Арав.мн

Батлагдталаа он удсан шинжлэх ухааны санал, таамгууд ба тэдгээрийг анхлан дэвшүүлсэн эрдэмтэд

Батлагдталаа он удсан шинжлэх ухааны санал, таамгууд ба тэдгээрийг анхлан дэвшүүлсэн эрдэмтэд

Шинжлэх ухааны ямар ч ололт, нээлт гэдэг анхандаа ердийн нэг санаа оноо байдаг. Харин тэр нь үнэн зөв болон батлагдталаа хэдэн арав, бүр хэдэн зуун жилийн нүүр үзэх нь бий. Тиймэрхүү жишээнүүдээс дор 10-ыг нь онцолж байна. 


10

Хар нүхний талаарх саналыг анх 1783 онд дэвшүүлсэн

Өдгөө хар нүхний талаар хүмүүс ямар нэг төсөөлөлтэй болжээ. Хэдий олон талаараа учир битүүлэг зүйл хэвээр байгаа ч хар нүхийг шинжлэх ухаан нэгэн үеэ бодвол харьцангуй сайн таньж мэдээд байна. Гэтэл хар нүхний талаар анх ургуулан төсөөлж, бүр анхны санааг нь дэвшүүлсэн хүн нь 1724-1793 онд аж төрж асан Английн байгалийн гүн ухаанч байсан гэвэл та итгэх үү? Жон Мичелл хэмээх эрдэмтэн, хувраг тэр хүн хар нүх байдаг гэх таамаглалаа 1783 онд гаргаж байж. Тэрээр мөн газар хөдлөлтийн чичирхийллийг долгионтой адилтган төсөөлж, санал дэвшүүлсэн анхны хүн юм. Тиймээс ч Мичеллийг эдүгээ газар хөдлөлтийг судлах ухаан болон соронзон хэмжүүрийн эцэг гэж үздэг байна. Түүний хар нүхний талаарх таамаг, санал үнэн болох нь бараг 200 жилийн дараа буюу 1971 онд анхны хар нүхний нээлтээр сая батлагджээ. 


09

Луи Пастераас 500 жилийн өмнө нян бактерийг таамагласан араб эрдэмтэн

Францын химич, микробиологич Луи Пастер 1860-аад онд хийсэн хэд хэдэн туршилтынхаа дүнд нян бактери гэдэг алив өвчний учир шалтгаан болдогийг нээж, хүнсний бүтээгдэхүүнээс, тэр дундаа сүү, дарснаас хүн өвчилдөгийг батлан, тэдгээрийг ариутгах аргыг анх боловсруулсан байдаг. Харин түүнээс 500-аад жилийн өмнө амьдарч байсан Ибн аль-Хатиб (1313-1374) хэмээх араб яруу найрагч, түүхч, физикч, гүн ухаантан эрхэм Европ дахиныг дайрсан Хар тахлын үеэр өвчин эмгэг гэдэг ямар нэг бичил биетнээс үүсдэг тухай анх таамаг дэвшүүлж, 1360-аад тэмдэглэл хөтлөн үлдээжээ. Тэр нь одоо хуучин испани хаадын өргөө байсан Эскориал хэмээх ордны номын санд хадгалагдаж байна. Аль-Хатиб нүдэнд үл үзэгдэх өчүүхэн жижиг амьд биес хүн, амьтны биед нэвтрэн "ямар нэгэн эд"-ийг нь гэмтээснээр өвчин эмгэг үүсдэг хэмээн таамаглан бичсэнээс гадна хувцас хунар, сав суулга, ээмэг зүүлтээр дамжин мөнөөх жижиг амьтад тахал өвчнийг тараах эрсдэлтэй хэмээн олон нийтэд сэрэмжлүүлж байсан нь тухайн цагтаа шинэлэг хандлага байлаа.


08

Үсгүй сохор номинг олдохоос нь өмнө төсөөлсөн нь

1970-аад оны эхээр шавж судлаач, хувьслын онолч Ричард Александр хэмээх америк эрдэмтэн олон төрлийн шавж хорхойны амьдралын хэв маягийг судалсныхаа дүнд зөгийтэй төстэй, нэг эмэгчнээ сүргийн тэргүүн болгож, тун нарийн нийгмийн зохион байгуулалт үүсгэдэг ямар нэг хөхтөн амьтан байж гэмээнэ тэр нь газрын дор амьдардаг байж таарна гэсэн, тухайн цагтаа нэлээд боловсронгуй санал дэвшүүлжээ. Маш цөөхөн зүйлийн хөхтөн амьтан л газарт нүх ухаж, үүрлэн амьдардаг тул тэр амьтан нь мэрэгч байх нь, бас сүргээрээ идэшлэхэд өт, хорхой хангалтгүй тул ургамлын үндэс, булцуугаар хооллодог байх нь ч тодорхой гэх зэргээр тэрээр маш нарийн таамаг, төсөөсөл гаргасан байна. Харин түүнийг 1978 онд нэгэн их сургуульд лекц уншиж байхад нь Зүүн Африкийн үржил шимт хээр талын хуурай нутгаас 75-80-уулаа газар дор сүрэглэн амьдардаг хөхтөн амьтан олдлоо гэсэн мэдээ ирсэн нь үсгүй сохор номин гэх мэрэгч байв. Энэ нь нийгмийн өндөр зохион байгуулалттай нь мэдэгдсэн, шинжлэх ухаанд танигдаад буй хамгийн анхны хөхтөн юм. Үсгүй сохор номингийн ааш зан, биеийн онцлог, сүргийн зохион байгуулалт зэргийг нарийн судалсны эцэст Александрын үнэн зөв байсан нь батлагджээ. 


07

Хиймэл дагуулын санааг 1945 онд дэвшүүлж байв

Энэ оны эхний хагасын мэдээгээр өдгөө дэлхийн тойрог замд 4852 хиймэл дагуул ажиллаж байна. Цаг агаарын өөрчлөлтийг тандахаас эхлээд гар утасны сүлжээ, байршил тогтоогчийн долгион дамжуулах зэрэг олон үүрэгтэй энэ олон хиймэл дагуулын түүх 1957 оноос эхтэй. Мөн онд дэлхийн анхны хиймэл дагуул "Спутник"-ийг хөөргөсөн бол 1962 онд анхны харилцаа холбооны хиймэл дагуул "Телстар"-ыг хөөргөжээ. Харин тойрог замд "пуужин шиг бичил станц" хөөргөвөл уламжлалт аргаар буюу утсан холбоогоор мэдээлэл дамжуулахаас хэд дахин хурдан, бас хамаагүй хямд төсөр байх талаар анх дэлгэрэнгүй санал хэлж, 1945 оны аравдугаар сард "Цахилгаан дэлхий" хэмээх сэтгүүлд нийтлэл хэвлүүлсэн хүн бол Английн шинжлэх ухааны зөгнөлт зохиолч, зохион бүтээгч, далайн гүнийг судлагч Артур Ч.Кларк юм. Хэдийгээр Кларк уг технологийг зөгнөсөн анхны хүн биш ч тун дэлгэрэнгүй тайлбар зүүлт хийсэн анхны хүн нь юм. Тиймээс геостанцын тойрог зам гэх бүслүүрийг өдгөө Кларкийн тойрог зам хэмээн нэрийддэг. 


06

Далайн ван гарагийг анх математикийн аргачлалаар нээсэн

Далай ван гарагийг анх Галилео ажигласан гэх боловч тэр уг гарагийг гараг биш, харин холимог од болов уу гэж таамагласан байдаг. Тиймээс түүнийг Далай ваныг нээсэн гэж үздэггүй бөгөөд хөрш зэргэлдээ Тэнгэрийн ван гарагийг нь 1781 онд нээгдсэнээс хойш ердийн биш орчил хөдөлгөөнийг нь ажиглан, ойролцоо нь ямар нэг өөр биет байна гэж таамагласан Алексис Бувар нарын эрдэмтдийг ч Далай ванг нээсэнд тооцдоггүй. Харин энэ алдар хүнд Британийн математикч, одон оронч Жон Куч Адамс (1819-1892) болон Францын математикч Урбен Леверье (1811-1877) нарт эн тэнцүү хамаарна. Энэ хоёр эрдэмтэн бие биеийнхээ тухай огт дуулаагүй байхдаа хоёр өөр газарт нэгэн зэрэг Далай ван гараг оршин байгааг болон ерөнхий байрлалыг нь зөвхөн математикийн аргачлалаар тооцоолон олжээ. Мөн хоёулаа хажуудах Тэнгэрийн ван гарагийнх нь тогтсон давтамжгүй хөдөлгөөнийг ажигласнаа, мөн Кеплер болон Ньютоны хууль ашигласнаа судалгаандаа тэмдэглэсэн байна. Адамс 1845 оны аравдугаар сард, Леверье арваннэгдүгээр сард нь судалгааны ажлаа тус тусын Шинжлэх ухааны академидаа танилцуулсан байдаг. Энэ нь эхэндээ Франц, Британийн дунд нэлээд хэл ам дэгдээсэн ч олон улсын эрдэмтэн судлаачдын баг хоёр эрдэмтнийг хоёуланг нь Далайн ван гарагийг нээсэн хэмээн үзэхээр болжээ. Адамс, Леверье хоёр ч үүнтэй санал нийлж, бие биеэ ихэд хүндэтгэх болсон гэдэг. Тэдний тооцоолол үнэн зөв байсан нь төд удалгүй буюу ердөө жилийн дараа 1846 оны есдүгээр сард Германы одон оронч Иоханн Галле Далай ванг анх удаа дуран авайгаар олж харснаар батлагдсан түүхтэй. 


05

Аалзны цахилгаан орон мэдрэх чадварыг анх Дарвин таамагласан

Зарим зүйлийн аалз болон зарим жижиг нялцгай биетэн яг л цаасан шувуу хөөргөсөн аятай өөрийнхөө торонд дүүжлэгдсээр хэдэн зуун км-ийн холд нисэж чаддаг тухай мэдээ хэдэн жилийн өмнө цахим сүлжээнд тарж байв. Агаарын бөмбөлгөөр аялах хэмээн нэрийддэг энэ үзэгдлийн учрыг Английн Бристолын их сургуулийн эрдэмтэд 2018 онд тайлж, аалзны ийм чадвар цахилгаан оронтой холбоотой хэмээн мэдээлж байлаа. Гэтэл энэ тухай Чарльз Дарвин бүр 1832 онд таамаг дэвшүүлж байсан мэдээ байна. Тэрээр "Бигл" хөлөг онгоцон дээр аялж явахдаа хөлгийн тавцан дээр хэдэн зуун аалз байгааг анзаарч, далавчгүй атлаа аалз яаж нисэж чаддаг юм бол гэж удтал эргэцүүлжээ. Чингээд эцэст нь "агаарын хүч" ашигладаг байх гэсэн санаа дэвшүүлж, тэмдэглэл хөтлөн үлдээсэн нь дээрх Бристолын эрдэмтдийн тайлснаар цахилгаан орныг хэлсэн бололтой. Дарвины үед амьдарч байсан Английн байгаль судлаач Жон Блэкуэлл мөн нисдэг аалзны тухай тэмдэглэл хөтөлж байсан баримт байдаг аж. Түүний ажигласнаар аалз нисэн өнгөрсөн газарт их хэмжээний аалзны шүлс үлдэж хоцордог байна. 


04

Компьютерийн вирусын онолыг 1940-өөд онд анх боловсруулсан

Компьютерийг "хордуулсан" анхны вирус "Крипер"-ийг ямар нэг гажигтай программ компьютерт нөлөөлөх нь үү гэж туршиж суулгасан гэх бөгөөд тэр нь үнэхээр ч муугаар нөлөөлж, удалгүй өөрөө арилаад өгчээ. Энэ бол 1971 оны явдал. Харин үүнээс гурван жилийн дараа "Раббит" гэх вирус бий болж, системийн доголдол үүсгэснийг компьютерийн анхны жинхэнэ вирус гэж үздэг байна. Сонирхолтой нь компьютерийн систем вирустэж мэдэх тухай онолыг бүр 1949 онд Жон фон Нейман (1903-1957) гэх унгар гаралтай Америкийн эрдэмтэн боловсруулжээ. Цаг үеийнхээ хамгийн алдартай математикч гэгдэж байсан энэ хүн математикчаас гадна физикч, компьютерийн шинжлэх ухааны судлаач, инженер байж. Түүнийг өдгөө орчин цагийн компьютерийн архитектур буюу гол загварыг зохиосноос гадна компьютерийн вирус судлалыг үндэслэсэн гэж үздэг байна. 


03

Цөмийн онол эртний грек философиос эхтэй

1955 онд Германы физикч Эрвин Мюллер гэх эрдэмтэн атомыг томруулан харж болох анхны микроскопийг зохион бүтээжээ. Өмнө нь атомын цөмийг хэдий задлаад байсан ч тэр хүртэл хэн ч түүнийг нүдээр үзээгүй байлаа. Харин эртний Грекийн философич Демокрит энэ талаар бүр 2000 гаруй жилийн өмнө эргэцүүлээд байв. Түүнийхээр юм бүхэн хуваагдана, хуваагдсан хэсгүүд нь ч цааш хуваагдана. Тэгсээр эцэстээ үл хуваагдах хамгийн өчүүхэн жижиг хэсэгт тулж очно. Тэр хэсгийг Демокрит хуваагдашгүй буюу атом хэмээн нэрлэжээ. МЭӨ 460-370-аад онд амьдарч байсан Демокритийн энэ санааг Эпикур нарын цөөн хэдэн гүн ухаантан дэмжиж, дийлэнх нь эсэргүүцэж байсан гэдэг. Харин эртний тэрхүү атомистуудын санааг одоо цагт эрт цагийн бусад бүх онолоос илүү орчин цагийн шинжлэх ухаанаар хамгийн сайн батлагдсан онол гэж үздэг байна. 


02

Нар, сарны хиртэлтийн ардах шинжлэх ухааныг таамагласан нь

Эртний хүмүүс нар, сар хиртэхэд гол төлөв аварга том амьтан, эсвэл ууртай догшин бурхдаас боллоо гэж айж сүрддэг байв. Харин байгалийн энэхүү жирийн үзэгдлийн ардах шинжлэх ухааныг нарийн судлан тайлахаас хэдэн зууны өмнө эртний Грекийн философич Анаксагор тухайн цагтаа тун тэрслүү гэмээр энгийн нэг таамаг дэвшүүлжээ. Тэрээр сар ердөө л нарны урдуур орчихсон бол яана гэх санааг одоогоос 2500 гаруй жилийн өмнө гаргасан бөгөөд тэр үед нар, сарыг манай гарагийн гадна, алс тэртээд эргэх од эрхэс биш, харин дээр залаатай сүлд шүтээн гэж үзэж байсан гэхээр энэ нь тун гайхмаар "мэдэгдэл" юм. Нийтийн тооллын өмнөх 500-430-аад оны хооронд амьдарч байсан Анаксагор нар, сарны хиртэлтээс гадна солонго татах, солир унах үзэгдлийн талаар ч өөрийн саналыг дэвшүүлсэн байдаг. Нарыг тэр улааран шатах аварга төмөрлөг биет, сарыг дээрээ уул нуруудтай үлэмж том чулуу гэх зэргээр таамагласнаас гадна "Сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй, гагцхүү нарны гэрлээр гэрэлтдэг" гэдгийг анх хүн төрөлхтөнд хэлж өгсөн хүн юм. 


01

Дарвинаас мянган жилийн өмнөх хувьслын онол

Чарльз Дарвины алдарт "Зүйлүүдийн үүсэл" 1859 онд хэвлэгдсэн. Харин үүнээс мянга гаруй жилийн өмнө Аббасидын халифт улсын Аль-Жахиз (776-869) хэмээх араб эрдэмтэн амьтдыг хувьсан өөрчлөгдөхөд хүргэдэг тэсэж үлдэхийн төлөөх тэмцэл, төрөл зүйлүүдийн нэгээс нөгөөд шилжих хувирал, хүрээлэн буй орчны хүчин зүйлс гэх үндсэн гурван механизм бий талаар таамаг дэвшүүлж байжээ. Тиймээс ч түүнийг байгалийн шалгарлын талаар анхны онолыг дэвшүүлсэн хүн ч гэж үзэж болохоор юм. Ибн аль-Надим хэмээх Багдадын эрдэмтний тэмдэглэснээр Аль-Жахиз 140 орчим ном бүтээл бичсэнээс 75 нь устаж үгүй болжээ. Түүний "Амьтдын ном" хэмээх нийт 350 гаруй амьтныг дүрсэлсэн долоон хэсэгт нэвтэрхий толь цаг үедээ ихэд алдартай байсан ч дийлэнх хэсэг нь одоо үрэгдэж үгүй болсон байна. Аль-Жахиз 50 гаруй жил Багдадад амьдарч байгаад төрөлх Басрадаа эргэж очоод удалгүй, шинэ номоо бичихээр хувийн номын сандаа ажиллаж байхдаа тавиуртай номонд дарагдан насан эцэслэжээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start