Арав.мн

Ногоон байгууламжийн тухай ойлголт

Ногоон байгууламжийн тухай ойлголт

Орчин үеийн хотын ногоон байгууламжийн системийг хүрээлэн буй орчныг сайжруулах, хотын гадаад үзэмжийг баяжуулах, байгалийн нөхцөлд иргэдийн нийтээр амрах, зугаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгуулдаг. Энэ тухай нийтлэлийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Make Green LLC компанийн хамт олон танд хүргэж байна.

Ногоон байгууламжийг байгуулахдаа хотын оршин суугчдад үйлчлэхдээ нийтээр хүлээн зөвшөөрсөн ангилалын дагуу (хотын хэмжээнд, орон сууцны хороолол, бичил хороолол) газар нутгийг өдөр тутам эсвэл түр ашиглах зориулалтаар нь ялгавартай хийж гүйцэтгэдэг. Системд багтсан ногоон байгууламжийн обьектууд нь нутаг дэвсгэрийн хэмжээ, зориулалт, байршил, чиг үүргийн хувьд олон янз байдаг. Байршлаас хамааран бүх ногоон байгууламжийг  хот доторх болон хотын захын гэж  хуваана.

Хот доторх ногоон байгууламжууд нь барилгажуулах хил хязгаар дотор байрладаг бөгөөд ажил, амьдрал, амралтын оновчтой нөхцлийг бүрдүүлэх, гоо зүйн хувьд илт ялгарах орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Хотуудтай зэргэлдээ нутаг дэвсгэрийг хотын ирээдүйн хөгжлийг харгалзан хотын захад аж ахуйн эрхлэх зориулалтаар (үржүүлгийн газар, оршуулгын газар, цэцгийн аж ахуй)  ашиглуулах, мөн хүн амын амралт, зугаалгын янз бүрийн хэлбэрээр зохион байгуулах, бичил цаг уур, эрүүл ахуйг сайжруулах зориулалттай (ойн цэцэрлэгт хүрээлэн, нугын цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар) ногоон бүсийг байгуулдаг.

Тэдгээрийн  хил хязгаар, хэмжээ нь тухайн нутаг дэвсгэрт шаардагдах хотын хэрэгцээг үндэслэн (эдийн засгийн ач холбогдол, тухайн хотын байгаль- цаг уурын нөхцлийг харгалзан хотын хүлээгдэж буй хөгжлөөс хамаарч) тодорхойлогдоно.

Хотын ногоон байгууламжийг системийг  зохион байгуулахдаа практикт хотын ногоон байгууламжийг гурван ангилалд хуваадаг. 


04

Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж

Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн 58 га


Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж
- Хотын бүх оршин суугчид болон иргэдэд зориулж, тоос шороо, хэт их нарны цацрагаас хамгаалах,  түр болон удаан хугацаагаар амрах, бие бялдрын боловсрол, спорт, соёл урлаг, боловсрол, зугаа цэнгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг .

Хотын ногоон байгууламжийн ангилал түүний зориулалтаар нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн тоо, төлөв байдлаар  тодорхойлдог.

Стандартаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хотын нийтийн ногоон байгууламж (2-оос 8 цаг хүртэл хугацааны амралтыг зохион байгуулахад ашигладаг) болон орон сууцны хорооллын ногоон байгууламж гэж   ангилдаг.

Хотуудад хамгийн өргөн тархсан нь хүүхдийн парк, спорт, соёл, амралтын хүрээлэн юм. Тухайн хотын онцлог шинж чанар, түүний хөгжлийн хэтийн төлөв, тухайн газар нутгийн байгаль цаг уурын нөхцлөөс хамааран дараахь цэцэрлэгүүдийг байгуулж болно: амьтны хүрээлэн, ботаникийн цэцэрлэг, үзэсгэлэнгийн цэцэрлэгт хүрээлэн, үзвэр үйлчилгээ, угсаатны зүй, дурсгалт газар гэх мэт.

Ботаникийн болон угсаатны зүйн цэцэрлэгүүдийг байгуулахдаа  байгалийн тогтоц,  газрын ландшафтыг хамгийн түрүүнд харгалзах ёстой. Байгалийн орчин нь төлөвлөсөн ангилалд аль болох ойр байх ёстой.

Ботаникийн цэцэрлэгүүдийн хувьд цаг уурын нөхцөл байдал, угсаатны зүйн паркуудын хувьд тухайн газарт эртний соёл, ардын уран барилгын дурсгалууд байх нь маш чухал юм.

Түүх, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа  ард түмний амьдралд, улсын түүхэн чухал үйл явдлууд болсон газар нутаг эсвэл агуу суут хүмүүсийн амьдралтай шууд холбоотой хадгалагдан үлдсэн хөшөө дурсгалуудтай холбоотой байх ёстой .

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тусгай ангилалд – парк - цэцэрлэгжүүлэлтийн урлагийг илтгэсэн хөшөө байж болно.

Соёл, амралтын хүрээлэнгүүд (хотын хэмжээнд, дүүрэг), хүүхдийн, спортын паркууд (цэнгэлдэх хүрээлэн), нам гүм амрах, зугаалгын паркууд, орон сууцны хороолол, бичил хорооллын цэцэрлэг, жижиг цэцэрлэг, гудамжны цэцэрлэг зам болон далан дагуух ногоон зурвас, худалдааны болон  төр захиргааны төв, ойн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт хотын хэмжээний ногоон байгууламж хамаарна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – 283 га /960 га/

Нийслэлчүүдийн ая тухтай амарч зугаалах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Үндэсний

цэцэрлэгт хүрээлэн нь Туул голын сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан, нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт зугаалгын төв болохоор ерөнхий төлөвлөлтийн дагуу үе шаттайгаар тохижилтын ажил 283 га талбайд  хийгдэж байна. Нийт 30 зүйлийн 139717 ш мод сөөгтэй.

Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн – 58 га

Улаанбаатар хотод бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өсөж, нийслэл хотод сууршин ирэгсэдийн тоо нэмэгдэхийн хирээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл ихэсч, усыг гамгүй хэрэглэх, модыг их хэмжээгээр тайрах, хүрээлэн буй орчин, хөрс, агаарыг бохирдуулах зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нэмэгдэж байна. Энэхүү экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, алдагдуулахгүй байхад хувь нэмэрээ оруулах зорилгоор нийслэл Улаанбаатар хотын иргэд, олон нийтийн санаачлагаар 2007 оноос эхлэн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” төсөл хэрэгжиж байна. Үүний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох Мөрөөдлийн орчин ТББ байгуулагдан өнгөрсөн хугацаанд тухайн нутаг дэвсгэр дэх барилгын болон бусад хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах, худаг гаргах, усалгааны тоног төхөөрөмж суурилуулах, модыг тарьж ургуулан арчилж хамгаалах, хайс хашаа барих зэрэг ажлуудыг хэсэгчилэн хийж эхлээд байна.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байгуулж буй "Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн"-г ТЭЦ-4 станцын урд байрлах цэвэр усны худгийн хамгаалалтын бүсийн ойролцоох хүний үйл ажиллагааны улмаас эвдэрч гэмтсэн, барилгын хур хог цугларсан, нөхөн сэргээлт хийх шаардлагатай 58 га газрыг сонгон тохижолтын ажлыг хийж байна.


03

Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж

Цэцэрлэгийн гадна  орчны  ногоон байгууламж


Хязгаарлагдмал хэрэгцээний ногоон
байгууламж - задгай агаарт дасгал, спортоор хичээллэх, хүүхдүүдэд тусгайлан зориулагдсан тоглоомоор тоглох, эмчилгээний болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ажлын завсарлагаанаар түр амрах зориулалттай. Тухайн ногоон байгууламж бүхий газарт байрлаж байгаа  аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид, сургуулийн сурагчид, боловсролын байгууллагуудын оюутнууд, эмчилгээний болон урьдчилан сэргийлэх байгууллагуудаар үйлчлүүлдэг өвчтөн, иргэд  энэ ногоон бүсийг  ашигладаг.

Орон сууцны хорооллууд (бичил хорооллын цэцэрлэгээс бусад), сургууль, цэцэрлэгийн байгууллагууд, спорт, соёл - боловсролын байгууллагууд, олон нийтийн болон эрүүл мэндийн байгууллагууд, клуб, соёлын ордон, хүүхдийн ордон, эрдэм шинжилгээний байгууллагуудын талбай, эрүүл ахуйн хувьд хор хөнөөлгүй үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламж хамаарна.


02

Тусгай зориулалттай ногоон байгууламж

Ботаникийн цэцэрлэгийн дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөлт 18,3 га 


Тусгай зориулалтын ногоон байгууламжийг  -
үйлдвэр, тээврийн хэрэгслийн  хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор байгуулдаг. Зорилгоосоо хамааран (бохирдол, салхи, цас, элсний нүүлтээс хамгаалах; гал, утаа, дуу чимээ, үерийн тархалтад саад тотгор учруулах; усан сангийн ууршилтыг бууруулах гэх мэт) тарих арга, суулгах хийц, ургамлын төрөл зүйлийг сонгодог.  Үүний зэрэгцээ зарим тохиолдолд шаардлагатай ландшафтыг ургамлын тусламжтайгаар бүрдүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй.

Хотын ногоон байгууламжийн аливаа объект нь түүнд оногдсон тодорхой чиг үүргээс үл хамааран хотын нутаг дэвсгэрийн засаг захиргааны харьяалал, хэмжээ, түүний архитектур, төлөвлөлтийн бүтэц, барилга байгууламжийн шийдлийг харгалзан үзэхээс гадна орон нутгийн байгаль, цаг уурын онцлогийг харгалзан бий болгосон хотын ногоон байгууламжийн нэгдсэн системийн салшгүй хэсэг юм.

Хотын хэмжээг өөрчлөхдөө бүтцийг нэгэн зэрэг сайжруулах замаар хийгдэх ёстой. Барилга барих газар нутгийг хуваарилах хэрэгцээг урьдчилан тооцоолж, эдгээр зорилгоор хотын талбайг үе шаттайгаар өргөжүүлэх хил хязгаарыг тодорхойлсон байх ёстой.

Ногоон бүсэд - дотуур байр, амралтын газар, жуулчны бааз, наран шарлагын газар, биеийн тамир, спортын байгууламж, цогцолбор, загас агнуурын бааз, пионерийн зуслан, хүүхдийн зуслан, ойн сургууль, эрүүл мэндийн байгууллагууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр, интернат байруудыг байрлуулдаг.

Ногоон бүсэд хамаарах суурин газрууд нутаг дэвсгэрийн хөгжилд хамаарахгүй. 

Ногоон бүсийн оронд ойгүй газарт байрладаг хотуудын хувьд салхинаас  хамгаалах өргөн зурвасыг зонхилох салхины чиглэлд бий болгох шаардлагатай: хамгийн том, том хотуудын хувьд - 500 м, том, дунд хотуудын хувьд – 100 м, жижиг хот, тосгон болон хөдөөгийн суурин газрууд - 50 м. Хотын захын болон ногоон бүсийн төлөвлөлтийг одоо байгаа хотын төлөвлөлт, түүний хэтийн төлөвийг харгалзан одоогийн мод, сөөгийг хамгийн дээд хэмжээнд байлгахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг авч  явуулдаг. 

Гудамж, хурдны зам дагуу талбайд мод тарих, хувийн - агуулах  зоорьны газар, эрүүл ахуй - хамгаалалтын бүс, ургамал, амьтан судлалын цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэн, салхинаас хамгаалах зурвас, ус, хөрсийг хамгаалах, гал түймрээс сэргийлэх зурвас, усжуулалтын зориулалттай зурвас, мод үржүүлгийн газар, цэцэг, хүлэмжийн аж ахуй, оршуулгын болон чандарлах газрын ногоон байгууламж хамаарна.

   

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн – 18,3 га    /34,9 га -12 га - 4,6га = 18,3 га үлдсэн /

Монгол орны суурин газруудад байх цэцэрлэгт хүрээлэнгүүдээс хамгийн олон жилийн настай дээр хамгийн том эзэмшил талбайтай таримал эко хүрээлэн бол яах аргагүй ШУА-ийн харъяа Ботаникийн цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгийг барьж  босгосноор Төв Азийн өндөрлөгт орших анхны Ботаникийн цэцэрлэг байгуулагдах төдийгүй монгол оронд ургамал ертөнцийг олон түмэнд суртчилах эрдэм шинжилгээ, сургалт гэгээрэл, танин мэдэхүй, соёл амралтын байгууллага бөгөөд манай орны байгалийн ба гадаадын гаралтай төрөл бүрийн гоёл чимэглэл, ашигт, ховор, ховордсон ургамлыг тарималжуулж, нутагшуулж хамгаалах талаар иж бүрэн судалгаа хийдэг сорилын ботаникийн гол төв бий  болно. Ботаник цэцэрлэг нь үзүүлбэрийн буюу ногоон байгууламжийн бүс, эрдэм шинжилгээ-туршилт сорилын ажлын бүс гэсэн 2  үндсэн  хэсэгтэй.

Ботаникийн цэцэрлэг  дэх  ногоон байгууламж нь   нийслэл    хотын  оршин суугчдын чөлөөт цагаа идэвхитэй өнгөрүүлж ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей, оранжерейн цогцолбороос бүрдсэн   нийтийн эзэмшлийн зориулалттай ногоон бүс юм.

Гэтэл 2013 оны долоодугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг 34,9 га гэснийг 22,9 га болгох тогтоолыг гаргаж, өмнөх нийслэлийн засаг даргын захирамжаар ЭМШУИС- ийн лаборатори эмнэлэг байгуулахаар 12 га-д газар олголт хийгдсэн  учраас дахин төлөвлөлт хийгдсэн байна.  

2020 оноос Шинжлэх ухааны инновацийн нэгдсэн төв байгуулахаар 4,6 га талбайг олгоод байна.

Ботаникийн цэцэрлэгийн дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөлт 18,3 га

Одоогоор Ботаникийн цэцэрлэгийн нийт талбай 18.3 га болж багассан учраас ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж дахин төлөвлөл хийж зургийн дагуу бүтээн байгуулалт хийх шаардлагатай байна. Тус цэцэрлэг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8, 10, 12-р хороо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гэр хороололын дунд хүн амын төвлөрөл ихтэй бүсэд оршдог хотын зүүн хэсгийн ганц ногоон байгууламж юм.

Ботаникийн цэцэрлэгийн урд тал Д.Сүхбаатар жанжины төрсөн газар дурсгалын цэцэрлэг, хажуу талд нь Дулмаалин хийд зэрэг түүх дурсгалын газруудтай учир цаашид эдгээр газруудыг уялдуулан төлөвлөж нийслэлийн зүүн хэсгийн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх нь зүйтэй юм.

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилга гаргаад байгаа юм. Энэ асуудлыг 2010 оноос эхлэн судалж байгаа бөгөөд НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан байдаг.

“Самбалхүндэв”-ийн оршуулгын газар нь 1950 оноос эхлэн бий болж, 1987 онд албан ёсоор хаагдсан боловч 2000 он хүртэл иргэд бурхан болоочдыгоо  сул талбай олж, оршуулсаар байгааг албаныхан хэлж байна. Улаанбаатар хотын төв хэсэгт 137 га талбайг эзлэн,  гэр хороололтой зэрэгцэн орших чимээгүй хотыг тохижуулах ажил эхлэлийн төдий байна.

Хотын архитектурын үзэмж болон соёлыг дээшлүүлэх, оршин суугчдын ажиллаж амьдрах орон зайн эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг  2015 он гэхэд 8 м2,  2020 он гэхэд 15 м2, 2030 онд 20 м2 -д хүргэх зорилго тавьсан.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

•   Нийслэлийн хөгжлийн бодлоготой  уялдсан  хотын ландшафтын  архитектур, ногоон байгууламжийн төлөвлөлтийг оновчтой хийж, хот цэцэрлэгжүүлэлтийн менежментийг боловсронгуй болгох;

•   Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;

•   Хүн амын тав тухтай ажиллаж амьдрах орон зайн орчны чанарыг хангахуйц цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын бүс, бичил цэцэрлэг, төгөл, гудамж талбайн болон гэр    хороололын  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох    цэцэрлэгжсэн талбайн  хэмжээг өсгөх; 


01

Хэрэгжүүлэх арга зам

“Самбалхүндэв”- ийн дурсгалын цэцэрлэг 137 га


1. Хот цэцэрлэгжүүлэх ажлын норм, норматив, үнэлгээ, мэргэжлийн лавлах, хөдөлмөрийн нормыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

2. Ногоон байгууламжийн хөрсний бүтэц, найрлагын өөрчлөлтийг хянан зохицуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, механикжуулах шинэ арга технологийг  нэвтрүүлэх,  бордоо, микро-элементийг хөрсөнд  хэрэглэх горимыг тогтоох;

3. Мэргэжлийн түвшинд боловсруулсан зураг төслийн дагуу цэцэрлэгжүүлэх, тохижуулах ажлыг хийх, тэдгээрийг хот байгуулалтын бодлоготой нягт уялдуулан зохион байгуулах, түүнд зориулсан хөрөнгө, хүчийг нэгдсэн байдлаар хийх;

4. Ногоон байгууламжийг услах  усалгааны системийг хөрсний ус болон бусад эх үүсвэрийг ашиглан байгуулж, усаар гачигдах явдлыг зогсоох;

5. Хот цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хариуцсан  мэргэжлийн төсөвт байгууллагыг  дүүрэг бүрт байгуулан ажиллуулах;

6. Хотын ногоон орчин, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хот байгуулалт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх эрх зүйг бүрдүүлэх; 

7. Хот  цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг дагаж  мөрдөх;

8. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд  шинэ таримал мод, сөөгний тарьц, суулгац бэлтгэх мод үржүүлгийн талбайг байгуулж, шинжлэх ухааны ололт, шинжилгээ судлагааны үр дүн, дэвшилттэй технологийг нэвтрүүлэх;

9. Цэцэрлэгжилт, тохижилтгүй талбай бүхий албан байгууллага,  аж ахуйн  нэгжийн газар ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлсэн талбайн хэмжээнээс хамааруулан газрын ашиглалтын төлбөрийг хөнгөлөх, хашаандаа мод тарьсан айл өрхийг урамшуулах гэх мэт арга хэмжээ авах;

10. Ойжуулж, цэцэрлэгжүүлсэн талбайг улс, хотоос худалдан авах тогтолцоог бий болгох;

11.Тарьсан мод, сөөгний тоогоор биш тодорхой бичил тохижилт, цэцэрлэгжилт үүсгэх  байдлаар мод, сөөгийг нягт шигүү суулгаж ногоон масс бий болгох;

12.Туул, Сэлбэ, Улиастай, Дунд  голын ай сав болон усан хангамжийн эх үүсвэр, цэвэрлэх байгууламж, оршуулгын газар зэрэг барилгажих боломжгүй газрыг ойжуулан цэцэрлэгжүүлэх; г.м.

Гэтэл дээрхи ажлуудыг хэрэгжүүлэх эрхзүйн орчин буюу “Хот суурины ногоон байгууламжийн тухай” хуулийг шинэчлэн боловсруулж батлуулан мөрдөх шаардлагатай байна.

Бэлтгэсэн: ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Чанцалням


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start