Арав.мн

Өвлийн олимпийн тухай сонирхолтой 10 баримт

Өвлийн олимпийн тухай сонирхолтой 10 баримт

Өвлийн анхны олимпийн наадам 1924 онд Францын Шамони хотод "Олон улсын өвлийн спортуудын долоо хоног" нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш өвлийн 23 олимпийн наадам зохиогдсоноос 12 улс бүгдэд нь тамирчдаа илгээж, зургаа нь олимп бүрээс медальтай буцсан бол ердөө ганц л улс буюу АНУ оролцсон өвлийн олимп болгоноосоо алтан медаль хүртсэн байдаг байна. Энэ мэт өвлийн олимптой холбоотой олон сонирхолтой баримтаас дараах 10-ыг онцолж байна. 


10

1976 оны олимп Денверт зохиогдох байсан

Олон улсын олимпийн хороо 1970 онд Америкийн Денвер хотыг Швейцарийн Сион, Финландын Тампер, Канадын Ванкувер гэсэн гурван нэр дэвшигчээс сонгон, 1976 оны өвлийн олимпийг зохион байгуулах хотоор тодруулжээ. Харин олимпийн өртөг зардал өсөж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нүдэнд ил болохтой хамт ард иргэдийн эсэргүүцэл, дургүйцэл ч нэмэгдсэн тул 1972 онд Денвер хотын захиргаа олимп зохион байгуулах эрхээсээ татгалзсан байна. Тус хотын орыг  1964 оны өвлийн олимпийг зохион байгуулсан Австрийн Инсбрук авчээ. 


09

Уран гулгалт, хоккей хоёр нэгэн үе Зуны олимпод багтдаг байв

Олимпийн наадмын уралдаан, тэмцээнүүд хэдэн сараар унжирч сунжирдаг байсан үед мөсөн талбайн хамгийн олон үзэгчтэй энэ хоёр спортын төрөл анх зуны олимпийн нэг хэсэг байжээ. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн уран гулгалтын анхны тэмцээн 1908 оны Лондоны зуны олимпийн хүрээнд, мөн оны 10-р сард зохиогдсон байна. Харин дараа нь 1920 оны зуны олимпийн наадмаар хоккейн хамт “эргэн ирсэн” гэдэг. Уран гулгалт, хоккей хоёр 1924 оны өвлийн олимпоос л “зохих газар”-аа очжээ. 


08

Морь, нохдоор хөтлүүлсэн цаначид

1928 оны өвлийн олимпод цаначид унаачгүй моринд чирүүлэн уралдсан хачирхалтай тохиолдол бий. Скижоринг гэгддэг эл спорт ахин олимпод багтаагүй байна. Харин 1932 оны өвлийн олимпод чарганы хөтөч нохдын уралдааныг спортын нэг төрөл болгон зохион байгуулж байлаа.


07

Цасгүй өвлийг цэргүүд “шийдсэн” түүх

1964 оны Инсбрукийн наадмын үеэр цас бараг ороогүй тул Австрийн Зэвсэгт хүчнийхэн ойролцоох мөнх цаст уулаас цас, мөс зөөх хүчир ажлыг гүйцэтгэжээ. Тусгай даалгавар авсан цэргүүд ойролцоогоор 50 мянган куб метр цас, 20 мянган шоо мөс зөөсөн гэдэг. 


06

Өвлийн олимпийг бойкотлосон ганц л улс бий

Зуны олимпийн наадамд улс төрийн элдэв шалтгаанаар оролцохоос татгалзсан улс олон байдаг. Харин өвлийн олимпийг улстөржүүлсэн одоогоор нэг л тохиолдол бий нь 1980 оны Лэйк Плэсидийн олимпод оролцохоос татгалзсан Тайванийн үйлдэл юм. Тайваньчууд БН Хятад улс нэрээр өрсөлдөх хүсэлтийг нь хүлээж аваагүй ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэн өвлийн олимпийг бойкотложээ. 


05

Хоёр Герман гурав “нэгдсэн” нь

Хүйтэн дайны үед Төмөр хөшигний хоёр талд байсан ч хоёр Германы тамирчид Германы нэгдсэн баг нэрийн дор 1956, 1960, 1964 оны өвөл, зуны олимпод оролцжээ. 


04

Хамгийн олон алтан медальтай нь Норвеги

Тавхан сая хүнтэй Норвеги улс өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн олон медальтай улс. Тус улс нийт 368 медальтайгаас 132 нь алтан медаль аж. Өвлийн олимпоос хүртсэн медалийнх нь тоо зуны олимпоос авсан медалиас нь илүү гардаг гуравхан улс байдаг нь Норвеги, Австри, Лихтенштейн юм. 


03

Өвөл, зуны олимпоос хоёулангаас нь алтан медаль хүртсэн цорын ганц хүн

Америкийн тамирчин Эдди Иган 1920 оны зуны олимпод хөнгөн жингийн боксын төрөлд алтан медаль хүртсэн бол 1932 оны Лэйк Плэсидийн өвлийн олимпийн эрчүүдийн багийн бобслейн төрөлд мөн алтан медаль хүртжээ. Өвөл, зуны олимпоос хоёулангаас нь медаль хүртсэн хэд хэдэн тамирчин бий ч тэрээр одоогоор хос алтан медальтай цорын ганц хүн юм. 


02

Британичуудын 82 жилийн дараах кёрлингийн медаль

Их Британийн кёрлингийн баг анх 1924 оны өвлийн олимпод оролцож, дөрвөн багийн дундаас ялагчаар тодорсон ч кёрлингийг үзүүлэх спорт байсан гэж үзсэнээс медаль хүртээгүй байна. Харин удалгүй олимпийн төрлөөс хасагдсан кёрлингийг 1998 онд “эргэн ирэхэд” л ОУОХ британичуудын олон жилийн өмнөх ялалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч алтан медалийг нь бүтэн 82 жилийн дараа буюу 2006 онд гардуулжээ. 


01

Америкийн хоккейчдийн дотоод “дайн”

1948 оны Сан-Морицийн олимпод дотооддоо ид зөрчилтэй байсан Америкийн хоккейн хоёр холбооноос тус бүрийн багийг илгээж, наадмын зохион байгуулагчдыг багагүй сандаргаад авчээ. Талууд удтал маргалдсаны эцэст Мэргэжлийн тамирчдаас бүрдсэн Америкийн хоккейн холбооны багийг албан ёсны өрсөлдөх багаар сонгосон ч нөгөө баг нь болох Сайн дурын тамирчдын холбоо болон Америкийн олимпийн хорооныхон тэмцээний үеэр нэг бус удаа эсэргүүцэл тэмцэл үзүүлсэн гэдэг. Энэ нь нэг улсын тамирчид хоорондоо талцан тэмцэлдсэн олимпийн түүхэн дэх ганц тохиолдол болж үлджээ. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start