зарим эмэгтэйг хагалгааны дараах эмчилгээнд хамруулж чадалгүй буцаах тохиолдол одоо ч байна. Анхандаа гэр бүл, найз нөхдийн тусламж дэмжлэгээр урагшилж байсан эмнэлэг, сувиллын ажил яваандаа томоохон хөрөнгө оруулагчдын ачаар өргөжин тэлсэн ч хөрөнгө оруулагчдын дундах төдийгүй Этиопийн эрх баригчдын хоорондох маргаан, үл ойлголцлоос болж санхүүжилтээ тануулах нь хаа нэг гарсаар байна. Гэхдээ ийм үед ч Хэмлин эмчийн баг өвчтөнүүдээ хүлээн авч, эмчилсээр.

Одоо Аддис Абебагийн төв эмнэлэг болон хөдөө орон нутгийн салбаруудад нь ажиллагсдыг хэний ч ярихыг хүсэхгүй байгаа нэгэн зүйл зовоож буй нь хатагтай Хэмлинийг өөд болсны дараа хөрөнгө санжүүжилт яаж олох вэ гэдэг асуудал юм. Эмч, сувилагчдынх нь ажлаа гэсэн сэтгэл, бүх эмнэлэг, салбаруудаа фистулагийн өвчтөнүүдийг хэзээ ямагт үнэ төлбөргүй эмчилдэг байлгах гол зарчим нь өөрчлөгдөхгүй ч энэ нь амаргүй байх болно гэдгийг Кэтрин Хэмлин ч, түүнтэй гар нийлэн ажилладаг мэс засалчид ч сайн мэднэ.

Хэмлин эмч Этиопийн иргэншлээр шагнагдсан хоёрхон гадаад хүний нэг, этиопчуудын гол хэл болох амхараар чөлөөтэй ярьдаг, Этиопийн үе үеийн эрх баригчидтай нөхөрсөг харилцаатай байж ирсэн зэргийг нь бодохул түүнийг таалал төгслөө гэхэд хүмүүнлэгийн их үйл хэргийг нь цаашид дэмжиж тусална хэмээн Этиопийн албаныханд л найдах үлдэж байна. Түүний байгуулсан эмнэлэг, тусламжийн төв, эмэгтэйчүүдийн төлөөх сангууд нь Этиопийн 100 мянган төрөлт тутамд ногдох эхийн эндэгдлийг сүүлийн 15 жилийн хугацаанд 1400-гаас 350 болтол буурахад голлох биш гэхэд ихээхэн дэм болсон нь дамжиггүй. Мөн насанд хүрээгүй хүүхдийг гэрлүүлэх, эмэгтэйчүүдийн гэртээ амаржихыг хориглосон хууль тогтоомжууд батлагдсан нь ч Хэмлин хатагтайг нөлөө билээ. Этиопийн Эрүүл мэндийн яамнаас саяхан 2020 он гэхэд фистулаг үндсээр нь үгүй хийх зорилт тавиад байна.

Мянга мянган эмэгтэйг дахин амьдруулж, 100 гаруй сая хүнтэй бүхэл бүтэн улсын эрүүл мэндийн салбарт арилж баларшгүй түүхэн гавьяа байгуулсан атлаа Хэмлин эмч өөрийнхөө тухай биш, эмчилж эдгээсэн эмэгтэйчүүдээ л ярихыг илүүд үзэх аж. Тэрбээр байгуулсан эмнэлгээ хагас зууны турш сайхан сэтгэлтнүүдийн ачаар ажилласан, цаашид ч хэдэн мянган хүнийг эмчилнэ гэж ярихдаа энэ бүхэн зөвхөн өвдөж зовсон эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь л бусдад үзүүлсэн нөлөө гэсэн юм. “Энэ эмэгтэйчүүдийн нэгэнтэй нь л уулзаж ярилцахад таны амьдрал өөрчлөгдөнө. Үр хүүхэд төрүүлнэ гэдэг амьдралын жаргалтай сайхан мөч байх учиртай. Гэтэл энэ охид, эмэгтэйчүүдийн хувьд тэр мөч нь хар дарсан зүүд шиг байсан. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 75 мянган эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж фистулатай болдог гэсэн мэдээ бий. Тэдний 3000 гаруй нь Этиопод бүртгэгддэг. Тэгэхээр бидний ажил дөнгөж эхэлж байна гэсэн үг. Харамсалтай нь, би фистулаг үгүй болохыг амьддаа үзэхгүй нь. Та нарын үед л үгүй болоосой” хэмээн тэрбээр ярилаа. 


8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Үнэхээр агуу !
+1
Ямар сайхан хүн бэ?
+3
Iim sain emegtein tuhai unshsandaa bayrtai bn.Amidraliinhaa tursh busdad tuslaj amidrah, jinhene haramsah zuilgui amidral baih.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start