Арав.мн

Бүх цаг үеийн 10 үлэмж биет

Бүх цаг үеийн 10 үлэмж биет

Гараг дэлхийд нүүрлэсэн таван их мөхөл, уур амьсгалын олон удаагийн огцом өөрчлөлтийг даван туулж орчин цагтай золгосон үлэмж биет амьтдын дунд заан, цагаан баавгай, халим зэрэг багтдаг. Харин устаж үгүй болсон эрт балрын амьтад хэр аварга томыг байсныг өдгөө төсөөлөхөд бэрх. Тэдгээрээс чулуужсан үлдэгдэл нь олдож, биеийн хэмжээ нь бат нот тогтоогдсон хэдийг оролцуулаад бүх цаг үеийн хамгийн урт, хамгийн өндөр, хамгийн хүнд амьтдыг дор жагсааж байна. 


10

Усны хилэнцэт хорхой

Бүх цаг үеийн хамгийн том шавж бол Jaekelopterus (Иекелоптерус. Иекель нь нээсэн эрдэмтнийх нь нэр бол птерон нь "далавч" гэсэн утгатай грек үг юм) гэх үет хөлтөн буюу цэнгэг усны аварга хилэнцэт хорхой юм. Одоогоос 460 сая жилийн өмнө амьдарч байсан энэ амьтан хүнээс ч том байсан бөгөөд хамгийн том нь 2.6 метр хүртэл өсөж томордог байжээ. Аварга хилэнцэт хорхойн чулуужсан үлдэгдлийг анх 1914 онд Германы палеонтологич Отто Иекель Германы Рейнландын нутгаас олж илрүүлэн, өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй цоо шинэ зүйлийн үет хөлтөн болохыг нь, мөн олон сая жилийн өмнө амьдарч байсныг нь тогтоожээ. Иекелоптерусын хоёр зүйл олдоод байгаагаас нэг нь дээр дурдсан Германаас олдсон J. rhenaniae бол нөгөө нь АНУ-ын Вайоминг мужийн нутгаас олдсон J. howelli юм. Хойд Америкийнх нь биеэр хамаагүй жижиг, ойролцоогоор 80 см урт байж. Судлаачид үлэмж биет хилэнцэт хорхойг аймшигтай ангууч байсан гэж үздэг. Бие томоосоо болж хурдан сэлж чаддаггүй байсан байж болох ч уян хатан, өрөлбөн үзүүртэй "хавчууран гар" нь цэнгэг усны жижиг амьтдыг барихад онцгой үүрэгтэй, ямар ч амьтныг айлгах "зэвсэг" байжээ. Аварга хилэнцэт хорхойг 255 сая жилийн өмнө уур амьсгалын огцом өөрчлөлтөөс болж устаж үгүй болсон гэж эрдэмтэд таамагладаг. 


09

Африкийн заан

Заан бол одоо дэлхий дээр байгаа амьтдаас хуурай газрын хамгийн том амьтан юм. Африкийн ойн заан, Африкийн бутны заан, Азийн заан гэсэн гурван зүйлийн заан устаж үгүй бололгүй энэ цаг үед хүрчээ. Эднээс хамгийн том нь Африкийн бутны заан бөгөөд одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн том бутны заан бараг дөрвөн метр өндөр, 10 гаруй тонн жинтэй байжээ. Эртний арслан зааныг зарим хүн орчин цагийн заанаас том байсан гэж андуурдаг. Харин үнэн хэрэгтээ үс ноос ихтэй, урт соёотой байсныг эс тооцвол арслан заан Африкийн заанаас томгүй байж. Азийн заан, Африкийн заан хоёрыг чихнийх нь хэлбэрээр төвөггүй ялгаж болно. Африкийн заан Африк тив шигээ хэлбэртэй, том, далбагар чихтэй бол Азийн заан дугуй, жижигхэн чихтэй байдаг. Мөн Азийн заантай харьцуулахад Африкийн зааныг гаршуулна гэдэг бараг л бүтэшгүй, хүнд хүчир хөдөлмөр байдаг байна. Харамсалтай нь гурван зүйлийн зааны тоо толгой огцом буурч, өдгөө гурвуулаа ховордсон амьтны жагсаалтад багтсан бол Африкийн ойн заан бүр устаж болзошгүй ангилалд бичигджээ. Үүнд хууль бус ан, зааны ясны худалдаа, тархац нутгийн хумигдал зэрэг нь хамгийн их нөлөөлсөн байна. Нэгэн сонирхолтой баримт дурдахад заан бол 22 сар буюу хамгийн удаан хээлээ тээдэг хөхтөн амьтан юм. 


08

Цагаан баавгай

Ургамлын үндэс, модны холтос, өвс ногоо, жимс жимсгэнээр хооллодог зааны дараа орох хуурай газрын хамгийн том амьтан бол цагаан баавгай юм. Өөрөөр бол Хойд туйлын цагаан баавгай өдгөө дэлхий дээр үлдсэн хамгийн том махчин амьтан гэсэн үг. Түүхэнд бичигдсэн хамгийн том цагаан баавгай 1960 онд Аляскийн баруун өмнөдөөс олджээ. Ердийн цагаан баавгай дунждаар 500-720 кг жинтэй байдаг бол тэрхүү эр баавгай 1002 кг жинтэй, хойд хоёр хөл дээр нь өндийлгөвөл 3.3 метр өндөр байж. Цагаан баавгай хэдийгээр хуурай газар дээр төрж, бойждог ч амьдралынхаа ихэнх хэсгийг мөсөн бүрхүүл дээр өнгөрөөдөг. Энэ нь гол идэш тэжээл болох далайн хаваа дагаж буй хэрэг юм. Гэвч чухам үүнээсээ болж цагаан баавгай устаж үгүй болох аюулд ороод байна. Эрдэмтэн, судлаачдын таамаглаж байгаагаар цагаан баавгайн тоо толгойн гуравны хоёр нь 2050 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж амьдран суух, идэш тэжээлээ олох газар оронгүй болох бол 2080 он гэхэд Аляск, Гринланд хүртэл цагаан баавгайгүй болж, зөвхөн Хойд мөсөн далайн хэдхэн бүлэг аралд л тоотой хэдхэн үлдэнэ гэсэн тооцоо гарчээ. 


07

Хятадын аварга саламандер

1.8 метр хүртэл өсөж томордог, дунджаар 60 кг жин татах энэ амьтан дэлхий дээрх хамгийн том хоёр нутагтан юм. Амьд чулуужсан яс гэгддэг аварга саламандер гүрвэл Юрийн галавын үед буюу одоогоос 170 сая жилийн өмнө эрт балрын үлэмж биет усны гүрвэлийн овгоос тасран, бие даан хувьссаар энэ цаг үед хүрчээ. Аварга саламандер Хятадын төв хэсэгт орших Хөх мөрөн болон өмнөд хэсгийн Сувдан мөрний сав газрын уулархаг хэсгийн цэнгэг уст гол, нууруудаар нутагладаг. Харамсалтай нь тоо толгой нь 1950-иад оноос хойш 80 хувиар буурсан нь эрчимтэй явагдсан аж үйлдвэрлэл, уул уурхайгаас шалтгаалсан тархац нутгийн хумигдлаас болсон байна. Хятадын ардын уламжлалт анагаах ухаанд усны гүрвэлийн махыг ашигладаг нь, махыг нь тансаг зоогт тооцдог нь ч мөн хэрээс хэтэрсэн агнуурт хүргэжээ. Хятадын Засгийн газраас аварга усны гүрвэлийг Улаан номд бүртгэж, тусгай хуулиар хамгаалдаг ч жил бүр дунджаар 100 аварга саламандер хууль бус агнуурчдын гарт энддэг байна. Дэлхийн дулаарал ч үржилд нь сөргөөр нөлөөлөх болжээ. Аварга саламандер цельсийн 20 градусаас дээш температуртай усанд идэшлэхээ больдог нь биеийн жинг нь бууруулж, үржлийн явцыг нь тасалдуулдаг аж.


06

Спинозавр

Одоогоос 99-93 сая жилийн өмнө одоогийн Хойд Африкт амьдарч байсан энэхүү амьтны чулуужсан яс анх 1912 онд Египетийн нутгаас олдож, бие даасан үлэг гүрвэлийн зүйл байсныг нь Германы палеонтологич Эрнст Штромер 1915 онд тогтоожээ. Спинозавр нь одоогоор мэдэгдээд байгаа, бүх цаг үеийн хамгийн урт биетэй хуурай газрын махчин амьтан юм. Магадгүй бүх цаг үеийн хамгийн том махчин араатан ч байж болох уг үлэг гүрвэл толгойноосоо сүүл хүртлээ 14 метр болтлоо өсөж томордог, ойролцоогоор 10 тонн жинтэй, нурууных нь яс дунджаар 1.6 метр өндөр байж. Харин толгойн хэлбэр нь бусад үлэг гүрвэлийнх шиг гэхээсээ орчин цагийн матрынхтай илүү төстэй байжээ. Спинозаврыг голдуу загас иддэг байсан гэж эрдэмтэд таамагладаг. Тиймдээ ч устай ойр амьдарч, сайн сэлж чадахгүй ч өндөр хүзүүгээ өргөн гүехэн усанд хэвтдэг байсан бололтой. Энэ онцлогоос нь болж спинозаврыг газар, уснаа амьдрагч байсан гэж үздэг байна. 


05

Шастозавр

Чулуужсан яс болон ул мөр нь анх Хойд Америкаас 1895 онд олдсон шастозавр нь өдгөө мэдэгдээд байгаа хамгийн том усны хэвлээр явагч юм. Энэ амьтны чулуужсан үлдэгдэл нь одоогоор Канад, АНУ, Их Британи, мөн Хятадаас олдоод байна. Шастозавр 200 сая жилийн өмнө буюу Триасын галавын хожуу үед далайд амьдарч байсан; аварга том наймалж, арваалжаар идэшлэдэг; онцгой урт хошуутай атлаа шүдгүй амьтан байжээ. Калифорнийн нутгаас үлдэгдэл нь олдсон Номхон далайн зүйл нь дунджаар 15 метр урт, 50 орчим тонн жинтэй буюу төрөл зүйл дотроо хамгийн том нь байлаа. Зарим судлаач шастозаврыг 25 сая жилийн турш далай тэнгисийн хамгийн том амьтан байсан гэж үздэг. Гэхдээ үлэг гүрвэлийн үед хамаарах, үлэг гүрвэлтэй төстэй харагдах ч энэ амьтан динозавр биш, харин ихтиозавр гэгддэг эртний усны хэвлээр явагчдын овогт багтдаг байна. Сонирхуулахад шастозавр нь Шаста уулын гүрвэл гэсэн утгатай бөгөөд Шаста нь Калифорнид байдаг идэвхтэй галт уул аж. 


04

Аварга хирс

Одоогоос 34-23 сая жилийн өмнө амьдарч байсан, бүх цаг үеийн хамгийн том хуурай газрын хөхтөн болох энэ амьтан ойролцоогоор 4.8 метр өндөр, 7.4 метр урт, 15-20 тонн жинтэй байжээ. Чулуужсан яс нь анх одоогийн Пакистаны нутгаас олдсон бөгөөд хожмоо Евразийн олон хэсгээс, тэр дундаа Монголын Говиос, мөн Балканы хойгоос олонтоо олдсон байна. Шинжлэх ухааны нэршил нь Paraceratherium бөгөөд энэ нь "эвэргүй араатан" гэсэн утгатай. Орчин цагийн хирсний дээд өвөг хэдий ч эвэргүй байсан уг амьтан одоо дэлхий дээр байгаа хуурай газрын хамгийн том өвсөн тэжээлтэн болох зааныхтай төстэй амьдралын хэв маягтай буюу удаан хөдөлгөөнтэй, үр төлөө олон сар тээдэг, дан өндөр модны зөөлөн навчаар хооллодог байж. Харин энэ бүхэн нь устаж үгүй болоход нь нөлөөлжээ. Эрдэмтэд аварга хирсийг уур амьсгал өөрчлөгдөн идэш тэжээл нь хомсодсоноор, мөн Африкаас зэрлэг махчин амьтад Ази руу олноороо нүүдэллэж, удаан хөдөлгөөнтэй өвсөн тэжээлтнүүдийг авлах болсноор мөхөж үгүй болсон гэж таамагладаг байна. 


03

Патаготитан

Хэдий маргаантай ч чулуужсан үлдэгдэл нь анх 2008 онд Аргентиний Патагонийн бүс нутгаас олдсон Patagotitan mayorum -ийг хамгийн том үлэг гүрвэл байсан гэж зарим судлаач үздэг. Онцгой урт хүзүүтэй, биеийн урт нь бараг 37 метр, хүзүүгээ эгц дээшээ сунгавал бүх цаг үеийн хамгийн өндөр амьтан гэгддэг завропосейдон гэх үлэг гүрвэлтэй ч зэрэгцэж мэдэх, ойролцоогоор 55-57 тонн жинтэй байсан энэ амьтны биеийн хэмжээг палеонтологичид 2017 онд багцаалдан тогтоож, титанозавр гэх урт хүзүүт үлэг гүрвэлийн овогт шинээр бүртгэж авчээ. Патаготитан Цэрдийн галавын хожуу үед буюу одоогоос 102-95 сая жилийн өмнө амьдарч байв. Өвсөн тэжээлтэн байсан нь баттай боловч идэш тэжээл, амьдралын хэв маяг, үржлийнх нь талаар судлаачид өнөөг хүртэл төдий л их мэдээлэл цуглуулж чадахгүй байгаа аж. Бүтэн араг ясыг нь цуглуулж, эвлүүлэх нь ч урт хугацааны, бүтэн зургаан сарын ажил шаардсан бөгөөд патаготитаны 84 хэсэг ясыг эвлүүлсэн бүрэн үзмэр өдгөө Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна. Патагонийн үлэмж биет үлэг гүрвэлийн ясыг 2023 оны гуравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл Лондоны Байгалийн түүхэн музейд дэлгэнэ. 


02

Аргентинозавр

Патаготитаныг хамгийн том үлэг гүрвэл мөн эсэхэд эргэлздэг эрдэмтэн, судлаачид мөн л Аргентиний нутгаас чулуужсан үлдэгдэл нь олдсон аргентинозаврыг магадгүй хуурай газрын хамгийн том амьтан байжээ гэж таамагладаг байна. 30-35 метр урт, дунджаар 60-70 тонн жинтэй байсан гэх энэ амьтан патаготитаны адил Цэрдийн галавын хожуу үед буюу одоогоос 96-92 сая жилийн өмнө амьдарч байсан титанозавр юм. Аргентинозаврын чулуужсан ул мөрийг анх 1987 онд Аргентиний баруун өмнөдийн Пласа-Уинкуль хотын ойролцоогоос нэгэн фермер санаандгүй олжээ. Харин одоогоор олдоод байгаа яснууд нь бүрэн гүйцэд биш тул биеийн хэмжээг нь нарийвчлан тогтоож, олон хэсэг эрдэмтдийн санал таамгийг нэгтгэх амаргүй байгаа аж. Зарим палеонтологич аргентинозаврыг бүр 100 гаруй тонн жинтэй байсан үздэг бол зарим нь 60 тонноос томгүй байсан гэж тооцоолдог. Энэхүү үлэг гүрвэлээс өндөр юм уу, илүү урт биетэй үлэг гүрвэл байсныг үгүйсгэх аргагүй ч яг их биеийнх нь массаар тооцвол аргентинозавр хамгийн том үлэг гүрвэл биш гэхэд ямартаа ч бүх цаг үеийн хамгийн том хуурай газрын амьтдын эхний тавд зайлшгүй бичигдэнэ. 


01

Хөх судалт халим

Цэнхэр халим буюу хөх судалт халим нь урьд цагийн ч, одоо үеийн ч бүхий л амьтдаас хамгийн том нь юм. Энэхүү үлэмж биет далайн хөхтөн дээд тал нь 30 метр урт, 200 тонн жинтэй болтлоо өсөж томордог. Тэгэхээр халим нь ганц биеийн хэмжээгээрээ тогтохгүй хүндийн жингээрээ ч хамгийн том амьтан гэсэн үг. Жижиг суудлын тэрэг шиг хэмжээтэй аварга том зүрх нь ч мөн хамгийн том амьтны зүрх юм. Зүрх нь минутад 5-6 удаа цохилно. Гол хүнс нь крилл буюу сам хорхойн төрлийн холтсон хорхой бөгөөд жилийн зарим үед нас, бие гүйцсэн цэнхэр халим өдөрт 10 хүртэлх тонн крилл идэх нь бий. Цэнхэр халим мөн дэлхийн хамгийн чанга дуутай амьтны нэг бөгөөд хүнгэнэх, гэнгэнэх мэт дуу нь 1600 орчим км-ийн зайнаас ч дуулддаг байна. Гараг дэлхийн түүхэн дэх хамгийн том амьтны хувьд халимны тугал нь ч мөн амьтны аймаг дахь хамгийн том биетэй үр төл гэгдэнэ. Нялх халим мэндэлмэгцээ л дэлхийн хамгийн том амьтны нэгд багтах бөгөөд дундаж хэмжээ нь найман метр, жин нь гурван тонн гаруй байна. Эхний жилээ эхийнхээ сүүнээс өөр юугаар ч хооллодоггүй халимны тугал ой хүртлээ өдөр бүр 90 орчим кг-аар жин нэмдэг. Хөх судалт халим дунджаар 80-90 насална. 

19 дүгээр зууны сүүл үе хүртэл дэлхийн бүх далайд элбэг байсан хөх судалт халимыг халим агнуурчид бараг устаж үгүй болтол нь агнасан бол 1966 оноос бүх төрлийн халим агнуурыг олон улсын хуулиар хатуу хориглож, тоо толгойг нь хамгаалах болжээ. 2018 оны тооцоогоор цэнхэр халимны тоо толгой 10-25 мянгын хооронд хэлбэлзэж байна.


5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Гайхалтай мэдээлэл
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start