Арав.мн

XX зууны гайхамшигтай 10 хөгжмийн зохиолч

XX зууны гайхамшигтай 10 хөгжмийн зохиолч

Английн зохиолч, сэтгүүлч, хийлч Клеменси Бюртон-Хилл болон BBC агентлагийн хамтран гаргасан өнгөрөгч зууны хамгийн нэр хүндтэй, онцгой содон, гоц гайхамшигт 10 хөгжмийн зохиолчийн жагсаалтыг хүргэж байна. 


10

Леонард Бернстайн (1918-1990)

Бернстайн нэг талаар популист байлаа. Тэрээр өөрийнхөө дурлаж хайрласан хөгжмийг бусадтай хуваалцах сан, олон нийтийн хөгжмийн боловсролыг ахиулах сан, ардын эсвэл элитийн гэх тусдаа урлаг байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүсээр дамжуулан өргөн олонд таниулах сан гэсэн хүсэлтэй байв. Бүх төрлийн дуу хөгжим сонсож өссөний хувьд Бернстайн энгийн “орц”-той хөгжмийг таашаагч байжээ. Түүний “West Side Story”, “Candide”, “Chichester Psalms” бүтээлүүд нь онцгой алдартай. Бернстайны шавь нарын нэг Майкл Тилсон Томасын хэлснээр тэрээр “бусдаас ангид тусгаар суугч, хэт ихийг төлөвлөсөн, хэт мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад цаг үе, нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээсэн, халуун дулаан, өөрийгөө санваартан адил сэтгэдэг удирдаач шиг биш, харин үзэгч, сонсогчидтойгоо хамт шинэ ертөнцөөр аялахыг илүүд үздэг өгөөмөр маэстро” байв. 



09

Дюк Эллингтон (1899-1974)

Эллингтоныг XX зууны хамгийн “хөдөлмөрч” хөгжмийн зохиолч гэх нь бий. Тэрээр бүжгийн заалнаас шөнийн клуб, инээдмийн тайзнаас кино театр, концертийн их танхимаас цогчин дуганд хүртэл дуурьсах ая аялгуу зохиожээ. Түүний гоц авьяасын гол нууц нь уламжлалт, сонгодог европ хөгжмөөс эхлээд тэнүүлч, даяанчдын дуу, блюзийг хүртэл нэгтгэн найруулж, олон хөгжмийн элементийг бие биед нь шигтгэх онцгой чадвар нь байв. Гэхдээ хэзээд энгийн, уянгалаг байх зарчмаа огт алдаагүй мэт байдаг. Эллингтон хэзээ ч үл хуучрах романтик балладуудаараа, жазз хөгжмийн үе үеийн дуучдыг төрүүлсэн дуунуудаараа, ахин давтагдашгүй бүжгийн аянуудаараа одоо ч сая сая хүний сэтгэлийг хөглөсөөр байна. 



08

Жон Кейж (1912-1992)

Нэгэн үеийн авангард хөгжмийн зохиолч Мортон Фельдмэнийх нь тодорхойлсноор Жон Кэйж бол “хөгжмийг зөвхөн хөгжим хэлбэрээр нь хараагүй, харин хөгжим бол дээд урлаг болох талаар ул суурьтай асуудал дэвшүүлсэн түүхэн дэх анхны хөгжмийн зохиолч юм”. Домогт бүтээл болох “нам гүм” 4’33 гэх “хөгжим”-ийнхөө талаар Кейж “Нам гүм гээч зүйл хаа ч үгүй. Энэ аязын эхний хэсэгт салхи исгэрэх нь, хоёр дахь хэсэгт борооны дусал дээвэр дээр унах нь, гурав дахь хэсэгт сонсогчид дуу шуу орж, зарим нь гарч явснаар хүний элдэв чимээ гарах нь сонсогдоно” гэж хэлсэн байдаг. Тэрээр “соёлын адал явдал”-д туйлын дуртай, туршиц хийхээс буцдаггүй нэгэн байв. Тиймдээ ч урлагийг нэгэн төрлийн “туршилтын буудал” хэмээгээд бид бүгд тэнд амьдрах гэж “оролдож” байгаа тухай ярьсан нь бий. 





07

Пьер Булез (1925-2016)

Энэхүү франц хөгжмийн зохиолч цахилгаан хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулсан бүтээлүүдээрээ анх алдар нэрийг олжээ. Түүний “Le Marteau sans maître”, “Pli selon pli”, “Répons” зэрэг бүтээл нь ихэд алдартай. Төрөлхийн модернист гэгддэг түүнийг заримдаа хэт догматист гэж шүүмжлэх нь бий ч 60 илүү жил амжилттай үргэлжилсэн карьерынх нь замналаар дүгнэвэл тэрээр яах аргагүй XX зууны хамгийн цуутай, нэн чухал удирдаач, хөгжмийн зохиолчийн нэгд тооцогдоно. Булез шинэ мянган, шинэ зуун гарсан хойно ч, бүр 80 хол наслаад байхдаа ч томоохон тоглолтуудад оролцож байсан агаад хамгийн сүүлийн томоохон бүтээл “Dérive 2”-оо 2006 онд туурвижээ.





06

Бенжамин Бриттен (1913-1976)

Туурвил зүйн хувьд Бриттенийг консерватив гэж дүгнэхээр. Түүний нөлөө тусгал дуурийн хөгжилд илүү үлдсэн бөгөөд 1945 оны бүтээл “Peter Grimes” нь хөгжмийн хүүрнэлд хайрлаж, ойлгохын аргагүй сөрөг дүрийн баатар, хувь хүний болоод нийгмийн сэтгэл зүйд нөлөөтэй амьдралын хар бараан атлаа үнэн бодит талыг нээн харуулснаараа онцлог байв. Дуурийн урлаг их хотын театрын тайзнаас хальж, хөдөө буйдын эгэл борог хүмүүст ч хүрч байх ёстой гэсэн Бриттений үзлийн нөлөөгөөр “халаасны” дуурь гэх ойлголт төрсөн нь эдүгээ цагийн поп-оперо чиглэлийн суурь болсон гэхэд хилсдэхгүй. Алдартай тенор Иан Бострижийн хэлснээр Англиас төрсөн энэхүү уран бүтээлч “өдөр тутмын, ашиг тустай” сонгодог хөгжмийг төрүүлснээрээ онцгой юм. 



05

Жорж Гершвин (1898-1937)

Гершвин жазз эриний “их зөнч” байлаа. Түүний 1924 оны бүтээл “Rhapsody in Blue” тухайн цагийнхаа гоо зүйн хэмжүүрийг сорьсон, сонсогчдод айсуй цагийн амтыг мэдрүүлсэн бол багагүй хэл ам дагуулсан, 1935 оны бүтээл “Porgy and Bess” дуурь нь бүхэл бүтэн үеийн тунхаг болсон байдаг. Тэрээр судлаач Дэвид Шиффийн тодорхойлсончлон “нийтийн соёлыг хамгийн үнэ цэнтэй хэмээн үзэгчид хийгээд массын гэх бүхнийг өрнийн соёл иргэншлийн төгсгөл гэж бодогсдын халз тулсан цэг дээр” цоо шинэ хөгжим бүтээж туурвисан хүн юм. Ялангуяа жазз хөгжимд стандарт тогтооход, Америкийн сонгодог хөгжмийн соёлыг бататган бэхжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр асар их. Гершвиний "American in Paris", "Summertime" хоёргүйгээр орчин цагийн Америкийн хөгжмийн түүхийг өгүүлэх боломжгүй билээ. 




04

Филип Гласс (1937)

Хамгийн олон даган дуурайгчтай хөгжмийн зохиолч гэгддэг Филип Гласс басхүү эрин үеийнхээ хамгийн ухаалаг, магад хамгийн сониуч уран бүтээлчдийн нэг болов уу. Өөрийгөө минималист гэдэг ч тэрээр 30-аад дуурь, 10 симфони, төгөлдөр хуур, хийл, саксофон, бүр яруу хэнгэрэгт зориулсан концерт хүртэл зохиосон бөгөөд “The Hours”, “The Thin Blue Line”, “The Truman Show” зэрэг олон ч хит киноны хөгжмийг бичсэн юм. Пол Саймоноос Йо-Йо Ма, Вүди Алленаас Дэвид Боуитай хүртэл хамтран ажилласан Глассын үзэгч, сонсогчдын дунд бүх насны, нийгмийн бүх анги давхаргын хүмүүс багтана. Хойшид ч энэ хэвээр байх нь эргэлзээгүй биз ээ. 



03

Арнольд Шёнберг (1874-1951)

"Далай тэнгисийн дээгүүр юм уу, Умард туйл руу аялсан баатарлаг үйлстнүүд рүү дайрч давшлах нь байж боломгүй үйлдэл. Учир нь тэдний хийсэн бүтээсэн нь бүгдийн нүдний өмнө илхэн байдаг. Гэтэл тэднээс дутуугүй их үйлс бүтээхээр бүгдийг ойлгож ухаарсан, юм бүхний анхдагч болсон нэгэн бат нот итгэл үнэмшлээр зам жимээ сонгосон байтал зөвхөн үл мэдэх газар луу, бас оюун санааны гүн рүү алсарч одох хүсэл тэмүүллээс нь болж түүнийг олон түмэн ад үзэх нь юутай гашуун... Ямар ч шинэ хөгжим яг л үүний адил анх сонсоход хэзээ ч гоё сайхан байдаггүй" гэсэн Шёнбергийн үг бий. Оюун санааны, эгшиг аялгууны бүх л боломж бололцоог ашиглах гэсэн иймэрхүү хандлагаасаа болж үргэлжид адлагдаж, хэзээ ямагт үзэл бодол, бүтээл туурвилаа хамгаалахаас аргагүй байдалд ордог байсан тэрээр хэдэн зууны турш мөрдөгдөж ирсэн өрнийн ая дан, зөрчихийн аргагүй мэт асан дүрэм журмуудыг нь ч няцааж, сонгодог хөгжмийн найрслыг өөрийнх нь хэлснээр "үл мэдэх газар" луу хөтөлсөн юм. Түүний хөг хэмнэлийн хувьсал сонгодог хөгжмийг эргэлт буцалтгүйгээр өөрчилсөн гэж судлаачид үздэг.



02

Игорь Стравинский (1882-1971)

Ференц Листийг хөгжмийн ертөнцийн анхны од гэж үздэг бол Игорь Фёдорович Стравинский хөгжмийн зохиолчид дотроо “дэлхийн хүн” хэмээгдсэн анхны уран бүтээлч билээ. Хаант Орост төрж өсөн, Парист анх алдар нэр олж, Европ даяар аялан тоглосоор, хожмоо Америкийн иргэн болсон тэрээр 1900 оны бүтээл "Галт шувуу", үүнээс 13 жилийн дараа тоглогдсон "Ариун хаврын тахилга" бүжгэн жүжгээрээ анх олонд танигджээ. Хөгжим судлаачид түүнийг айзам хэмнэл, аялгуу эгшгийг төгс хослуулагч гэж үздэг. Тиймээс ч түүний хожим хойчийн уран бүтээлчдэд үзүүлсэн нөлөөг газар хөдлөлтийн чичиргээнтэй зүйрлэсэн нь ч бий. Харин тэрхүү нөлөө тусгал нь зөвхөн сонгодог хөгжимд биш, жазз, рок хөгжимд, модернист уран зохиол, дүрслэх урлагт, бүр кино, дэлгэцийн бүтээлд ч гүн бат шингэсэн гэж хөгжим судлаач Алекс Росс тэмдэглэсэн байна. "Стравинский байгаагүй бол Уолт Диснейн "Фантазия"-гийн үлэг гүрвэлүүд хаана байх сан билээ?" гэж тэрээр уулга алджээ. 



01

Дмитрий Шостакович (1906-1975)

Шостакович Зөвлөлтийн эриний хөгжмийн ертөнцөд анхандаа "Алтан хүү" нь байсан ч 1936 онд "ардын дайсан" нэр зүүж, Сталинийг нас барах хүртэл хэдий хавчигдан гадуурхагдсан ч эрх баригчдын таашаалд нийцсэн хэд хэдэн симфонийхоо ачаар, басхүү олон түмний хайр, хүндлэлийг хүртсэнээрээ бүтээл туурвилаа авч үлджээ. Гэхдээ түүний илүү "жижигхэн", багашаархан бүтээлүүд нь, тэр дундаа чавхдаст хөгжмийн дөрвөлд зориулсан концертууд нь "хөгжмийн хэлийг хүмүүний сэтгэлийн хэл" болгосноороо онцгой гайхамшигтайд тооцогддог. Дээр дурдсан хөгжим судлаач, "XX зууныг чагнахуй", "Вагнеризм" зэрэг номын зохиогч Алекс Россын дүгнэснээр Шостакович хүний сэтгэл хөдлөл, олон ааш аягийн "мастер чиглүүлэгч" байлаа. Түүний бүтээлүүд "тэвдэнгүй баяр хөөрийг тэсвэрлэхийн аргагүй бачуурал руу, тэгснээ гэнэтхэн хүчин мөхөс уй цөхрөл, эвлэрэл, ухаарал руу хөтлөх шидтэй" юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start